Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01193

 

Н.Э- ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00562 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 812 дугаар магадлалтай,

Н.Э- ийн нэхэмжлэлтэй

М Ш ХК-д холбогдох,

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Э- ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...М Ш ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Эрдэнэцэцэгтэй 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн болохыг тогтоолгох, дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцох, үйлчлүүлэгч буюу М Ш ХК нь өмгөөлөгчийн үйлчилгээний хөлсийг гэрээгээр тохирсон хэлбэр, хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд Н.Э-  анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож хууль зүйн туслалцаа үзүүлсэн бөгөөд түүний Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хангаж, тус компанийн төлбөрт хураагдсан Гацуурт тур ХХК-ийн эзэмшлийн 36.000 м.кв газар, Гацуурт тосгон дахь амралтын цогцолборын газрыг 7.125.400.000 төгрөгөөр үнэлсэн Мөнх оргил трейд ХХК-ийн үнэлгээг болон төлбөрт хураагдсан эд хөрөнгийг санал болгох хурлын шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

М Ш ХК нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс болох 20.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас хариуцагч Moнгол шилтгээн ХК-аас 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М Ш ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: …Манай компани нь анх Гачуурт тур ХХК нэртэй байсан ба Голомт банкнаас Гачуурт тур ХХК-ийн ерөнхий захирал С.Отгонбаатар, гүйцэтгэх захирал Л.Эрдэнэцэцэг нар нь 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 700.000 ам.долларын зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай, мөн 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 300.000 ам.долларын зээлийг 1.7 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай тус тус авсан. Энэхүү зээлүүдийн барьцаанд улсын бүртгэлийн 2204012457 дугаартай, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгон дахь амралтын цогцолбор барилгыг 3031/0016 тоот эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай газрын хамт тавьж, барьцааны гэрээг байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1184 дүгээр шийдвэрээр М Ш ХК-аас 2.375.781.693 төгрөг гаргуулан Голомт банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу М Ш ХК-ийн Гачуурт тосгонд байрлах амралтын цогцолборыг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийгдэж байна. Одоогийн М Ш ХК-ийн гүйцэтгэх захирал М.Ган-Эрдэнэ нь 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр М Ш ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон бөгөөд нэхэмжлэгч Н.Э-  нь 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гүйцэтгэх захирал Л.Эрдэнэцэцэгтэй Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй, 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу М Ш ХК гэдгээр хариуцагчийг тогтоох нь дээрх хуулийн заалтууд зөрчигдөж, олон өмчлөгчдийн эрх ашиг хөндөгдөж байна. Иймд хариуцагчийг сольж С.Отгонбаатар, Л.Эрдэнэцэцэг нараас холбогдох тайлбарыг гаргуулж авна уу гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00562 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.2 дахь хэсэгт зааснаар М Ш ХК-иас 20.000.000 төгрөг гаргуулж Н.Э- т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М Ш ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 257.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 812 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00562 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэхдзэ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг хязгаарласан, талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй, 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан “шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргах” гэх заалтуудыг буруу тайпбарлаж хэрэглэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь хуулиар  хүлээсэн үүргээ биелүүлээгүй, энэ тохиолдолд шүүх хуралдааныг түүний ээгүйд явуулсан нь хууль зөрчөөгүй байна. Хуулийн дээрх заалтуудаар хэрэг хянан шийдвэрлэх ажилпагаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлсон байх бөгөөд өмгөөлөгч К.Султанбек нь М Ш ХК-тай 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гэх боловч тус гэрээг шүүхэд ирүүлээгүй учир гэрээний үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгч гэж үзэх боломжгүй юм. Монгол шиптгээн ХК нь өмгөөпөгч К.Султанбекийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс итгэмжлэгдсэн төлеөлөгчөөр оролцуулах тухай хүсэптийг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд үүнээс үзэхэд К.Султанбек нь 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий хэргийн оролцогч гэж үзэх боломжгүй юм. Мөн Монгол шигптээн ХК-ийн хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунчимэгийн бүрэн эрх дуусгавар болоогүй хүчинтэй байсан бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба шүүх хуралдаанд ирээгүйн улмаас учирч болох үр дагаварыг мэдэж байсан гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасан хуулийн шаардлагыг үл хэрэгсэж, хуулийг буруу тайлбарлан. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөнд гомдолтой байна. Шүүх хариуцагчийн төлөөлөгч Ч.Амарбаатар шүүх хуралдаан хойшилсон хугацаанд К.Султанбөкийг өмгөөлөгчөөр авсанаа шүүхэд мэдэгдсэн бөгөөд талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх дүгнэлтийг хийхдээ тус үйл баримтыг нотлох М Ш ХК-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжпэгдсэн төлөөлөгч оролцуулж 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн, 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр тус тус олгосон итгэмжлэлийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг ноцтой зөрчин хуульд заасан журмаар үнэлээгүй бөгөөд энэ нь хэт нэг талыг барьсан, нотлох баримт үнэлэх журам, зарчмыг ноцтой зөрчсөн хэрэг болсон гэж үзэж байна.

Иймд гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадпалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ний өдрийн 101/ШШ2018/00562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“Анхан шатны шүүх хариуцагчийн шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх боломжоор хангаагүй, эрхийг нь хязгаарласан” тухай магадлалд заасан үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасантай нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3-т зааснаар “зохигч ...шүүх хуралдаанд оролцох, ...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргах” эрхтэй хэдий ч энэ эрхээр шүүх хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэргийг хэлэлцэж, шийдвэр гаргасан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөр огноолсон хүсэлтийг, эмнэлэгийн магадлагааны хамт хариуцагчийн өмгөөлөгч К.Султанбек, мөн хариуцагч М Ш ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Амарбаатар нь К.Султанбекийг шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах хүсэлтийг тус тус шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т  “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болох”-ыг заасан байна.

Шүүх хариуцагчийн хүсэлтийн талаар нэхэмжлэгчийн саналыг сонсож, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэлцжээ.

Хэргийн баримтаас үзвэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг товлосон шүүгчийн 2017.11.13-ны өдрийн 101/ШЗ2017/19326 тоот захирамж гарснаас хойш /хх-40-р тал/, шүүх 2017.11.21-ний өдөр хариуцагчийн, “...өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, шинээр нотлох баримт гаргуулах” хүсэлтээр /хх-50-р тал/, 2017.12.07-ны өдөр “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчний учир хуралдаанд ирэх боломжгүй” үндэслэлээр /хх-58-р тал/, 2017.12.14-ний өдөр хариуцагчийн төлөөлөгчийг албадан ирүүлэх үндэслэлээр /хх-71-72-р тал/,  2018.02.08-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч авах хүсэлтээр /хх-106-р тал/ тус тус шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Дээрх байдлаар шүүх хариуцагчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг удаа дараа хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцох боломжийг олгож байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох бэлтгэлийг хариуцагч өөрөө хангаагүй, түүний өмгөөлөгч өвчтэй гэж хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүндэтгэн үзэх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд магадлалыг хүчингүй болгов.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд Н.Э-  гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн, М Ш ХК хөлс төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 20.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийг хангасан нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн, шүүх эрх зүйн дүгнэлтийг зөв хийсэн тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 812 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2018/00562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 257.950 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ