| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00024/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 29
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Алтанцэцэг,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
Шүүгдэгч У.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Эмч овогт У гийн Г д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2037000000025 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 19 оны дүгээр сарын 0-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суух, РД: , Э овогт У гийн Г ,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч У овогтой Г нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр “Өрүүгийн ам” гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ иргэн Т.А тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж биед нүдний алимны салстад цус хуралт, хацар, хөмсөгний хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”...2020 оны 04 дүгээр сарын 03-нд Т.А манайд ирээд 1 шил архи уугаад Маамаа ахынд очиж 1 шил архи уусан. Наашаа явах замдаа Т.А тай маргалдаж намайг нэг удаа цохьсон. Би эргүүлээд хэд хэдэн удаа цохьсон. Хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Манай айлууд айл саахалт амьдардаг, таньдаг хүмүүс юм. Би хохиролд 500.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч У.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Булган сумын Алагтолгой багийн нутагт орших өөрийн гэртээ Маамаатай хамт архи уугаад байж байтал гаднаас Т.А үхрээ хайж явна гээд манайд ирсэн. Бид гурав манайд тал архи уугаад Маамаа гэрт харьлаа гээд яваад өгсөн. Маамаа гэрт харихдаа манайд архи байгаа шүү гээд явсан. Тэгэхээр нь Т.А бид хоёр араас нь Маамаагийн гэрт очиж архи уухаар болоод Маамаагийн гэрлүү явах замдаа Хажгааг гэрээс нь Маамаагийнд очье гээд дагуулаад явсан. Тэгээд бид гурав Маамаагийн гэрт очиж нэг шил архи ууж дуусаад байж байтал Т.А гараад морь унаад явчихсан. Тэгээд удалгүй араас нь Хажгаа бид хоёр гэрлүүгээ явж байтал зам дээр Т.А зогсож байгаад бид хоёрыг дуудсан. Би Т.А дээр очоод чи муу хасаг намайг яагаад хаяж явсан бэ гэхэд Т.А нь миний амруу гараараа нэг удаа цохихоор би Т.А ыг эргүүлээд нүүрлүү нь цохиж унгаагаад хэд хэдэн удаа цохисон. Т. А нь зугтаад харган луу орохоор нь харангаас нь гаргаад бид гурав цааш яваад их гол гатлаад гэр гэртээ харьсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.А ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн алдсан үхрээ хайгаад Булган сумын Алагтолгой багийн нутаг Цэг гэх газар иргэн Шаамаа гэх айлын гэрт ороход Маамаа Шаамаа хоёр тал шилтэй архи тавьчихсан уугаад сууж байхаар нь би тэр архинаас нь уулцаж дуусгасан. Тэгээд Маамаа нь гэрлүүгээ яваад өгсөн. Шаамаа бид хоёр Шаамаагийн хөдөө төрсөн ямааг мотоциклиор авч ирчихээд Маамаагийн гэрт араас нь очиж архи уухаар болоод бид Маамаагийн гэрлүү явсан. Замдаа Хажгааг гэрээс нь аваад бид гурав Маамаагийн гэрт очсон. Тэнд очоод Маамаа 1 шил архи гаргаж өгсөн. Уг архийг нь Маамаа, Шаамаа бид гурав уусан. Хажгаа архи уугаагүй. Тэгээд архи дуусахаар нь Шаамааг явъя гэхэд дахиад архи ууна гээд байхаар нь би Шаамаагийн морийг унаад гэрлүүгээ явж байгаад хамт архи уусан Шаамааг хаяж яваад яахуу гэж бодоод Өрүүгийн ам гэх газар хүлгээд сууж байтал Хажгаа Маамаа хоёр морь сундалцаад ирж байхаар нь би тэр хоёрыг дуудсан. Тэр хоёр над дээр ирээд муу хасаг намайг яагаад хаяад явдаг юм бэ гээд Шаамаа мориноосоо буугаад ирэхээр нь би Шаамаагийн нүүрлүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд Шаамаа бид хоёр барилцаж аваад Шаамаа намайг унагааж байгаад зодсон. Тэгэхээр нь зугтаад харганө луу ороход араас Хажгаа Шаамаа хоёр ирээд Шаамаа бас намайг унгааж байгаад миний нүүр болон зүүн харвирга бөөр хэсэг рүү цохисон. Тэгээд Шаамаа бид хоёр одоо больцгооё гээд эвлэрээд бид гурвуулаа гол гатлаад гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”...Би 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Булган сумын Алагтолгой багийн нутагт орших өөрийн гэртээ байж байтал гаднаас Шаамаа, Т.А хоер согтуу ирээд намайг Маамаагийн гэрт очоод ирье гээд дагуулаад явсан. Маамаагийнд очоод Маамаа, Шаамаа, А гурав нэг шил архи хувааж уугаад дуусахад Т.А гараад явчихсан. Тэгэхээр нь Шаамаа бид хоёр араас явахад замд Т.А бид хоёрыг дуудсан. Бид хоёр Т.А дээр очиход Т.А чи намайг хасаг гэж хэллээ гээд Шаамаа нэг удаа гараараа нүүрлүү нь цохиж унагаад зодсон. Тэгэхэд Шаамаа нь буцаагаад Т.А ыг цохиж унагаагаад зодсон. Тэгж байтал Т.А босоод харгана луу орж зугтсан. Тэгэхээр нь бид хоер Т.А ыг харганаас гаргаж аваад бид гурав гол гатлаад тэр хоёр хоорондоо эвлэрээд гэр гэртээ харихаар явсан... “ гэх мэдүүлэг,
Хохирогч Т.А ы биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 318 дугаартай шинжээчийн:
1.Т.А ы биед нүдний алимны салстад цус хуралт, хацар, хөмсөгний хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэх боломжтой
3.Т.А ы биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,
Шүүгдэгч У.Гантулгын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 321 дугаартай шинжээчийн:
1.У.Гантулгын биед уруулын хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэх боломжтой
3. У.Гантулгын биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасанаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч У.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр “Өрүүгийн ам” гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ иргэн Т.А тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж биед нь нүдний алимны салстад цус хуралт, хацар, хөмсөгний хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.А ы мэдүүлэг, шинжээчийн 318, 321 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч У.Гантулгыг хохирогч Т.А ы биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч У.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр “Өрүүгийн ам” гэх газарт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.А тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж биед нь нүдний алимны салстад цус хуралт, хацар, хөмсөгний хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хохирогч нь гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч У.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна
Шүүгдэгч У.Г ас гаргуулах хохирол төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч У.Г д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эмч овогт У гын Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Гантулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч У.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч У.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.