Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 146/ШШ2017/00028

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Эрдэнэзуугийн 1-4 тоотод оршин суух, Их Данзан овгийн Цэрмаагийн Сүхбаатарт холбогдох гэм хорын хохирол 523.840 төгрөг гаргуулахыг хүссэн Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Мойлтын 7-2 тоотод оршин суух, Жаа овгийн Сэрээгийн Батцэцэгийн нэхэмжлэлтэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Батцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ц.Сүхбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр С.Батцэцэг миний насанд хүрээгүй хүү Б.Шинэбаярыг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гэмтэл учруулсны улмаас нийт 2.023.840 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд прокурорын шатанд С.Батцэцэг надтай уг мөнгийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулж 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 823.840 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны дотор 2 хувааж төлөхөөр тохиролцсон боловч 300.000 төгрөг өгөөд үлдэгдэл 523.840 төгрөгийг өгөхгүй байгаа тул Ц.Сүхбаатараас 523.840 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Ц.Сүхбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Хархорин сумын Ганган-Орхон багийн иргэн Ц.Сүхбаатар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүүхэдтэй мөргөлдөж зарга үүссэн юм.

  1. Хүү Б.Шинэбаяр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж өндөр настан Ц.Сүхбаатартай мөргөлдсөн нь үнэн.
  2. Тэр үед Шинэбаяр 14 нас хүрээгүй дугуйн тэмцээн уралдаанд оролцох эрх үүсээгүй.
  3. Цагдаагийн байгууллагын хариуцаж явуулсан ажил хариуцлага муутай зэрэг үндэслэлүүд байгаа.

Энэ хэргийн бүх бурууг тохож Ц.Сүхбаатараас 2.000.000 төгрөг авсан болно. Үлдсэн 500.000 төгрөгийг С.Батцэцэгийн нөхөрт цагаан сарын үеэр өгнө гэж хэлсэн боловч одоо өргөдөл бичиж байгаад гомдож байна. Энэ мөнгийг өгөх үндэслэл бараг үгүй.

  1. Өөрөө хувиараа наймаа хийдэг хүмүүст хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодоггүй юм байна.
  2. Хот руу явахдаа хонины мах замд идсэн хоолны мөнгө хүртэл авсан...” гэжээ.

Нэхэмжлэгч С.Батцэцэг нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Ганган-Орхон багийн иргэн Ц.Сүхбаатар гуайд гомдолтой байна. Хүний нялх үрийг дайрч эрүүл мэнд болон санхүүгээр хохироогоод өөрийгөө л бодож явдаг. Хүүгийн маань биеийг яаж байна гэж нэг ч удаа асуугаагүй, прокурор дээр асуудлаа шийдүүлээд ингэж ярьж явдаг. Би энэ хүнээс илүү дутуу мөнгө нэхээгүй эмчилгээний бодит зардал дээр дугуйны мөнгө (бодит үнэ) хагас нь, дээр нь би хүүгээ аваад сар гаран явсан би хувиараа наймаа хийдэг лангууны түрээс банкны мөнгөө хаяад явсан. Орлогоо тодорхойлох боломжгүй учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ бүгдийг нэмээд 2.000.000 төгрөг гаран болсон. Өөрөө үүнийг мэдэж байгаа арай ч дээ ганцхан өөрийгөө бодоод байх даа яах вэ дээ? Яасан хүн чанаргүй хүн бэ. Өнөөдөр энэ хүн эрүүл бөгөөд замын хөдөлгөөний дүрмээ мэдэж байсан бол энэ аваар гарахгүй миний хүү эрүүл мэндээр хохирохгүй байсан. Энэ хэрэг болоогүй байсан бол би хүүгээ ийш тийш нь авч явж зардал гарахгүй ш дээ. Харин ч би мөнгө төгрөгөө хэмнээд мах авч явж эмнэлгийн гадна машин дотроо хүүдээ хоол хийж өгч байсан. Миний хүү гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Ингэж явахад ганц удаа ч болов хүүг маань асуугаагүй байж арай ч дээ би зуны, намрын хэдэн сар мөнгө төгрөгөө түгжчихээд энэ хүнд боломж олгосон сарын хугацаа өгч 2 хувааж төлөхөөр боломж олгосон. Өөрөө зөвшөөрч гэрээ хийгээд ингэж болох уу? Би мөнгө төгрөгөө хурдан гаргуулж авмаар байна. Би 4 хүүхдээ наймаагаараа тэжээдэг эх хүн. Энэ асуудлыг хурдан шийдүүлж гомдолоо барагдуулмаар байна...” гэжээ.

Зохигчидийн шүүхэд гаргасан эвлэрэлдээ:

“...Ганган-Орхон багийн харьяат Цэрмаагийн Сүхбаатар би гэм хорын хохирол 523.840 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 23-нд 250.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 23-нд 273.840 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцов...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Сүхбаатар нь нэхэмжлэгч С.Батцэцэгт төлөх 523.840 төгрөгийг 2 хувааж буюу 2017 оны 02 дугаар сарын 23-нд 250.000 төгрөгийг, 2017 оны 03 дугаар сарын 23-нд 273.840 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар, нэхэмжлэгч С.Батцэцэг зөвшөөрч эвлэрсэн байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,

75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг

тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С.Батцэцэг болон хариуцагч Ц.Сүхбаатар нар нь нэхэмжлэлийн шаардлага гэм хорын хохирол 523.840 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 16365 төгрөгийн 50 хувь буюу 8183 төгрөгийг хариуцагч Ц.Сүхбаатараас, орон нутгийн төсвийн орлогоос 8183 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Батцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                             Ц.ДАГИЙМАА