Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 321

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******, 46б байр хаягт байрлах “Шинэ үе” сууц өмчлөгчдийн холбооны гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******-д холбогдох

 

            Орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 110,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Шинэ үе” сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирал , хариуцагч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Шинэ үе” сууц өмчлөгчдийн холбооноос тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Гүйцэтгэх захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай СӨХ нь Зохиомж дээд сургуулийн багш, ажилчдын*******ны ашиглалтыг хариуцаж байсан -тай гэрээ байгуулж, тус байрны орц, орчны цэвэрлэгээ, харуул хамгаалалтыг хариуцахаар тохиролцож, 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ФШ-13-01 тоот гэрээний дагуу айл, өрх бүртэй тохиролцож, үйл ажиллагаа явуулсан юм.

 

Тус байрны тоот хаягт оршин суух тай 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр14-30/01 тоот гэрээ байгуулж, сар бүр 10,000.00 төгрөгийн зардлыг цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардал тооцож, зохих ёсоор үйлчилгээ үзүүлсэн.

 

Гэрээ байгуулсаны дараа өмчлөгч засвар үйлчилгээ, ашиглалттай холбоотой зардлыг төлж байсан боловч 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарыг дуустал буюу нийт 11 сарын хөлсийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн.

 

Манай СӨХ-ны тус байрыг хариуцах гэрээгээр хүлээсэн үүрэг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусч, одоо оршин суугчид тусдаа СӨХ-г байгуулсан байсан.

 

Иймд, хариуцагч аас дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 110,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

 

Хариуцагч аас тус шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манайх тус байранд 2013 оны сүүлээр нүүж ирсэн, тухайн үед байрыг албан ёсоор “Шинэ үе” СӨХ хариудаг юм байна гэж ойлгосон ч нийт оршин суугчдаас сонгоогүй, тухайн байрыг барьсан компанитай гэрээ байгуулж, цэвэрлэгээ, засвар үйлчилгээг хариуцдаг гэдгийг мэдсэн.

 

Би уг байрны тоот хаягт байрлах орон сууцыг өмчилдөг бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр14-30/01 тоот гэрээ байгуулж, сар бүр 10,000.00 төгрөгийн зардлыг цэвэрлэгээ, харуул хамгаалалтын хөлсөнд төлөхөөр тохирсон.

 

Гэвч нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу зохих ёсоор үйлчилгээ үзүүлээгүй, бид төлсөн төлбөртөө хүрэхүйц хэмжээний үйлчилгээ авдаггүй байсан.

 

Тухайлбал, гадна хаалга цоожгүй байдаг учраас гадны элдэв хүмүүс орж ирж, нус, цэрээ хаях, хоноглох, муухай үнэр гарах, согтуу хүмүүс үүрлэх зэрэг үйлдлүүд гарсан, мөн орцны гал, уснаас хамгаалсан аваарын “шит”-ний цонх хагарсан, үйлчлэгч, харуул нар байхаасаа байхгүй нь их, цэвэрлэгээ үйлчилгээ маш муу байдаг байсан.

 

2016 оноос эхлэн манай байрны оршин суугчид хуралдаж, дотроосоо СӨХ-г байгуулсан бөгөөд одоо боломжийн сайн ажиллаж байгаа.

 

Өнгөрсөн хугацаанд Гүйцэтгэх захирал д үйлчилгээний талаар шаардлага тавьж байсан боловч тэрээр хүлээж авдаггүй байсан тул хөлсийг төлөхөөс татгалзсан.

 

Нэгэнт тус СӨХ гэрээнд заасан үйлчилгээгээ зохих ёсоор хийгээгүй, санал гомдлыг хүлээж авдаггүй байсан тул миний бие нэхэмжилсэн 110,000.00 төгрөгийг төлөхгүй.

 

Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Шинэ үе” сууц өмчлөгчдийн холбооноос хариуцагч д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 110,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

            Хариуцагч ы зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч талыг орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг зохих ёсоор хангаагүй, цэвэрлэгээ, засвар үйлчилгээг хангалтгүй хийсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

 

            Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Шинэ үе” сууц өмчлөгчдийн холбоонд 36 тоот дугаартай гэрчилгээ олгож, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэжээ.

 

Энэхүү гэрчилгээнээс үзвэл нэхэмжлэгч “Шинэ үе” сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирлаар г томилсоныг мөн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн байна.

           

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ” гэж, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг хэлнэ” гэж тус тус заасан.

 

            Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбоо нь хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэвийн ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг орон сууц өмчлөгчдөөс бий болгосон хуулийн этгээдийн эрхгүй холбоо юм.

 

            Хэдийгээр сууц өмчлөгчдийн холбоо нь ийнхүү хуулийн этгээдийн эрхгүй боловч Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцох бөгөөд тус харилцаанд оролцогчийн хувьд гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаанаас үүссэн маргаанд түүнчлэн Иргэний хуулийн 149 дүгээр зүйлд зааснаар сууц өмчлөгч хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, зөрчил гаргасан тохиолдолд өөрийн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох эрхтэй этгээд болно.

 

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд холбооны Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг зохицуулсан ба тэрээр тус 12.4.4-т зааснаар энэхүү хууль болон Иргэний хуулийн 148.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг сууц өмчлөгчдөөс шаардах, тухайн шаардлагыг сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 149.2-т заасны дагуу холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

            Иймд, нэхэмжлэгч “Шинэ үе” сууц өмчлөгчдийн холбоог Гүйцэтгэх захирал төлөөлж, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг орон сууц өмчлөгчөөс шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд юм.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл хариуцагч 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч “Шинэ үе” сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулж, орцны жижүүр, орц, хана, тааз, шалыг цэвэрлэх, гадна орцны гэрэлтүүлгийн хэвийн байдлыг хангахтай холбоотой зардалд сар бүр 10,000.00 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

            Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг 10,000.00 төгрөгийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд төлөхөөр тохиролцсон болон төлж байсан мөн хариуцагч ыг *******,*******,*******,*******, тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар маргахгүй байна.

 

              Харин хариуцагч тал нэхэмжлэгчийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээг зохих ёсоор хийгээгүй тул 110,000.00 төгрөгийг төлөх үндэслэлгүй хэмээн мэтгэлцэж байна.

 

            Сууц өмчлөгчдийн холбоо хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн эсхүл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд орон сууц өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлд энэ талаар гомдол гаргах, засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй болон холбооны үйл ажиллагааг шалгуулахаар холбогдох байгууллагад хүсэлт тавьж, шийдвэрлүүлэх эрхтэй.

 

Гэтэл хариуцагч аас нэхэмжлэгч “Шинэ үе” сууц өмчлөгчдийн холбоог дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээг зохих ёсоор хийгээгүй гэж тайлбарлаж буй боловч энэхүү татгалзлаа баримтаар нотлохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 107 дугаар зүйлийн 107.2 болон 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Нэгэнт хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан “дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээг зохих ёсоор хийгээгүй” гэх тайлбараа баримтаар нотлохгүй байх тул түүний татгалзал үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-ийн “Орон сууц өмчлөгч нь .................дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж, 148 дугаар зүйлийн 148.2.3-д “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” үүрэгтэй гэж заасан.

 

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцож, төлөх үүрэгтэй юм.

 

 Хэрэгт авагдсан зохигчдын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч тал сар бүр 10,000.00 төгрөгийг дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд төлөх үүрэг хүлээсэн ба -ийн “Шинэ үе” сууц өмчлөгчдийн холбооны дансны тайлангаас үзвэл хариуцагч нийт 110,000.00 төгрөгийн өглөгтэй байгаа бөгөөд зохигчид уг дүнгийн талаар маргахгүй байна.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн хариуцагч аас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 110,00.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Шинэ үе” сууц өмчлөгчдийн холбоонд олгохоор шийдвэрлэв. 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч аас 110,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Шинэ үе” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР