Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 466

 

 

 

 

 

 

 

 

 

2020           06          12                                   2020/ШЦТ/466  

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Г.Е, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Чонос овогт Гантогоогийн Есөнбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000434 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 59-91 тоотод оршин суух,

урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 16,308,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Чонос овогт Г.Е

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Г.Е нь “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Е нь  химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан мөнгөн усыг бусдаас худалдан авч хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаад үлдэгдэл 93.9 грамм мөнгөн усыг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл өөрийн эзэмшлийн 07-87 УНХ улсын дугаартай Ландкруйзер-200 маркийн автомашинд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Г.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн үед үл таних утасны 88-тай юнителийн утасны дугаараас яриад Шлик /алттай шороо/ янзлуулах гэсэн юмаа 15 цагийн үед очно чи өрөөндөө байж байх уу, чамд мөнгөн ус байгаа юу гэж асуусан тэгээд би хариуд нь байгаа гэж хэлсэн тэгээд холбоо тасарсан тэгээд би шилэн дотор байсан мөнгөн усыг ажлынхан өрөөнөөс аваад биедээ аваад явж байсан юм. Тэгээд 17 цагийн үед нөгөө юм янзлуулах 88-тай дугаараас холбогдсон хүн ажил дээр ирчихлээ гэж холбогдсон тэгээд би хамт ажилладаг Ганболдын төрсөн дүү Ган-Эрдэнийг чи өрөө рүү ороод ямар шлик байна хараадах гэж хэлчихээд, гадаа хүнтэй уулзаад байж байсан чинь Ган-Эрдэнэ утсаар надруу залгаж холбогдоод намайг сэжигтэй байдалтай шууд ороод ирээ гэж хэлэхээр нь би сэжиг аваад цагдаа нар уу? гэж хэлсэн чинь өөдөөс тийн гэж хэлсэн тэгэхээр нь айсан даа болоод халаасандаа байсан мөнгөн усыг ажлынхан үүдэнд байсан өөрийн 0787 УНХ улсын дугаартай Ланд -200 маркийн автомашины урд жолооч талын хаалганы хавтсанд алчууранд боогоод ажлын өрөө рүү орсон, тэгтэл энгийн хувцастай цагдаа нар манай өрөөнд орж ирчихсэн мөнгөн усаа гаргаад ир гэж хэлсэн тэгэхээр нь би мөнгөн ус миний машинд байгаа би сая машиндаа хийчихсэн энэ ажлын өрөөнд байхгүй гэдгийг хэлсэн, тэгээд машины урд хайрцагнаас бор шилтэй мөнгөн усыг хурааж авсан юм, би машинд мөнгөн ус хадгалсан тээвэрлэсэн зүйл байхгүй, тухайн үед намайг мөнгөн устай бор шилийг машинд хийж байхыг Золбаяр харсан. Ер өөрийн машиндаа хүүхдүүдээ зөөж явдаг болохоор хортой бодис тээвэрлээд хадгалаад байдаггүй, тухайн үед л машиндаа хийчихсэн юмаа... 2020 оны 02 сард Урт цагаан дээр алтны ченж хийдэг Бобоо /бүтэн нэр нь Оюунболд/-гоос пизлиний жижиг шилтэйгээ 200 граммыг 250.000 төгрөгөөр худалдаж авсан, Оюунболд нь Бааска гэдэг алт мөнгөний дархан хийдэг ахаас авсан гэж хэлж байсан. Өмнө нь 2019 оны 7 байна уу 8 сард Оюунболдоос пизлиний жижиг шилтэйгээ 200 граммыг 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн 2020 оны 4 сард Бааска ахаас пизлинии жижиг шилтэигээ 200 граммыг 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 201-203х/,

- иргэний нэхэмжлэгч Ц.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Мөнгөн ус Монгол улсад хязгаарласан химийн хорт болон аюултай бодис юмаа, мөнгөн усыг Монгол Улсын засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтаар баталсан жагсаалтанд орсон. Энэ жагсаалтанд мөнгөн ус орсноор мөнгөн ус, мөнгөн усны органик болон органик нэгдлүүд нь орсноор ашиглахыг хязгаарлаж зөвхөн шаардлагатай эмнэлэг, судалгаа шинжилгээний хүрээлэн мөн бусад лобарторт туршилт, судалгаа, хяналт шинжилгээнд ашиглах боломжтой болсон. Хэрвээ мөнгөн ус болон мөнгөн усны нэгдлүүдийг дээр дурьдсан байгууллагуудад ашиглах тохиолдолд химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн дүгнэлтийг гаргуулсан байх ёстой, уг дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөл олгох боломжтой, гэхдээ миний мэдэж байгаагаар сүүлийн 10-аад жил мөнгөн усны зөвшөөрөл олгосон тохиолдол байхгүй, харин мөнгөн усны оксидыг цаг уур, орчны шинжилгээний газарт шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан, үүнийг бол гаднаас импортлоогүй, харин онцгой байдлын ерөнхий газрын харьяа аврах тусгай ангийн хашаандах мөнгөн усны агуулахаас хэргийн холбогдлоор хураагдсан мөнгөн усны окстпыг ашигладаг. Мөн 2008 оны 4 сарын 08-нд Байгаль орчны сайдын 135 тоот тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад хориглох тухай баталсан, иймд судалгаа, шинжилгээний зориулалтаас бусад тохиолдолд ашиглахыг хориглодог... Надад нэхэмжлэх зүйл байхгүй, харин уг мөнгөн усыг хадгалсан, худалдсан этгээдийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж дахин ийм хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулах шаардлагатай." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,

- гэрч Б.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "Манай ахын найз Есөнбат гэх залуу 15 цаг 30 минутын орчим над руу залгаад ажил дээр хүн ирсэн байна гэнэ чи ойрхон байвал яваад очооч гэж хэлсэн, тэгээд би ажилтай нь ойрхон явсан учраас очсон. Тэгээд өрөөндөө очоод байж байтал цагдаа ирээд тэмдэгээ үзүүлээд миний бие ажлын өрөөнд үзлэг хийгээд мөнгөн ус хаана байна гэж асуусан тэгээд би мэдэхгүй байсан учраас мэдэхгүй гэдгээ хэлсэн тэгээд Есөнбат гэх хүнийг дууд гэхээр нь би утасдаад Есөнбатыг дуудсан, удалгүй Есөнбат ирээд цагдаа нарт мөнгөн ус надад машин дотор байгаа гэж хэлсэн. Тэгээд машин дотор нь үзлэг хийгээд дотроос нь мөнгөн ус олсон гэсэн, би нүдээрээ хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26х/,

- Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээч Б.Ариунтунгалагийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 12/95 дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн дээжийн физик, химийн шинж чанар, нягтыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо. Мөнгөн усны олон улсын нэршил нь "Mercury", химийн томъёо- Нд бөгөөд шинжлэх ухааны нэр томъёонд түүнийг улаан мөнгөн ус, цагаан мөнгөн ус гэж ангилдаггүй болно. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт"-д мөнгөн усыг улаан мөнгөн ус, цагаан мөнгөн ус гэж ангилаагүй байна. Мөнгөн ус нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох "Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д орсон химийн бодис юм.

- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болон Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаар тушаалын 3 дугаар хавсралт "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалт'-д мөнгөн ус багтсан байна." гэх дүгнэлт /хх-ийн 42-44х/,

 - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн

2-8х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Улсын яллагч нь яллах дүгнэлтийнхээ тогтоох хэсэгт Г.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсэн байх ба хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын гаргасан тайлбар, санал, дүгнэлтүүдийг үндэслэн дүгнэлт хийхэд: Г.Еын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа прокурор мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байх тул техникийн шинжтэй алдаа гаргасан гэж шүүх үзэж зөвтгөв.

 

Иймд шүүгдэгч Г.Еад химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан мөнгөн усыг бусдаас худалдан авч хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаад үлдэгдэл 93.9 грамм мөнгөн усыг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл өөрийн эзэмшлийн 07-87 УНХ улсын дугаартай Ландкруйзер-200 маркийн автомашинд хадгалсан  гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Еад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн тагтай 4 см өргөнтэй, 11 см өндөртэй хүрэн бор өнгийн шилтэй 199.6 грамм жинтэй зүйлийг Онцгой байдлыг ерөнхий газрын үндэсний аврах бригадын химийн ажиллагааны салбарт устгуулахаар даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                    

                                                                                                          ТОГТООХ нь:

 

  1.Шүүгдэгч Чонос овогт Г.Е “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Еад 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгж буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулсугай.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Г.Еын торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

              5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

              6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой байдлын ерөнхий газрын үндэсний аврах бригадын химийн ажиллагааны салбарт хадгалагдаж байгаа улаан өнгийн тагтай 4 см өргөнтэй, 11 см өндөртэй хүрэн бор өнгийн шилтэй 199.6 грамм жинтэй зүйлийг устгаж, устгасан талаарх холбогдох баримтыг шүүхэд  ирүүлэхийг тус салбарт даалгасугай. 

             

              7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

              8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Еад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ