| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1394/Э |
| Дугаар | 1434 |
| Огноо | 2020-08-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 1434
2020 08 05 2020/ШЦТ/1434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Шүүгдэгч Г.З нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.З холбогдох эрүүгийн 2006 00000 1650 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.З нь 2020 оны 06 сарын 12-ны шөнө 02 цагийн Баянзүрх дүүргийн 3-р хороо 12-р хороолол 34-р байрны 02 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз О.Болормаатай маргалдаж, түүнийг нүүрэнд алгадах, өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.З мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч О.Болормаагийн мэдүүлэг /хх 6-9/, гэрч Б.Згийн мэдүүлэг /хх 10-11/, гэрч Э.Халиуны мэдүүлэг/хх 14-15/, 2020 оны 06 сарын 15-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6937 дугаартай дүгнэлт /хх 17-19/, яллагдагч Г.Згийн мэдүүлэг /хх 49-50/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.З нь 2020 оны 06 сарын 12-ны шөнө 02 цагийн Баянзүрх дүүргийн 3-р хороо 12-р хороолол 34-р байрны 02 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз О.Болормаатай маргалдаж, түүнийг нүүрэнд алгадах, өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Болормаагийн “...2020 оны 06 сарын 12-ны өдөр 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ану-Үжин” зочид буудлын хойд талын байранд найз болох Золоотой уулзсан. Бид хоёр 0,75 литрийн Эдэн архины 500 гр орчмыг нь хувааж уусан, мөн пиво уусан. Гаднаас үл таних 2 эмэгтэй, 1 эрэгтэй орж ирсэн бөгөөд Золоогийн найзууд юм шиг байсан ба хоорондоо юм ярьж байгаад гэнэт над руу дайрч эхэлсэн. Халиунаа гэх эмэгтэй нь намайг, чи одоо юун хүүхэн бэ гэхээр нь харин чи өөрөө юу юм гэх мэтээр маргаан үүссэн ба маргалдаж байгаад Халиунаа нь миний үсийг зулгааж эхэлсэн. Харилцан үсийг нь зулгаасан. Гэтэл Золоо нь намайг нүүр нүдгүй цохиж эхэлсэн бөгөөд би газарт унаад өгсөн. Намайг газарт унасан байхад Золоо нь хөлөөрөө дэвсэж эхэлсэн. Би тухайн үед утсаараа бичлэг хийх гэсэн боловч миний утсыг булааж аваад шидчихсэн...” /хх 6-9/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Згийн: “...Гэрт нь ортол З нь Болормаа гэх хүүхэнтэй хамт байсан ба нэлээн уучихсан байдалта байсан. Тэгээд байж байхад Халиунаа гэрт нь тамхи асааж татсан. Тэгсэн чинь Болормаа нь уурлаад чи айлд тамхи татлаа гээд уурласан. Тэгэхэд Халиунаа нь би найзынхаа гэрт тамхи татаж байна чамд хамаагүй гэж хэлсэн чинь Болормаа нь пиво аваад Халиунаагийн нүүр рүү пиво цацсан, 2 удаа цацсан. Тэгээд Халиунаа уурлаад Болормаатай харилцан үсдэлцэж аваад зодолдсон. Дундуур нь нөгөө залуу, Золоо бид 3 орж салгасан. Гэтэл Болормаа нь хутга бариад Халиунаа руу дайраад эхэлсэн, Золзаяа хутгыг нь булааж авч шидэнгүүт Болормаа нь агсраад дайраад байсан. Тэгэхээр нь Золзаяа Болормааг болиулах санаатай хэд хэдэн удаа өшиглөсөн. Биенийх нь аль хэсэгт өшиглөснийг нь анзаараагүй...” /хх 10-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Халиуны “...Юм яриад сууж байхдаа намайг тамхи асаасан чинь Болормаа гэнэт уурлаад миний хажууд та нар тамхи татах гэлээ би цагдаа дуудна гээд гар утсаа гаргаж ирсэн. Утсаа салгаад над руу үсчээд дайраад агсарч байгаад намайг үсдээд авсан, би адилхан үсдэлцсэн. Үсдэлцээд нээх удаагүй байхад нөгөө хэд салгасан. Болормаа нь буцаж суугаад байж байснаа ууж байсан лаазтай пивоо бид нар луу шидсэн. Тэгсэн чинь гэрийн эзэн эрэгтэй Золзаяагийн уур хүрч, чи одоо болиоч яагаад байгаа юм гээд Болормааг нэг удаа алгадаад авсан. Тэгсэн чинь Болормаа нь босож ирээд гал тогоонд очоод том хутгыг нь шүүрч аваад алаад өгье, чи намайг алгаддаг хэн бэ гэсэн. ...Болормаа нь үсчээд ална, түй май гэж нулимаад агсраад байхаар нь эрэгтэй Золзаяа уур нь хүрээд Болормааг 2, 3 удаа үсэртэл нь алгадсан...” /хх-14-15/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 6937 дугаартай “... 1. О.Болормаагийн биед зүүн нүдний зовхи, шанаа, чихний дэлбэн, чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, баруун эгэм, цээж, бүсэлхий, зүүн цавь, гуя, баруун гуянд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх 17-19/ гэх дүгнэлт зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.З нь 2020 оны 06 сарын 12-ны шөнө 02 цагийн Баянзүрх дүүргийн 3-р хороо 12-р хороолол 34-р байрны 02 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз О.Болормаатай маргалдаж, түүнийг нүүрэнд алгадах, өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Г.З нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Г.З нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай..
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Зг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Зд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.З нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА