Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 183/2017/01955/И |
Дугаар | 001/ХТ2018/01212 |
Огноо | 2018-09-20 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2018/01212
Ж Д А ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 789 дүгээр магадлалтай,
Ж Д А ХХК-ийн нэхэмжлэлтэй
Ц.О- ад холбогдох,
Хамтран ажиллах гэрээний үүрэгт 111.200.000 төгрөг гаргуулах тухай үндсэн, талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Д.Ганчимэгээс зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт төлсөн 90.000.000 төгрөг, А.Алтансүх, Г.Болорсүх нараас орон сууцны урьдчилгаанд төлсөн 32.000.000 төгрөг, Ш.Энхболдын автомашиныг барьцаалж зээлсэн зээлийн төлбөрт төлсөн 10.800.000 төгрөг, нийт 132.800.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ж Д А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Ц.О- тай хамтарч Д.Батжаргалын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 300 м.кв талбай бүхий газар дээр орон сууц барих зорилгоор гурван талт буюу 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №2013/02 дугаартай "Бусдын газар дээр орон сууц барьж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 гэсэн албан ёсны хаягт байршилтай, 6 давхар орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан. Бусдын газар дээр орон сууц барьж, хамтран ажиллах гэрээний 2.2-д Б тал буюу манай компанийн хүлээх эрх, үүрэг хэсэгт, 2.2.3-д Б тал нь орон сууцыг бүрэн ашиглалтад оруулсаны дараа ашиг болох 35%-ийг авах эрхтэй, 2.2.6-д Барилга барьж олсон ашгаас хувь хүртэх, гэрээний 2.3-д В тал буюу Ц.О- ын хүлээх эрх, үүрэг хэсэгт, 2.3.8-д В тал нь Б талын оруулсан бодит хөрөнгийг тооцож үнэлэх үүрэгтэй, 2.9-д В тал нь Б талд 35%-ийн ашиг хүртээнэ гэж заасан байдаг. Гэвч Ц.О- нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, манай компанийн ашиг болох орон сууцыг шилжүүлж өгөөгүй учир бид дахин ярилцсаны үндсэн дээр 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцлийг байгуулж, хэлцлийн 1 дэх заалтад, Ц.О- нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Ж Д АХХК-д Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/3 байр, 01 тоот улсын бүртгэлийн №000411655 тоот гэрчилгээтэй, 48 м.кв 2 өрөө байрыг Ж Д АХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх", хэлцлийн 4-д "Хэлцлээр тохиролцсон үүргээ Ц.О- нь биелүүлээгүй тохиолдолд Ж Д А ХХК нь тухайн байрыг 80.000.000 төгрөгөөр үнэлэн, санхүүгийн алдагдал хүлээж буйгаа мэдэгдэж, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувиар тооцон нэхэмжлэх бөгөөд хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, эс биелүүлбэл харъяа дүүргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тохиролцсон. Гэтэл Ц.О- нь гэрээнд заасан үүргээ, хугацаанд нь биелүүлж, тухайн орон сууцыг манай компанид шилжүүлээгүй, үүргээ биелүүлэхийг шаардахаар ямар нэг шалтаг хэлж хугацаа алдагдуулсан. Мөн Ц.О- нь тус орон сууцыг бусдад зээлийн барьцаанд тавьсан болох нь шүүхийн шийдвэрээр нотлогдож байна. 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцлийн 4 дэхь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 54/3 байрны 01 тоот улсын бүртгэлийн №00411655 тоот гэрчилгээтэй, 48 м.кв 2 өрөө байрны үнэ 80.000.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувь буюу нэг хоногт 80.000 төгрөг 2016 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл 390 хоногоор тооцоход 31.200.000 төгрөгийн алданги, нийт 111.200.000 төгрөгийг Ц.О- аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.О- ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие хамтран ажиллах гэрээг байгуулснаар 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 10.060.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 7.000.000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 160.000.000 төгрөгийг тус тус Ж Д АХХК-д өгсөн. Энэхүү мөнгөнүүдийг өгсний дараа бичиг баримттай танилцаж бодит байдлыг мэдсэн бөгөөд тус барилга нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсан, барилгын зургийн ажил хийгдсэн, цахилгааны техникийн нөхцлөө авсан мөн барилга эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг хууль бусаар авснаас бусад бүх бичиг баримт байхгүй, маш их өртэй, газар нь нийтийн орон сууц барих зориулалттай биш харин амины орон сууц барих зориулалттай байсан. Харин А тал нь 3 өрөө болон 2 өрөө байр тус бүр нэг ширхэгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан, Б тал нь өөрт учирч ирсэн гарцаагүй дампуурлаас зайлсхийж бүх өр төлбөрөө надад үүрүүлснээр энэхүү 2 тал гэрээнээс тодорхой ашиг хүртэцгээсэн. Харин барилгын ажил дуусч байрнууд зарагдсан боловч маш их хэмжээний өр төлбөртэй үлдэж одоог хүртэл дуусаагүй маш их дарамтад байна. Талуудын хооронд байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2013/2 дугаартай гэрээ нь талууд хамтран ажиллаж буюу хураамж төлж хувь нийлүүлэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Д.Батжаргалын эзэмшлийн 300 м.кв хэмжээтэй газар дээр орон сууцны зориулалттай барилга барих зорилготой байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хураамж төлөх үүргээс нэхэмжлэгч чөлөөлөгдөөгүй бөгөөд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний оролцогчийн хувьд хураамж заавал төлөх үүрэгтэй. Гэрээний агуулгаас үзэхэд Ж Д А ХХК нь нэг давхрын барилгад оруулсан хөрөнгөөрөө хамтран ажиллана гэсэн тул Ц.О- нь 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнө тус барилгад оруулсан хөрөнгийг буцаан төлөх, нөхөн хөрөнгө оруулах боломжгүй бөгөөд 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнө тус барилгын ажилд хөрөнгө оруулсан болохыг нотлох үүрэгтэй. Тус үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барилгын ажилд Ж Д А ХХК-иас хөрөнгө оруулсныг нотлох боломжгүй тул тус компани хамтран ажиллах гэрээний хураамж төлөөгүйд тооцох үндэслэлтэй. Хураамж төлөөгүй тохиолдолд хамтран ажиллах гэрээ бүрэн гүйцэд хэрэгжихгүй тул ашгаас хувь хүртэх боломжгүй бөгөөд хураамж төлөөгүй бол зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний хөлс шаардах боломжтой.
Барилгын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд Ж Д АХХК-ийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тус компанийн зээл болон хүүгийн төлбөр төлөх үүргээс гадна барилгын ажлыг цааш үргэлжлүүлэхэд шаардлагатай бараа, материалын захиалгын үнэд тооцуулж нийт 160.000.000 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Д.Ганчимэгт төлсөн бөгөөд тухайн мөнгийг бүхэлд нь зээл болон хүүгийн төлбөрт тооцохыг тайлбарлалгүйгээр 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс хойших барилгын ажилд ашиглах Д.Ганчимэгээс авах барилгын бараа, материалын үнэ гэж ойлгуулсан. Д.Ганчимэгээс зээлсэн хөрөнгөөр баригдсан нэг давхрын барилгын ажлын зардлыг Ц.О- төлсөн тул түүнд зарцуулсан хөрөнгө оруулалтыг Ж Д АХХК-ийн хураамжид тооцох үндэслэлгүй, харин Ц.О- аас төлсөн хураамжид тооцно. Д.Ганчимэгийн зээлийн төлбөрт Ц.О- аас төлсөн 100.000.000 төгрөгөөс илүү хэмжээний зардлыг нэг давхрын барилгын ажилд зарцуулсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний зардлыг 100.000.000 төгрөгөөр тооцож, нэг давхрын барилгын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалтыг бүхэлд нь Ц.О- ын хураамжид тооцох үндэслэлтэй байна. Хамтран ажиллах гэрээний үүргийг Ж Д А ХХК зөрчсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Ц.О- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу ашиг олсон тохиолдолд тухайн ашгийн 35 хувь Ж Д АХХК-д оногдоно. Гэтэл талуудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны явцад ашиг олоогүй юм. Иймд бид Ж Д АХХК-д хувь хүртээх боломжгүй учраас гэрээний зорилгод нийцэхгүй байх тул 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн үүрэг биелүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байна гэж үзсэн. Мөн талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд барилгын ажилд л хөрөнгө оруулна гэж заасан. Гэвч барилгын ажилд хамааралгүй хэд хэдэн зардал гарсан. Д.Ганчимэгээс Ж Д АХХК-ийн зээл болон зээлийн хүүгийн төлбөрт 90.000.000 төлсөн. Хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш Ж Д АХХК нь орон сууц захиалгаар гүйцэтгэх гэрээний төлбөрт А.Алтансүхээс 20.500.000 төгрөг, Г.Болорсүхээс 10.000.000 төгрөг тус тус авсан байдаг. Гэтэл хамтран ажиллах гэрээгээр иргэдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулж, худалдан борлуулах үүргийг Ц.О- ад оногдуулсан. Ийм эрхгүй атлаа энэ мөнгийг иргэдээс авч өөрсдөө захиран зарцуулсан. А.Алтансүхийн орон сууц захиалан бариулах гэрээнд 20.500.000 төгрөг авч буцааж төлөхдөө 22.000.000 төгрөг буюу 1.500.000 төгрөгийг нэмж төлсөн. Энэ мөнгийг авах эрхгүй байсан. Мөн хамтран ажиллах гэрээ байгуулах үед Ж Д АХХК нь Ш.Энхболдын автомашиныг ломбарданд тавьчихсан байсан. Уг автомашиныг барьцааны гэрээнээс чөлөөлөхийн тулд 10.800.000 төгрөг төлсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр 10.800.000 төгрөгийг Ш.Энхболдын зээлийн төлбөрт төлж, автомашиныг зээлийн барьцаанаас чөлөөлөх үүргийг хөрөнгө оруулагч Ц.О- хүлээгээгүй. Гэтэл Ц.О- аас энэхүү төлбөрийг төлүүлсэн. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн үүрэг биелүүлэх тухай хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцож, нийт 132.800.000 төгрөгийг Ж Д АХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж Д АХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн үүрэг биелүүлэх тухай хэлцэлийг тус тус байгуулсан. Эдгээр гэрээнүүдийг байгуулахдаа ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэж энэ хоёр жилийн хугацаанд Ц.О- ямар нэгэн нэхэмжлэл гаргаж байгаагүй. Харин нэхэмжлэгч Ж Д АХХК-ийн зүгээс Ц.О- ад холбогдуулан нэхэмжлэл гаргасны үндсэн дээр 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн үүрэг биелүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6 дахь хэсэгт заасан төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэснийг зөрчсөн. Бид барилга барих явцад үүссэн өр төлбөрийн жагсаалтыг гаргаж, манай компани 21.156.400 төгрөгийн өрийг 4 иргэн, аж ахуйн нэгжид төлөхөөр, Ц.О- нь 11.100.000 төгрөг, 4.482 еврог 2 аж ахуйн нэгжид төлж, барилга барихтай холбогдож гарсан бүх өр төлбөрийн асуудлыг тэглэж шийдсэн. Ж Д АХХК-д ирэх ёстой байсан 35%-ийн ашгийг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 54/3 байр, 01 тоот, 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар тооцохоор тохирч, Ц.О- нь манай компаний өмчлөлд байрыг шилжүүлэхээр болсон. Гэтэл Ц.О- нь одоо хүртэл ашиг болох байрыг компанийн өмчлөлд шилжүүлж өгөхгүй, зайлсхийх, зугатах аргаа хэрэглэж, бидэнд хэлэхгүйгээр тус байрыг банкны барьцаанд тавьж, шүүхээр орж, банкинд хураалгасан. 30.000.000 төгрөгтэй холбоотой асуудал талуудын хооронд үүсээгүй. Харин Д.Ганчимэгтэй холбогдох 60.000.000 төгрөгийн асуудал байсныг хамтран ажиллах гэрээнд тусгаснаар шийдвэрлэсэн. Ц.О- хөрөнгө оруулагчаар орж ирэхийн өмнө Ж Д АХХК нь Д.Ганчимэгээс 60.000.000 төгрөгийн зээл авч Д.Ганчимэгээс авсан 60.000.000 төгрөгөөр тухайн байрны хундамыг тавьчихсан байсан. Ц.О- нь барилгын хөрөнгө оруулагчийн хувьд Д.Ганчимэгийн өрийг төлж барагдуулах, гарсан зардлаа манай компанид ирэх 35%-ийн ашгаас хасч тооцохоор тохирсоны дагуу Ц.О- нь Д.Ганчимэгийн өрийг төлж, гарсан зардлаа манай компанид ирэх ашгаас хассаны үндсэн дээр Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 54/3 байр, 01 тоот, 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь ашиг болж, манай компанид ирэхээр болсон. А.Алтансүх тухайн барилгаас байр захиалж, төлбөрийн урьдчилгаа болгож 20.000.000 төгрөгийг тушаасан. Гэтэл Ц.О- нь А.Алтансүхтэй байрны м.кв-ыг үнийг хэтэрхий багаар үнэлж гэрээ хийсэн байна, гэрээгээ цуцал гэж шаардсан учир манайх А.Алтансүхтэй хийсэн гэрээгээ дангаараа цуцалж, урьдчилгаанд төлсөн 20.000.000 төгрөг, гэрээ цуцалсаны хохирол гэж 2.000.000 төгрөг, нийт 22.000.000 төгрөгийг А.Алтансүхэд буцааж төлсөн. Г.Болорсүх нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу тухайн байрны урьдчилгаанд төлсөн 10.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Компанийн ерөнхий инженер Ш.Энхболдын Ланд Круйзер-80 маркийн автомашиныг барьцаанд тавьж, 8.000.000 төгрөгийн зээл авч, мөнгийг барилгын карказ угсралтын ажлын төлбөрт төлсөн. Иймд хариуцагч Ц.О- ын гаргасан сөрөг нэхэмжэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/02742 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О- аас 111.200.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж Д АХХК-нд олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул Ж Д АХХК-нд холбогдох хамтран ажиллах гэрээг дүгнэсэн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, иргэн Д.Ганчимэгээс зээлсэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт төлсөн 90.000.000 төгрөг, иргэн А.Алтансүх болон Г.Болорсүх нараас орон сууцны урьдчилгаанд төлсөн 32.000.000 төгрөг, иргэн Ш.Энхболдын автомашиныг барьцаалж зээлсэн зээлд төлсөн 10.800.000 төгрөг, нийт 132.800.000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Ц.О- ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 714.000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.379.900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О- аас улсын тэмдэгтийн хураамжид 714.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж Д АХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 789 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/02742 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.О- аас 80.000.000 төгрөг гаргуулан, Ж Д АХХК-д олгож, үлдэх 31.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Ж Д А ХХК-иас 42.800.000 төгрөгийг гаргуулан Ц.О- ад олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, нэхэмжлэгчээс 90.000.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т ...Ж Д А ХХК-иас 371.950 төгрөг гаргуулан Ц.О- ад олгосугай гэсэн хэсэг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2.093.900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Ц.О- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 90.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо Д.Ганчимэгт төлсөн зээлийн хүүгийн төлбөр болох 60.000.000 төгрөг төлсөн баримт хэрэгт байхгүй гэж дүгнэсэн. Гэтэл хэргийн 155 дугаар талд уг төлбөрийг төлсөн баримт авагдсан байгаа. Тиймээс давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг бүрэн гүйцэд судлалгүйгээр шийдвэрлэсэн байна. Магадлалаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үнийн зөрүүд миний бие Ж Д А ХХК-д нийт 37.200.000 төгрөг төлөх болсон бөгөөд зохигч харилцан тохиролцож үнийн дүнг бууруулж 20.000.000 төгрөг төлөхөөр тохирсон. Тиймээс давж заалдах шатны шүүхийн шүүхийн магадлалд сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон 60.000.000 төгрөгөөс 17.200.000 төгрөгийг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ж Д А ХХК нь хариуцагч Ц.О- ад холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 111.200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 2013/2 тоот гэрээний үүрэг биелүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, иргэн Д.Ганчимэгээс зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт төлсөн 90.000.000 төгрөг, иргэн А.Алтансүх, Г.Болорсүх нараас орон сууцны урьдчилгаанд төлсөн 32.000.000 төгрөг, иргэн Ш.Энхболдын автомашиныг барьцаалж зээлсэн зээлийн төлбөрт төлсөн 10.800.000 төгрөг, нийт 132.800.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс 80.000.000 төгрөг, сөрөг нэхэмжлэлээс 42.800.000 төгрөгийг тус тус хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Хариуцагч Ц.О- магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигч 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, шүүхэд ирүүлжээ.
Эвлэрлийн гэрээнд үндсэн нэхэмжлэлээр хангагдсан үнийн дүнгээс сөрөг нэхэмжлэлээр хангагдсан үнийн дүнг хасч тооцож хариуцагч Ц.О- нь нэхэмжлэгч Ж Д А ХХК-д 37.200.000 төгрөг төлөхөөр болсон бөгөөд уг төлбөрийн 17.200.000 төгрөгөөс нэхэмжлэгч нь татгалзаж, үлдэх 20.000.000 төгрөгийг хариуцагч Ц.О- нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулж, талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан 2013/02 дугаар бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээ болон тус гэрээтэй холбогдох бусад баримт бичгийн үүргийн асуудлаар өөр маргаан байхгүй болохыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцов гэжээ.
Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Ж Д А ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.Алтангэрэл, хариуцагч Ц.О- нар гарын үсэг зурсан байх тул эрх бүхий этгээд гэрээ байгуулсан гэж үзнэ. Түүнчлэн талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлах үндэслэлтэй байна.
Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заажээ.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4, 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/02742 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 789 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хариуцагч Ц.О- нь нэхэмжлэгч Ж Д А ХХК-д 20.000.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах, талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан 2013/02 дугаар бусдын газар дээр орон сууц барьж хамтран ажиллах гэрээ болон тус гэрээтэй холбогдох бусад баримт бичгийн үүргийн асуудлаар өөр маргаан байхгүй болохыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон зохигчийг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 243.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ