Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 437

 

Л.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/07103 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Даваасүрэн,

Хариуцагч Б.Наранцэцэгт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14 066 339 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Л.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Даваасүрэн,

Хариуцагч Б.Наранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Наранцэцэгтэй 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Монгол караокены 265 м.кв талбайн тохижилт болох 10 вип өрөөний бүтэн зохион байгуулалт иж бүрэн тоног төхөөрөмж, агааржуулалт, камерийн систем коридорын тохижилт, гэрэлтүүлэг, хаяг реклам, үүдний хэсэг, камерийн өрөөний тохижилт, гаднах талбайн тохижилт, аюулгүй байдал, иж бүрэн камержилт, хаяг реклам гэх мэт өртөг шингэсэн биет зүйлсийг үзэж харан харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээг Б.Наранцэцэг өөрийн гараар бичиж, гэрээ байгуулан худалдан авч, гарын үсэг зурсан болно.

2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 25 933 661 төгрөг авсан бөгөөд үлдэгдэл 14 066 339 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгч дуусгана гэсэн боловч хугацаандаа өгөхгүй, зугтааж, утсаа авахгүй уулзахгүй хариу мессэж өгөхгүй байсаар нэг уулзахад мөнгийг нь өгч чадахгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаад ав гэсэн. Үлдэгдэл мөнгөө өдий болтол хүлээж авч чадахгүй байгаа тул хариуцагч Б.Наранцэцэгээс үлдэгдэл 14 066 339 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.Даваасүрэнгээс караоке 40 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тохижилтын үнэ 30 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн үнэ 10 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл тусгай зөвшөөрөл Л.Даваасүрэнгийн нэр дээр байгаагүй, өөр хүний нэр дээр байсан. Бид нотариат орж гэрээ байгуулах гэтэл нотариатч тусгай зөвшөөрөл худалдагчийн нэр дээр байх ёстой. Мөн үнэлгээ хийх ёстой гэж хэлсэн. Л.Даваасүрэн үнэлгээ хийлгээгүй.

Л.Даваасүрэн караокены 9 өрөөний тоног төхөөрөмжийг зарсан. Уг тоног төхөөрөмжүүд нь 15 000 000 төгрөг л хүрдэг, үеэ өнгөрөөсөн хуучин төхөөрөмжүүд юм. Би өөрөө хөөцөлдөж тусгай зөвшөөрөл шинээр гаргуулсан. Бусад зүйл нь “Бишрэлт инженеринг консалтинг” ХХК-ийн өмч байсан. Ингээд би тусгай зөвшөөрлийг худалдаж авахгүй талаар Л.Даваасүрэнд хэлсэн. Манай Монгол караокены хажууд Ибиза гэсэн караоке байдаг. Л.Даваасүрэн Ибиза караокег бусдад худалдахдаа надад худалдсан тусгай зөвшөөрлийг дахин давхар худалдсан юм. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч хариуцагч Б.Наранцэцэгээс 4 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Даваасүрэнд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10 066 339 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наранцэцэгээс 78 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Даваасүрэнд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Даваасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээ нэхэмжлэгчийн нэхэмлэлийн шаардлагаас 10 066 339 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Нэхэмжлэлд караокены тохижилтын үнэ болох 40 000 000 төгрөгөөс огт төлөгдөөгүй 14 066 339 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүх хуралдаанд мөнгөө өгсөн гэдгээр гүтгэж мэдүүлснээр төлбөрийн дүнгээс хасуулсан. Б.Наранцэцэг нь шүүхэд ямар ч тайлбар өгөөгүй байж байгаад шүүх хурал зарлагдсан өдөр баримтуудаа авчирч өгсөн нь асуудлыг будлиулах зорилго агуулсан гэж үзэж байна.

Шүүх дээрх төлбөрийг өгсөн гэх банкны баримт, мөнгө хүлээж авсан, хүлээлгэн өгсөн төлбөрийн баримт байгаа юу гэж асуугаагүй, хэт нэг талыг бариж, дээрх маргаантай баримтуудыг ямар нэгэн төлбөрийн баримт болон холбогдох бусад баримтаар нотлуулаагүй, шүүх хурлыг хойшлуулж болох байсан ч хойшлуулаагүй, яарч шийдвэр гаргасан, мэргэжлийн ур чадвар гаргаагүй учир дараагийн шатны шүүхэд хандахад хүргэж байна гэжээ.

Хариуцагч Б.Наранцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу караокены төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж өгөөгүй. Энэ талаар удаа дараа шаардахад гэрээний үүргээ биелүүлээгүй. Агааржуулалтын системийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, бүх эд зүйлс эвдэрч ажиллагаагүй болсон байсныг миний бие өөрийн зардлаар шинээр хийсэн. Тусгай зөвшөөрлийг миний нэр дээр шилжүүлж өгөлгүйгээр хажуу талын караокед тусгай зөвшөөрлийг зарсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж байгаа. Тусгай зөвшөөрлийг 3 000 000 төгрөгөөр шинээр гаргуулж авсан. Иймд 4 000 000 төгрөг төлөх шаардлагагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

            Нэхэмжлэгч Л.Даваасүрэн нь хариуцагч Б.Наранцэцэгээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 14 066 339 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч караокены тоног төхөөрөмж, тусгай зөвшөөрлийг тус тусад нь үнэлж худалдсан боловч уг тусгай зөвшөөрлөө өгөөгүй, мөн зурагт, микрофон иж бүрэн “00” авч өгөх үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж маргажээ.

Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан удалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Энэ тохиолдолд худалдагч нь хэлэлцэн тохиролцсоны дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. 

Хариуцагч Б.Наранцэцэг  нь гэрээний дээрх заалтыг худалдагч тал биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл өөр этгээд буюу н.Отгонжаргал гэх хүний нэр дээр байсан тул шилжүүлэн авч чадаагүй, харин өөрөө хөөцөлдөж 3 000 000 төгрөгөөр шинээр тусгай зөвшөөрөл гаргуулсан, зурагт, микрофон, иж бүрэн “00” авч өгөхөөр тохиролцсон гэрээний үүргээ мөн биелүүлээгүй гэсэн үндэслэлээр төлбөрийг төлөхгүй гэж  маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд “тусгай зөвшөөрлийг хугацааг нь дуустал нэр шилжүүлэхгүйгээр ашиглуулна, хугацаа дууссаны дараа дахин сунгуулж, өөрийн нэр дээр авна” гэж тусгасны дагуу эд хөрөнгийн хамт тусгай зөвшөөрлийг хариуцагч Б.Наранцэцэгт шилжүүлэн ашиглуулж байсан болон гэрээний дагуу нэмж өгөхөөр тохиролцсон тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч хэлэлцэн тохиролцсоны дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн эсэх нь тодорхойгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх бөгөөд уг байдлыг тогтоолгүйгээр төлбөл зохих төлбөрийн хэмжээг тодорхойлох боломжгүй болно.

Иймд маргаж буй үндэслэлийг тодруулж, үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхэд дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцэхгүй ба хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрийг зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/07103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 176 100 төгрөг, хариуцагчаас төлсөн 78 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.  

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ