Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 320

 

                                                            М.Эрдэнэчимэгт холбогдох эрүүгийн

                                                                              хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 12/01 дугаар шийтгэх тогтоол,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 45 дугаар магадлалтай, 201621010007 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэгийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Шарнууд овогт Муучхайн Эрдэнэчимэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч М.Эрдэнэчимэгийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар М.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Эрдэнэчимэгийн 2 тооны үхрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож битүүмжлэлийг цуцалж 2 тооны үхрийг М.Эрдэнэчимэгт буцаан олгож, хохирогч Х.Баянмөнх нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар М.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар М.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэхийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч Н.Оюунчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... шийтгэх тогтоол, магадлалд “М.Эрдэнэчимэг нь бусдын өмчлөлийн 3 тооны үхрийг өөрийн үхэрт нийлсэн гэдгийг орон нутгийн засаг захиргаанд мэдэгдэж, тэмдэглүүлээгүй эс үйлдэхүй нь уг үхрийг өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломж нөхцөлийг өөртөө бүрдүүлсэн байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2-т заасны дагуу хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна. Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, хохирол шаарддаг гэмт хэрэг. Гэтэл шүүхээс зөвхөн орон нутгийн цагдаа болон засаг захиргааны байгууллагад мэдэгдээгүй эс үйлдлээр тухайн гэмт хэргийн бүрдэл төгсдөг гэж тайлбарлан гэм буруутайд тооцсон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл өөрийн үхэрт бусдын үхэр нийлсэн гэдгийг орон нутгийн захиргаанд мэдэгдээгүй эс үйлдэл нь дангаараа гэмт хэргийн бүрэлдэхүүн болохгүй. М.Эрдэнэчимэгийн эс үйлдэхүй буюу өөрийнх нь малд бусдын мал ирж нийлсэн талаарх мэдээллийг нуун дарагдуулж, өөрийн эзэмшил өмчлөлд шилжүүлэн авах гэсэн идэвхтэй үйлдэл, субьектив санаа зорилго байсан эсэхэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Тухайн хүн эрх бүхий байгууллагад мэдэгдэх боломжтой байсан уу, мэдэгдэх талаар ямар нэг арга хэмжээ авч идэвхи санаачилга гаргаж байсан эсэх нь эс үйлдэхүйд нөлөөлсөн эсэхийг хэрэг бүртгэлтийн шатанд тогтоогоогүй. М.Эрдэнэчимэг “манай хотонд 3 тооны үхэр нийлээд бэлчээрийн захад яваад байна, эзэн нь таарвал хэлээрэй” гэж багийн эмч Д.Батчулуунд хэлсэн байдлаас үзэхэд уг малыг нуух, өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авах гэсэн субьектив санаа зорилго байгаагүйн илрэл юм. Мөн энэхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж нь “алдуул маш завшсан” үйлдлээр илэрнэ. Завших гэдэг бол хууль бусаар өөрийн эзэмшилд авч захиран зарцуулж өөртөө ашиг бий болгох гэсэн ойлголт. Гэтэл М.Эрдэнэчимэгийн холбогдсон үйлдэлд бусдын өмчлөлийн алдуул малыг завшсан, захиран зарцуулсан үйлдэл тогтоогдоогүй байна. М.Эрдэнэчимэгийн малтай нийлсэн хохирогчийн алга болсон гэх 1 тооны үхэр хэзээ, хэрхэн алга болсон, мөн алга болсон гэх үхэр өөр айлын малтай нийлсэн эсэх, эсвэл хулгайлагдсан эсэхийг шалгаж тогтоогоогүй. Алга болсон гэх 1 тооны үхрийг М.Эрдэнэчимэг завшсан бол зарж борлуулах, нядалж хүнсэнд хэрэглэх, сүү саалийг нь ашиглах гэх мэтээр ямар хэлбэрээр завшсан болохыг тогтоолгүйгээр гэм буруутайд тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Уг үхрийг М.Эрдэнэчимэгийн хотонд байхгүй байна гэдэг үндэслэлээр шүүх түүнийг завшсан, захиран зарцуулчихсан мэтээр таамаглаж шийдвэр гаргасан. Шүүгдэгчийн гэм буруутайд тооцож, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч гарах үр дагавар нь М.Эрдэнэчимэгийн эрх зүйн байдлыг дордуулж, эрх ашиг сонирхлыг нь хөндөж байна. Учир нь шүүхийн таамаглалд үндэслэж гаргасан шийдвэрээр 2 тооны үхрийн  үнийг иргэний журмаар дахин нэхэмжлэх эрхийг шүүх нээлттэй үлдээснээр эд хөрөнгө, мал тааруухан, бага насны олон хүүхэдтэй, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өрх толгойлсон эмэгтэйн эрх ашгийг хууль бусаар хөндөх нөхцөлийг бий болгож байна. Бод малын хувьд байнга хээр байх нь олонтаа бөгөөд тэр бүр эзэн нь очиж хараад хариулаад байдаггүй тул хэний малд ямар мал нийлсэн эсэхийг тухай бүрд нь мэдэх боломж тааруухан. Бусдын малд мал нийлсэн тохиолдол бүрт малчид эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй эс үйлдлээр гэм буруутайд тооцсоноор Монгол малчдын дийлэнх нь энэ гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлага хүлээх болж байна. Иймд алдуул мал завшсан үйлдэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул М.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү ...” гэжээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна ...” гэв.

М.Эрдэнэчимэгт холбогдох хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэхэд шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Аливаа шүүхийн шийдвэр хэргийн талаарх материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд “хууль ёсны байх, харин хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгаснаар “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг тус тус хангасан гэж үзнэ.

М.Эрдэнэчимэг нь өөрийн үхэрт ирж нийлсэн иргэн Х.Баянмөнхийн 3 тооны үхрийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг олж аван завшиж буй шууд санаатай үйлдлээр илэрдэг. Өөрөөр хэлбэл алдуул малыг агуулж буй этгээд уг малын талаар зохих байгууллагад мэдэгдээгүй эс үйлдэхүй нь дангаараа тухайн гэмт хэргийн обьектив талын шинжийг бүрдүүлэхгүй бөгөөд энэхүү эс үйлдэхүй нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрч завших үйлдэлтэй холбогдсоноор тухайн гэмт хэргийн шинжийг агуулна.

Гэтэл анхан шатны шүүх “... М.Эрдэнэчимэг нь бусдын өмчлөлийн 3 тооны үхрийг өөрийн үхэрт нийлсэн гэдгийг орон нутгийн засаг захиргаанд мэдэгдэж, тэмдэглүүлээгүй эс үйлдэхүй нь уг үхрийг өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломж нөхцөлийг өөртөө бүрдүүлсэн ...” гэж, мөн давж заалдах шатны шүүх “... алдуул мал олсон этгээд тухайн орон нутгийн цагдаа болон засаг захиргаанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй эс үйлдлээрээ тухайн малыг өөрийн өмч хөрөнгө мэт захиран зарцуулах боломжийг өөртөө бий болгосноор бүрдэл төгсдөг” гэж зөвхөн зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй эс үйлдэхүй нь “Алдуул мал завших ”гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж тайлбарлан М.Эрдэнэчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Энэ гэмт хэрэг нь шууд санаатай үйлдэгдэж, гэмт этгээд алдуул малыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг олж авах идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрч, уг санаагаа хэрэгжүүлж алдуул малыг өөрийн хууль бус өмчлөлд шилжүүлж завшсан, эсхүл санаатай үрэгдүүлснээр гэмт хэргийн бүрдэл хангагдана.  

Харин М.Эрдэнэчимэг өөрийнх нь үхэрт нийлсэн 3 тооны үхрээс алга болсон, алдагдсан эсэх нь тодорхойгүй үхрийг санаатайгаар өөрийн үзэмжээр хэрхэн захиран зарцуулж завшсан, уг боломжийг өөртөө зориуд бий болгосон нь ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрч байгаа зэргийг нотолсон нотлох баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, энэ талаар ямар нэг нотлох баримтыг хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг баримтлан хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд М.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, тухайлбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.4, 248 дугаар зүйлийн 248.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 12/01 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 45 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар М.Эрдэнэчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                       Т.УРАНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ