Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1445

 

 

 

 

 

 

 

   2020        08           06                                  2020/ШЦТ/1445

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Шүүгдэгч Г.Х,

Шүүгдэгч С.А түүний өмгөөлөгч Д.Батдорж нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуроос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Х, С.А нарт холбогдох эрүүгийн 2006 00000 1384 дугаар хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Г.Х нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүургийн 14 дүгээр хороо, Өгөөмөр захын урд иргэн С.Атэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газар гараараа цохиж, мөн газар унагаасны улмаас С.Агийн биед зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 4-р шүдний сулрал, уруулд шарх, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч С.А нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр захын урд иргэн Г.Хтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газар гараараа цохиж, шилбэ рүү хөлөөрөө өшиглөж Г.Хы биед тархи доргилт, дух, хүзүү, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл /хх-ийн 8-10/, хохирогч Г.Х, С.А нарын мэдүүлэг /хх-ийн 19-21, 26-28/, гэрч Г.Энхбатын мэдүүлэг /хх-ийн 35-37/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтүүд /хх-ийн 39-40, 44-45/, Г.Х, С.А нарын ял шалгах хуудас /хх-ийн 58, 65/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.Х нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүургийн 14 дүгээр хороо, Өгөөмөр захын урд иргэн С.Атэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газар гараараа цохиж, мөн газар унагаасны улмаас С.Агийн биед зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 4-р шүдний сулрал, уруулд шарх, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч С.А нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр захын урд иргэн Г.Хтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газар гараараа цохиж, шилбэ рүү хөлөөрөө өшиглөж Г.Хы биед тархи доргилт, дух, хүзүү, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Хы: “...2020 оны 05 дугаар сарын 21-ний өглөө Гачууртад байх гэрээсээ гараад хотын төв рүү явж байсан. 08 цаг 30 минут орчимд Чулуун овооны тойрог дээр Нарантуул зах чиглэл рүү эргэж байхад зүүн талаасаа хамт намайг дагаж эргэсэн 1559 УНС дугаартай Соната-6 маркын автомашин миний машины баруун гар талаас шахаад толь хугалсан. Бүтнээрээ биш, доод суурь нь хагарсан. Тэгээд цааш давхиад явахаар нь зэрэгцэж очоод цонхоо онгойлгоод чи мөргөчихлөө зогс гэсэн чинь тоохгүй давхиад байсан. Тэгэхээр нь түгжрэлд орсон хойно нь хажуугаар нь гараад урд нь орж зогсоод чи машин мөргөчихлөө гээд буугаад очсон чинь дотроос нь 2 эрэгтэй, 1 эмэгтэй бууж ирээд нэг эрэгтэй нь намайг заамдаж аваад хувцасаар боох гэж оролдсон ба толгойн тус газар хэд хэдэн удаа цохиж шилбэ хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн...” /хх-ийн 19-21/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Агийн: “...Манай гэр Улиастайд байдаг ба гэрээсээ эхнэр Б.Оюунгэрэлийн хамт Соната-6 маркын цагаан өнгийн 1559 УНС улсын дугаартай машин нөхөр жолоодоод явж байхад Шөнийн дэлгүүрээс зах руу явна гэсэн нэг залууг аваад Нарантуул худалдааны төв рүү явж байгаад Тэнгэр плазагаар Нарантуул руу эргэж байхад араас нэг машин сигналдаад байсан ба дахин нэг талаас орж ирээд идэж байсан модтой чихрээ шидэхэд салон дотор орж ирээд үүрч унасан. Тэгэхэд би машины шилээ хаагаад хөдөлгөөнд оролцож байхад тухайн залуу дахин хажуу талд ирээд машины толийг цохиод яваад байсан. Тэгээд явж байгаад ард үлдсэн. Тэгэхээр нь би үргэлжлүүлээд замын хөдөлгөөнд оролцож байхад тухайн залуу дахин хажуу талаар орж ирээд шахах үед би зогссон. Тэгээд инсайт маркын цагаан өнгийн машинаас үл таних шар царайтай, өндөр залуу бууж машин руу ирэхээр нь би машинаасаа буухад үгийн зөрүүгүй боож аваад зууралдаад байсан. Тэгэхэд бид 2-той хамт явж байсан залуу бууж очоод салгах гэхэд тухайн залууг нэг удаа цохьсон. Энэ үед Өгөөмөр захын урд зогсч байсан замын цагдаа ирж салгасан. Тэгэхэд нөгөө залуу замын цагдаагийн үгэнд орохгүй байсан ба цагдаа нь эхнэрийг цагдаад дуудлага өг гэхэд нөгөө залуугийн хамт явсан эмэгтэй нь дуудлага өгөхөөр нь эхнэр давхар дуудлага өгөөд хэрэггүй гэж бодоод больсон. Мөн хамт явсан эмэгтэй нь намайг чаддаг юм бол зодчих, шоронгийн хадаас болгоно гэх мэтээр дайраад байсан ба нөхөр нь гэх залуу эхнэрийг маш их хэл амаар доромжилсон. Миний баруун мөрний дээд хэсэг нь шалбарсан, зүүн хөлний өвдөг нь хөхөрсөн, зүүн хөлний шагай нь хөхөрсөн, шалбарсан, нуруу нь зулгарсан, хоолойг нь боосон. Тухайн гэмтлүүдийг инсайт маркын машинтай залуу шалтгаангүй зодож учруулсан...” /хх-ийн 26-28/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхбатын: “...Тухайн өдөр ганцаараа 123 дугаар пост буюу Өгөөмөр захын орчим үүрэг гүйцэтгэж байсан. Тэгэхэд өглөө 08 цагийн орчим Өгөөмөр захын ордог хаалган дээр суудлын 2 жижиг тэрэг хөдөлгөөн хааж зогссон байсан. Тэгээд очиход 2 жолооч маргалдаж харилцан барилцсан байдалтай байсан. Тэгэхээр нь би салгаад хоёр жолоочоос юу болсон талаар асуухад Инсайт машины жолооч Чулуун овооны тойрог дээр машин шүргэчихээд зугтаасан гэж байсан. Тэгтэл тэр 2 жолооч дахин харилцан биенээ цохиж зодолдсон. Инсайт машины урд талын кирло хэсэгт жижиг зурагдсан байсан. Өөр гэмтэл харагдаагүй. Соната 6 маркын машинд гэмтэл харагдаагүй. Нэг нь илт зодуулж байгаа зүйл харагдаагүй. Миний нүдэн дээр харилцан цохилцож байсан. Хажуу талаас эхнэрүүд нь хэрүүл маргаан хийгээд зарим үйлдлийг харж чадаагүй..." /хх-ийн 35-37/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6050 дугаартай: 1.Г.Хы биед тархи доргилт, дух, хүзүү, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 39-40/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6053 дугаартай: 1.С.Агийн биед зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 4-р шүдний сулрал, уруулд шарх, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыь тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой /хх-ийн 44-45/ гэх дүгнэлт зэрэг болно.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г.Х нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүургийн 14 дүгээр хороо, Өгөөмөр захын урд иргэн С.Атэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газар гараараа цохиж, мөн газар унагаасны улмаас С.Агийн биед зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 4-р шүдний сулрал, уруулд шарх, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч С.А нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр захын урд иргэн Г.Хтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газар гараараа цохиж, шилбэ рүү хөлөөрөө өшиглөж Г.Хы биед тархи доргилт, дух, хүзүү, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Х, С.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Г.Х нь томографт үзүүлсэн 120.000 төгрөгөө нэхэмжилсэнг шүүгдэгч С.А нь төлөхийг зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Х, С.А нар нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Г.Х, С.А нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод          ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Х, С.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, С.А нарыг тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, С.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус тус 3 сарын хугацаанд сар бүр 150.000, 150.000, 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х, С.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Х, С.А нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Агаас 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.Х-д олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 1 ширхэг Си Диг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Х, С.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

     8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Х, С.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА