Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 468

 

 

 

 

 

 

 

 

 

   2020       06        15                                   2020/ШЦТ/468

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Чимгээ,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дулмаагийн Баасандоржид холбогдох эрүүгийн 2011003580308 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 2, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантийн задгайд оршин суудаг, урьд: 2014 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хэргийг хэрэгсэхгүй болгосон,

2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил, 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Боржигон овгийн Д.Б

                                                                                                                                             

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 19-004 тоотод оршин суух хохирогч Т.Дорждэрэмийн монгол гэрийн цоожийг эвдэн нэвтэрч, хурган дотортой дээл, булган малгай, чулуун хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч бусдад 1.270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

   - хохирогч Т.Дорждэрэмийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 19-4 тоотод эхнэр Чулуунхүүгийн хамтаар Монгол гэрт амьдардаг бөгөөд манай эхнэр 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр над руу залгаад гэрт хулгайч ороод миний дээл, малгай, хөөрөг зэргийг аваад явсан байна гэсэн. Би тухайн үед Төв аймгийн Борнуур  суманд байх хамаатан болох Галхүүгийн гэрт байж байсан ба тэнд мал маллаж 12 хоног болсон. Тэгээд одоогоос 2 хоногийн өмнө гэртээ ирэхэд миний хурган дотортой дээл, булган малгай, хөөрөг зэрэг алдагдсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14х/,

- иргэний нэхэмжлэгч Н.Одбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би өнөөдөр 12 цагийн үед таксинд гадуур явж байгаад зам гүүрийн авто бааз дээрээс тортой зүйл барьсан 30 гаран насны эрэгтэй хүн 15 цагийн орчим такси бариад суусан. Тухайн залуу машинд орж ирээд эмээгийн, өвөөгийн мухар луу гэж хэлсэн. Тухайн газар нь зам гүүрийн авто баазын зүүн хойд тал руу замынхаа зүүн талд уулын налуу дээшээгээ нарийн гудамжтай газар байдаг бөгөөд хүмүүс тухайн газрыг ингэж нэрлэдэг. Явах замдаа ногоон өнгөтэй хөөрөг гаргаж ирээд надтай тамхилаад цааш нь хийгээд надад тортой хувцасаа энэ миний дээл малгай байгаа юм аа цагаан сараар өмсөх гээд гэр лүүгээ авч ирж байгаа юм гээд хурган дотортой дээл, булган малгай зэргийг үзүүлсэн, тэгээд дээшээгээ нарийн гудамжаар гүйгээд гарсан. Дараа нь 2 цаг орчмын дараа авто бааз дээр явж байтал ахиад нөгөө залуутай таарсан. Тэгээд дахиад миний машинд орж ирж суугаад гахайн байрны шилэн дэлгүүр лүү гэж хэлсэн. Тэгээд шилэн дэлгүүр орж 2 шил дөрвөлжин шилтэй архи авч гарч ирээд машинд дахин сууж гахайн байрны баруун дэнж рүү нэг айлд очоод намайг хүлээж байгаарай гэж хэлээд удалгүй гарч ирээд буцаад эмээ өвөөгийн мухар луу нөгөө газраа буусан буухдаа ах надад мөнгөний хэрэг гарчихаад байна би малгайгаа 200.000 төгрөгөнд зарна та авах уу гэсэн тэгэхээр нь ахад 150.000 орчим төгрөг л байна гэсэн чинь ав ав гэсэн. Тэгээд би өөрт байсан мөнгөө шавхаад 146.000 орчим төгрөг болгоод өгсөн. Би тухайн залуугаас хулгайн зүйл биш биздээ гэсэн чинь үгүй үгүй ах миний малгай гэж хэлсэн. Тэгээд бааз дээр очоод байж байтал манай нэг жолооч ахын гэрт хулгай орчихсон байна гэж сонсоод байж байтал цагдаагийн машин хажуугаар явахаар нь ер нь хэлэхгүй бол болохгүй юм байна гэж бодоод шууд цагдаад хандсан. Би тэр залууд 146.000 төгрөг өгсөн ба булган малгайг нь цагдаа нар эргүүлээд эзэнд нь өгсөн. Би тэр залуугаас одоо болтол мөнгөө аваагүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х, 18-20х/,

  - гэрч Б.Эрдэнэтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....би 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр унтаж байгаад 14 цагийн үед манай нөхөр худганд усанд явчихаад ирэх хооронд манай дүү болох Д.Б ирээд нэг цагаан тортой юм барьж орж ирсэн. Тэр юмаа орны хөлд тавьсан. Би тэгэхээр нь хоол цай тавьж өгсөн. Тэгээд байж байснаа ууттай малгай гаргаж ирсэн. Тэгээд байж байснаа куртикнийхээ халааснаас тамхилах уу гээд хөөрөг гаргаж ирээд хүүхдийн хамранд хүргээд байсан. Би нэг их анзаараагүй. Тэгээд байж байснаа авч ирсэн юмнуудаа далд хийчих цагаан сараар өмсөнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

- гэрч П.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Барс бол манай эхнэр Батжаргалын төрсөн ах буюу манай хадам ах байгаа юм. Манай гэрт 2019 оны 11-р сараас 2020 оны 01-р cap хүртэл өөрийн танидаг дүү Д.Бтой хамт амьдарсан. Харин манай эхнэр Д.Бийг нь архи уугаад ерөөсөө засрахгүй гэрт байгаа дэл сул юм хулгай хийх гээд байхаар нь 2019 оны 12-р сарын сүүлээр хөөгөөд явуулсан. Харин хадам ах Барс Дарь-Эхэд байх манай эхнэрийн хамаатны эгч Өнөрсайханы гэрлүү явсан. Миний санаж байгаагаар 2020 оны 01-р сарын сүүлээр би эхнэртэйгээ хэрэлдээд гэртээ ганцаараа байхад манайд Барс болон Баасандорж нар ирээд Баасандорж манай гэрийн ойролцоогоос шил лааз түүгээд нэг шил архины мөнгө олоод бид гурав хувааж уусан. Тэр хоёр манайд өглөө 12.00 цагийн үед ирсэн санагдаж байна. Харин явахад 15.00-16.00 цаг болж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28х/,

 - гэрч Б.Барсын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Д.Бтой 2020 оны 01-р сарын сүүлээр манай охин дүү Батжаргалын гэр буюу нөхөр Эрдэнээгийнх нь гэрт очсон. Харин тэр өдөр 2020 оны 01-р сарын 26-ны өдөр байсан уу гэдгийг одоо хэлж мэдэхгүй шүү дээ. Тэр өдөр яаж уулзсан талаараа санахгүй байна. Ямар ч байсан Д.Б бид хоёр манай дүү Батжаргалын гэрт 12.00 цагийн үед очсон. Нөхрийг нь Эрдэнээ гэдэг юм. Бид хоёрыг очих үед Батжаргал байгаагүй бөгөөд Эрдэнээтэй маргалдаад явсан байсан. Тэгээд Эрдэнээ Д.Б бид гурав эхлээ 1 шил 0,75 граммын архи, дараа нь дахиж нэг шил 0.75 граммын архи аваад тэрийгээ дуусгаад 16.00 цагийн үед Д.Б бид хоёр Эрдэнээгийн гэрээс гараад замруу уруудаж явж байгаад Д.Боос салсан. Бид хоёр тухайн үед халамцуу байсан болохоор бие биендээ юу ч хэлэлгүй салсан ба би тэндээсээ такси бариад Дарь-Эхэд байх хамаатны эгч Өнөрсайханы гэрт очсон. Харин орой 23.00 цагийн үед Д.Б ирсэн ба усанд орчихсон цэвэрхэн хувцас өмсчихсөн байсан.Тэгээд унтахаар хэвтсэн боловч өглөө босоход Д.Б явчихсан байсан ба тэрнээс хойш би уулзаагүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10х/,

- хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Д.Бийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Т.Дорждэрэмийн байнга амьдрах орон байр болох монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, нийт 1.270.000 төгрөгийн эд зүйлийг нь хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Т.Дорждэрэмд учирсан хохирлыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Харин Д.Бийн хулгайлсан эд зүйлээ иргэний нэхэмжлэгч Н.Одбаатарт 146.000 төгрөгөөр худалдан борлуулсан байх ба уг мөнгийг хэргийг шүүхэд хянагдаж байх явцад хохирол төлөх 5 хоногийн завсарлага авч тус шүүхийн Тамгын газрын төрийн сангийн дансанд байршуулсан тул данснаас гаргуулж, Н.Одбаатарт олгох нь зүйтэй. Иймд Д.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Д.Бид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, урьд хулгайн гэмт хэрэг үйлдэж 2 удаа шүүхээр шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Д.Б нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Бид 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Бид цагдан хоригдсон нийт 77 /далан долоо/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд шүүгдэгч Д.Бийн байршуулсан нийт 146.000 /нэг зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Н.Одбаатар /РД: ЗК73041110/-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

8.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ