Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 1467

 

 

 

 

 

 

 

   2020        08           10                                  2020/ШЦТ/1467

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Б.Б,

Шүүгдэгч Б.М, тэдний өмгөөлөгч Г.Бат-Отгон,

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б Билгүүнээ, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2006 00000 1412 дугаар хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

             Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Б, А.Б нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүлд” чуулгын урд талын автобусны буудал дээр нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн Г.Мөнх-Эрдэнийг үл ялих зүйлээр шалтгаалан биед нь хүч хэрэглэсэн,

Шүүгдэгч А.Б, Б.М, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүлд” чуулгын урд талын автобусны буудал дээр иргэн Г.Мөнх-Эрдэний толгойн тус газарт нь олон удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, түлхэж унагах зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл      /хх- 3/, камерын бичлэгт үзлэг хийсэн үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-4-9/, хохирогч Г.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-15/, гэрч А.Сумъяабазарын мэдүүлэг /хх-22/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5773 дугаатай дүгнэлт, /хх-33/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Б, А.Б нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүлд” чуулгын урд талын автобусны буудал дээр нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн Г.Мөнх-Эрдэнийг үл ялих зүйлээр шалтгаалан биед нь хүч хэрэглэсэн,

Шүүгдэгч А.Б, Б.М, Б.Билгүүн нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүлд” чуулгын урд талын автобусны буудал дээр иргэн Г.Мөнх-Эрдэний толгойн тус газарт нь олон удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, түлхэж унагах зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-3/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-9/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мөнх-Эрдэнийн “...2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 22 цагийн үед “Сүлд” чуулгын автобусны буудал дээр буугаад зам хөндлөн гарах гээд зогсож байтал туранхай шар царайтай, хүрэн өнгийн цамцтай 170 см орчим өндөртэй 1 залуу, хар өнгийн цамцтай чипс идсэн залуу нар хүрч ирээд тамхи асуухаар нь би “байхгүй” гэтэл хүрэн өнгийн цамцтай залуу “чамд байх ёстой” гээд миний малгайг автал би буцаагаад малгайгаа аваад байж байтал миний малгайтай цамцнаас доошоо дарсан. Тэгтэл чипс идэж байсан залуу миний баруун талын шанаа руу 2 удаа цохьсон, хүрэн өнгийн цамцтай залуу миний толгойн зүүн тал тус газар гараараа хэд хэдэн удаа цохьсон...хар савхитай дээрээ үсээ боосон залуу нь намайг тайвшир гэж хэлээд дэлгүүрийн цаад талруу авч очоод шууд араас тэвэрч аваад өргөөд шидчихээд миний зүүн талын нүд рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал араас нөгөө 2 залуу нь хүрч ирээд яг ямар залуу гэдгийг нь мэдэхгүй байна миний баруун талын хавирга, хамарруу өшиглөөд, зүүн талын гар дээр дэвссэн. Тэгтэл цуг явсан эмэгтэй нь байх намайг босгоод “та одоо яв зүгээр үү” гэж байсан...” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Сумъяабазарын “...2020 оны 05 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед Эрдэнэтолгойн МТ колонк дээрээс 10 жилийн найзууд болох Намуун, Намуунжаргал, Мөнхжаргал, Пүрэвсүрэн нарын хамт 805 дугаар ангийн байранд Мөнхжаргалыг хүргэж өгөх гээд явж байсан. “Сүлд” чуулгын автобусны буудал дээр ирээд зогсоход Мөнхжаргал нь түрүүлээд гүйгээд буусан. Дэлгүүрийн үүдэнд 2 залуу муудалцаад байх шиг байсан, Мөнхжаргал гүйж очоод салгасан” /хх-22/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5773 дугаатай “...Г.Мөнх- Эрдэний биед зүүн нүдний доод зовхи, ззүн хацрын цус хуралт, хамар, баруун хацар, зүүн гуя, баруун өвдөг, шилбэний зулгаралт, зүүн гарын чигчий хурууны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-33/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр,

 

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг нь нийтийн хэв журмыг зөрчиж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсанд хариуцлага хүлээлгэхээр тус тус заасан байна.

 

Шүүгдэгч Б.Б, А.Б нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүлд” чуулгын урд талын автобусны буудал дээр буюу олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан нийтийн хэв журмыг зөрчиж, иргэн Г.Мөнх-Эрдэний хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж тамхи өгөх ёстой гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь хүч хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

Шүүгдэгч А.Б, Б.М, Б.Билгүүн нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүлд” чуулгын урд талын автобусны буудал дээр иргэн Г.Мөнх-Эрдэний толгойн тус газарт нь олон удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, түлхэж унагах зэргээр биед нь халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул тэднийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

          Шүүгдэгч Б.Б, А.Б, Б.М нар нь хохирогчид учирсан хохирлыг тэнцүү хуваан төлж барагдуулсан талаараа мэдүүлсэн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, хохирол барагдсан талаар бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж тооцлоо.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч Б.Б, Б.М нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэн шүүхээс ял шийтгүүлж уг ялаа эдэлж дуусаагүй байхдаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцооны байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учируулсан хохирлоо төлсөн байдлуудыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг ялгамжтай оногдуулах, хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт хамаарахгүй байна.

 

Тиймээс шүүгдэгч Б.Б, А.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялыг тус тусад эдлүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгч нарын энэ тогтоолоор оногдуулсан ял болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч нарын биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоов. 

 

          Шүүгдэгч Б.Б, Б.М нарын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн байдалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б.Б, А.Б, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Б.Б, А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 520 цаг, шүүгдэгч Б.Мыг 480 цаг, шүүгдэгч А.Б 400 цаг тус тус нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

          -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, шүүгдэгч А.Б нарыг тус тус 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан шүүгдэгч Б.Бгийн 520 цаг, шүүгдэгч А.Б 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан шүүгдэгч Б.Б, А.Б нарын 1 жил хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч нарын эдлэх хорих ялын хугацааг Б.Бг 1 жил 2 сар 5 хоногоор, А.Бг 1 жил 1 сар 20 хоногоор тус тус тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан шүүгдэгч Б.Бгийн 1 жил 2 сар 5 хоног хорих, шүүгдэгч Б.Мын 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялууд дээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 563 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн шүүгдэгч Б.Бгийн 224 цаг/224ц:8ц=28х/, шүүгдэгч Б.Мын 184 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тус нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг шүүгдэгч Б.Бгийн хорих ялыг нийт 1 /нэг/ жил 3 /гурав/ сар 3 /гурав/ хоногоор, шүүгдэгч Б.Мын нийтэд тустай ажил хийлгэх ялыг 664 цагаар тус тус тогтоосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.М нарын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шүүгдэгч Б.Мын эдлэвэл зохих нийтэд тустай ажил хийлгэх ялын нийт хэмжээг /664ц-(7*8=56ц)/ 608 /зургаан зуун найм/ цагаар тогтоосугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1 жил 3 сар 3 хоног, А.Бд оногдуулсан 1 жил 1 сар 20 хоног хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь оногдуулсан 608 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Бгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

          9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан компакт дискийг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б, А.Б нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА