Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00084

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2017/00084

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1960 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөрөөчин мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 44 дүгээр гудамжны 28 тоотод оршин суух, РЮ60011177 дугаар регистртэй, Нягт овогт Сэнгээгийн Энхтүвшингийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2017/00061/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч С.Энхтүвшин нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Энхтүвшин шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1976 онд 8 дугаар анги төгсөж, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн харьяа Тосонцэнгэл сумын Мод бэлтгэлийн үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байгаад 1977 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс мөчирлөгч хөрөөчнөөр ажиллаж үндсэн ажилчин нь болсон.  Үүнээс хойш 1992 оны 05 сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байгаад орон тооны цомхотголоор ажлаасаа халагдаж байсан. Мод бэлтгэлийн бригад нь ууланд мод бэлтгэн аймгийн төвд оруулж ирэхэд хөрөө рамын бригад тус модыг дүнз болон банз болгон бэлтгэх ажиллагаа хийдэг байсан. Би ууланд хөрөөдөж унагасан модыг цэвэрлэж мөчрийг дайраад ачихад бэлэн болгодог байсан. Дээрх 2 бригад нь хөрөө рамын бригад гэсэн нэртэй учир намайг ажлаас халсан тушаалд рамын ажилчидтай хамт рамчнаар ажиллаж байсан гэж бичсэн байна.

Би “мөчирлөгч хөрөөчин” гэх ажил нь хүнд нөхцөлд хамаардаг гэдгийг мэдээд тэтгэвэр тогтоолгох гэтэл шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Мөн Нэгдэл дундын үйлдвэрт миний хөдөлмөрийн дэвтэр байсан боловч үрэгдэж алга болсон, аймгийн архиваас ажилд орсон тушаалаа шүүлгэхэд байхгүй байна гэсэн. Тус байгууллагын боловсон хүчин нь миний ажилд томилсон тушаалыг надад өгсөн байгаа. Иймд миний Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Мод бэлтгэл, хөрөө рамын бригадад 1977 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд мөчирлөгч хөрөөчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

С.Энхтүвшин нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх   тухай  хуулийн  135  дугаар   зүйлийн   135.2.6-д   зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.      

Хүсэлт гаргагч С.Энхтүвшин Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Мод бэлтгэл, хөрөө рамын бригадад 1977 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд мөчирлөгч хөрөөчнөөр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1977 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн “…1. Тосонцэнгэлийн МБҮ-т дадлага хийж ирсэн түр ажилчид С.Энхтүвшинг үндсэн ажилтнаар авч Мод бэлтгэл, хөрөө рамын бригадын мөчирлөгч хөрөөчнөөр /хөрөө рамын хацарлагч хөрөөчнөөр давхар ажиллуулах/ ... 1977 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажилд томилох тухай” №06 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “…2... Орон тооны цомхотголоор... рамчин Ч.Бямбажаргал, С.Энхтүвшин... нарыг 5-р сарын 25-наас тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэх бичилттэй “Ажилтанг ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай” №28 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөж байгаа хөрөө-рам мод бэлтгэлийн бригадын мөчирлөгч-хөрөөчин С.Энхтүвшингийн 1987-1991 онд авч байсан цалингийн тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1982 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон “НДҮ-ийн мод бэлтгэлийн бригадын хөрөөчин нөхөр Сэнгээ овогтой Энхтүвшин таныг эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан учир...сайшаалын үнэмлэх, үнэ бүхий зүйлээр шагнав” гэх бичилттэй сайшаалын үнэмлэх, Мөрөн хотын АХГЗ-ны засварын үйлдвэрийн захиргаанаас 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдөр олгосон “НДҮ-ийн хөрөөчин С.Энхтүвшин таныг манай үйлдвэрийн засварын ажилд идэвхи зүтгэлтэй ажилласанд талархаж сайшаалын үнэмлэх, мөнгөн шагналаар шагнав” гэх бичилттэй сайшаалын үнэмлэх, 1989 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олгосон мэндчилгээ зэрэг баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, 1982 онд их хуралд оролцохдоо авахуулсан гэрэл зураг, Хөвсгөл аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Тус хэлтсийн архивт Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэр 1991, 1992 онд Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг тодорхойлов” гэх бичилттэй №1295 дугаартай архивын лавлагаа, гэрч Л.Санжаажавын “...С.Энхтүвшин нь Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1977 оны 01 сараас 1992 оны 06 сар хүртэл хугацаанд мод бэлтгэлийн мөчирлөгч, хөрөөчнөөр тасралтгүй ажиллаж байсан... уулнаас унагаасан модыг тусгай зориулалтын хөрөөгөөр мөчрийг нь тасдаж, гишүүг нь унагаагаад гуалин болгодог ажил юм. Мод унагаагч тусдаа, мөчирлөгч нь тусдаа, ачигч нь тусдаа, ойн цэвэрлэгээ хийх хүмүүс нь тусдаа байсан... тасралтгүй ажиллаж байсан... мэргэжлийн дагуу ажиллаж байсан хүмүүсийн нэг байсан... тушаалд рамчин гэж бичсэн талаар мэдэхгүй байна... би Нэгдэл дундын үйлдвэрт 1972 оноос 1992 оны 09 сар хүртэл хугацаанд хөрөөчин хийдэг байсан. Мод унагаагч гэсэн үг. Мод бэлтгэлийн бригадад хамт ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Ганхуягийн “...Би 1980 онд 8 дугаар анги төгсөөд Нэгдэл дундын үйлдвэрт ажилд орсон. Намайг 1980 оны 09 сард ажилд ороход С.Энхтүвшин нь мод бэлтгэлийн бригадад ажилладаг, ууланд мөчирлөгч хөрөөчин хийдэг байсан. Үүнээс хойш 1992 оны 05 сард Нэгдэл дундын үйлдвэр тарах хүртэл хугацаанд хамт ажиллаж байсан. Энэ хугацаанд С.Энхтүвшин нь мөчирлөгч хөрөөчнөөр тасралтгүй ажиллаж байсан... мөчирлөгч хөрөөчин гэдэг нь ууланд унагаасан модны мөчрийг нарийн хэсгийг нь сүхээр цавчих, бүдүүнийг нь хөрөөгөөр хөрөөдөж унагаад тайрч 4м-ийн урттай дүнз болгодог байсан. Тус дүнз модыг бид Мөрөн лүү ачиж авч ирдэг байсан. Мөрөнд ирээд хөрөө рамд палк, банз, приус мод болгож барилгын бригадад өгдөг байсан... би Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 09 сараас 1992 оны 05 сар хүртэл хугацаанд барилгын бригадад барилгачин, мод бэлтгэлийн бригадад грушик, ЗИЛ-131 машины жолоочоор ажиллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд С.Энхтүвшингийн Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Мод бэлтгэл, хөрөө рамны бригадад 1977 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд мөчирлөгч хөрөөчнөөр ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

С.Энхтүвшингийн ажилд орсон тухай тушаал архивт байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн “Тус аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1977 оны тушаалд С.Энхтүвшинг томилсон тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/64 тоот тодорхойлолтоор нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасан заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Нягт овогт Сэнгээгийн Энхтүвшингийн Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Мод бэлтгэл, хөрөө рамын бригадад 1977 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд мөчирлөгч хөрөөчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА