Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2022/0121

 

 

 

“МҮДБТЭЧ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,

Нэхэмжлэгч: “М ү д б т э ч” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Гуравдагч этгээд: “Т у” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/544 тоот тушаалыг хүчингүй болгуулах“,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 868 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б,

Хэргийн индекс: 128/2020/0896/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “М ү д б т э ч” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/544 тоот тушаалыг хүчингүй болгуулах“-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 868 дугаар шийдвэрээр: ”Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан “М ү д б т э ч” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/544 дүгээр тушаалыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Авлигатай тэмцэх газрын шалгалтаар “Т у” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын баруун богинын аманд 1.7 га газрыг ашиглах хүсэлтээ 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан. Захиргаа судлан холбогдох саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1607 дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт материалыг хүлээн авснаас хойш ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар 2019 оы 06 дугаар сарын 11-ний өдрийн 10/4053 тоот албан бичгээр Газар ашиглах хүсэлттэй танилцлаа Тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санд шалган үзэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай байх тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн байна.

3.2.Харин нэхэмжлэгч газар ашиглах 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргахад Хамгаалалтын захиргаа тухайн өдөртөө буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 тоот албан бичгээр дэмжин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлж “Газар ашиглах эрх олгох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/35 дугаар тушаалаар “М ү д б т э ч” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын баруун богинын аманд 1.7 га газрыг олгосон үйлдэл нь Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмыг зөрчсөн, мөн сайдын зүгээс нэг нутгийн буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-д гаргасан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасныг зөрчсөн, хуулийн этгээдэд давуу байдал олгосон шийдвэр байх тул Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.5-д заасны дагуу хууль, тогтоомж зөрчсөн, авлига гарч болох нөхцөл боломжийг бүрдүүлсэн дээрх шийдвэрийг эргэн харж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасан үүргээ хэрэгжүүлэн хариу ирүүлэхийг мэдэгдсэн.

3.3.Нэхэмжлэгч компанийн зөрчил нь “Зөрчлийг арилгаж хуулийг хэрэгжүүлэх ажиллах тухай” Авлигатай тэмцэх газрын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/10246 дугаар албан бичгээр нотлогдож байна. Мөн Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д “...Төрийн байгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг Авлигатай тэмцэх газраас өгсөн саналын дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчилнө...” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/544 дүгээр тушаалаар газар ашиглах эрх олгосон тушаалаа хүчингүй болгосон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1.Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч “М ү д б т э ч” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн өөрийн буруутай үйл ажиллагаа байсан, давуу байдал олгосон гэдгээ зөвшөөрсөн боловч анхан шатны шүүх уг байдалд дүгнэлт өгөөгүй.

4.2.Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол байхгүй, уг газар газар ашиглах эрхгүй гэж маргасан, анхан шатны шүүх энэ байдалд дүгнэлт огт өгсөнгүй.

4.3.Учир нь “М ү д б т э ч” ХХК нь төрийн өмчит хуулийн этгээд байгаад дампуурч, татан буугдсан хуулийн этгээд байжээ. Гэтэл татан буугдсан хуулийн этгээдийн нэрээр Б, Ч 2 үүсгэн байгуулагчтай “М ү д б т э ч” ХХК гэх компани байгуулж, улмаар уг нэрээ 2019 оны 1 улиралд нэрээ сольж “УӨСТМЧ” нэртэй болсон гэх мэдээлэл байгаа боловч энэ талаар нотлох баримт шүүх цуглуулаагүй, нэхэмжлэгч нь энэ нэрээр нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна.

4.4.”М ү д б т э ч” гэх ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээндээ үйл ажиллагаа явуулах чиглэлийг “урлаг, соёлын арга хэмжээ явуулах” гэж бүртгүүлснээс үзвэл тус компани нь “аялал, жуулчлалын чиглэл”-ээр үйл ажиллагаа явуулдаггүй, ийм эрхгүй этгээд тул тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах боломжгүй байсан, анхан шатны шүүх энэ үйл баримтад дүгнэлт өгсөнгүй.

4.5.Анхан шатны шүүх шийдвэртээ “М ү д б т э ч” ХХК нь маргаан бүхий газрыг түрүүлж эзэмших хүсэлт гаргасан” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна.

Тухайлбал, “М ү д б т э ч” гэх ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Байгаль, орчны яаманд “Ардын урлагийн театр байгуулах төсөл”-ийн хүрээнд “1.5 га” газар ашиглах хүсэлтээ гаргасан байсан. Энэ нь аялал жуулчлал салбар биш гэдэг нь эргэлзээгүй билээ.

4.6.Анхан шатны шүүхийн тус компанийг Ардын урлагийн театр байгуулах зориулалтаар 1.5 га газар хүссэн нь гэж зөв дүгнэсэн байна.

Уг хүсэлтийг нь Байгаль, орчин, аялал жуулчлалын яам хянаад 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/17351 дүгээр албан бичгээр санап ирүүлсэн газар чинь “ЗА” нэртэй боловч газрын солбицлын цэгээрээ Бумбатын амны “А ” ХХК, “Х х” ХХК, “Д х а” ХХК, “Э” ХХК-ийн газартай давхцалтай’’ гэсэн үндэслэлээр хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан байна.

4.7.Эндээс үзвэл “М ү д б т э ч” гэх ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ашиглах хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил газартай давхцалтай гэдэг нь тогтоогдсон болно.

4.8.Маргаан бүхий газар буюу манай компанийн ашиглахыг хүсч хүсэлт гаргасан газар нь 1,7 га газар, харин “М ү д б т э ч” ХХК гэгчийн ашиглахыг хүссэн газар нь Залаатын амны 1,5 га газар байсан.

4.9.”М ү д б т э ч” гэх ХХК-ийн хүссэн газар нь координатын хувьд ийнхүү огт өөр газар байсан болох нь уг албан бичгээр тогтоогдож байхад анхан шатны шүүх нь “Дха” ХХК-ийн газартай давхацсан гэж байгаа тул түрүүлж хүсэлт гаргасан гэж дүгнэсэн нь нотлох баримтыг зориуд буруу үнэлж, нэг талыг илт баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.10.Тэгвэл бусад “А” ХХК, “Х х” ХХК, “Э” ХХК-ийн газартай давхцалтай байсан нь юу гэсэн ойлголт байх талаар дүгнээгүй.

4.11.“Координат” гэдэг ойлголт нь газрын хил, байрлалтыг илэрхийлдэг чухал өгөгдөл бөгөөд газрын нэрнээс чухал нарийвчилсан шинжлэх ухаан гэдгийг анхан шатны шүүх анхаарсангүй.

4.12.Учир нь Бумбатын аман дахь “Д х а” ХХК-ийн газартай давхацсан гэж татгалзсан байхад Залаатын аманд газар ашиглаж байгаад хүчингүй болсон “Д хээр а” ХХК-ийн газар дээр хүсэлт гаргасан гэж анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж байгаа нь илт хууль бус ажиллагаа юм.

4.13.Анхан шатны шүүх шаардлагатай бол Бумбатын болон Залаатын аманд “Д х а” ХХК-ийн газар ашиглах эрхтэй байсан эсэх, энэ нь нэг газар уу, өөр газар уу гэдгийг ч шалгаж тогтоох үүрэгтэй байсан.

4.14.Иймд нэхэмжлэгч “М ү д б т э ч” ХХК гэгч нь өөр координатад байрлалтай газар хүссэн хүсэлтийг анх гарсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй нь доорх хуулийн заалтаас харагдах бөгөөд анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй болно.

Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хууль бус 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ ... гаргана” гэж;

Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2-т гаар эзэмших хүсэлтэд “... газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж заасан байдаг.

4.15.Дээрх хуулийн заалтуудаас үзвэл иргэн, хуулийн этгээд газар ашиглах хүсэлт гаргахдаа заавал газрын байршлыг заавал тодорхойлсон байх шаардлагыг тогтоосон бөгөөд уг тодорхойлсон газарт газар ашиглуулах эсэхийг шийдвэрлэх зохицуулалт болно. Энэ зарчмын дагуу Байгаль, орчин, аялал жуулчлалын яам хянаад бусдын газартай давхцалтай гэж үзэн шийдвэрлэхээс татгалзсан нь уг хуульд нийцсэн байсан.

4.16.Өөрөөр хэлбэл, өөр газар газар ашиглах хүсэлт гаргасан байхад газар ашиглах хүсэлтээ түрүүлж гаргасан гэж дүгнэсэн нь дээрх Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, энэ талаар маргасан гуравдагч этгээдийн тайлбар, нотлох баримтад дүгнэлт огт өгөөгүй байна.

4.17.Түүнчлэн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар байгалийн нөөц ашиглалт явуулах, бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлт, шийдвэр гаргах, оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д "төсөл" гэж шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх зэрэг аливаа үйл ажиллагааг хэлнэ” гэж, мөн зүйлийн 3.1.6-д "байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг” ойлгоно гэж, 7 дугаар зүйлийн 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж тус тус заасан байна.

4.18.Хуулийн дээрх заалтуудаас харвал байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь тухайн газрын байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлох явдал юм.

4.19.Иймд Богд хаан уулын аль ч хамаагүй газар дээр хийлгэсэн Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ байвал болно гэсэн ойлголт огт биш юм.

4.20.Нэхэмжлэгч “М ү д б т э ч” ХХК нь Бумбатын аманд дахь ашиглахыг хүссэн координат бүхий газар дээр театрын зориулалттай барилга байгууламж барихаар төсөл гаргаж, уг үйл ажиллагаандаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн боловч тус компанийн Гүйцэтгэх захирал н.Бямбажаргал гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус үнэлгээ юм.

4.21.Харин “Т у” ХХК-ийн газартай давхцуулан ашиглуулсан газар дээр тус компани Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ огт хийлгээгүй байгаа. Энэ байдлаас нь үзвэл “М ү д б т э ч” гэх ХХК маргаантай газар дээр “Т у” ХХК-иас түрүүлж хүсэлт гаргаагүй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд уг газрыг хууль бусаар ашиглуулахаар шийдвэрлэсэн гэдэг нь нотлогддог нөгөө талаасаа тус компанид ашиглуулахаар шийдвэрлэсэн Залаатын амны газар дээр Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийлгээгүй байгаа, энэ талаар гуравдагч этгээдээс маргасан байсан анхан шатны шүүх нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг огт хэрэглээгүй байна.

4.23..Мөн Богдхаан уулын дархан цаазат газрын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал, жуулчлалын яаманд хүргүүлсэн буюу “М ү д б т э ч” гэх ХХК-д Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэхийг дэмжсэн санал дахь солбицол /координат/ нь мөн л “Т у” ХХК-ийн хүсэлт гаргасан газартай давхцалгүй байгаад анхан шатны шүүх дүгнэлт огт өгсөнгүй.

4.24.Эдгээрээс гадна Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт үзүүлж байгаа буюу үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх, тухайн газар нутгийг хамгаалахад иргэдийн оролцоог өргөжүүлэх, тэдний ахуй амьдралаа баталгаажуулах, байгалийн баялгийг зохистой ашиглах шаардлагыг харгалзан тогтоосон газар нутгийг орчны бүс гэнэ” гэж заасан байна. Хуулийн энэ заалт уг тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн бүсийг нарийвчлан тогтоож, бүсэд хамаарах болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэх ач холбогдлыг ялгаж өгсөн.

4.26.Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг зохих зөвшөөрөлтэйгөөр ашиглах”-ыг зөвшөөрч, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 5-т “ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”-ыг хориглосон байна.

4.27.Мөн хуулийн 11 дүгээр зүйлд хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр явуулах үйл ажиллагааг жагсаасан.

4.28.Хуулийн энэ заалтуудаас харвал нэхэмжлэгч “М ү д б т э ч” гэх ХХК нь уг газарт театрын зориулалтаар газар хүссэн байхад “аялах отоглох зориулалтаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцээгүй байна.

4.29.Нэхэмжлэгч “би театр барина” гээд байхад нь Байгал орчин, аялал, жуулчлалын сайд өөрөө “аялал жуулчлалын зориулалттай орон байр барь” гэж зориулалтыг өөрчилдөг нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэл байгаа юу гэдэгт хариулт өгнө үү! Угаасаа “М ү д б т э ч” гэгч ХХК нь “театр” барих нь тодорхой байгаа, үүнд анхан шатны шүүх дүгнэлт огт өгөөгүй.

4.30.Хариуцагчаас өөрийн гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээд “Т у” ХХК-д ашиглуулах шийдвэр гаргах шатанд уг асуудлыг будлиантуулсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан мэргэжилтэн Баньд гэгчийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу албан тушаалаас нь халах сахилгын шийтгэл хүлээлгэж шийдвэрлэсэн байгаа байдал болон нийтийн албанд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг шалган тогтоох, үүссэн бол уг байдлыг арилгахыг шаардах эрхтэй, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг Авлигатай тэмцэх газраас уг байдлыг шалган тогтоож, дүгнэлт өгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг уг зөрчлөө зогсоохыг шаардсан үйл баримтыг хэрхэн үзэж байгаа талаар анхан шатны шүүх огт дүгнээгүй нь ноцтой зөрчил юм.

4.31.Нийтийн   албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан эрх бүхий этгээд өөрийн эрх хэмжээний хүрээнд явуулсан үйл ажиллагааг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй байх боломжгүй бөгөөд шаардлагатай бол энэ талаар хэрхэн үзсэнээ хууль зүйн үндэслэл бүхий тайлбар гаргах ёстой. Учир нь Авлигатай тэмцэх газар нь хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой бөгөөд гаргасан шийдвэрийг аливаа этгээдээс заавал дагаж мөрдөх үүрэгтэй тул эрх хэмжээнийхээ хүрээнд хийсэн шалгалтыг аливаа шүүхээс хүчингүй болгоогүй, хууль бус болохыг тогтоогоогүй нөхцөлд уг байгууллагын үйл ажиллагааны бие даасан байдалд шууд халдах, гаргасан шийдвэрийг нь үл тоох, хэрэгсэхгүй байх ёсгүй юм.

4.32.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр “Т у” ХХК-ийг татан оролцуулсан бөгөөд гуравдагч этгээдээр оролцмогц бие даасан шаардлага гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр хүлээн аваагүй хуульд нийцэхгүй байна.

Учир нь гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбартаа:

“Т у” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Богдхаан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад уламжлуулахаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Залаатын баруун богинын аманд 1,7 га газар ашиглахыг хүссэн хүсэлт гаргасан” болохоо;

Манай компани уг газрыг ашиглах хүсэлт гаргачихсан байсан, уг хүсэлтийг шийдвэрлээгүй байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “М ү д б т э ч” ХХК-ийн гаргасан хүсэлтийг тэр өдөрт нь Богдхаан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж, сайд нь нэн даруй буюу 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/35 дугаар тушаалаараа тус компанид маргаан бүхий газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн талаар;

Мөн манай компанийн түрүүлж хүсэлт гаргасан газрын асуудлыг шийдвэрлэхгүй, дарагдуулж, хувийн сонирхлоор “М ү д б т э ч” ХХК-д уг газрыг олгосон байсан талаар;

Уг шийдвэрийг эс зөвшөөрч Байгаль орчин аялал жуулчлалын яаманд гомдол, тус яамнаас хуулийн байгууллагад ханд гэсэн учир Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан талаар, мөн тус яамны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 06/6203 дугаар албан бичгээр хуулийн байгууллагад хандан гомдол гаргасан болон эрх бүхий хуулийн этгээдийн шийдвэрийг ирүүлэхийг шаардсан” талаар;

Авлигатай тэмцэх газраас уг захиргааны албан тушаалтны шийдвэр гаргах ажиллагааг шалгаж, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01/10246 дугаар албан бичгээр тус яамыг зөрчлөө арилгахыг шаардсан талаар тус тус тайлбарлаж, нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа билээ.

4.33.Улмаар Авлигатай тэмцэх газрын шалгалтын дүн, манай гаргасан гомдлын дагуу яам “М ү д б т э ч” ХХК-д газар ашиглуулах шийдвэрээ цуцалсан ба манай өргөдлийг шийдвэрлэх гэж байх хугацаанд тус байгууллага захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул шийдвэрлэх боломжгүй гэж хүлээгдэж байсан болно.

4.34.Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан байдаг.

4.35.Дээрх хуулийн заалтын дагуу манай гомдлыг Авлигатай тэмцэх газар шалгаж, яамны буруутай болохыг тогтоосон, яам манай гомдлыг зөвшөөрч “М ү д б т э ч” гэх ХХК-д газар ашиглуулах шийдвэрээ цуцалсан тул Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д заасны дагуу манай компанийн хувьд захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.

4.36.Мөн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж заасан байдаг.

4.37.Мөн манай газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж байх хугацаанд Авлигатай тэмцэх газар уг үйлдлийг шалгаж, яамны буруутай болохыг тогтоосон, яам манай гомдлыг зөвшөөрч “М ү д б т э ч” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар захиргааны байгууллага шийдвэр гаргах боломжгүй болж дээрх Иргэний хуулийн заалтын дагуу хөөн хэлэлцэх хугацаа зогсох юм.

4.38.Энэхүү хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсох тохиолдлын талаар хэн ч маргадаггүй “эрх зүйн зарчим” байдаг бөгөөд хатуу хуульчлан тогтоосон тул анхан шатны шүүх нь дээрх хугацаа тооцох эрх зүйн зарчим, хуулиудын заалтыг хэрэглээгүй манай бие даасан шаардлагын хүлээн авахаас татгалзсан нь хууль бус байна.

4.39.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд зааснаар шүүхэд мэдүүлэх эрх нь иргэний үндсэн эрх гэдгийг шүүхүүд мэдэж байгаа бөгөөд энэхүү хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлүүлэхээр гаргасан бие даасан шаардлагыг хүлээн аваагүй нь иргэн, хуулийн этгээдийн шүүхэд мэдүүлэх, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг хангахгүй болж, улмаар захиргааны байгууллагаас учруулах хүндрэл чирэгдлийг нэг мөр арилгуулахаар хандаж байгаа нөхцөл байдлыг ч харгалзан үзэхгүй байгаа нь төрөөс, үүний дотор шүүх нь иргэний хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа хууль бус ажиллагаа тул гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2021/0833 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, байгаа ба гуравдагч этгээдийн хэрэг маргаанаа шударга шүүхээр шийдвэрлүүлэх, шүүхэд мэдүүлэх үндсэн эрхийг ноцтой зөрсөн, шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

2.Шүүх хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэв. Үүнд:

2.1.Нэхэмжлэгч “М ү д б т э ч” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/544 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан.

            2.2.Маргаан бүхий А/544 акт[1] нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/35 тушаалаар өмнө нь нэхэмжлэгч компанид олгосон газар ашиглах эрхийг Авлигатай тэмцэх газрын 2019 оны 01/10246 албан бичиг, сонсох ажиллагааны тэмдэглэлийн дагуу дуусгавар болгож, нэхэмжлэгч компанийн газар ашиглах гэрээг цуцалжээ.

            2.3.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хамгаалалтын захиргаа ... нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна.”, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана.” гэжээ.

            2.4.Нэхэмжлэгч “М ү д б т э ч” ХХК-иас анх “Богд хан уулын аялал жуулчлал хөгжүүлэх бүс нутагт Ардын урлагын театр байгуулах газар олгох хүсэлт”-ийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлснийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч[2], улмаар тус захиргаанаас 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 856 дугаар албан бичгээр “төсөл хэрэгжүүлэх 1,5 га газрын кадастрын зурагт тусгагдсан солбицлын цэг нь давхцаагүй” гэсэн саналыг[3] хариуцагчид хүргүүлсэн.

2.5.Уг саналыг хүлээн аваад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1017351 дүгээр албан бичгээр[4] “...танай саналд Залаатын ам гэж бичсэн байх боловч солбицлын цэгээрээ Бумбатын аманд ...газар ашиглах эрх авсан А ХХК-ийн газартай давхцалтай, Т э ч ХХК-ийн ирүүлсэн кадастрын зургийг мэдээллийн санд давхцуулан үзэхэд Залаатын аманд газар ашиглах эрх нь цуцлагдсан Д х а ХХК, газар ашиглах эрхтэй Х х ХХК, Э ХХК-иудын газартай тус тус давхцалтай байна.” гэж материалыг буцаажээ.

            2.6.Үүний дараа нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дахин газрын солбицлын байршлаа өөрчлөн газар олгох хүсэлт”[5] дахин хүргүүлснийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хүлээн авч[6], улмаар 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр албан бичгээр “Залаатын амны хязгаарлалтын бүсэд байрлалтай. 1.7 га талбай бүхий газар нь бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй” гэсэн саналыг[7] хүргүүлсэн.

            2.7.Энэхүү саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/35 тушаалаар[8] нэхэмжлэгч “М ү д б т э ч” ХХК-д маргаан бүхий 1.7 га газрыг аялагч түр буудаллах, отоглох, орон байрны зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгож, мөн газар ашиглах гэрчилгээг[9] 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр олгожээ.

            2.8.Харин гуравдагч этгээд “Т у” ХХК-нь аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах хүсэлтийг[10] 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч[11], улмаар тус захиргаанаас 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1608 албан бичгээр[12] “төсөл хэрэгжүүлэх 1.7 га газрын кадастрын зурагт тусгагдсан солбицлын цэг давхцаагүй, “Т у” ХХК-ийн аялал жуулчлал, зориулалтаар ашиглах төсөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж байна.” гэх саналыг хариуцагчид хүргүүлсэн.

            2.9.Уг саналыг хүлээн аваад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10/4053 албан бичгээр[13] “Тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санг шалган үзэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай байх тул шийдвэрлэх боломжгүй.” гэж материалыг буцаажээ.

            2.10.Нэхэмжлэгч компанийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн газар ашиглах хүсэлт гаргаж, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр газар ашиглах эрх авсан 1.7 га газрын байршил нь гуравдагч этгээд компанийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1.7 га газар ашиглах хүсэлт гаргасан газартай давхцалтай гэдэг нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1608[14] албан бичиг, мөн тус захиргааны 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 04[15] албан бичгүүдэд дурдсан солбицлын цэгүүд, кадастрын зургууд[16] зэргээр тогтоогдож байна.

            2.11.Харин нэхэмжлэгчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр буюу анх газар ашиглах хүсэлт гаргаж байсан 1.5 газрын байршил нь маргаан бүхий газар буюу нэхэмжлэгчийн дахин хүсэлт 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргаж, улмаар газар ашиглах эрх авсан, гуравдагч этгээдийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүсэлт гаргасан газартай давхцалгүй, өөр байршилд байсан гэдэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/7351, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/2509 албан бичгүүд[17], солбицлын цэгүүд[18], кадастрын зураг[19] зэргээр тогтоогдов.

            2.12.Ийнхүү нэхэмжлэгчийн анх 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр газар ашиглах хүсэлт гаргасан 1.5 газрын байршил нь маргаан бүхий буюу нэхэмжлэгчийн газар ашиглах эрх авсан, гуравдагч этгээдийн хүсэлт гаргасан газартай давхцалгүй гэдэг нь тогтоогдож, энэ байдлаас нэхэмжлэгчийг тухайн маргаан бүхий газарт түрүүлж хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байтал анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг “Залаатын аманд өмнө хүсэлт гаргаж байсан” гэх хариуцагчаас няцааж байгаа, агуулгын хувьд бусад баримтуудаас зөрүүтэй баримт[20] болон маргаан бүхий газартай хамааралгүй өмнө гаргасан газрын байршлыг үндэслэн нэхэмжлэгчийг “гуравдагч этгээдээс түрүүлж хүсэлт гаргасан” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

            2.13.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар аялал жуулчлал эрхлэх зориулалтаар газар ашиглуулах шийдвэр гаргахдаа хоёр ба түүнээс дээш этгээд хүсэлт гаргасан тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах материаллаг бааз, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал, олон улсын стандарт түвшинд хүрсэн байдлыг харгалзан захиргааны байгууллага сонголт хийж, хэнд газар ашиглуулахыг шийдвэрлэхээр зохицуулжээ. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 5-д “ Газар ашиглуулахаас татгалзсан бол төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрт үүний шалтгаан, үндэслэлийг заана.” гэжээ.

            2.14.Уг хуулийн зохицуулалтаас үзэхэд маргаан бүхий газрыг ашиглах хүсэлтийг нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, гуравдагч этгээдээс тухайн газарт газар ашиглах хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн байсан, хариуцагчаас ийнхүү хоёр хуулийн этгээдээс хүсэлт гаргасан байхад хэрхэн сонголт хийж, ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн төслийг илүү гэж үзэн нэхэмжлэгч компанид газар ашиглах эрх олгосон болон гуравдагч этгээд ямар шалгуурыг хангаагүй тухай үндэслэлээ тайлбарлалгүйгээр нэхэмжлэгчид компанид газар ашиглах эрх олгосон А/35 тушаал нь хуульд нийцээгүй байна.

            2.15.Түүнчлэн маргаан бүхий актын зорилго нь Авлигатай тэмцэх газраас хууль зөрчсөн гэдгийг мэдэгдсэн албан бичиг[21] ирүүлсний дагуу хариуцагч захиргаанаас өөрийн өмнө гаргасан шийдвэрийг эргэн харж, нэхэмжлэгч компанид газар олгохдоо “Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасныг зөрчсөн, хуулийн этгээдэд давуу байдал олгосон, хууль тогтоомж зөрчсөн, авлига гарч болох нөхцөл боломжийг бүрдүүлсэн” гэх Авлигалтай тэмцэх газрын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч улмаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх ..., хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцалсан.

2.16.Энэхүү маргаан бүхий А/544 тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа ...бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэж заасантай нийцсэн бөгөөд Авлигатай тэмцэх газраас хууль зөрчсөн гэдгийг мэдэгдсэний дагуу өөрийн өмнөх шийдвэрийг эргэн харж, гуравдагч этгээдийн газар ашиглах эрх олж авах эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн шийдвэрээ цуцалсан хариуцагчийн үйлдлийг хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх  үндэслэлгүй байна.

2.17.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 868 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 36 дугаар зүйлийн 2, 3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М ү д б т э ч” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/544 тоот тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 31 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 47, 186 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 51 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 55 дахь тал

[5] Хэргийн 160 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 45 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 51, 2-р хавтас 39 дэх тал

[8] Хэргийн 1-р хавтас 35 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 36 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 104 дэх тал

[11] Хэргийн 2-р хавтас 43 дахь тал

[12] Хэргийн 2-р хавтас 42 дахь тал

[13] Хэргийн 2-р хавтас 15 дахь тал

[14] Хэргийн 2-р хавтас 42 дахь тал

[15] Хэргийн 1-р хавтас 51, 2-р хавтас 39 дэх тал

[16] Хэргийн 1-р хавтас 106, 161, 2-р хавтас 26, 33 дахь тал

[17] Хэргийн 1-р хавтас 86, 153 дахь тал

[18] Хэргийн 1-р хавтас 51 дэх тал

[19] Хэргийн 1-р хавтас 215 дахь тал

[20] Хэргийн 1-р хавтас 86, 153 дахь тал

[21] Хэргийн 2-р хавтас 5-6 дахь тал