Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 33

 

                       

     Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Б.Д-гийн нэхэмжлэлтэй А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

“Ажлаас халсан тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тушаал гаргаж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч Б.Д-гээс гаргасан нэхэмжлэлийн шаарпдлагаасаа татгалзах тухай хүсэлтийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б овогтой Д миний бие А аймгийн Засаг даргын Тамгын газарт бичээчээр ажиллаж байгаад нөхрөө дагаж Улаанбаатар хотруу шилжсэн тул 2010 оны 11 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн. Энэ тухай тушаал гараагүй тул тушаалыг гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлт өгсөн.

Одоо энэ хүсэлт нь тэтгэвэрт гарахад шаардлагагүй болсон Нийгмийн даатгалын лавлагаагаар шийдвэрлэгдсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Д-гээс А аймгийн Засаг даргын тамгын газрын даргад холдбогдуулан гаргасан “Ажлаас халсан тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тушаал гаргаж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүх 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр захиргааны  хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Д тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч Б.Д нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, иргэн Б.Д-гийн нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холдбогдох “Ажлаас халсан тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тушаал гаргаж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах” тухай шаардлага бүхий тухай захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон   

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “Ажлаас халсан тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тушаал гаргаж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, А аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА