Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 00089

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2017/00089

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын 5 дугаар багт оршин суух, “Шар дархад” овогт Шагдарын Баяраа /РН-59121573/-н

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 15-20 тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт байдаг, “Жөгд” овогт Нанзадын Долгоржав /РА-56070500/

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2016/01482/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Долгоржав нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Баяраа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Шагдар овогтой Баяраа нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд 1974 оны 6 сарын 20-нд илгээлт авч үхэрчин болсон. Түүнээс хойш 1991 оны 10 сарын 28-ныг дуустал үхэрчнээр ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн ба нэг хөдөлмөрийн дэвтрийн хуудсуудыг урж тасдан алга болгосон зэргээс ажиллаж байсан хугацааг тооцохгүй байгаа юм. Иймд Ш.Баяраа миний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд 1974 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ныг дуустал үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Долгоржав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ш.Баяраатай нэг гол усанд хамт байсан бөгөөд Ш.Баяраа нь сумандаа оторт явсан ба шүүх хуралдаанд ирэх боломжгүй байгаа учир би өмнөөс нь итгэмжлэлээр оролцож байна. Ш.Баяраа нь хөдөлмөрийн насанд хүрч бие даан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлийн 2-р бригадад 1975 оноос эхлэн нэгдэл тартал фермийн үхэрчнээр ажиллаж байсан юм билээ. Одоо тэтгэвэрт орох нас дөхсөн учир шүүхэд хандсан юм.

Иймд Ш.Баярааг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлийн 2 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

         Нэхэмжлэгчийн хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ш.Баяраа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч Ш.Баяраа Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлийн 2 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,

1974 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн илгээлт, 1979 оны бэлтгэлийн төлөвлөгөөг биелүүлэх үүрэг, Гэрчилгээ,

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлээс 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэр,

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлийн гишүүдийн 1991 оны шинэчилсэн бүртгэлийн “....Гун хэсэг: ...9. Овог нэр: Шагдар Баяраа, нас: 34, хүйс: эр, нэгдэлд элссэн: 1975, нэгдэлд ажилласан жил: 15....” гэх бичилттэй архивын хуулбар,

Гэрч Д.Болормаагийн “....би 1977 оны 5 сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлийн гишүүн болж байсан. Намайг нэгдлийн гишүүн болоход Ш.Баяраа нь тус нэгдлийн үхэрчин хийдэг байсан. Тэгээд бид 1991 оны 10 сард нэгдэл тарах хүртэл хамт ажиллаж байсан...тасралтгүй ажиллаж байсан...Манай ээж Балжиндашийн фермийн саалчин бөгөөд тус фермийн үхэрчингээр Ш.Баяраа нь ажилладаг байсан. Би 3-р анги 1974 онд төгсөөд гэртээ байж ээждээ тусладаг байсан юм. Энэ үед Ш.Баяраа нь фермийн үхэрчин байсан. Фермийн нэг л үхэрчин байдаг байсан тул би сайн мэдэж байна. Ш.Баяраа нь цэргийн алба хаагаагүй... Би “Жаргалант-Амьдрал” нэгдэлд 1977 оны 5 сараас 1991 оны 10 сард нэгдэл тартал ажилласан....” гэх мэдүүлэг,

Гэрч Р.Баасанжавын “....Ш.Баяраа нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлийн 1974 оны 7 сараас 1991 онд нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Балжиндашийн фермийн үхэрчин хийдэг байсан. Сургуулиас гараад илгээлтээр гарч ирж байсан манай сумын хүүхдүүдийн нэг юм...тасралтгүй ажиллаж байсан, нэгдлээс ер гараагүй... 1974 онд 7-р анги төгсөөд нэгдлийн гишүүн болсон. 7-р ангийг 15 настай төгсдөг байсан... би Жаргалант Амьдрал нэгдэлд 1969 оноос туслах малчнаар ажиллаж байгаад 1976 онд тракторын жолоочийн курс төгсөөд 1977 оноос 1991 он хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан....” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.

Иймд Ш.Баяраагийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлийн 2 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Ш.Баяраагийн ажиллаж байсан үеийн цалин хөлсний түүвэр, ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал тус тус байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “....тус сумын Төгөл багийн иргэн Шагдар овогтой Баяраа нь Жаргалант Амьдрал нэгдэлд 1974 оны 6 сарын 20-ноос 1991 оны 10 сарын 28-ыг дуустал үхэрчнээр ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр Засаг даргын Тамгын газарт хадгалагдаж үлдээгүй болохыг тодорхойлов....” гэх бичилттэй 11/239 дугаартай тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “....тус аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Ш.Баяраад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх бичилттэй 10/05 тоот тодорхойлолт,

 Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “....Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдсэн конторын санхүү тасгийн өрөө 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шатаж 610.000 төгрөгийн хохирол учирсан галын хэрэг гал гарсан тухай 141/28 дугаар нотломж үйлдэж Цагдаагийн газарт шилжүүлсэн болохыг тодорхойлов....” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Шар дархад овогт Шагдарын Баяраа /РН-59121573/-г Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдлийн 2 дугаар бригадад 1975 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭРДЭНЭБАТ