Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 00093

 

 

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2017/00093

Хөвсгөл аймаг

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, РБ64031507 дугаар регистртэй, эмэгтэй, Боржигон овогт Пүрэвхайчийн Ганбатын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2016/01444/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дагвадорж нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Ганбат шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие П.Ганбат нь 1964.03.15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн бөгөөд 1980.01.01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Хавтага багт саальчин, фермийн эрхлэгч, хоньчноор тус тус ажиллаж байгаад 1990 оны хувьчлалаар гарч улмаар одоог хүртэл мал маллаж байгаа болно. Миний бие П.Ганбат нь өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн тул Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1980.01.01-ээс 1989.12.31-нийг дуустал ажиллаж байсан жилийг тооцуулах хүсэлтэй байна. Иймд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1980.01.01-ээс 1989.12.31-нийг дуустал хоньчин, саальчин, фермийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1990 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 27 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгчийн туслах ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 4-01 тоотод оршин суух Гөрөөчин овогт Ганхуягийн Дагвадорж /РЭ90110412/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүсэлт гаргагч П.Ганбат нь 1964 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Мандал” нэгдэлд ажиллаж эхэлсэн байдаг. 1980 оны үеийн баримт байхгүй, цалин хөлс нь эцэг эхийн нь нэр дээр бичигдэж гарсан байдаг. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэвэл ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд хүсэлт гаргагч П.Ганбатын Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Мандал” нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, саальчин, фермийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

П.Ганбат нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1980.01.01-ээс 1989.12.31-нийг дуустал хоньчин, саальчин, фермийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.       

Хүсэлт гаргагч П.Ганбат Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчин, фермийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн П.Ганбатын 1982, 1984 оноос 1990 оны хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, 1981, 1983, 1985, 1987 оны гэрэл зураг, 1985 оны Баярын бичиг, 1983 оны нэгдлийн гишүүний үнэмлэх, 1985 онд олгосон Монгол ардын хувьсгалт намын гишүүний бат илэрхийлэх, 1981 онд олгосон МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, гэрч Г.Туяасайхан, Г.Лхагважав нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчин, фермийн эрхлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин П.Ганбатын Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин, саальчин, фермийн эрхлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь дээрх хугацаанд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, 1981 оны цалингийн баримтад “1981” гэж нэмж бичсэн зөрчилтэй, гэрчүүдийн мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй байна. Иймд П.Ганбатын Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин, саальчин, фермийн эрхлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Пүрэвхайчийн Ганбатын 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчин, фермийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хоньчин, саальчин, фермийн эрхлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БЯМБАСҮРЭН