Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 146/ШШ2017/00033

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ХААН банкны Эрдэнэзуу тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сум Вангийн-Овоо, 1 дүгээр баг, Сансар хороо, 08-05 тоотод оршин суух Боржгин овогтой Намжилдоржийн Даваасүрэн /РД:ЙР89022771/-д холбогдох,

“8220891.25 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ХААН банкны Эрдэнэзуу тооцооны төвийг төлөөлж эдийн засагч Б.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Намжилдоржийн Даваасүрэн нь Хаан банкны Эрдэнэзуу тооцооны төвөөс 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ8185 тоот гэрээ байгуулж 10.700.000 /Арван сая долоон зуун мянган/ төгрөгийг жилийн 16-,8 хувийн хүүтэй, 36 сарын хуагцаатай өрхийн хэрэгцээ зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, телевизор 32 инч sony, хөргөгч, хивс 5ш барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 3725594.75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1844963.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3081.65 төгрөг нийт 5573639. 66 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн ба банк зээлдэгчээс 2016.01.02-ны өдрөөс эхлэн зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл  төлбөрөө төлөөгүй 352 хоног хугацаа хэтрээд байна. Иймээс банк гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2. 2014 оны 10 дугаар сарын 24-ний байдлаарх зээлийн гэрээ цуцалж, зээлийн төлбөр гаргуулах

А/ Үндсэн зээлийн үлдэгдэл-6974405.25 төгрөг

Б/Зээлийн хүүгийн төлбөр-1182470.50 төгрөг

В/Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр-64015.50 төгрөг нийт 8220891.25 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах

4. Монгол Улсын ИХШХШТХуулийн 69-р зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх/хөдлөх эд хөрөнгө, түүний банк дахь мөнгөн хөрөнгө бусад бараа материалаар зээлийн гэрээний үүргийг хангуулах арга хэмжээ авч өгнө үү.

Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж нэмж нэхэмжилнэ...” гэжээ.

Хариуцагч Н.Даваасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Намжилдорж овогтой Даваасүрэн миний бие 2016 оны 12 дугаар сарын 19-нд Хаан банк Эрдэнэ зуу тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага 8220891.25 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа нь үнэн болно. Миний бие энэ зээлийг ШШГЕГазар хорих 0423-р ангид ажиллаж байх хугацаанд гэрээ байгуулан авсан. 2015 оны 02 дугаар сараас ажлаас чөлөөлөгдөж ажилгүй болсон тул хугацаа хоцруулсан нь үнэн. Миний бие одоогоор зээлээ төлөх боломжгүй байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу. Ойрын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж нэхэмжлэлийн төлбөрийг бүрэн барагдуулах болно. Барьцаа эд зүйл барьцаанд тавьсан. Зээлийн төлөлтийг төлөхөд татгалзах зүйлгүй...” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ХААН банкны Эрдэнэзуу тооцооны төв “8220891.25 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч Н.Даваасүрэн нь 8220891.25 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй ба хуульд нийцсэн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зохигчид төлбөр төлөх хугацаагаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцох боломжтой болохыг дурдлаа. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ХААН банкны Эрдэнэзуу тооцооны төвийн “зээлийн гэрээний үүрэгт 8.220.891.25 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Даваасүрэн хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Даваасүрэнгээс 73.245 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 73.245 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ХААН банкны Эрдэнэзуу тооцооны төвд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146.490 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх  хэсэгт зааснаар захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН