Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 11

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Б.Г    нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б   овогт Б  ы Г   д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2037000200007 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 19 оны 0 дүгээр сарын -ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн  дугаар хорооны  тоотод оршин суух, РД:  , Б   овогт Б  ы Г   ,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Б.Г    нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн Л.Уянга багштай 7а ангид 64 тооны сандал, 32 ширээг 14 хоногийн хугацаанд 1620000 /нэг сая зургаан зуун хорин мянга/ төгрөгөөр хийж өгөхөөр 1000000 /нэг сая/ төгрөгийг урьдчилан авч бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

                Шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн захирал Ц.Сонгууль гэх хүн намайг Булган сумаас Ховд аймаг явах үед машинд хамт явж байх үедээ 2018 оны ойгоор Тунгалаг, Байгалмаа нарын ангид ширээ сандал хийлгэх гэж байгаа юм чи надад дугаараа өгчих Булган суманд ирээд надруу яриарай гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 7-8-ны үед Уянга гэх багш надруу залгаад ширээ сандал хийлгэх гэсэн юм та Булган суманд ирсэн үү гээд асуухаар нь хэд хоноод очино гээд Булган суманд 2019 оны 10 дугаар сарын 10-ны үед ирээд Л. Уянга багш болон эцэг эхийн төлөөлөл гэх эмэгтэй бид 3 уулзаж 32 ширээ 64 сандал хийхээр тохиролцож Л.Уянга багш 500.000 төгрөг, эцэг эхийн зөвлөл 400.000 төгрөг, дансаар 100000 төгрөгийг шилжүүлсэн. Ширээ сандалны материал авч чадаагүй бөгөөд мөнгийг нь би хувийн хэрэгцээнд ашиглаад дуусгасан...” гэх мэдүүлэг,

                Хохирогч Л.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие Ховд аймгийн Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн 7а ангийн анги хариуцсан багшаар ажилладаг. 2019 оны 10 дугаар сарын эхээр Б.Г    гэх хүний дугаарыг Эрдэнэсувд багшаас авч яриад ширээ, сандал хийлгэх талаар санал тавьсан. Б.Г    нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сургууль дээр ирэхээр нь эцэг эхийн төлөөлөл болох Сувд-Эрдэнийг дуудаад бид гурав уулзаад ангийн ширээ сандал хийлгэхээр тохиролцож урьдчилгаа 1 сая төгрөгийг хүлээлгэн өгч, хүлээн авсан тэмдэглэл үйлдсэн. Би мобайлаар 500000 төгрөгийг шилжүүлсэн. Сувд-Эрдэнэ мобайлаар 100000 төгрөг, бэлнээр 400000 төгрөг өгсөн. 64 сандал, 32 ширээг 1620.000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон юм. Тэрнээс хойш утсаар ярихаар ширээ сандалыг хийж байгаа эхнэр хүүхдүүд өвдсөн Ховд аймагт байна гэж ярьж байгаад ор сураггүй алга болсон учраас Цагдаад хандсан. Тухайн хүн өөрөө хэлэхдээ Ховд аймагт ажлын байртай гэж ярьж байсан. Тэгээд Ховд аймгийн Эсба төвийн мужаанаас асуухад тэр хүн ямарч ажлын байргүй, манай ажил дээр ирж хэдэн ширээ сандал хийж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

                Гэрч Ц.Сонгуулийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Минжит Булган цогцолбор сургуулийн 7а ангийн ширээ сандал нь олон жил болсон хуучирч муудсан засвар авахааргүй болсон байсан. Ширээ сандал шинээр солих талаар анги удирдсан багш Л.Уянга надад танилцуулсан юм. Мөн эцэг эхчүүд солих мөнгийг гаргаж өгөхөөр болсон. 2019 оны 10 дугаар сард би Ховд аймагруу явахад Б.Г   тай нэг машинд сууж таарсан. Б.Г   ас ширээ сандал хийх эсэхийг асуухад ширээ сандал хийнэ гэхээр, манай сургуулийн нэг багш ангидаа ширээ сандал хийлгэх гэж байгаа талаар яриад Л.Уянга багшийн утасны дугаарыг Б.Г   д өгсөн юм. Дараа нь Л.Уянга багш Б.Гантулгын утасны дугаарыг сургуулийн нэг багшаас авч яриад ангийнхаа ширээ сандалыг хийлгэхээр тохиролцоод 1 сая төгрөгний урьдчилгаа өгсөн гэж байсан. Хэсэг хугацааны дараа Б.Г    утсаа авахгүй алга болчихлоо одоо яах вэ гэж танилцуулж байсан...” гэх мэдүүлэг,

                Гэрч Б.Эрдэнэсувдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сард манай төгсөлтийн хамт олноос Тунгалаг, Байгалмаа болон манай ангид ширээ сандал хийж өгөхөөр зөвшилцөөд Ховд аймагт мужаанаар хийлгэсэн, тэр үед төгсөлтийн залуу болох Б.Г    хариуцаж хийлгүүлэхээр болсон. Мөн Б.Г    нь манай ангид захиалгаар шкаф хийж байсан. Уянга багш ширээ сандал хийлгэх хүн хайгаад асууж байхаар нь би хийсэн хүнийг нь мэдэхгүй байна, манай төгсөлтийн Б.Г    хариуцуулж хийлгэж байсан, Б.Г   тай холбоо барь гээд дугаарыг нь олж өгсөн. Л.Уянга багш урьдчилгаа 1000.000 төгрөг өгсөн гэж 2019 оны намар хэлж байсан” гэх мэдүүлэг,

                Гэрч Ц.Сувд-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 09 дүгээр сард эцэг эхчүүдийн хурал болсон бөгөөд ширээ сандал шинээр хийлгэх талаар санал гаргаад нэг сурагчаас 80000 төгрөг хураасан. Тэгээд Л.Уянга багш бид хоёрт Байгалмаа, Эрдэнэсувд, Тунгалаг гэх багш нар урьд өмнө Минжит Булган цогцолбор сургуульд ширээ сандал хийж өгсөн Б. Г    гэх хүнийг санал болгохоор нь бид 2 уулзаад 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа 1 сая төгрөг өгсөн. Б.Г    хэлэхдээ миний ажлын байр Ховд аймагт байгаа би одоо энэ мөнгөөр Баян-өлгий аймаг ороод сэлбэг хэрэгсэл авч ирээд Ховд аймагт ширээ сандалаа хийнэ, 14 хоногийн дараа дуусна үлдэгдэл мөнгөө өгөөд аваарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг, 

  • Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
  • Хохирлын тооцоо, хохирол төлсөн баримт

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Г    нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн Л.Уянга багштай 7а ангид 64 тооны сандал, 32 ширээг 14 хоногийн хугацаанд 1620000 төгрөгөөр хийж өгөхөөр 1000000 төгрөгийг урьдчилан авч бусдыг төөрөгдөлд оруулж залиласан болох нь хохирогч Л.Уянга, гэрч Ц.Сувд-Эрдэнэ, Б.Эрдэнэсувд, Ц.Сонгууль нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Гантулгын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөнгө хүлээлгэн өгсөн баримт, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Л.Уянгын 1,000,000 /нэг сая/ төгрөгөө бусдад залилуулсныг гэмт хэргийн хохиролд тооцно.

 Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж авч буй үйлдлээр илэрнэ.

Шүүгдэгч Б.Г    нь 64 тооны сандал, 32 ширээг 14 хоногийн хугацаанд 1620000 төгрөгөөр хийж өгнө гэж итгүүлэн хохирогчийн мөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч захиран зарцуулж хариу төлбөрийг хийхгүй байгаа үйлдэл нь бусдыг залилах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Гантулгын гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Гантулгыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Уянгын шүүхэд ирүүлсэн ... Б.Г   д ангийн ширээ сандал хийлгэхээр өгсөн 1000.000 төгрөгийг буцаан авсан бөгөөд одоо гомдол санал байхгүй гэх хүсэлтээр шүүгдэгч Б.Г   ас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх Б.Г   д торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдууллаа.        

  Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Г    нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч Б.Г   д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б   овогт Б  ы Гантулгыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гантулгыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г   д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г    нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

         5. Шүүгдэгч Б.Г    нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

             6. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Гантулгын иргэний үнэмлэхний лавлагааг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Г   д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.