Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00094

 

 

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2017/00094

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 4 дүгээр багт оршин суух, РН68012961 дугаар регистртэй, Эрхүд овогт Самбуугийн Цэцэгдэлгэрийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2017/00016/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Цэцэгдэлгэр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1976-1983 оны хооронд Улаан Уул сумын 8 жилийн сургуулийн 7-р ангийг дүүргэж 1983-6-20-ноос 1991 оны 10-р сарын 28-ныг хүртэл Жаргалант Амьдрал нэгдэлд хоньчноор ажилласан. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтрийг тэр үеийн бригадын дарга аваад эргэж олдохгүй болсон тул Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд ажиллаж байсан дээрх жилийг тогтоож өгнө үү. Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд 1983-6-20 өдрөөс 1989-12-31-н хүртэл хоньчноор ажилласанг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Улаан Уул суманд 1969 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, яс үндэс дархад, тусгай дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 46-5 тоотод оршин суух, Хөвсгөл төрийн өмчит Дулааны станцад машинист ажилтай, Эрхэт овогт Самбуугийн Пүрэвсүрэн /РН69051664, холбоо барих утас 99506252/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Цэцэгдэлгэр нь миний төрсөн эгч юм. 1968 онд төрсөн ба 1977 онд сургуульд орж, 6 дугаар ангиа төгсөөд 1983 онд Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд хоньчноор ажилд ороод 1989 оныг дуустал тус нэгдэлдээ ажиллаж байсан.  Одоо өндөр насны тэтгэвэрт орно гэвэл ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд С.Цэцэгдэлгэрийн Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

         Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

С.Цэцэгдэлгэр нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.     

Хүсэлт гаргагч С.Цэцэгдэлгэр Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,

Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн С.Цэцэгдэлгэрийн 1986 оны 9 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, 1984 оны гэрэл зураг, 1984 оны Баярын бичиг, Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдлийн гишүүдийн 1991 оны шинэчилсэн бүртгэлийн “Соёо хэсэг: ...109. Самбуу Цэцэгдэлгэр, нас 23, хүйс эм, нэгдэлд орсон он сар: 1984, нэгдэлд ажилласан жил 6...” гэх бичилттэй архивын хуулбар,

гэрч Ч.Цэвээнсүрэнгийн “...С.Цэцэгдэлгэр нь Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдлийн Соёо багт хоньчингоор 1983 оны 6 сараас 1990 он хүртэл хугацаанд ажиллаж байсан. Ээж аавын туслах малчнаар ажиллаж байгаад бие даан мөн хонь малласан хүн... тасралтгүй ажиллаж байсан... сумын захиргаа шатах үеэр зарим баримт шатаж үрэгдсэн байх... 16 нас хүрээд нэгдэлд элсүүлж байсан юм. Түүнээс биш 1983 оны 6 сараас ажиллаж эхэлсэн юм... Би Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд 1960 оноос 1991 он хүртэл хамт ажиллаж байсан. Бид нэгдэлд хамт ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Г.Баатарын “...С.Цэцэгдэлгэр нь 1983 онд 7-р анги төгссөн юм. Тэгээд Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдлийн Соёо багт хоньчингоор 1983 оны 6 сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан... бид хоёр чацуу бөгөөд 1983 онд 7-р анги төгсөөд нэгдлийн гишүүн болж туслах малчнаар ажиллаж байсан нь үнэн. 16 насанд хүрээд бүртгэл хийлгэсэн байж магадгүй. 1986 оноос өмнө нь манай сумын захиргаа шатсан юм... би Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд элсэж 1984 оны 7 сараас 1990 он хүртэл ажилласан... манай үеийн хүүхдүүд 1983 онд төгсөөд нэгдэлд орсон...” гэх мэдүүлэг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.

Иймд С.Цэцэгдэлгэрийн Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.  

С.Цэцэгдэлгэрийн ажиллаж байсан үеийн цалин хөлсний түүвэр, ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал тус тус байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Засаг даргын Тамгын газрын “...1983-1985 оны цалингийн лавлагаа санхүүгийн өрөөнд гал гарч архив шатсан тул гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 11/367 дугаартай тодорхойлолт,

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын нэгдсэн конторын санхүүгий тасгийн өрөө 1984.12.25-ны өдөр шатаж 610000 төгрөгний хохирол учирсан галын хэрэг гал гарсан тухай 141/28 дугаар нотломж үйлдэж цагдаагийн газар шилжүүлсэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Тус аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал”  нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул С.Цэцэгдэлгэрт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/630 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн хүсэлт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.    

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Эрхүд овогт Самбуугийн Цэцэгдэлгэрийн Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.МӨНХТУЯА