Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
Хэргийн индекс | 155/2017/00095/И |
Дугаар | 00095 |
Огноо | 2017-01-19 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 00095
2017 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2017/00095 | Хөвсгөл аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1966 онд төрсөн, эмэгтэй, бүрэнд дунд боловсролтой, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 12-15 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Тул овогт Өлзийбаярын Амгаланбаяр /РН66090454/-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2017/00005/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Ө.Амгаланбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ө.Амгаланбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би сургуулиас гараад 1981 оны 01 сараас Хөвсгөл аймгийн Улаан уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд ээжийнхээ туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Нэгдэл хувьчлагдах хүртэл тус нэгдэлд ажиллаж байсан. Гэтэл 1981 оноос 1986 оны хоорондох материал сумын архив шатсан гээд гарч ирэхгүй, холбогдох ажилд орсон, гарсан тушаал олдохгүй, аймгийн архиваас нэгдэлд ажиллаж байсан үеийн баримт шүүлгэхэд надад нэгдлийн гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг гаргаж өгсөн боловч тус баримтад огноо бичигдээгүй байгаа юм. Үүнтэй холбоотой баримтаа хэрэгт өгсөн байгаа. Би нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан болохоор нийгмийн даатгалаас 9 жил 2 сарын нөхөн даатгалд хамрагдсан. Иймд Ө.Амгаланбаяр миний Хөвсгөл аймгийн Улаан уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ө.Амгаланбаяр нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д
зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ө.Амгаланбаяр Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь түүний хүсэлт,
Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ө.Амгаланбаярын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
гэрч Д.Оюунчимэгийн “...Ө.Амгаланбаяр нь 5,6-р ангиас сургуулиас гарч ээждээ туслан Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдлийн 2-р бригадад туслах малчин саальчнаар ажиллаж эхэлсэн. 1980 онд ороод 1981 оны 01 сараас нэгдэл тартал буюу 1991 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан... сургуулиас гарсан бол нэгдлийн туслах малчнаас эхлээд тэгээд бие даан ажилладаг байсан юм... би тус нэгдэлд 1978 оноос 1991 он хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг
гэрч Н.Долгоржавын “...Ө.Амгаланбаяр нь Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдлийн 2-р бригадад 1981 оны 01 сараас 1991 оны 10 дугаар срад нэгдэл тарах хүртэл саальчнаар ажиллаж байсан... тасралтгүй ажиллаж байсан... баримт нь шатаж үрэгдсэн байж магадгүй, сумын архив шатсан юм... би тус нэгдэлд 15 наснаас эхлэн нэгдэл тартал тасралтгүй саальчин, хоньчин, үхэрчин зэрэг ажил хийж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Ө.Амгаланбаярын Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Харин Ө.Амгаланбаярын Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.
Учир нь дээрх хугацаанд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, 1981 оноос 1985 оны болон 1991 оны цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбарт бичигдээгүй, 1991 оны Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдлийн гишүүний шинэчилсэн бүртгэлд нэгдэлд элссэн он нь бичигдээгүй буюу тодорхойгүй, 1981 оны 01 сард хүсэлт гаргагч нь хөдөлмөрийн насанд хүрээгүй байсан, 1984 оны зураг, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нь давхар нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иймд Ө.Амгаланбаярын Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант Амьдрал” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ө.Амгаланбаярын ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн даргын тушаалд малчид, саальчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Ө.Амгаланбаярт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/3215 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тул овогт Өлзийбаярын Амгаланбаярын Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ө.Амгаланбаярын Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант Амьдрал” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ө.Амгаланбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ