| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/00010/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2020-03-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 14
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож
Улсын яллагч З.Алтансолонго
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х овогт Ц ын А д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1937000000049 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Үенч суманд 19 оны дүгээр сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багт оршин суух, РД: , Х овогт Ц ын А ,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч Ц.А нь Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Ганбатын эзэмшлийн “Үенч дэлгэрэх хүслэн” дэлгүүрт 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч 45000 төгрөг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: Би хаалгыг нь татсан чинь онгойчихсон. Уул нь дотроос нь түгжээд дотроо унтдаг байсан. Би тэгээд Г.Баяржавхланг дэлгүүр дотроо унтаж байгаа байх гэж бодоод хаалгыг нь татсан. Түрийвчнээс би 45000 төгрөг авсан гэв.
Шүүгдэгч Ц.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Би 2019 оны 07 дугаар сарын 13-ны орой Бабахаа, Итихаа, Жанат, Бат, Дэлгэрсайхан бид хэд Үенч сумын соёлын төвийн урд сууж байгаад 2 шил “ерөөл” нэртэй 0,75 граммын архи дуусаад Бат ах, Дэлгэрсайхан, Жанат нар гэр лүүгээ харихаар явсан. Бабахаа ах, Итиха ах бид гурав сүүлд хоцроод Г ахын дэлгүүрийн эзнийг дуудаж онгойлгоод 3 лааз пиво авсан. Тэр пиво дэлгүүрийн үүдэнд уугаад Бабаха ах, Итиха ах нар гэр лүүгээ яваад би гэр лүүгээ явж байгаад гэрийн ойролцоо очоод буцаж эргээд Ганбатын дэлгүүр цохиж онгойлгох гээд цонхыг нь цохиод Жавхаа, Жавхаа гээд дуудаад дуугарахгүй болохоор нь очоод хаалгыг нь таттал онгойсон. Тэгээд дэлгүүр дотор ороод түрүүвч дотроос мөнгө аваад буцаад гараад явсан.Намайг дэлгүүрт ороход шөнийн 03 цаг болж байсан байх, түрүүвчнээс хэдэн төгрөг авсанаа сайн санахгүй байна авсан мөнгөө тоолоогүй. Тэгээд өглөө босоод тоолоход 45.000 төгрөг байсан.Би мөнгө аваад шууд Дэлгэрсайханы гэрт очоод унтсан...” гэх мэдүүлэг
Хохирогч Б.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний өглөө манай хүү Баяржавхлан над руу утасдаад дэлгүүрт хулгай орсон гэхээр нь ирэхэд хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. Тэгээд хүүхдээсээ асуухад шөнө 03 цагт ирэхэд дэлгүүрийн хаалга эвдсэн байсан камер шүүж үзэхэд Ц.А орсон байсныг таньсан гэсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Баяржавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр өдөр тэмцээн дуусаад гэртээ ирээд унтах гэж байтал гэрэл тасарахаар нь айгаад найз Баяндалай гэдэг хүүхдийг дуудаад гэрт очсон. Тог тасрангуут дэлгүүрээс гаднаас нь цоожилж Баяндалайг ирэхээр нь хамт явсан. Манай дэлгүүрээс мөнгө алга болсон.2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр урьд өдрийн орлого болох 300.000 төгрөг дансанд хийх гэсэн боловч банк ажиллахгүй байгаа болохоор дэлгүүр дотор байдаг улаан түрүүвчинд хийсэн.Тэгээд өдөр болгон орсон орлогоо түрүүвчинд хийгээд байсан.Манай дэлгүүрт өдөрт 200.000-300.000 төгрөг ордог.Түрүүвчинд 3 өдрийн орлого байсан.Би 2017 оны 07 дугаар сарын 11- ний өдрийн орлогоос гадна хоёр өдрийн орлого нийлээд 800.000 төгрөг байсан. Эндээс түрүүвчинд 110.000 төгрөг үлдээсэн болохоор 690.000 орчим төгрөг байхгүй байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Баяндалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэрт очоод байж байтал Жавхаа утсаар залгаад чи хүрээд ирээч хоёулаа танайд хонье гэсэн тэгэхээр нь би мотоцикльтэй ирэхэд Жавхаа дэлгүүрийнхээ гадна зогсож байсан. Бид хоёр манайд очоод хэвтэж байтал тог ирэхээр бид хоёр өлсөж байсан болохоор хоол хийж байтал холих юм байхгүй болохоор дэлгүүр орж гоймон авах гээд дэлгүүрт иртэл онгорхой байсан. Тэгэхээр нь гайхаад ороод шууд камер шүүтэл Ц.А камерт согтуу ширээн дээрээс юм авч кармаалж байх нь бичигдсэн байсан. Тэгээд бид хоёр цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол
- Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Ганбатын эзэмшлийн “Үенч дэлгэрэх хүслэн” дэлгүүрт 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч 45000 төгрөгийн хохирол учруулж, “хулгайлах” гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хохирогч Б.Ганбат, гэрч Г.Баяржавхлан, гэрч Э.Баяндалай нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.А нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа “хүн ...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд” нэвтэрч дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлэн” авсан нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол, хор уршиг их биш, бусдад төлөх төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шаардлагыг хангаж байгаа тул түүнд хуульд заасан хорих ялаас хөнгөрүүлж 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 141000 төгрөг бүхий улаан өнгийн хэтэвч, шүүгдэгч Ц.А гаас хураан авсан 45000 төгрөг зэргийг хохирогч Б.Ганбатад буцаан олгож, хаалганы хагархай мод 1 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчийн эзэмшлийн 2 тооны эм үхрийг битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Ц.Адъагийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц ын А г хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.А г 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А д оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 141000 төгрөг бүхий улаан өнгийн хэтэвч, шүүгдэгч Ц.А гаас хураан авсан 45000 төгрөг зэргийг хохирогч Б.Ганбатад буцаан олгож, хаалганы хагархай мод 1 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчийн эзэмшлийн 2 тооны эм үхрийг битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.Адъагийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.