Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00117

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2017/00117

Хөвсгөл аймаг

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 13-02 тоотод оршин суух, РЭ67022865 дугаар регистртэй, эмэгтэй, Боржгон овогт Чойжилжавын Цэрэнпилийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2017/00023/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Цэрэнпил шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Миний бие Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдлийн Рашаант бригадад малчнаар 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр туслах малчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш хоньчин хийж тус нэгдэлд 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр үрэгдсний улмаас миний нэгдэлд ажилласан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Ч.Цэрэнпил миний Галт сумын “Идэрийн ундрал” нэгдлийн Рашаант бригадад 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Цэрэнпил нь ажиллаж байсан  байдал   тогтоолгох   тухай   хүсэлт   гаргасан   ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.     

Ч.Цэрэнпилийн ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбаруудад түүний нэрийг засварлан бичсэн болох нь Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн “Тус сумын иргэн Ч.Цэрэнпилийн 1983 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан хугацааны 70 дугаар данс ХНЗ3 36, 193-р хуудсууд нь олон жил хадгалагдсан баримтаас хуулбарласан тул бичиг бүдэг балартан арилсан, хуулбар хувьд гарахгүй болсон зарим нэрийг тодруулж бичсэн” гэх бичилттэй 3/31 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул дээрх 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно.

Хүсэлт гаргагч Ч.Цэрэнпил Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ч.Цэрэнпилийн 1983 оноос 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, 1983 оны 2 дугаар сард “Төлчид малчдын уулзалт”-аар авахуулсан гэрэл зураг, 1985 онд аварга саальчдын хамт авахуулсан гэрэл зураг, гэрч П.Байгалмаагийн “…Ч.Цэрэнпил нь Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэлд 1983 оны 01 сараас 1989 оныг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар... тасралтгүй ажиллаж байсан... 8-р анги төгсөөд нэгдэлд орсон. Аав нь нас бараад тэгээд малчин болж хөдөө гарч байсан юм. Манай доод анги юм... надаас хойш 1 жилийн дараа хөдөө гарч байсан... ээж Зандраагийн туслах малчин, саальчнаар ажиллаж байсан. Нэрийг нь буруу зөв бичээд зассан байж магадгүй... Би “Идэрийн ундрал” нэгдэлд 1982 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан. Малчин, саальчнаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Тунгалагийн “...Ч.Цэрэнпил нь Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэл гэж байхад тэнд 1983 оноос 1990 он хүртэл хоньчин, саальчнаар ажилласан... 1983 оны 01 сараас байх... тасралтгүй ажиллаж байсан, хонь төллүүлэх, мал саах, хашаа хороогоо янзлах, өвс хадлан бэлтгэх, отор нүүдэл хийх, мал ялгах, муу малыг тэжээлийн цэгт хүргүүлэх, ноос унгас авах гэх мэт малчдын өдөр тутмын ажил хийж гүйцэтгэнэ... 1982 онд 8-р анги төгссөн... ээж Зандраа, ах Билэгтбямба нарын хамт 3-р бригадад ажиллаж байсан... би “Идэрийн ундрал” нэгдэлд 1976 оноос 1979 он хүртэл, 1982 оноос 1990 он хүртэл үхэрчин, хоньчин хийж байсан. Нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан...” гэх мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Ч.Цэрэнпилийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Тус аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Ч.Цэрэнпилд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх бичилттэй 10/17 тоот тодорхойлолтоор нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Ч.Цэрэнпилд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгон овогт Чойжилжавын Цэрэнпилийн Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн ундрал” нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА