Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0138

 

 

“Э А Б Ж р э” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Нармандах

Нэхэмжлэгч “Э А Б Ж р э” ХХК

Хариуцагч нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн НА-22210000034 тоот нөхөн ногдуулалтын актын зөрчлийн 1 дэх хэсэгт ногдуулсан төлбөрөөс 6,591,393.70 төгрөгийг хүчингүй болгуулах, 2, 3, 5 дахь хэсэгт ногдуулсан төлбөрийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 769 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, нэхэмжлэгч өмгөөлөгч Г.Т, хариуцагч Б.Б, Б.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0404/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Э А Б Ж р э” ХХК нь нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Б.А нарт холбогдуулан “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн НА-22210000034 тоот нөхөн ногдуулалтын актын зөрчлийн 1 дэх хэсэгт ногдуулсан төлбөрөөс 6,591,393.70 төгрөгийг хүчингүй болгуулах, 2, 3, 5 дахь хэсэгт ногдуулсан төлбөрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 769 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Шүүх шийдвэр гаргахдаа хэрэглэсэн хуулийн зүйл заалтын хувьд гомдол байхгүй боловч төлбөрийн хэмжээг бодож гаргахдаа дараах байдлаар дүгнэлтийг бүрэн биш хийж алдаа гаргасан гэж үзэж байна.Үүнд:

3.2.Маргаж буй актын 1 дэх зөрчлийн 2017 оны борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зөрчлийн төлбөрийг актаар тогтоосон төлбөрөөс хасч шийдвэрлэсэн бол 2019 оны борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зөрчлийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.3.Шүүхийн шийдвэрт “...Үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогоор тайлагнасан 61,527,272.73 төгрөг, татварын хяналт шалгалтаар тогтоогдсон борлуулалтын орлого 299,987,880.53 төгрөгийн зөрүү 23,8,457,607.8 төгрөгөөс борлуулсан байрны 161,599,020.10 төгрөгийн өртгийг, мөн тайлант хугацааны 15,489,305.10 төгрөгийн алдагдлыг хааж, үлдэх 61,369,282.6 төгрөгийн татвар ногдуулах орлогын дүнд 6,136,928.30 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг үндэслэлтэй гэж үзлээ” гэжээ

3.4.2018 онд компани 19,124,781.8 төгрөгийн алдагдалтай ажилласан нь ААНОАТ-ын тайлангаар татварын өмнөх алдагдал дүнгээр нотлогдох бөгөөд татварын хяналт шалгалтаар 2018 онд зөрчил илрээгүй. 2006 оны ААНОАТТХ-ийн 20.2 дугаар зүйлийн дагуу тайлант оны алдагдлыг дараагийн хоёр жилд шилжүүлэн тооцох боломжтой тул 2018 оны алдагдал болох 19,124,781.8 төгрөгийн 50% болох 9,562,390.9 төгрөгийг дээрх 61,369,282.6 төгрөгөөс хасч 51,806,891.7 төгрөгийн татвар ногдуулах орлогын дүнд 5,635,680 төгрөгийн нөхөн татвар ногдуулахаар байна. 2019 онд компани ААНОАТ-т 5,635,680 төгрөгийг төлсөн байх тул энэхүү төлөлтөөс хаагдаж, нөхөн татвар, торгууль алданги тооцогдохгүй гэж үзэж байна.

3.5.Татварын улсын байцаагч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа алдагдлаа баталгаажуулаагүй тул өмнөх жилийн алдагдлыг ирээдүйд шилжүүлэх боломжгүй мэт тайлбарласныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2006 оны хуульд болон тус хуулийн дагуу хэрэгжүүлэхээр баталсан алдагдал баталгаажуулах талаар ямар нэгэн тусгайлсан зохицуулалт байгаагүй.

3.6.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, баталгаажуулах журам 2019 оны 12-р сарын 30-ны өдрийн Татварын ерөнхий газрын даргын А/265 дугаар тушаалаар батлагдсан тул хяналт шалгалтын хугацаанд хамаарахгүй юм. Нэхэмжлэлд алдагдлыг шилжүүлж тооцох тухай, тооцооллын зөрүү байгаа тухай тодорхой дурдсан боловч шүүгч шийдвэр гаргахдаа харгалзаж үзсэнгүй.

Иймд 1 дэх зөрчилд ногдуулж байгаа 6,136,928.3 төгрөгийн нөхөн татварыг төлбөрөөс хасч өгнө үү.

3.7.Татварын нөхөн ногдуулалтын актаар «2017 онд борлуулсан барааны өртгийг 232,997,736.10 төгрөгөөр илүү тооцож, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь ААНОАТТХ-н Гуравдугаар бүлэг Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал, 15 дугаар зүйл Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт, 15.1 Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй 15.1.1 Албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал гэж заасныг зөрчсөн » хэмээн уг зөрчилд 23,299,773.60 төгрөгийн нөхөн татвар, 6,989,932.08 төгрөгийн торгууль, 4,659,954.72 төгрөгийн алданги, нийт 34,949,660.42 төгрөгийн төлбөр ногдуулсныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн.

3.8.Бид мөн тооцооллын зөрүү байгаа талаар нэхэмжлэлд дурдсаныг шүүгч шийдвэр гаргахдаа харгалзаж үзсэнгүй.Энэ зөрчлийн хувьд мөн татвар ногдуулах орлогыг тооцохдоо 2016 оны алдагдлыг шилжүүлэн тооцох байсан гэж бид үзэж байгаа юм. 2016 онд компани 379,353,320.78 төгрөгийн алдагдалтай ажилласан.

3.9.2017 оны хувьд тайлагнасан өртгөөс татварын шалгалтаар тогтоосон өртгийн зөрүү 232,997,736.10 төгрөгөөс 2016 оны алдагдлын 50 хувь болох 189,676,660.39 төгрөгийг хасч 43,321,075.71 төгрөгийн татвар ногдуулах орлогын дүнд 4,332,107.57 төгрөгийн нөхөн татвар ногдуулахаар байгаа бөгөөд компанийн 2017 оны татварын тайлангаар ногдуулсан 65,405,947.93 төгрөгийн татвартай нийлээд 2017 онд нийт 69,738,055.50   төгрөгийн татвар төлөхөөр тооцоо гарч байгаа юм. Гэтэл төлсөн татвар нь 75,195,460 төгрөг ба илүү төлсөн татвар 5,457,404.50 төгрөг байхаар байна.

Иймд 2 дахь зөрчилд ногдуулж байгаа 34,949,660.42 төгрөгийн төлбөрийг хасч өгнө үү.

3.10.Маргаж буй актын 3 дэх зөрчлийн 2017 онд хамаарах 1,051,321.36 төгрөгийн төлбөрийг шүүх хасч шийдвэрлэсэн бол 2019 оны борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй зөрчлийн 23,845,760.78 төгрөгийн нөхөн татвар, 7,153,728.23 төгрөгийн торгууль, 4,769,152.16 төгрөгийн алданги, нийт 34,768,641.17 төгрөгийн төлбөр ногдуулсныг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.11.2019 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй борлуулалтын орлого болох 238,457,607 төгрөгийн орлогод 23,845,760.7 сая төгрөгийн нөхөн татварт тооцсон торгууль алдангийн хэмжээг үндэслэлгүй өндөр дүнгээр тооцсон байна гэж бид үзэж байна.

3.12.Зөрчлийн тухай хуулийн 11.19-ийн тайлбар хэсгийн 10%-иас хэтрэхгүй гэсэн заалтад хамаарч 23,845,760.7 төгрөгийн нөхөн татварт 2,384,576.1 төгрөгийн торгууль тооцогдох ёстой. 2019 оны Татварын ерөнхий хуулийн 73.1.1-д алдангийг тооцохдоо Монгол банкнаас зарласан арилжааны банкнуудын зээлийн жилийн жинлэсэн дундаж хүүнээс 20%-иар их байхаар тооцно гэсний дагуу 2020 оны алдангийг 2019 оны 12-р сарын Арилжааны банкнуудын зээлийн тайлангаар жинлэсэн дундаж жилийн хүү 17.6%- ийг 20%-иар нэмэгдүүлж 21,12%-иар тооцохоор байна. Хугацааны хувьд 2019 оны 12-р сарын Нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх хуулийн хугацаа буюу 2020 оны 1-р сарын 10-ны өдрөөс Хяналт шалгалтыг эхлүүлсэн 2020 оны 09-р сарын 16-ны өдрийн хоорондох 250 хоногоор тооцвол нийт алдангийн хэмжээ 3,449,468.95 төгрөг байхаар байна.

Иймд 3 дахь зөрчилд ногдуулсан торгуулийн дүнг 4,769,152.13 төгрөгөөр, алдангийг 1,319,683.21 төгрөгөөр, тус тус бууруулж 6,088,835.34 төгрөгийн төлбөрийг хасч өгнө үү.

3.13.Тайлангаар 2018 онд 20,030,233.90 төгрөг, 2019 онд 77,816,779.40 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд

9,784,701.3  төгрөгийн торгууль, 15,795,471.1 төгрөгийн алданги нийт 25,579,269.1 төгрөгийн төлбөрийг татварын нөхөн ногдуулалтын актаар тогтоосныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн.

3.14.2018 оны эцэст НӨАТ-ын хувьд 20,030,234 төгрөгийн өртэй, ААНОАТ-ын хувьд 22,705,104.50 төгрөг илүү төлөлттэй байгаа тул татварын өрөнд алданги торгууль тооцвол Татварын ерөнхий хуулийн 17-р зүйлийн 17.1.4 дэх заалтын дагуу татвар төлөгч бид мөн илүү төлөлтдөө алданги, торгууль тооцохоор байна. Энэ 2 татварын төрөл нь 2-уул улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг татвар тул илүү нэгнээр нь дутууг нөхөж, шилжүүлж төлөх боломжтой байдаг.

3.15.2019 оны НӨАТ-ын хувьд 97,847,013 төгрөгийн өртэй, ААНОАТ-ын хувьд 23,459,842.3 төгрөг илүү төлөлттэй байгаа тул татварын өр, илүү төлөлтийн зөрүү болох 74,387,170.7 төгрөгийн дүнд алданги торгууль тооцвол 7,438,717.1 төгрөгийн торгууль, 10,760,664.69 төгрөгийн алданги нийт 18,199,381.76 төгрөгийн төлбөр тооцогдохоор байгаа юм.

Иймд 5 дахь зөрчилд ногдуулсан торгуулийн дүнг 2,345,984.24 төгрөгөөр, алдангийг 5,034,806.41 төгрөгөөр, тус тус бууруулж 7,380,790.65 төгрөгийн төлбөрийг хасч өгнө үү.

Ингээд давж заалдах шатны шүүхээс хүсэхэд:

Шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр тогтоосон 103,116,303.48 төгрөгийн төлбөрөөс 1-р зөрчилд тооцсон 6,136,928.3 төгрөгийг бүхэлд нь, 2-р зөрчилд тооцсон 34,949,660.41 төгрөгийг бүхэлд нь, 3-р зөрчилд тооцогдсон 36,819,961.79 төгрөгийн төлбөрөөс 6,088,835.34 төгрөгийн төлбөрийг, 5-р зөрчилд тооцогдсон 25,579,269.10 төгрөгийн төлбөрөөс 7,380,790.65 төгрөгийг нийт 54,556,214.7 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

2.Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

2.1.Нэхэмжлэгч “Э А Б Ж р э” ХХК-аас “Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн НА-22210000034 тоот нөхөн ногдуулалтын актын зөрчлийн 1 дэх хэсэгт ногдуулсан төлбөрөөс 6,591,393.70 төгрөгийг хүчингүй болгуулах, 2, 3, 5 дахь хэсэгт ногдуулсан төлбөрийг эс зөвшөөрч нийт 103,940,285 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг[1] нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргажээ.

2.2.Анх Татварын хяналт шалгалт хийх 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2620902210 томилолтын[2] дагуу Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нараас “Э А Б Ж р э” ХХК-ийн 2016-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2620900148 нөхөн ногдуулалтын актаар[3] 826,322,946.79 төгрөгийн зөрчилд нийт 102,400,069.90 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

2.3.Уг актыг “Э А Б Ж р э” ХХК-иас гаргасан гомдлын дагуу  Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс хянаад, тус зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор[4] энэхүү нөхөн ногдуулалтын актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаасан.

2.4.Үүний дагуу Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2221501127 томилолтын дагуу хариуцагч улсын байцаагч нараас нэхэмжлэгч”Э А Б Ж р э” ХХК-ийн 2016-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, маргаан бүхий 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр НА-22210000034 тоот нөхөн ногдуулалтын актаар нийт 826,322,946.79 төгрөгийн зөрчлийг илрүүлж, уг зөрчилд 55,138,760.83 төгрөгийн нөхөн татвар, 24,484,347.76 төгрөгийн торгууль, 25,595,837.61 төгрөгийн алданги, нийт 105,218,946.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

 2.5.Анхан шатны шүүхээс нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрөөс актын 1, 3 дахь зөрчлийн 2017 онд 7,008,809.90 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй нийт 14,017,618.18 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,401,761.82 нөхөн татвар, 420,528.54 төгрөгийн торгууль, 280,352.36 төгрөгийн алданги, нийт 2,102,642.72 төгрөгийн төлбөрийг хасаж, актаар тогтоосон төлбөрөөс 103,116,303.48 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.  

2.6.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогод албан татвар ногдоно”, 8 дугаар зүйлийн 8.1.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны үндсэн ... ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод албан татвар ногдоно”, 15 дугаар зүйлийн 15.1.1-д “ энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход гарсан зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй”,  16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 8.1.1, 8.1.6-8.1.11, 9.1.1 болон банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны хувьд 9.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг болон тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн тухайд уг гэрчилгээгээр тогтворжуулсан хувь, хэмжээнээс давсан хэсгийг хасч албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.”, 16.3.3-д “үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухайн орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно”,  17.2.5-д “Албан татвар төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар албан татвар ногдуулна” гэжээ.

2.7.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 13 дугаар зүйлийн 13.1.7-д “орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлогыг албан татвараас чөлөөлнө”, 13.4-т “Худалдах зориулалтаар шинээр барьсан орон сууцны зориулалттай байр, түүний хэсэгт энэ хуулийн 13.1.7 дахь заалт хамаарахгүй.”, 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “..., хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно: үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна” гэж заасан.

2.8.Нэхэмжлэгч компани нь 2016-2019 онд бусдаас үл хөдлөх эд хөрөнгө буюу барааг худалдан авч өөрийн ашиг орлогыг тооцон бусдад худалдан борлуулдаг үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа, зуучлалын  үйл ажиллагааг эрхлэн уг худалдан борлуулсан бараа нь тус компанийн үндсэн үйл ажиллагааны орлогыг бүрдүүлдэг, мөн нэхэмжлэгч компани нь худалдан борлуулах зориулалтаар шинээр барьсан орон сууцыг худалдан авч борлуулсан нь татварын хяналт шалгалтаар тогтоогджээ.

2.9.Иймээс дээр дурдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.2, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч компанийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан орлогыг үндсэн үйл ажиллагааны орлогод хамааруулан нийтлэг хувь хэмжээгээр буюу албан татвар ногдох орлогын 10 хувиар албан татвар төлүүлэхээр шийдвэрлэж, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д заасны дагуу худалдан борлуулах зориулалтаар шинээр барьсан орон сууцыг борлуулсан тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэн 2017, 2019 оны үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогыг бууруулсан, мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд төлбөр ногдуулсан маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй байна.

2.10.Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу тайлант хугацаанд зарж борлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн борлуулалтын орлогын дүнгээс тухайн үл хөдлөх хөрөнгийн өртөг болон бусад баримтаар нотлогдож байгаа зардлыг хасч татвар ногдуулах орлогыг тооцохоор байх тул нэхэмжлэгч компани 2017 онд  борлуулсан барааны өртгийг татварын тайландаа илүү тооцсон зөрчилд, түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг үндэслэн 2018, 2019 онд нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд тус тус төлбөр ногдуулсан маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.11.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн  20 дугаар зүйлийн 20.1-д “Албан татвар ногдох орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нийт зардлыг хасч илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ.”, 20.2-т “Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг ..., бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох бөгөөд...” гэжээ.

2.12.Түүнчлэн Татварын ерөнхий газрын 2009 оны 11 сарын 25-ны 531 дүгээр тушаалаар батлагдсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэх тооцох заавар”-ын 5.1-д “Татварын тайлангаар алдагдалтай гарсан аж ахуйн нэгж нь энэ зааврын хавсралтаар батлагдсан ...ТТ-02в маягтыг, ...ТТ-02-ын хамт 2 хувь үйлдэж, хуульд заасан хугацааны дотор татварын албанд тушаана.”, 5.3-д “Алдагдалтай гарсан аж ахуйн нэгж нь татварын тайлангаар гарсан алдагдлаа баталгаажуулж, дараа жилүүдэд шилжүүлэн тооцуулах тухай хүсэлтээ албан бичгээр гаргаж, тайландаа хавсаргасан байна. Алдагдал баталгаажуулах хүсэлтэд тухайн жилд алдагдал гарсан шалтгаан, үндэслэлийг тодорхой бичсэн байна.” гэж тус тус зохицуулсан.

2.13.Нэхэмжлэгч компаниас 2016 онд 379,353,320.78 төгрөгийн, 2018 онд 19,124,781.8 төгрөгийн алдагдалтай ажилласан гэж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа тусгасан боловч эдгээр алдагдлаа дээр дурдсан Татварын ерөнхий газрын 2009 оны 11 сарын 25-ны 531 дүгээр тушаалаар батлагдсан зааврын дагуу ТТ-02в,ТТ-02 маягтыг үйлдэж, алдагдлаа баталгаажуулж, алдагдлаа шилжүүлэн тооцуулах хүсэлтийг татварын байгууллагад гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу тус компанийн 2016, 2018 оны алдагдлыг нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрөөс хасч тооцох үндэслэлгүй, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй юм.

2.14.Иймээс нэхэмжлэгчийн “2018 онд компани 19,124,781.8 төгрөгийн алдагдалтай ажилласан нь ААНОАТ-ын тайлангаар татварын өмнөх алдагдал дүнгээр нотлогдох бөгөөд татварын хяналт шалгалтаар 2018 онд зөрчил илрээгүй, нэхэмжлэлд алдагдлыг шилжүүлж тооцох тухай, тооцооллын зөрүү байгаа тухай тодорхой дурдсан боловч шүүгч шийдвэр гаргахдаа харгалзаж үзсэнгүй. Иймд 1 дэх зөрчилд ногдуулж байгаа 6,136,928.3 төгрөгийн нөхөн татварыг төлбөрөөс хасч өгнө үү, 2016 онд компани 379,353,320.78 төгрөгийн алдагдалтай ажилласан. Иймд 2 дахь зөрчилд ногдуулж байгаа 34,949,660.42 төгрөгийн төлбөрийг хасч өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.15.Зөрчлийн тухай /2017 оны/ хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “...татварын тайланд тусгахгүй орхигдуулсан”, 1.2-т “...татварын тайланд багасгаж тусгасан” бол татварыг нөхөн төлүүлж, ...хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч компанийн 2019 оны борлуулалтын орлогыг  аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогыг бууруулсан, мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй үндэслэлээр 23, 845,760.78 төгрөгийн нөхөн татварт 30 хувиар 7,153,728.23 төгрөгийн торгууль тооцсон, 20 хувиар 4,4769,152.16 төгрөгийн алданги тооцсон маргаан бүхий актыг хуульд нийцээгүй гэж үзэн давж заалдах гомдолд дурдсанаар бууруулж, 6,088,835.34 төгрөгийн төлбөрийг хасах үндэслэл тогтоогдсонгүй.

2.16.Тодруулбал, шинээр батлагдсан Татварын ерөнхий /2019 оны/ хуулийн 82.1.2-т “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, ... зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар хэмжээгээр торгоно” гэж заасныг баримтлах тохиолдолд  нэхэмжлэгч компанийн эрхийг дордуулахаар байсан тул өмнөх хуулийн заалтыг баримталсан, мөн алдангийг хоногоор тооцоход 20%-иас хэтрэхээр байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй.

2.17.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн “аж ахуйн нэгжийн орлогын албан татварын илүү төлөлттэй байгаа, уг дүнгээс тооцуулна гэх асуудал нь нэхэмжлэлийн энэ шаардлагаар шийдвэрлэгдэхгүй, ...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу ...нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд дүгнэж хэргийг шийдвэрлэнэ” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

2.18.Иймээс “2019 оны НӨАТ-ын хувьд 97,847,013 төгрөгийн өртэй, ААНОАТ-ын хувьд 23,459,842.3 төгрөг илүү төлөлттэй байгаа тул татварын өр, илүү төлөлтийн зөрүү болох 74,387,170.7 төгрөгийн дүнд алданги торгууль тооцвол 7,438,717.1 төгрөгийн торгууль, 10,760,664.69 төгрөгийн алданги нийт 18,199,381.76 төгрөгийн төлбөр тооцогдохоор байгаа юм. Иймд 5 дахь зөрчилд ногдуулсан торгуулийн дүнг 2,345,984.24 төгрөгөөр, алдангийг 5,034,806.41 төгрөгөөр, тус тус бууруулж 7,380,790.65 төгрөгийн төлбөрийг хасч өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр хариуцагч улсын байцаагч нараас гаргасан маргаан бүхий акт нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16–ны өдрийн 769 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 154, 165 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 82 дахь тал

[3]Хэргийн 1-р хавтас 46-48 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 63-73 дахь тал