Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 497

 

Монголбанкны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/01219 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Монголбанк,

Хариуцагч “Монфрэш” ХХК-д холбогдох,

 

Батлан даалтын гэрээний үүрэгт 642 356 406 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээ хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмон,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ММ констракшн” ХХК нь Анод банкнаас 2005 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 06050131 дугаартай зээлийн гэрээгээр 200 000 000 төгрөгийг 1.9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар, 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15070333 дугаартай гэрээгээр 448 418 880 төгрөгийг 2.4 хувийн хүүтэй зээлж авсан. “ММ констракшн” ХХК нь зээлийн өр төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүйгээс болж “Монфрэш” ХХК нь уг компанийн өмнөөс батлан даалт гаргасан байдаг.

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 323 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 417 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 674 дүгээр тогтоолоор “ММ констракшн” ХХК-иас 758 356 406 төгрөгийг гаргуулж Анод банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “ММ констракшн” ХХК-ийн нэр дээр байсан Хан-Уул дүүрэгт байрлах байрыг 116 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, зээлийн үндсэн төлбөрөөс барагдуулсан байдаг. Түүнээс хойш “ММ констракшн” ХХК нь төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрсэн тул түүний батлан даагч “Монфрэш” ХХК-иас үлдэгдэл төлбөр болох 642 326 406 төгрөгийг нэхэмжилж байна. 758 356 406 төгрөгөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаанд тавьсан байсан байрыг нь 116 000 000 төгрөгөөр худалдсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэсүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анод банк болон “ММ констракшн” ХХК-ийн хооронд 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ бодитоор байгуулагдаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогддог. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан уг гэрээгээр 448 418 880 төгрөг бодитоор шилжүүлээгүй. Энэ нь Б.Оюунбилэгтийн өмнөх зээлийн гэрээний төлбөр тооцоонд үндэслэгдсэн гэрээ юм. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 76 дугаар зүйлийн 76.1.16-д зааснаар их хэмжээний хэлцлийг хийх эрхийг Б.Оюунбилэгтэд хувьцаа эзэмшигчдийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл олгоогүй байхад “Монфрэш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Оюунбилэгт нь эрхээ хэтрүүлэн “Монфрэш” ХХК-ийн тамга, тэмдэг, бланк ашиглан өөрийгөө захирал гээд батлан даалтын тодорхойлолтыг гаргасан бөгөөд уг тодорхойлолтын огноо нь 2007 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэсэн байдаг.

Гэтэл батлан даалтын гэрээ нь 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдөр буюу тодорхойлолт гаргахаас өмнө байгуулагдсан. Батлан даалтын гэрээ нь 2007 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн хорооны шийдвэрийг үндэслэж байгуулагдсан байдаг. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн шаардах эрх 2007 оны 7 дугаар сарын 14-ний өдөр үүссэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан. Тэгэхээр нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр дууссан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн баримт байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэсүрэн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Батлан даалтын гэрээний баталгаажилтаас үзэхэд Анод банк болон “Монфрэш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Оюунбилэгт нарын хооронд уг гэрээ байгуулагдсан. Б.Оюунбилэгт нь “Монфрэш” ХХК-ийн хувьцаа эзэмшигчидтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан хөлсөөр ажиллаж байсан учраас компанийн эд хөрөнгийг барьцаалах, батлан даалтын гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш.

Зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг бодитоор хүлээж аваагүй тул батлан даалтын гэрээ нь хүчин төгөлдөр бус. Батлан даалтын гэрээний 1.2 дахь хэсэгт батлан даалтын хэмжээг үндсэн зээлийн төлбөр дээр нэмээд зээлийг эргүүлж төлж дуусах хүртэлх хугацааны хүүгээр тодорхойлогдоно гэж заасан нь Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.3 дахь хэсэгт заасан батлан даалтын гэрээний хариуцлагын дээд хэмжээг батлан даалтын гэрээнд заана гэсэн заалтыг зөрчсөн.

Эдгээр үндэслэлээр батлан даалтын гэрээ нь хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээний 2.3-т шаардах эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй гэж заасан байтал Анод банкны эрх хүлээн авагч нь шаардах эрхээ Монголбанкинд шилжүүлсэн нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед Б.Оюунбилэгт нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй мөн болохыг нотолсон бөгөөд Б.Оюунбилэгт нь “Монфрэш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа эрх мэдлээ ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

“ММ констракшн” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах ажиллагаа дууссан гэж шийдвэр гүйцэтгэх албанаас мэдэгдсэн мэдэгдэл нь зөвхөн “ММ констракшн” ХХК дампуурч тухайн барьцаанд байсан “ММ констракшн” ХХК-ийн хөрөнгийг борлуулснаар энэ ажиллагаа дуусгавар болсон гэж байгаа болохоос биш Анод банк болон “Монфрэш” ХХК-ийн хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээ болон Анод банк, “ММ констракшн” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссантай огт холбоогүй. Анод банк дампуурч, эрх хүлээн авагч томилогдож үйл ажиллагаа нь дуусгавар болж байгаа нь хуулиараа зохицуулагдаж байгаа. Мөн уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д заасан хэлцэлд хамаарахгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монголбанкны нэхэмжлэлтэй, “Монфрэш” ХХК-д холбогдох, Батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 642 356 406 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч “Монфрэш” ХХК-ийн 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15070333 дугаар Батлан даалтын гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 40/2014ЭХА-199 дүгээр Шаардах эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Монголбанк улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Монфрэш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 2 400 044 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 1 127 638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Монголбанк нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу банк хууль тогтоомж болон Монголбанкны бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан шийдвэрийг зөрчсөн бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан хэд хэдэн төрлийн албадлагын арга хэмжээг авдаг. Үүний дагуу Банкны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 446 дугаар тушаалаар Анод банкийг албадан татан буулгаж, Банкны тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар банкны эрх хүлээн авагчийг хугацаатай томилсон.

Энэ хугацаанд Анод банкны эрх хүлээн авагч нь шүүхэд хандаж, “MM Констракшн” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 323 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 417 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 674 дугаар тогтоолоор “MM Констракшн” ХХК-иас 758 356 406 төгрөгийг гаргуулж Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэжээ.

Банкны тухай хуулийн 66 дугаар зүйлийн дагуу банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа нь дуусгавар болж, Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагч, Монголбанк нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 40/2014ЭХА-199 дугаартай "Шаардах эрх шилжуүлэх гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээгээр эрх шилжүүлэгч болох Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагч нь шинэ үүрэг гүйцэтгүүлэгч болох Монголбанкинд зээлийн болон батлан даалтын гэрээнд заагдсан өөрийн бүхий л эрх, үүргийг шилжүүлсэн.

"MM констракшн" ХХК-ийн батлан даагч болох “Монфрэш” ХХК нь батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул дээр дурдсан "Шаардах эрх шилжүүлэх гэрээ"-ний дагуу Монголбанк 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд хандаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03348 дугаартай шийдвэрээр Монголбанкны нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1376 дугаар магадлалаар хариуцагчийн нэрийг тодорхой болгох үндэслэлээр буцаасан.

Дээрхээс үзэхэд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.” гэж заасны дагуу Анод банк ХК дахь эрх хүлээн авагч болон Монголбанкны хоорондын “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан өдөр буюу 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Иймд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцоолж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь хэрэгт ач холбогдол бүхий баримтын хугацааг шалгаж үзээгүй, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Монголбанк нь хариуцагч “Монфрэш” ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 642 356 406 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, батлан даалтын болон шаардах эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 323 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 417 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 674 дүгээр тогтоолоор /хх 8-11/ “MM Констракшн” ХХК-иас 758 356 406 төгрөгийг гаргуулж Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэснээс 116 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 642 356 406 төгрөгийг “Монфрэш” ХХК-иас нэхэмжилсэн байна.

Ийнхүү хариуцагч “Монфрэш” ХХК-иас 642 356 406 төгрөгийг нэхэмжилж байгаа үндэслэл нь дээрх 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч буюу хариуцагч “MM Констракшн” ХХК нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 379 дүгээр шийдвэрээр /хх 91-93/ төлбөрийн чадваргүй болж, дампуурсанд тооцогдон, татан буугдсан тул “MM Констракшн” ХХК нь Анод банктай 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 15070333 тоот зээлийн гэрээ, /хх 114-115/ уг гэрээнд үндэслэн мөн өдөр байгуулагдсан 15070333 тоот “Батлан даалтын гэрээ”-гээр /хх 6-7/ уг компани үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийг хариуцахаар “Монфрэш” ХХК батлан даасан байх тул Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг хариуцах үүрэгтэй, зээлдүүлэгчид тус компаниас төлбөрийг шаардах эрх үүссэн байна.

Зээлдэгч “ММ констракшн” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцохоор “Анод банк” ХХК-ийн эрх хүлээн авагч Хан-Уул дүүргийн шүүхэд 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүсэлт гаргаж байснаас /хх-88-91/ үзвэл 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 379 дүгээр шүүхийн шийдвэр гарснаар батлан даагчид шаардлага гаргах эрх үүссэн гэж үзнэ. Гэвч үүрэг гүйцэтгүүлэгч “Анод банк ХХК-ийн эрх хүлээн авагчаас 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 40/2014ЭХА-199 дүгээр “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” /хх 4-5/-г Монголбанктай байгуулах хүртэлх хугацаанд зээлдэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй болохыг батлан даагч Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1 дэх хэсэгт зааснаар “Монфреш” ХХК-д мэдэгдсэн болон батлан даалтын гэрээний үүрэг шаардсан баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжих бөгөөд “Анод банк” ХХК-ийн эрх хүлээн авагчаас батлан даалтын гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авсан нэхэмжлэгч Монголбанк нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаанд уг батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх шилжүүлж авснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцно гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээр /хх 1-2/ батлан даалтын гэрээний үүрэгт 642 356 406 төгрөг шаардсаныг “Монфрэш” ХХК гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Хариуцагч “Монфреш” ХХК-иас батлан даалтын гэрээ болон шаардах эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...“Монфрэш” ХХК-ийг төлөөлөн батлан даалтын гэрээг байгуулсан гүйцэтгэх захирал Б.Оюунбилэгт уг гэрээг байгуулах эрх олгогдоогүй, зээлийн гэрээгээр мөнгө бодитоор шилжээгүй” гэж, мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Төлөөлөх бүрэн эрх олгох тухай” А-92 дугаар тушаалаар /хх 35/ Тамгын газрын захирал Д.Чимэд-Юндэнд Анод банкны зээлдэгчдээс зээлийн үлдэгдэл төлбөрийг барагдуулах асуудлаарх гэрээ, хэлцэлд гарын үсэг зурах бүрэн эрх олгохоос өмнө шаардах эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж хариуцагч маргасан ч хуульд нэгэнт хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тодорхойлсон үндэслэлээр шүүхээс хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тогтоолгох шаардлага, үндэслэл тодорхойгүй, ийнхүү тогтоолгосноор шүүхээр сэргээлгэх ямар эрх, ашиг сонирхол байгаагаа тодорхойлоогүй, үр дагавар шаардаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 Иймд шүүх батлан даалтын болон шаардах эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосоныг буруутгах үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2016/01219 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ