| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0586/Э |
| Дугаар | 593 |
| Огноо | 2020-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 593
2020 07 22 2020/ШЦТ/593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч Н.Б,
нарийн бичгийн дарга Б.Аззаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Амгаан овогт Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000680 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Н.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 05 дугаар сарын 30, 31, 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43-2 тоот гэртээ болон 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ану” авто засварын газарт эхнэр Ш.Мөнхгэрэлтэй “араар тавьсан мөн архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний шанаан тус газарт нь цохиж, хөлөөрөө өшиглөж, савтай будаг авч шидэж түүний биед нүүр их бие мөчдөд цус хуралт, зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр орой 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 43-2 тоот гэртээ иртэл гэрийн цонх хагарчихсан гэр гаднаасаа түгжээтэй байсан тэгэхээр нь би цонхоор ортол манай эхнэр Мөнхгэрэл нэг залуутай хамт хэвтэж байсан тэгэхээр нь гэрэл асаах гэтэл цахилгаан байхгүй байхаар нь дуудтал тэр хоёр сэрээд эхнэрээ загинаад байж байтал нөгөө залуу нь гараад зугтаачихсан байсан тэгээд эхнэртээ уурлаад хоёр удаа алгадаад дагуулаад ээжийнхрүүгээ Дарь-Эх рүү явсан. Өчигдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Ану” авто засварт байтал эхнэр Мөнхгэрэл надаас архины мөнгө нэхэхээр нь 10000 төгрөг өгсөн тэр мөнгөөр архи авч уусан тэгээд 12 цагийн үед би будаг цаашаа тавьчих гэтэл үгүй чи өөрөө тавь гээд байхаар нь би ундааны савтай будаг хажууд нь шидчихсэн, тэгээд дахиад нэг юм авья гэхээр нь мөнгө байхгүй байна гэсэн тэгээд дарга Баяраа ирээд хоол хийх хэрэгтэй байна гээд Мөнхгэрэлийг дэлгүүр яваад хүнсний юм аваад ир гээд явуултал ирэхдээ цагдаа дагуулаад ирсэн... Би 2020 оны 05 дугаар сарын 30-нд Чингэлтэй дүүргийн 9 дүгэрэ хороонд гараараа хоёр алгадаж, хөлөөр нурууруу нь хоёр удаа өшиглөсөн. 2020 оны 05 дугаар сарын 31-нд Дарь-Эхэд байхдаа уурлаад сандлаар хоёр удаа цохисон, 2020 оны 06 дугаар сарын 03-нд будаг шидэхэд нуруу нь дээр нь цохисон өөр бол цохиогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,
- хохирогч Ш.Мөнхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 43-2 тоотод гэртээ хуурай ах Дундуйтай хамт цонхоороо ороод байж байтал Батбуян хөдөөнөөс ирсэн байсан тэгээд намайг Дундуй ахтай хардаад намайг утас хаана байна гээд гараараа миний толгой, хоёр шанааруу цохиж гэмтэл учруулсан. Дундуй ах гараад яваад өгсөн байсан. Тэгээд тэр оройноо намайг Дарь-Эхрүү дагуулж явсан тэнд хэрүүл хийж хоноод 2020 оны 05 дугаар сарын 31-нд бас зодсон 2020 оны 06 дугаар 03-нд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ану” гэх нэртэй авто засварт 13 цагийн үед Батбуян согтуу надруу ундааны савтай будаг миний зүүн гарлуу шидэж гэмтэл учруулсан тэгээд дахиад данхраад аваад шидэх гэхээр нь дэлгүүр гарч хоолны юм авах гэж гарахдаа хүний утас гуйж цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х/,
- Иргэн Ш.Мөнхгэрэлээс Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 8х/,
- гэрч П.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Би 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа 11 цагийн үед иртэл Мөнхгэрэл, Батбуян хоёр ирчихсэн машины хаалга засаад байж байсан тэгээд дахиад машин ирээд Батбуян хоёр машин ганцаараа засаж байсан. Мөнхгэрэл өлсөөд байна гэхээр нь би дэлгүүр яваад идэх юм аваад ир гээд явуулчаад би будаганд яваад иртэл Мөнхгэрэл ирчихсэн машин зүлгээд сууж байсан тэгээд араас нь цагдаа ороод ирсэн... Тэр хоёр халамцуу байсан ер нь Мөнхгэрэл байнга архи уудаг, 2019 оны 10 дугаар сард Мөнхгэрэлийг Батбуяны эгч нь Улаан-Үүд хотруу авч явж архины эмчилгээ код хийлгэсэн тэгээд Мөнхгэрэл ирээд сар бололгүй архи уучихсан. Энэ хоёр одоо тогтсон гэр орон байхгүй хамаатан саданыхаараа явж байгаа заримдаа манайд ирж хонодог.” гэх мэдүүлэг /хх-ийн 15- 16х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Болороогийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6780 дугаартай “Ш.Мөнхгэрэлийн биед нүүр их бие мөчдөд цус хуралт, зулгаралт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр баруун тахимны цус хуралт гэмтэл нь үзүүлэхээс 4-7 хоногийн өмнө, бусад гэмтэл нь 7-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Амгаан овогт Н.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Н.Бг торгуулийн ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ