Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 19

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Б.Оюунцэцэг  

Шүүгдэгч Ш.Д   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Б   овогт Ш  ын Д  ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2037000320018  дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл  эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багт оршин суух, РД:       , Б   овогт Ш  ын Д   

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Ш  ын Д   нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчимд Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг дэвсгэрт орших Цахир үзүүр гэх газраас Т.Э  ийн эзэмшлийн хүрэн зүсний даага бэлчээрээс нь хулгайлж 300000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ш.Д  ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр адуундаа яваад 8 адуугаа олж аваад Цахир үзүүр гэх газарт хаяаад гэртээ ирсэн юм. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед манай аав Ш   надад ирээд олж авсан 8 адуу дотор даага байна уу гэхээр хүрэн зүсмийн даага байна гэж хэлсэн юм. Надад манай аав чи яваад тэр даагаа аваад ир гэж хэлсэн юм. Тэгээд би Арсланг дагуулаад Засаг даргын тамгын газрын жолооч Баатарсүрэн буюу Залуухайгийн машинтай “Цахир үзүүр” гэх газарт очиж би дуран тавиад адуу харагдахгүй болохоор Баатарсүрэнгийн машинд ачиж явсан морио буулгаж унаад 3 цаг гаруй тэр хавиар хайгаад адуугаа олохгүй, хоосон очихоос ааваас айгаад тэнд бэлчээрт байсан 20 орчим адуунд очиход нэг хүрэн даага байсан юм. Тэгээд би хүрэн даагыг барьж авч очиж аавд өгөөд сүүлд нь эзэнд нь буцааж өгчихье гэж бодоод тэр адуунаас 5 адуу тасалж хөөгөөд Арслан, Баатарсүрэн ах хоёр машинд очиж Арсланд наад хүрэн зүсмийн даагыг барьж ав гэж би өөрөө хэлсэн юм. Тэгээд Арслан бугуйлдаад барьж аваад машинд ачаад Үенч суманд авч ирсэн. Уг даагыг уяачдын холбооны сүпер шагналын дааганд өгсөн юм. Им тамгагүй, эр даага байсан. Миний даага хулгайлсан адуу зөв талдаа хөндлөн дэгэрээтэй адуунууд байсан юм. Манай даага хүрэн зүсмийн, им тамгагүй эм даага байсан юм. Арслан, Баатарсүрэн хоёр мэдээгүй. Би өөрийнхөө даагыг барьж авч байна гэж хэлсэн юм. Би тухайн адууг танихгүй. Манай адуу ёнгоруу буюу сэнжтэй дэгрээ тамгатай...” гэх мэдүүлэг,

Хохирогч Т.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 16-17 тооны адуутай, манай адуу Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг Аарцаг гэх газарт бэлчээрт байдаг байсан юм. Манай гэр Арцаг гэх газрын доод талын ‘‘Тасаг суудал” гэх газарт өвөлжиж байсан бөгөөд би мал хариулж явахдаа адуугаа дурандаж байнга харж явдаг байсан. Манай адуу зөв гуяндаа хөндөлөн дэгрээтэй, бараан адуунууд байдаг юм. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед байх би мал хариулж явахад манай адууг 1 морьтой хүн хөөж уулнаас буулгаж Ховд аймгийн Үенч сумын нутаг “Цахир- үзүүр” гэх газарт байдаг өвөлжөөний хашаанд авч очсон. Тэнд нэг машин зогсож байсан юм. Манай адууг тэнд хашиж байгаад нэг адуу бариад ачаад явсан. Би дурангүй байсан учир ямар адуу барьж авсныг мэдээгүй. Би 2 хоногийн дараа адуугаа очиж харахад манай адуунаас миний хүрэн зүсмийн им, тамгагүй даага байхгүй байсан. Тэгээд би Алтай сумын цагдаагийн хэсэгт мэдэгдсэн юм. Сарын дараа миний даагыг хулгайлсан залуу уучлалт гуйж ирсэн. 2019 оны унага буюу хүрэн зүсмийн эр даага байсан юм. Би даагаа буцааж авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Е.Отгонбулагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр Үенч сумын уяачдын шинэ жил болоод тэнд оролцсон уяач нараас нэг супер азтанд нэг даага өгнө гэсэн тэгээд сугалаа яваад би супер азтан болоод хүрэн зүсмийн даага авсан би тухайн даагыг машинд ачаад гэрийн гадаа торонд хийсэн. Уяачдын холбооны 9 тэргүүлэгч зөвлөлдөөд нэг хүний 30000 төгрөг гаргаад Арслан гэдэг хүнээс нэг даага авахаар болсон юм. Тэгтэл тухайн өдөр Арслан даага авч ирээгүй байсан. Ш   ахын адуунаас нэг даага аваад өгчье гэж ярилцаад Ш  ын залуу болох Д   Арслан хоёрыг даага авч ир гэж явуулсан. Бид ярилцаад охин даага авна гээд уяачдын холбооны дарга Батхишиг хэлж байсан. Миний азтан болоод авсан даага эр даага байсан тухайн үед нь анзаараагүй маргааш нь мэдсэн тэгээд охин даага олдохгүй эр даага өгсөн байх гэж бодсон. Би хулгайн даага гэдгийг мэдээгүй. 2 сард Ш   гэдэг хүн ирээд чиний энэ даага хулгайн даага байжээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Баатарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус өдөр Үенч сумын ЗДТГ-н даргын зөвшөөрлөөр явсан. Үенч сумын Цагаан түнгэ багийн нутаг дэвсгэр болох Цахир үзүүр гэх газар луу М.Арслан, Ш.Д   нарын хамт машин дээрээ эмээлтэй хүрэн морь ачаад Цахир үзүүрийн оройлцоо очоод машинаас морио буулгаад Д   морио унаад цааш явсан. Тэгээд цаг гарамын дараа цөөхөн тооны адуу тууж ирсэн тэгээд М.Арслан бид 2 машинаас буугаад хашаанд оруулаад Арслан бугуйл гаргаж ирээд нэг бугуйлдаад хүрэн зүсмийн даага барьж аваад бусдыг нь хашаанаас гаргаж явуулсан. Тэгээд даага болон ачиж очисон морио буцааж ачаад Үенч сумын төвд орж ирээд Соёлын төвийн урьд авч ирж буулгасан. Тухайн адуу нь бараан голдуу адуу байсан ба 5, 6 тооны адуу байсан им тамгын би анзааргүй. Надад Ш   гэдэг хүний адуунаас нэг тооны даага аваад ирье гэж хэлж байсан. Би одоо харвал тухайн даагыг танихгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Ш  ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр Үенч сумын уяачдын шинэ жил болсон юм. Арслан гэдэг залуу шагналын даага авч ирж өгөх ёстой байтал хөдөөнөөс авч ирж чадаагүй юм. Манай адуу ойрхон Цагаан түнгэ багийн Цахир үзүүр гэх нэртэй газар 8 тооны адуугаа үлдээсэн байсан юм. Тэгээд хүү Ш.Д  , Арслан, ЗДТГ-н жолооч Баатарсүрэн нарыг явуулсан. 17 цагийн орчим эргээд ирсэн байх тэгээд сугалаа болоод орой 20 цагийн үед тухайн даагыг Отгоо гэдэг залуу азтан болоод авсан. Би тухайн даагыг хулгайн даага гэдгийг 01 сарын 10-ны үед мэдсэн. Манай залуу би адууныхаа талыг буюу 8 тооны адуу оллоо тэр дотор охин хүрэн даага байгаа гэхээр нь очоод аваад ир гээд явуулсан юм. Орой шагнал өгөхөд би согтуу байсан болхоор анзаараагүй байх тэгээд ч харанхуй байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Арслангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болох уяачдын шинэ жилийн баярт азтан шалгаруулах сугалаа байсан юм. Уяачдын холбооны дарга урьд нь хуралдаж байхдаа шинэ жилийн супер азтанд нэг даага бэлэглье та нэг даага зарчих би уяачдын холбооны тэргүүлэгч нараас мөнгийн гаргаж өгье гэж хэлэхээр нь би за гэж хэлж байсан. Тэгээд би Ховд аймгийн уяачдын баяр 2019 оны 12 сарын 21-ээс 22-нд болсон болхоор би тэнд оролцоод хөдөө явж чадаагүй болхоор 2019 оны 12 сарын 25-нд сумын уяачдын шинэ жилтэй гэхээр нь би хөдөөнөөс авч ирж өгч чадаагүй гэсэн чинь уяачдын холбооны дарга Батхишиг надад та тэр даага бэлдэхгүй бол болохгүй та даага олж бэлд гэсэн. Би тухайн өдөр сумын төвөөр явж зарах даагатай хүн байна уу гээд асуусан чинь зарах хүн олдоогүй тэгтэл Ш   манай адуунд нэг даага байгаа тэрийг авч ирж өгье чи манай хүү Д  тай яваад аваад ир чи бид 2 дараан болох байлгүй гэсэн тэгээд танаа адуу хаана байгаа юм гэж асуухад манай адуу урьд хөвч гэх газар байгаа манай хүү Д   өчигдөр тэнд авч ирж хаясан гэж хэлсэн. Би сумын төвөөс унаа хайгаад олоогүй тэгээд би уяачдын холбооны тэргүүлэгч Нямбаяртай уулзахад ЗДТГ-н дарга Цогоо даргатай ярьчихлаа та ЗДТГ-н жолооч Баатарсүрэнг аваад захиргааны машинтай яваад ир гэсэн тэгээд би Баатарсүрэнгийн машинд 20000 төгрөгөнд бинзен хийж өгөөд Улаахаа гэдэг айлын гаднаас Д  ыг морьтой нь цуг аваад морийг нь машинд ачиж аваад Үенч сумын Цагаан түнгэ багийн Цахир үзүүр гэх газар хар зам дээр буулгасан. Д   морио унаад явсан тэгээд бид 2 наад талын хашаанд очоод хүлээгээд байж байхад Д   5, 6 тооны адуу тууж ирээд хашаанд оруулаад хүрэн зүсмийн даага барьж аваад машиндаа морьтой цуг ачиж сумын төвд ирээд соёлын төвийн үүдэнд буулгасан. ...Нэг халтар, хээр хоёр морь бага зэргийн хүрэн гүү хүрэн даагатай тууж ирсэн дандаа бараан зүсмын адуу байсан им тамгын би анзааргүй. Бид нарын барьсан даага эр даага байсан тамга тэмдэгийн анзаараагүй...” гэх мэдүүлэг,

 - мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл

 - малд үзлэг хийсэн тэмдэглэл

              - эд зүйлийн үнэлгээ

 - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ш.Д   нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчимд Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг дэвсгэрт орших Цахир үзүүр гэх газраас Т.Энхтөрийн эзэмшлийн хүрэн зүсний даага бэлчээрээс нь хулгайлж 300000 төгрөгний хохирол учруулсан болох нь: хохирогч Т.Энхтөр, гэрч Е.Отгонбулаг, М.Баатарсүрэн, Ш.Ш  , М.Арслан нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, малд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Д  ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Ш.Д  ын хохирогч Т.Энхтөрийн өмчлөлийн 20 тооны адуунаас 5 тооны адуу таслаад Цахир үзүүр гэх газарт авч ирж хүрэн зүсний даагыг  хашаанд хашиж барьж аваад бусад адуунуудыг нь хөөж явуулсан шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.

 “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна” гэж хуульчилсан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн. Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

 Шүүгдэгч Ш.Д   нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ш.Д  ын бусдын малыг нууц далд аргаар хууль бусаар, шунахай сэдэлтээр хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр, тэнсэж шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1 тооны даагыг буцаан өгсөн, мөн эрж хайсан унааны зардал 100000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг сайн дураараа хохирол нөхөн төлсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Ш.Д   нь 55-04ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн гэмт хэрэг үйлдэх арга хэрэгслээ болгоогүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ш.Д   нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчийн эзэмшлийн 1 тооны морь, 1 тооны үхэр буюу 1800000 төгрөгний үнэлгээтэй бод мал битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

  Шүүгдэгч  Ш.Д  ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                 1. Шүүгдэгч Б   овогт Ш  ын Д  ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д  ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

                3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ш.Д  ад тэнссэн хугацаанд зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

                4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д   нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

                 5. Шүүгдэгч Ш.Д   нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

               6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн 1 тооны морь, 1 тооны үхэр буюу 1800000 төгрөгний үнэлгээтэй бод мал битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

                7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.Д  ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

                 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.