Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00132

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2017/00132

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 10-09 тоотод оршин суух, РХ89050203 дугаар регистртэй, Хар дархад овогт Бат-Эрдэнийн Мөнхдалайгийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, “Хөвсгөл телевиз”-д холбогдох

Цалин 342.500 /гурван зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2016/00861/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Б.Мөнхдалай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Хөвсгөл телевиз”-д 2014 онд ажиллаж байхад захирал Ж.Эрдэнэцэцэг нь цалинг дор бүр нь олгодоггүй, байгууллага нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй, ажлын хөлсийг захирал Ж.Эрдэнэцэцэг өөрийн хувийн дансаар авдаг байсан тул цалин хөлсөө авахаар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргаж, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч шалгаад актаар Б.Манхдалайд 342.500 төгрөгийн цалинг “Хөвсгөл телевиз”-ээс олгуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Ж.Эрдэнэцэцэг нь дээрх актыг биелүүлэхгүй янз бүрийн тайлбар хийж, Мэргэжлийн хяналтын газрын дарга байсан Ж.Даваахүүтэй найз гэсэн утгаар миний цалинг олгуулахгүй албан бичиг үйлдүүлэн аргалж байсан. Иймд “Хөвсгөл телевиз”-ээс 342.500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Хөвсгөл телевиз”-ийн захирал Ж.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Мөрөн сумын 13 дугаар багийн 10-09 тоотод оршин суугч Б.Мөнхдалайгаас ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Иймээс иргэн Б.Мөнхдалайгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь иргэн Б.Мөнхдалайгийн ямар нэгэн нотлох баримтгүйгээр өгсөн өргөдлийг үндэслэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын хяналтын байцаагчийн гаргасан актыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандах болно. Энэ талаарх маргааныг шүүхийн байгууллага нотлох баримт дээр үндэслэн үнэн зөвөөр шүүн тунгаана гэдэгт итгэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Мөнхдалай шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Мөнхдалай би “Хөвсгөл телевиз”-д холбогдуулан цалин 342.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд гаргасан тус нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Б.Мөнхдалай нь хариуцагч “Хөвсгөл телевиз”-д холбогдуулан цалин 342.500 /гурван зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Мөнхдалай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.925 төгрөгийн тал хувь болох 5.462 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч “Хөвсгөл телевиз”-ээс цалин 342.500 /гурван зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Б.Мөнхдалайгийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.950 төгрөгийн тал хувь болох 5.462  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                       Б.ОТГОНБЯМБА