Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2017/00255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

          Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 7-16 тоотод оршин суух, Сүхбатын Батмагнай /ГЮ91082857/-н нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум “Хүрэнбулаг” ХХК-д холбогдох

“Гэм хорын хохирол 2 490 950 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Батмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, иргэдийн төлөөлөгч А.Цэгмэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Батмагнай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн орчим би ажил дээрээсээ гэртээ харих гэж явтал дэнжийн “Тахилт” дэлгүүрийн  урд талын зам дээр эсрэг урсгалаас “Кантер” маркийн 63-57 ОРХ дугаартай машин хурдтай орж ирж дайрчихаад  зогсолтгүй цааш явсан. Түүний араас би таксинд гар өргөж суугаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны өмнөх замд зогсоосон. Тэгээд цагдаа дуудаж ирсэн. Замын цагдаа ирээд Кантер машиныг согтуу жолоочийн хамт авч явсан. Миний машиныг хашаандаа аваачиж тавь гэсний дагуу бид зориулалтын машинаар нь авч явсан. Орой 18 цагт замын цагдаагийн байцаагч Хишигболдыг дуудахаар нь очсон боловч жолооч согтуу хэвээр байсан. Маргааш өглөө нь 8 цагт замын цагдаагийн хэсгийн байцаагч Хишигболдын өрөөнд уулзацгаасан. Жолооч эрүүл болсон, намайг Зоригоо гэдэг би “Хүрэнбулаг” ХХК-д 2000 оноос хойш ажиллаж байгаа, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хохирлыг төлж өгнө гэсэн хариу сонссон юм. “Хүрэнбулаг” ХХК-аас тэдний хүргэн Шинээ гэдэг залуу ирсэн боловч шийд гаргах хэмжээтэй хүн биш гэдгээ хэлсэн. Ингээд Шинээ нь жолоочоо дааж авч гарсан. Даараагийн уулзах үед жолооч алга болсон. Байцаагч Шинээ 2 хүнээ олохоор бүтэн 1 хоногийн дараа Зоригоог олж ирсэн. Шийдтэй хариу гаргаагүй. Машин компанийн машин байсаар байтал замын цагдаагийн байцаагч тус компаний шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүнийг дуудаж уулзахгүй байгаа нь маш эргэлзээтэй санагдаж байна. Би эхнэр хүүхдийн хамт 3-лаа амьдардаг. Эхнэр ажилгүй, өөрөө барилга дээр өдрийн 30 000 төгрөгөөр ажилладаг. Зав чөлөөндөө таксинд явж амьдралаа залгуулдаг. Одоо маш ихээр хохирч байна миний энэ асуудлыг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж хохиролгүй болгож 2 490 950 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Хүрэнбулаг” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Батмагнайгийн нэхэмжлэлтэй “Хүрэнбулаг” ХХК-д хариуцагдах иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. С.Батмагнай нь нэхэмжлэлдээ Б.Зоригоо гэгч нь манай компанийн ажилтан жолооч биш. Уг машин нь манай компанийн нэр дээр бүртгэлтэй хэдий ч тухайн өдөр авто машиныг ямар нэг зөвшөөрөлгүй авч явсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг машин нь Мягмардорж гуайн адуугаа ачиж явдаг машин, Б.Зоригоог машин унах зөвшөөрөл өгөөгүй, машины түлхүүрийг хэнээс авсаныг мэдэхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.Батмагнай нь “Хүрэнбулаг” ХХК-д холбогдуулан “Гэм хорын хохирол 2 490 950 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 300 000 төгрөгөөр бууруулж, 2 190 950 төгрөг болгосон.

            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзсэн.

            “Кантер” маркийн 63-57 ОРХ дугаартай автомашин нь “Хүрэнбулаг” ХХК-ийн эзэмшлийн машин болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

            2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Кантер” маркийн 63-57 ОРХ дугаартай тээврийн хэрэгслийг Б.Зоригоо жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2, 2 дугаар бүлгийн 2.7а заалтуудыг тус тус зөрчиж 93-32 ОРО улсын улсын дугаартай “Тоёото пирус” маркийн авто машиныг мөргөж, 2 015 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн хохиролын үнэлгээ, шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол, шинжээчийн дүгнэлт, ослын газар дээрх авто машины зураг, торгууль ногдуулсан шийтгэвэр, шийтгэвэрийн хуудас, зохигчдын тайлбарууд зэргээр  нотлогджээ.

Иргэний хуулийн 499.1-д “3орчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499 дүгээр зүйлийн 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж тус тус заасан.

“Кантер” маркийн 63-57 ОРХ улсын дугаартай автомашин нь “Хүрэнбулаг” ХХК-ийн эзэмшлийн машин тул нэхэмжлэгч нь, “Хүрэнбулаг” ХХК-с тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хохиролыг шаардах эрхтэй.

Тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд хөрөнгө эвдэрч, устаж, гэмтсэн тохиолдолд гэм хорыг нөхөн төлөх үүрэг үүснэ.

93-32 ОРО улсын улсын дугаартай “Тоёото пирус” маркийн авто машинд учирсан гэмтэл нь “Кантер” маркийн 63-57 ОРХ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Зоригоогийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Иймд “Хүрэнбулаг” ХХК нь, нэхэмжлэгч С.Батмагнайгийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол 2 015 000 төгрөг /”Ашид билгүүн” ХХК-ийн үнэлсэн үнэлгээ/, машиныг ачсан зардал 30 000 төгрөг, үнэлгээний төлбөр 91 000 төгрөг, нийт 2 136 000 төгрөгийг хариуцан арилгах үүрэгтэй. Нэхэмжлэлээс баримтаар нотлогдоогүй 54 950 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Хариуцагчийн “...Б.Зоригоо нь манай компанийн ажилтан жолооч биш. Уг машин нь манай компанийн нэр дээр бүртгэлтэй хэдий ч тухайн өдөр авто машиныг ямар нэг зөвшөөрөлгүй авч явсан” гэсэн татгалзал үндэслэлгүй бөгөөд, Б.Зоригоод машиныг ашиглах боломж олгосон гэж үзнэ. 

Хариуцагч “Хүрэнбулаг” ХХК нь өөрт учирсан хохирлоо уг автомашиныг жолоодож явсан Б.Зоригоогоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар шаардах эрх нь нээлттэй байгааг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 49 126 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3-д заасныг баримтлан хариуцагч “Хүрэнбулаг” ХХК-аас 2 136 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Батмагнайд олгож, нэхэмжлэлээс 49 126 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 49 126 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Батмагнайд олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ХИШИГДАВАА

 

                                             ШҮҮГЧИД                                  Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                                Р.ҮҮРИЙНТУЯА