| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/00017/Э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 21
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эрдэнэ
Улсын яллагч З.Алтансолонго
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас М овогт Б гийн Н д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1937000660020 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны дүгээр сарын -ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн тоотод оршин суух, РД: , М овогт Б гийн Н
Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч Б овогтой Н нь Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Д.Г той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар эрх чөлөөнд халдан нүүрэн тус газарт зодсоны улмаас түүний доод эрүүний үүдэн 3 шүд унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсэрт би хүний байшан барьж өгч байсан юмаа. Хэрэг учрал 2020 оны 10 дугаар сарын 26-ны шөнө би Д.Г , Х.Өсөхжаргал, Око нарын хамт архи ууж байгаад Д.Г бид хоёр маргалдаж би Д.Г ийн нүүрлүү нь хэд хэдэн удаа цохиход амнаас нь нэлээн цус гарсан. Бид нар архи уучихсан согтуу байсан. Д.Г нэлээн согтуу хөл дээрээ тогтож чадхааргүй согтуу байсан. Д.Г ийг дагаж ирсэн Х.Өсөхжаргал гэх хүүхэн бид хоёрыг салгасан. Тухайн үед бид хоёр хоёулаа нэлээн согтуу байсан. Мөн тухайн үед Д.Г нь намайг хамт дагуулж ирсэн Х.Өсөхжаргалтай унт гээд байх шиг байсан. Түүнээс болоод би Д.Г ийг цохисон юмаа. Тухайн үед бид хоёрын хажууд Х.Өсөхжаргал байсан. Яг тэр болсон явдлыг Х.Өсөхжаргал харсан. Д.Г надаас шүдээ янзлуулах эмчилгээний мөнгө гэж 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би түүнийг одоохондоо төлж амжаагүй байна. Гэхдээ удахгүй хохирлыг нөхөн төлж Д.Г ийг хохиролгүй болгоно. Гэмт хэргийн улмаас Д.Г ийн үүдэн 4 шүд нь унасаны 3 шүд нь өөрийн 1 шүд хиймэл алтан шүд байсан байна лээ. Тухайн үед хэрэг учрал болсоны маргааш нь зодоон болсон гэрт уг шүднүүдийг хайсан боловч олдоогүй юмаа...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2019 оны 10 сарын 26-ны орой найз Х.Өсөхжаргалын хамт Гаагаагийн машинтай Зулаа гэх хүнийг дуудах гээд очсон. Бид нар очиж дуудаад Зулаа гэрлүүгээ очоод хэсэг хугацааны дараа буцаад ирсэн. очиход Гаагаан байшинд миний шүд цохидог залуу хажууд нь бас нэг үл таних залуу, Гаагаан залуу, түүний эхнэр гэх мэт хүмүүс архи уугаад маргаад сууж байсан. Тухайн үед сууж байсан залуучууд ах нэг татчих гээд надад архи хундаглаж өгсөн. Би тухайн архийн уусан. Уусаны дараа миний машинтай Шагай, намайг зоддог залуу, Өсөхжаргал, бид хэд хамт очоод дэлгүүрээс 2 шил архи авч ирээд уусан. Тухайн архийг уусаны дараа миний шүд цохидог залуу намайг хүргэж өгөхөөр болоод миний машинтай Өсөхжаргал, бид 3 гэрт очсон. Очоод дахиад 2 шил архи аваад тэрийг уучихаад амрахаар болж Гаагаагийн гэрт ирсэн. Ирхэд Шагай тасраад унтсан байхаар нь сүүлд авч ирсэн архины нэгийн задлаад намайг зодсон залуутай хувааж уусан. Тэр үед юм яриад сууж байтал миний шүд рүү цохихоор нь Өсөхжаргал, Око хоёр салгаад авсан. Бид нар тэгээд гэрт хамт унтаад өглөө сэрээд миний шүд рүү цохьсон залууд ахынхаа шүдний хохиролыг барагдуулаад өгчих гэж хэлхээр нь за гэж тохироод утсаа салгаад алга болсон. Нэг нь хийлгэсэн хиймэл алтан шүд байсан. Бусад нь эрүүл шүднүүд байсан. Би Гаагаа гэдэг хүний төрсөн дүү Око, Шаргаа, тэгээд миний шүд цохисон Н , хажууд нь хамт байсан үл таних залуу бид 5 хамт уусан. \Үл таних залууг Сүхээ гэж өөрийгөө танилцуулж байсан. Би сайн танихгүй байна\. Хамт байсан үл таних Сүхээ гэдэг залуу мэдэхгүй тасарсан байна гээд байна. Харин Шаргаа, Око гэх хоёр эмэгтэй харсан хэлж байна. Хамт суусан 5 хүн бүгдээрээ архи уусан. Маргааш нь намайг цохьсон гэх Н гэх залуутай уулзахад залуу хүмүүс байна шүүх цагдаа гэж байснаас хоорондоо тохироод таныг хохиролгүй болгож өгье гэж хэлсэн учир хэлэлгүй хаясан. Би унасан шүдээ янзлуулж авмаар байна. Өөр хохирол гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Өсөхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Б.Г бид 2 2019 оны 10 сарын 26-ны орой манайд байж байгаад гэрт очиход Зулаагийн хүүхэд уйлж байна. Очоод аваад ир гэж манай эмээ хэлэхээр нь Г бид хоёр Гаагаагийн байшинд очиход Чинбат найз охинтойгоо, Зулаа барилга барьж байсан 2 залуу Око нар хамт архи уугаад сууж байсан. Тэгээд Г бид 2-ыг суугаад жаахан юм ууяа гээд сууж байтал Д.Г , Наагий гэх залуу 2 хоорондоо маргалдаж Наагий Д.Г ийн нүүр лүү цохьсон. Би босож салгахад Д.Г ийн амнаас цус гараад айлын хөнжил, гудас цус болсон. Тэгээд унтуулаад амраасан өглөө болоход Д.Г ийн шүд унасаныг Наагий гэх залууд харуулахад Наагий тийм байна шүд нь унасан байна гэж хэлсэн. Та цагдаад өгөхгүй байж байгаарай, би таныг хохирол гомдолгүй болгож өгнө гэж хэлээд хоорондоо тохироод байсан. Унасан шүдний нэг нь төмөр хамгаалалттай алтан шүд байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Сэр-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би тэр өдөр Алтай сумын Тахилт багт оршин суух төрсөн ах Батболдын хашаанд байшин барьж өгч байгаа Б.Н , Сүхээ хоёрт хоолыг нь хийж өгч байсан юм. Тэгээд тэр өдөр Д.Г , Х.Өсөхжаргал нар манайд байсан хамаатны Зулаа гэх охиныг авч явахаар манайд нилээн шөнө дунд ирсэн. Тэр хоёрыг ирэхэд Д.Н Шагай, Сүхээ нар архи уучихсан согтуу байсан. Шагай нь архи ууна гээд тэд нар архи авч ууцгаасан. Тэгээд тэд нар манай гэрт нэлээн шөнө дунд болтол Х.Өсөхжаргал Б.Н , Д.Г бид дөрөв 0,75 литрын соёрхол нэртэй архи уугаад би нэлээн согтоод байшинд ороод унтчихсан. Өглөө нь би босоод байж байтал Д.Г , Х.Өсөхжаргал хоёр манайд ирээд өчигдөр шөнө Б.Н , Д.Г ийн шүдийг цохисон. Энэ хоёр өчигдөр согтуудаа маргалдаж зодолдлоо. Танай гэрт унасан шүд нь байна уу? гэж надаас Х.Өсөхжаргал асуусан. Тэгэхээр нь би өглөө босож гэрээ цэвэрлэсэн, гэр цэвэрлэхэд би ямар нэгэн унасан шүд анзаараагүй гэж хэлээд явуулсан. Би тухайн үед байшинд ороод унтчихсан болохоор тэр хоёрыг маргалдаж зодолдсоныг огт мэдээгүй, хараагүй юм...” гэх мэдүүлэг,
Шинжээч Т.Энэбишийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үүнтэй холбоотойгоор миний гаргасан дүгнэлт өөрчлөгдөхгүй. Учир нь гэмтлийн зэрэг тогтоох журамд 3-с дээш 6 шүд унасан байвал гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Энэ шалгуур үзүүлэлтээр миний гаргасан 45 дугаартай дүгнэлт өөрчлөгдөхгүй. Уг гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд цаг хугацааг нь нарийн тогтоох боломжгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Г ийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“1.Д.Г ийн биед 4 шүд унасан гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. гэмтэл авсан гэх цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.
4. Д.Г ийн биед үүссэн гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонго алдагдсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б овогтой Н нь Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Д.Г той маргалдаж улмаар нүүрэн тус газарт цохисоны улмаас түүний доод эрүүний үүдэн 3 шүд унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Г , гэрч Х.Өсөхжаргал, Б.Сэр-Од, шинжээч Б.Энэбиш нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Энэбишийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаартай “Д.Г ийн биед 4 шүд унасан гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. гэмтэл авсан гэх цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. 4. Д.Г ийн биед үүссэн гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлгийн гшэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонго алдагдсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогч Д.Г той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “4 шүд унасан гэмтэл бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Н гийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Б.Н гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн болон Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Б.Н гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Г ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтгүй байх тул эрүүл мэндэд учирсан хохирол болон гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б гийн Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Б гийн Н д 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хохирогч Д.Г нь эрүүл мэндэд учирсан хохирол болон гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.