Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 596

 

 

 

 

 

 

 

 

    2020         07         22                                   2020/ШЦТ/352

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Аззаяа, 

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Х.Ц, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Ханд овгийн Х.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911029810488 дугаар хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1957 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 63 настай эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, охины хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, 3/2-3-4 тоотод оршин суух хаягтай,

Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1131 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хуулийн тэгшитгэлээр суллагдасан, хэрэг хариуцах чадвартай, Ханд овгийн Х.Ц

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Х.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Цийн өгсөн: “...Би Төмөрчөдөр, Гэнэнчимэг нарыг багаас нь мэднэ. Би эмнэлэгт хэвтсэн байхад намайг хайгаад байсан юм билээ. Тэгээд надтай холбогдоод “манай хүүхдийг 23 дугаар сургуульд оруулж өгөөч” гэхээр нь би “багш нь алдаж оносон, одоо тэтгэвэрт гарсан. Миний үеийнхэн бүгд тэтгэвэрт гарсан. Өөрийнхөө охины багшаас нь асууж сураглаж өгье” гэж хэлсэн. Би 23 дугаар сургууль орж хөөцөлдсөн. Төмөрчөдөрийн аав нь нутагтаа алдартай бөө хүн байсан. Би таньдаг хүнтэйгээ уулзаад сургуульд яаж оруулах талаар асуусан. Тэр хүн  надад хэлэхдээ “нэг хүүхдийг 23 дугаар сургуульд оруулахад 2.500.000 төгрөгөөр бодоод 5.000.000 төгрөг бэлдээд байж байгаарай” гэж хэлсэн. Би бэлдээд байсан. Тэгсэн намайг хуурсан. Манай нөхөр хурандаа хүн байсан зуурдаар нас барсан. Би авсан мөнгөө эмчилгээндээ хэрэглэсэн нь үнэн. Би эд нараас гар утас авсан. Тэр утсаа хороололд аваачиж ломбарданд тавьсан. Авна шүү гээд тэр ломбардны охиноос зөндөө гуйсан. Тэр ломбардны охин утсыг зарсан байсан. Би хүнд туслах гэж байгаад дахин ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна...” гэв.

Шүүгдэгч Х.Ц нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Түмэнбаярыг “...23 дугаар сургуульд хүүхэд оруулж өгнө...” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 5-8 дугаар сарын хооронд тус хороонд байршилтай 23 дугаар сургуулийн гадна хохирогч Н.Түмэнбаярын хадам дүү Д.Гэнэнчимэдээс 3 удаагийн үйлдлээр нийт 5.300.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авсан, мөн 2019 оны 8 дугаар сард тус хороонд байршилтай “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд хохирогч Н.Түмэнбаярын эхнэр Д.Төмөрчөдөрөөс 839.000 төгрөгийн үнэ бүхий самсунг А50 загварын гар утсыг нь шилжүүлэн авч, бусдад нийт 6.139.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Н.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай гэрийн хаяг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 45-86 тоот хаягтай байсан болохоор охин Т.Маралмааг Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуульд оруулах гэхээр харъяалал биш гээд авах боломжгүй байсан. Ингээд 2019 оны 5 дугаар сарын дундуур 1 дүгээр ангид элсэх хүүхдүүдийн сургуулийн бүртгэл эхлэх үеэр манай эхнэр Д.Төмөрчөдөр, Х.Цтэй уулзаж охин Т.Маралмааг Чингэлтэй 23 дугаар сургуульд оруулахаар тохиролцсон. Тухайн үед Цэрэнпил нь миний охин Цэдэн-Иш овогтой Өсөхжаргал нь 23 дугаар сургуулийг төгссөн, энэ их сайн сургууль, гадаад хэлний сургалттай, энэ сургууль руу орохын тулд 5 сая төгрөг хэрэгтэй, эхний ээлжинд 2.500.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Ингээд миний хадам дүү Гэнэнчимэд нь Х.Цд 2019 оны 5 дугаар сарын дундуур бэлнээр 2.500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн үүдэнд тоолж өгсөн. Дараа нь 2019 оны 8 дугаар сарын үед Х.Ц нь нөгөө 23 дугаар сургуулийн танай хүүхдийн багш болох хүмүүс, сургалтын албаны хүмүүс нь үлдэгдэл 2.500.000 төгрөгөө нэхээд байна гэхээр нь бэлнээр миний хадам дүү Д.Гэнэнчимэд 23 дугаар сургуулийн үүдэнд тоолж өгсөн. Үүний дараа 2019 оны 8 сард өгсөн 5 сая төгрөг чинь багадаад байна гээд нэмж 300.000 төгрөг авсан. Ер нь бол манай эхнэр бид хоёр хамт өгч авч байсан. Тухайн үед бид хоёр хол байсан болохоор манай хадам дүү мөнгийг нь хүргэж өгч байсан. Тэгээд эхнэр бид хоёр юу болж байгаа талаар Цэрэнпилтэй холбогдож асуухаар яг өнөөдөр бүтэх гэж байна хүлээж бай 10 хоног хүлээчих гэж хэлдэг. Би уг хүнээс 6.139.000 төгрөг нэхэмжлэх болно. 2019 оны 8 дугар сарын сүүлээр Х.Ц нь манай эхнэр Д.Төмөрчөдөртэй уулзахаар “Алтжин бөмбөгөр” худалдааны төв дээр ирж би 3037 УБА улсын дугаартай цагаан өнгийн тоёото приус маркийн тээврийн хэрэгслээ ломбарданд тавих гэсэн чинь албан татвар, оношлогоо төлөөгүй байна гээд болохгүй байна 500.000 төгрөг зээлүүлчих гэхэд эхнэр Д.Төмөрчөдөр мөнгө байхгүй гэж Х.Цд хэлэхэд Х.Ц нь яаж ийгээд олоод өгөөч гэж гуйгаад байхаар нь эхнэр Д.Төмөрчөдөр нь самсунг А50 маркийн гар утсаа өгөөд явуулчихсан байна лээ... Одоо гар утсыг нь 850.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

- гэрч Д.Гэнэнчимэдийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн төрсөн эгч Д.Төмөрчөдөрийн хамт Алтжин бөмбөгөр худалдааны төв дотор хувиараа худалдаа хийдэг бөгөөд эгч бид хоёр ажлын ойрхон 23 дугаар сургуульд хоёр охиноо хамт оруулах юмсан гэж ярьж байсан. Гэтэл манай эгч Төмөрчөдөр нь урьд манай аав, ээжийн найз байсан Цэрэнпил гэх хүнтэй ярьж өөрийн охин болон манай охиныг сургуульд оруулах гэж ярьсан байсан юм. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын дунд үед 2.500.000 төгрөг 2019 оны 8 дугаар сарын дунд үед 2.500.000 төгрөг, мөн 8 дугаар сарын сүүлээр 300.000 төгрөг 23 дугаар сургуулийн гадна бэлэн аваачиж өгсөн байгаа. Уг мөнгийг Цэрэнпил эгч надаас авах үедээ танай хоёр хүүхэд сургуульд найдвартай орох болсон эд зүйлээ бэлдэж байгаарай гэж хэлдэг байсан юм. Харин сүүлдээ шалгалт ирсэн хүлээж бай гэж явсаар байгаад утсаа салгаад алга болсон. Тухайн үед ийм зүйл болсон. Цэрэнпил эгчид 5.300.000 төгрөг өгсөн байгаа уг мөнгө манай эгч Төмөрчөдөр хүргэн ах Түмэнбаяр нарын мөнгө байгаа юм надаас мөнгө гараагүй. Би зөвхөн мөнгийг хүргэж өгч байсан. Цэрэнпил эгч өөрөө 23 дугаар сургуулийн орчим надтай уулздаг байсан бөгөөд өөрөө сургууль орж байж байгаад гарч ирдэг байсан. Ямар хүнтэй уулзаж яасан талаар мэдэхгүй намайг ямар нэгэн хүнтэй уулзуулж байгаагүй. Нэг хүнд мөнгө өгч хүүхэд оруулах гэж байгаа гэж байсан юм. Яг нарийн учрыг нь манай эгч ах хоёр мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 22х/,

- гэрч Д.Төмөрчөдөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2000 оноос хойш Х.Ц гэх хүнийг танина, уг хүн Боловсролын яаманд ажил хийж байгаад манай аймагт хэд хэдэн удаа ирж байсан бөгөөд манай аав ээжийн найз нь байгаа юм. Тэр цагаас хойш бид нартай холбоотой мэнд ус мэдээд явдаг байсан юм. Гэтэл 2019 оны 5 дугэар сарын үед Цэрэнпил эгч надтай нэг удаа утсаар ярьсан юм. Тухайн үед Цэрэнпил эгчээс танд 23 дугаар сургуульд таних хүн байна уу? болж өгвөл 2 хүүхэд болохгүй бол нэг хүүхэд оруулж өгөөч гэж хэлсэн чинь Цэрэнпил эгч манай охин Өсөхжаргал 23 дугаар сургуулийг төгссөн, ангийн багш нь байгаа тэр багштай холбогдож асуугаад эргээд хариу тэр дор нь хэлнэ гэсэн юм. Тэгээд маргааш нь Цэрэнпил эгч утсаар ярьж би нөгөө багштайгаа ярьж асуусан чинь хүүхэд сургуупьд оруулах үнэ ханш маш өндөр болсон байна 2 хүүхэд оруулж өгч болно гэнэ ээ 5.000.000 төгрөг өгөөд шууд орно гэж байна. Эхний ээлжинд 2.500.000 төгрөг одоо өгөөд үлдсэн мөнгийг нь 8 дугаар сарын 20-ний өдөр гэхэд өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр мөнгө шилжүүлэх гэж Цэрэнпил эгчээс дансаа өгчих гэсэн чинь дансанд хийж болохгүй бэлэн аваад ир гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 5 дугаар сарын дунд үед өөрийн төрсөн дүү Гэнэнчимэдтэй утсаар ярьж 2.500.000 төгрөг өгч Цэрэнпил эгчид аваачаад өг гэж хэлж явуулсан юм. Харин манай дүү Гэнэнчимэд 2.500.000 төгрөгийг 23 дугаар сургуугийн гадна Цэрэнпил эгчид бэлэн өгсөн. Харин түүний дараа Цэрэнпил эгч урьдчилгаа мөнгөө нөгөө хүнд өгсөн хоёр хүүхэд чинь сургуульд орох болсон санаа зоволт байхгүй үлдсэн 2.500.000 төгрөгөө 2019 оны 8 дугаар сарын 20-ний өдөр өгөөрэй гэж хэлсэн. Тэр үед бид нар найдвартай юм байна гэж итгээд хөдөө яваад өгсөн юм. Тэгээд зуны амралт дуусаад 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хөдөөнөөс ирж байсан чинь Цэрэнпил эгч утсаар ярьж нөгөө хүмүүс үлдэгдэл мөнгөө нэхээд байна үлдсэн мөнгөө хурдан өг танай хоёр хүүхэд сургуульд найдвартай орсон гэж хэлсэн. Тэгээд мөн л адил дүү Гэнэнчимэдтэй утсаар ярьж 2.500.000 төгрөг аваачиж Цэрэнпил эгчид өг гэж явуулсан. Харин Гэнэнчимэд, Цэрэнпил эгчид уг мөнгийг өгсөн байсан. Тэр үед Цэрэнпил эгч хүүхэд чинь найдвартай орсон 9 дүгээр сарын 01-ний өдөр шууд сургууль дээр нь аваачиж өгнө гэхдээ би хамт очно гэж хэлсэн. Тэгээд түүний дараа 2019 оны 8 дугаар сарын 26-ны орчим байх Цэрэнпил эгч 300.000 төгрөг хэрэгтэй байна багш нарыг хоолонд оруулах гэж байгаа гэж хэлээд 300.000 төгрөг нэмж авсан. Тэгээд 9 дүгээр сарын 01-ний өдөр болсон бөгөөд Цэрэнпил эгч яамнаас шалгалт явж байна 9 дүгээр сарын 09-ний өглөө сургуульд оруулах болсон шүү гэж хэлсэн боловч 9 дүгээр сарын 9-ний өдөр болсон боловч шалгалт дуусаагүй байна 15-ны өдөр хүүхдээ бэлэн байлгаарай гэж хэлсэн боловч дахин хугацаа сунгаад явсаар байгаад сүүлд сургууль дээр нь очиж уулзсан чинь худлаа болж таарсан юм. Тэгээд Цэрэнпил эгчид та худлаа яриад байгаа юм биш үү гэж хэлсэн чинь найдвартай би юу гэж та нарт худлаа хэлэх юм бэ аав ээжийг чинь таних юм чинь гэж хэлж байгаад сүүлдээ утсаа салгаад таг алга болсон. Тэгээд манайх цагдаагийн газарт хандсан юм. Ер нь Цэрэнпил хүүхэд чинь сургуульд яг орсон тэдний өдөр хүүхдээ бэлэн байлгаж бай гэж хэлээд би хүүхдээ хувцас, хэрэгслийг нь бэлдээд гарах гэж байхад Цэрэнпил утсаар ярьж хойшилсон шүү гэж олон удаа худал хэлсэн. Тэгээд сүүлд таг болсон. Цэрэнпил надаас нийт бэлэн 5.300.000 төгрөг, Самсунг А-50 гар утас авсан байгаа. Одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй сураг байхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Х.Ц нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Н.Түмэнбаярт нийт 6.139.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байх ба хохирогч нь уг мөнгөө нэхэмжилсэн бөгөөд  шүүгдэгч Х.Ц нь уг мөнгийг 2 сарын хугацаанд төлөхөө илэрхийлж баталгаа гарган, хохирогчтой харилцан тохирсон байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч Насанжаргалын Түмэнбаяр /ОЮ78102071/-д олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 шүүгдэгч Х.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж баталгаа гаргасан болон 63 настай эмэгтэй, урьд энэ төрлийн гэм хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан болох хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлэх, хохирогчийн хохиролыг барагдуулах зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, 2 сарын хугацаанд хохирлоо төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шүүх шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Ханд овгийн Х.Ц бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Цд 2 /хоёр/ сарын хугацаанд хохирлоо төлж барагдуулах буюу гэмт хэргийн хор уршигийн арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цээс 6.139.000 /зургаан сая нэг зуун гучин есөн  мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Насанжаргалын Түмэнбаяр /ОЮ78102071/-д олгосугай.

5. Шүүгдэгч Х.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ