| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0558/Э |
| Дугаар | 601 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 601
2020 07 23 2020/ШЦТ/601
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч О.Х,
нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржгон овогт О.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000703 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33-350 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржгон овгийн О.Х
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Х нь Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жигжидийн зуслангийн задгай тоотоос хохирогч Б.Ганболдын эзэмшлийн 30-14 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
-шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-шүүгдэгч О.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ганболд согтоод унтаад өгсөн ба Мөнхцолмонтой ирсэн Мөнхцэцэг гэдэг эмэгтэй нь явах болоод найз нь ирж авна гэсэн тул би Ганболдын машины түлхүүрийг нь аваад машиныг нь асаагаад би жолоодоод Мөнхцолмонтой хамт найзыг нь доошоо төв зам луу гаргаж өгсөн. Тэгээд удалгүй нэг машинтай залуу ирээд найзыг нь аваад явсан бөгөөд Мөнхцолмон бид хоёр буцаад байшингийн гадаа ирээд машиныг тавиад буцаж ороод жоохон байсан архийг уусан. Ингээд би хэсэг зуур зүүрмэглэсэн байсан ба нэг сэрэхэд Ганболд унтчихсан Мөнхцолмон байхгүй явчихсан байсан. Тэгээд би гараад машинд суухад машин асаалттай байхаар нь Мөнхцолмонг хайгаад доошоо зам луу гарахад Мөнхцолмон байхгүй явчихсан байсан тул шууд цаашаа эргээд Шарга морьтын зуслангийн нэгдүгээр буудалд байдаг найз эмэгтэй Одтуяагийн аав ээжийнх нь гэрийн гадаа очсон юм. Тэгтэл Одтуяагийн гэрт нь хүн байхгүй байсан ба машинаа асаах гэхэд түлхүүр нь байхгүй тул асахгүй байсан юм. Тэгээд машинаа тэнд нь орхиод буцаад алхаад нөгөө засвар хийж байсан байшин дээрээ очоод унтсан юм. Тэгээд маргааш нь манай найз Ганболд машин алга болсон байна гээд цагдаа дуудсан байсан ба түлхүүрийг нь Мөнхцолмон аваад явсан байсан. Би түүний машиныг согтуудаа зөвшөөрөлгүй аваад явчихсан байсан болохоор найз эмэгтэй Одтуяагийнхаа үүдэнд аваачиж орхисондоо санаа зовоод тухайн үед хэлж чадаагүй юм. Би тэр үед зүгээр найз эмэгтэй Одтуяатай уулзаад ирэх гэж л машиныг авч явсанаас өөр хулгайлах, завших зорилгогүй байсан. Би энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39х/
- хохирогч Б.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өөрийн найз болох Хүрэлсүхийн хамт айлын байшин засах ажил аваад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн зусланд очсон юм. Ингээд тухайн байшин дээрээ ирээд бид хоёр пиво ууж байгаад орой 20 цагийн орчимд Хүрэлсүх өөрийн танил эмэгтэй болох Мөнхцолмонг хотоос архи пиво аваад хүрээд ир, ирэхээр чинь мөнгийг нь өгье гэж дуудсан. Тэгээд нэлээд орой бараг 00 цаг болж байх үед Хүрэлсүхийн танил эмэгтэй болох Мөнхцолмон нь өөрийн найз гэх нэг эмэгтэйн хамт такси бариад хоёр том савтай пиво, 1 шил нэг литрийн савалгаатай “Эден” архи, тамхи ундаа зэргийг авчирсан. Ингээд бид дөрөв нийлээд нөгөө авчирсан пиво, архийг нь хувааж ууж байгаад би согтоод унтаад өгсөн ба өглөө 08:50 цаг болж байхад сэртэл байшингийн гадна тавьсан байсан “Тоёотэ Приус 30” маркын 30-14 УАК улсын дугаартэй автомашин алга болчихсон, шөнө дуудаж ирсэн нөгөө хоёр эмэгтэй яваад өгчихсөн Хүрэлсүх миний хажууд унтаж байсан. Тэгээд би Хүрэлсүхээс машин хаана байгаа талаар асуухад мэдэхгүй гэсэн бөгөөд нөгөө Мөнхцолмон гэдэг эмэгтэйнх нь утасны дугаарыг Хүрэлсүхээс аваад тэр эмэгтэй рүү ярихад машины түлхүүр чинь надад байна, би машиныг чинь унаж яваагүй гэж хэлсэн тул би цагдаагийн байгууллагад машин алдагдсан байна гэж дуудлага өгсөн юм. Удалгүй цагдаа нар ирээд үзлэг хийсэн бөгөөд надаас мэдүүлэг өргөдөл аваад явсан. Ийм л асуудал болсон юм. Манай найз Хүрэлсүх миний зөвшөөрөлгүйгээр машин унаад найз эмэгтэйтэйгээ уулзах гэж яваад Шарга морьтын зуслан дээр орхичихсон байсан бөгөөд үүнийгээ надаас айж санаа нь зовоод хэлж чадаагүй юм байна лээ. ...надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,
- гэрч В.Мөнхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 06 сарын 21-ний өдрийн 22:00 цагийн орчимд би ажил дээрээ найз охин Мөнхцэцэгийн хамт байж байтал Хүрлээ над руу утсаар залгаад Жигжидийн зуслан дээр найзтайгаа байна, хүрээд ир гэхээр нь би найзынхаа хамт 22:40 цагийн орчимд ажлаасаа гараад такси бариад Жуков дээр очиж найз Мөнхцэцэг гэртээ орж хувцасаа солиод гарч ирээд бид хоёр урьд нь үйлчлүүлж байсан таньдаг дуудлагын таксигаа 80939393 гэсэн утсаар нь дуудаад Жигжидийн зуслан хүргүүлсэн. Ингэж явахдаа нөгөө жолоочоос мөнгө зээлээд 1 литрийн савалгаатай “Эден” архи, хоёр том савтай пиво, 2 хайрцаг тамхи, 2 сав кола ундаа зэргийг авахуулаад Жигжидийн зусланд хүргүүлсэн. Жигжидийн зусланд очиход Хүрлээ найз болох Ганболдынхоо хамт тосож аваад таксины мөнгө болон нөгөө жолоочоос зээлсэн мөнгийг өгсөн. Зуслан дээр нь очиход тэр хоёр нэг жижиг зуслангийн байшинд засвар хийгээд байж байсан бөгөөд архи уучихсан халамцуу байсан. Ингээд бид нар нийлээд зуслангийнх нь байшинд ороод авчирсан архиа хувааж уусан. Тэгж байтал Ганболд согтоод суугаагаараа унтаад өгсөн ба шөнө 02-03 цагийн хооронд байхаа Мөнхцэцэгийн найз залуу нь утсаар залгаад ирж авна гэхээр нь Хүрлээ бид хоёр Хүрлээгийн гэх цагаан өнгийн Приус-30 маркын машинаар Мөнхцэцэгийг зам руу хүргэж өгсөн. Зам дээрээс Мөнхцэцэгийн найз залуу Буджав ирээд аваад явсан ба Хүрлээ бид хоёр буцаж ирээд машиныг нь байшингийнх нь гадна талд байрлуулаад буцаж байшинд ороод үлдсэн архинаасаа бага зэрэг уугаад бид хоёр нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Тэгэхэд Ганболд согтуу унтаж л байсан. Ингээд намайг босоход миний утас байхгүй болохоор нь би машины түлхүүрийг ширээн дээр байхад нь аваад гараад машиных нь зүүн талын хаалгаар орж гар утсаа хайсан боловч утас олдохгүй болохоор нь хажуу талын байшингийнх нь ард очиж бие засаад шууд зам руу гараад хот руу алхсан. Тэр хоорондоо би хүргүүлж ирсэн 80939393 дугаар руу залгахад нөгөө жолооч ах хороололд байна гэхээр нь ирээд авч чадах уу? гэхэд одоо очлоо гэсэн. Ингээд би хот руу чиглээд хэсэг алхаж байхад нөгөө жолооч маань урдаас тосож ирээд би машинд нь суугаад 100 айлд гэртээ хүргүүлсэн. Би тэр жолоочид 10.000 төгрөг болох таксины мөнгийг нь мобайл банкаар шилжүүлсэн. Ийм л асуудал болсон юм. Тэгтэл өнөөдөр өглөө Мөнхцэцэг над руу залгаад нөгөө хоёр залуугийн чинь машин нь алдагдсан байна гэж хэлэхээр нь би итгээгүй. Тэгтэл 09:00 цаг өнгөрч байхад Хүрлээгийн найз Ганболд нь над руу залгаад миний машин алга болсон байна гэхээр нь би урдаас нь тоглоод бай, би юу гэж машиныг чинь авдаг юм гэж хэлээд салгасан. Тэгтэл удалгүй цагдаагаас ярьсан тул би өөрөө энэ хэлтэс дээр ирсэн юм. Би гар утсаа хайж байсан болохоор машиных нь түлхүүрийг авч гараад утсаа хайж багаад тэр чигээрээ халааслаад явчихсан байсан. Өөр санаа зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31х/,
- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд, /хх-ийн 7-12х/,
- автомашин хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 21х/,
- шүүгдэгч О.Хийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42х/,
- ял шалгасан хуудас /хх-ийн 41х/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд Шүүгдэгч О.Хийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Ганболд нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул О.Хийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.Ганболдод ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг шүүх оногдуулав.
Шүүх О.Хэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосон хэдийч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нь 90 хоногийн дотор төлж барагдуулах болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт О.Х автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. О.Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан О.Хэд шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.Ганболд нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Хэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ