| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0441/Э |
| Дугаар | 603 |
| Огноо | 2020-07-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 603
2020 07 24 2020/ШЦТ/603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Чимгээ,
хохирогчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг,
шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811010770441 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1954 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, эхнэр, 3 хүүхэд, 6 зээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27-59 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай,
урьд нь 1981 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн шүүхийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн б зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1981 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 198 дугаар зарлигаар 1 жил 10 cap 09 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан.
1998 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ажилчны районы ардын шүүхийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж уг ялыг багтаан нийт 5 жил хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн шүүх магадлангаар 1жил 27 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
2003 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил, мөн хуулийн тусгай ангийн 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг бүгдийг багтааж нийт 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүгчийн захирамжаар 1 жил 03 cap 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэх, Боржигин овогт Д.Д
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Д.Д нь "Хятад улсаас санхүүжилт авах гэж байгаа, санхүүжилтийг оруулахын тулд мөнгө хэрэгтэй болоод байна, 3 хоногийн дараа мөнгө орж ирнэ, 3 хоногийн хугацаатай 25 сая төгрөг зээлчих 3 хоногийн дараа буцаагаад 40 сая төгрөг болгож өгнө, мөнгө бүтэх юм бол чамд 700.000 сая төгрөг зээлнэ" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Ч.Гэрлээгээс 25.000.000 төгрөгийг танил С.Нарангэрэлийн дансаар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Туул рестораны хойд талд байрлах Хаан банкны АТМ-аас өөрийн 5029933443 дансруу шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дийн өгсөн: “ Би 2017 оны 5 дугаар сард Хятад улсын компанитай барилгын бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг гэрээний хугацаа нь 2017 оны 12 сард дуусгавар болж гэрээ сунгах хэрэгтэй болсон ба энэ хугацаанд гэрээний хугацаа дууссан. Ли гуан гэх хятад хүнд би гэрээний хугацаа дууссан, тийм учраас сунгах хэрэгтэй байна гэж хэлсэн. Өмнө нь ямар ч мөнгө гаргуулаагүй, надад зохих ёсны мөнгө өг гэж хэлсэн. Тэгээд энэ гэрээг сунгаж өгч болно гэсэн. Гэрээг онлайнаар өгөхөөр тамгалаад буцаагаад явуул гэсэн. Хамаатны танил болох зах дээр ажилладаг хүнд мөнгө өгч урагшаа явуулаад, эндээс 2,3 хивс аваад явсан. Хүлээж байтал, бараа материал нь зах дээр байдаг учраас хүмүүсээс мөнгө аваад гуйгаад өгсөн ба би Нарангэрэлтэй уулзаад учраа хэлээд “надад туслах арга байна уу” гэхэд Нараа танил эгчтэйгээ ярина гэсэн. Би Гэрэлээг танихгүй. Нарангэрэл нь Гэрэлээг танидаг. Над руу утсаар ярихдаа Нарангэрэл нь “та 100 айл дээр хүрээд ир” гэсэн. Намайг яваад очиход Нарангэрэл тэнд байсан. 700.000 сая зээлнэ гэдэг нь буруу ойлгосон байна. Би надад бараа материал орж ирнэ, надад хөрөнгө оруулалтын бэлэн мөнгө орж ирэхгүй, худалдах худалдан авах гэрээгээр зээлээр авч байна гэсэн. Үүнээс мөнгөө төлөх хугацаанд та нарт мөнгө зээлж болно гэж хэлсэн. Би бэлэн мөнгө ороод ирэхэд мөнгө зээлнэ гэж хэлээгүй. Нарангэрэл нь Гэрэлээд ойлгуулахдаа их хэмжээний зээл авч байгаа гэж ойлгуулсан байсан. Сүүлд яваад очиход бараа материал яах вэ гэхэд Хятад хүн маань болохгүй гэсэн. Би нэгэнт эхэлсэн тул хоёулаа адилхан хөгшин настай хүмүүс байна гээд хамт Чян шин яваад машины үйлдвэр дээр очоод гэрээ хийлгэж өгнө, чи тэндээс машин ав гэсэн. Ингэж хэлээд гэрээгээ шилжүүлсэн. Өөр зүйл байхгүй. Би тухайн үед Гэрэлээгээс мөнгө аваад огт алга болсон зүйл байхгүй. Тухайн үедээ би бүх зүйлээ хэлж байсан. Би тэр болгонд Гэрлээг буруутгах зүйл байхгүй. Би зохих ёсоор тэрэн дээр гэмшиж явдаг. Гэрэлээ нь 25.000.000 төгрөгийг Нарангэрэлээс аваад Нарангэрэл надад гаргаж өгсөн. 7 хоногийн дараа 1.000.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Тэрнээс хойш одоо болтол үлдэгдэл мөнгийг нь өгч чадахгүй байгаа. 2020 оны 02 дугаар сард Монгол Улсад орж ирсэн. Хятадын цагаан сар дараа нь коронавирус гарсан тул мөнгөө өгч чадаагүй” гэв.
Шүүгдэгч Д.Д нь "Хятад улсаас санхүүжилт авах гэж байгаа, санхүүжилтийг оруулахын тулд мөнгө хэрэгтэй болоод байна, 3 хоногийн дараа мөнгө орж ирнэ, 3 хоногийн хугацаатай 25 сая төгрөг зээлчих 3 хоногийн дараа буцаагаад 40 сая төгрөг болгож өгнө, мөнгө бүтэх юм бол чамд 700.000 сая төгрөг зээлнэ" гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хуурч хохирогч Ч.Гэрлээгээс нийт 25.000.000 төгрөгийг иргэн С.Нарангэрэлийн дансаар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Туул” зоогийн газрын хойд талд байрлах “ХААН” банкны АТМ-аас өөрийн 5029933443 дансруу шилжүүлэн авч залилсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлгүүд,
- хохирогч Ч.Гэрлээгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2017 оны 12 дугаар сарын сүүлд “Ягшил уул” ХХК-ний захирал Д.Д нь надтай утсаар ярьж Туул ресторанд дуудсан. Тэр өдөр Нарангэрэлтэй хамт “Туул” ресторанд очиж уулзсан. Д.Д нь "Хятад улсаас санхүүжилт авах гэж байгаа, санхүүжилтийг оруулахын тулд мөнгө хэрэгтэй болоод байна, 3 хоногийн дараа мөнгө орж ирнэ, 3 хоногийн хугацаатай 25 сая төгрөг зээлчих 3 хоногийн дараа буцаагаад 40 сая төгрөг болгож өгнө, мөнгө бүтэх юм бол чамд 700.000.000 сая төгрөг зээлнэ" гэж хэлсэн. Тэгээд би итгээд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр "Эх ган" ХХК-ний данснаас интернет банкаар 20 сая төгрөгийг, 5 сая төгрөгийг охин болох Хулангийн Хаан банкны данснаас мобайлаар Нарангэрэлийн дансанд тус тус шилжүүлсэн. Догмид нь Нарангэрэлийн данснаас гаргаж авсан. Тэгээд мөнгө шилжүүлсэнээс хойш 3 хоногийн дараа Догмидын дугаар луу залгаж мөнгөө нэхэхэд "одоо өгөх гэж байна, байж байгаарай" гэнэ сүүлдээ утсаа авахаа байж байгаад, одоо өгнө гээд янз бүрээр мессеж бичээд сүүлдээ алга болсон. Би 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр найз Нарангэрэлээр дамжуулж Түвшинцэнгэл гэдэг хүнтэй танилцаад 15 сая төгрөг зээлсэн. Түвшинцэнгэл нь тухайн үед надад зээл гаргаж зохицуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд би 15 сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг Түвшинцэнгэл нь 2019 оны 04 дүгээр сарын эхэнд Нарангэрэлд өгсөн байсан ба тухайн үед Нарангэрэл нь Догмидод өгсөн байна. Догмид нь "надад Нарангэрэл, Түвшинцэнгэл нар хамаагүй, 15 сая төгрөгийг би өөрөө төлж өгөх болно" гэж баримт бичиж өгсөн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш Д.Дтой холбоо тасарсан. Одоо хүртэл холбогдож чадаагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 51х/,
- гэрч С.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2018 оны 01 дүгээр сарын эхэнд танил ах болох Д.Д надтай уулзаад би "урдаас хэдэн машин оруулах гээд байна, мөнгө хэрэгтэй байна, туслаад өгөөч" гэсэн. Тэгээд би "за тэгвэл нэг эгчдээ хэлээд олж өгье, та итгэл найдвар алдаж болохгүй шүү" гэсэн. Тэгсэн чинь Догмид "би 3-4 хоногийн дотор буцаагаад хүүтэй өгнө" гэж байсан. Тэгээд би танил эгч болох Гэрлээ гэдэг хүнийг олж өгөөд Гэрлээгээс 25.000.000 сая төгрөг авч өгсөн. Тухайн үед би Гэрлээгээс 25.000.000 төгрөгийг өөрийнхөө дансаар шилжүүлж аваад тэр өдөр нь шууд Туул рестораны хойд талд байрлах Хаан банкны АТМ-аас Догмидын өгсөн дансанд шилжүүлж өгсөн байсан. Тэрнээс хойш Догмид нь хугацаандаа мөнгө өгөөгүй ба "мөнгө бүтэхгүй байна, удахгүй ажил бүтэхээр хэлсэн тохиролцсоны дагуу мөнгийг өгнө" гээд Гэрлээ бид хоёртой уулзаад яваад байсан ба сүүлд 2019 оны 3 сараас хойш уулзахгүй алга болсон. Тэгээд холбоо тасарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 38х/,
- гэрч Б.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017 оны 12 дугаар сарын сүүлээр Догмид надад мөнгө хэрэгтэй байна гээд 22 сая төгрөг зээлсэн байсан юм. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Догмид надаас зээлсэн мөнгөө буцааж өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 46-47х/,
- Д.Доос гаргаж өгсөн 5029933443 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, 5029933443 дугаартай дансны хуулга /хх-ийн 111-113х/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Дийг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор иргэн С.Нарангэрэлээр дамжуулан хохирогч Ч.Гэрлээтэй танилцаж, БНХАУ-аас их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ, ингэхийн тулд баталгаа болгож тодорхой хэмжээний мөнгө банкинд байршуулах шаардлагатай байна гэх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 25.000.000 сая төгрөгийг иргэн С.Нарангэрэлийн эзэмшлийн “ХААН” банкны дансаар дамжуулж шилжүүлэн, гарган авч, хохирогч Ч.Гэрэлээс авсан уг мөнгийг 3 хоногийн дотор 40.000.000 төгрөг болгож буцааж өгнө, хөрөнгө оруулалт ороод ирвэл 700.000.000 сая төгрөгийн зээл олгоно гэж хэлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, залилан авч уг мөнгөө гэрч Б.Нандинцэцэгт урьд авсан мөнгөө буюу төлөх ёстой байсан өр төлбөрөө эргүүлэн төлсөн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дийн өмгөөлөгч Г.Ганхуяг гаргасан тайлбартаа: “...уг маргааны талаар урьд иргэний шүүхийн шийдвэр гарсан, одоо хүчин төгөлдөр байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тус эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий хүсэлт гаргасан болно. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд: Д.Д, Ч.Гэрэлээ нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн иргэний шүүхийн шийдвэр хавтас хэрэгт авагдаагүй байх ба шүүгдэгч Д.Дийн хохирогч Ч.Гэрлээгээс 25.000.000 сая төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэмт үйлдэл болох нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Гэрэлээд нийт 25.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байх ба уг хохирлоос 1.000.000 төгрөгийг Д.Д нь хохирогчид төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна. Иймээс шүүгдэгч Д.Доос нийт 24.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Гэрлээд олгуулахаар шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Дод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн, урьд 3 удаа шүүхээр ял шийтгүүлсэн болон 66 настай болох хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Д.Д хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг залилан мэхэлж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дод 1 /нэг/ жил хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Д.Дод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өнөөдрөөс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Доос нийт 24.000.000 (хорин дөрвөн сая) төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Гэрлээ /РД:ТИ66042006/-д олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Дод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ