Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 00150

 

 

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2017/00150

Хөвсгөл аймаг


 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотод 1968 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 22 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, РЭ68121476 дугаар регистртэй, Хариад овогт Санжхүүгийн Бадамсүрэн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 22 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, ТЖ69123125 дугаар регистртэй, эмэгтэй, Хариад овогт Ганжуурын Наранчимэг,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1971 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, төмөр замчин мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 14 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух, РЭ71112934 дугаар регистртэй, Боржигон овогт Бямбаагийн Дэмбэрэлдорж,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1968 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 22 дугаар гудамжны 06 тоотод оршин суух, ТЕ68032894 дугаар регистртэй, Онход овогт Дорлигийн Эрдэнэпүрэв нарт холбогдох

Зээлийн үлдэгдэл 15.977.355 төгрөг, зээлийн хүү 756.641, торгуулийн хүү 30.283 төгрөг, бүгд 16.764.279  /арван зургаан сая долоон зуун жаран дөрвөн мянга хоёр зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2016/01436/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундармаа, хариуцагч С.Бадамсүрэн, Д.Эрдэнэпүрэв, Б.Дэмбэрэлдорж нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын захирал Д.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Санжхүү овогтой Бадамсүрэн нь 2015 оны 3 сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бүс орон нутгийн хөгжлийг дэмжих сангаас жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, ахуйн үйлчилгээний чиглэлээр “Гал голомт гэр” төсөл дэмжигдэн зээлийн гэрээ байгуулан ХААН банкны Хөвсгөл салбараас төслийн зээл 20.000.000 /хорин сая/ төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эхний жилд улиралд зээл хүү, дараагийн жилээс зээл хүүг сар бүр тогтмол 810.000 төгрөгөөр төлж дуусгах гэрээтэй авсан. Зээлдэгч зээлээ хуваарийн дагуу төлөөгүй өнөөдрийн байдлаар хугацаа хэтрээд 193 хонож байна. Зээлийн үлдэгдэл 15.977.355 төгрөг, хүү 756.641, торгуулийн хүү 30.283 төгрөг, бүгд 16.764.279 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу 16.764.279 төгрөгийг зээлдэгч С.Бадамсүрэн, хамтран зээлдэгч Г.Наранчимэг, Д.Эрдэнэпүрэв, Б.Дэмбэрэлдорж нараас гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Бадамсүрэн, Г.Наранчимэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 03 сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын бүс орон нутгийн хөгжлийг дэмжих сангаас жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, ахуйн үйлчилгээний чиглэлээр “Гал голомт гэр” төсөл дэмжигдэн зээлийн гэрээ байгуулан ХААН банкны Хөвсгөл салбараас төслийн зээл 20.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эхний жилд улиралд зээл хүү, дараагийн жилээс зээл хүүг сар бүр тогтмол 810.000 төгрөгөөр төлж дуусгах гэрээтэй авсан. Зээлийн үлдэгдэл 15.977.355 төгрөг, хүү 756.641, торгуулийн хүү 30.283 төгрөг, бүгд 16.764.279 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч С.Бадамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ХААН банкны Хөвсгөл салбараас 2015 оны 3 дугаар сард төслийн зээл авсан нь үнэн. Миний хамтран зээлдэгчээр Д.Эрдэнэпүрэв, Б.Дэмбэрэлдорж, Г.Наранчимэг нар нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Надад үл хөдлөх хөрөнгө байхгүй байсан учраас Б.Дэмбэрэлдоржийн үл хөдлөх хөрөнгө, Д.Эрдэнэпүрэвийн хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус барьцаалсан. Би зээлж авсан 20.000.000 төгрөгөөр гэрийн материал болоод эсгий, хана авсан бөгөөд 2 сард 1 гэр зарж байсан учраас олсон орлого маань юм болохгүй байсан. Зээлийн гэрээ байгуулаад эхний жил зээлийн эргэн төлөлт бага байсан ч 2 дахь жилээс үндсэн зээлээ шахаж, сард 810.000 төгрөг төлөх нь надад бэрхшээлтэй байсан. Эдийн засаг хямарч, борлуулалт муудсан. Хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сард 500.000 төгрөг төлөөд, түүнээс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй юм. ХААН банкнаас намайг зээлийн эргэн төлөлтийг төлөх чадваргүй болсон гэдэг. Миний авсан тухайн зээлээс Д.Эрдэнэпүрэв, Б.Дэмбэрэлдорж нар хэрэглээгүй. Г.Наранчимэг нь миний гэр бүлийн хүний хувьд зээлийн гэрээнд гарын үсэг зурсанаас биш тус зээлд хамааралгүй юм. Ийм учраас тус зээлийг гэр бүлийн хүн Г.Наранчимэг бид хоёр төлнө. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчтэй ярилцаад тухайн үлдэгдэл зээлээс 6.764.279 төгрөгийг 2017 оны 6 дугаар сард, 10.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сард тус тус төлж барагдуулахаар тохирсон гэв.

Хариуцагч Б.Дэмбэрэлдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би С.Бадамсүрэнгийн зээлээс нэг төгрөг ч өөртөө аваагүй учраас зээлийг хамтран төлөхгүй. Зээл авахдаа намайг үл хөдлөхийн гэрчилгээгээ өгөөч удахгүй өгнө гэхээр нь өгөөд явуулсан. Тэгээд банкнаас дуудахаар нь очиж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Иймд С.Бадамсүрэн, Г.Наранчимэг нар нь тус зээлийг төлж барагдуулна гэв.

Хариуцагч Д.Эрдэнэпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайдбартаа: Би С.Бадамсүрэнгийн зээлийн мөнгөнөөс 1.000.000 төгрөг авсан. Өөр мөнгө аваагүй. С.Бадамсүрэн намайг хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гэсэн болохоор л гарын үсэг зурж өгсөн. Би С.Бадамсүрэнтэй хамтран ажиллах байх гэж бодсон ч хамтран ажиллаагүй. Иймд би С.Бадамсүрэнгээс авсан 1.000.000 төгрөгийг С.Бадамсүрэнд өөрт нь төлж барагдуулна, банкнаас нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1981 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, ХААН банкны Хөвсгөл салбарт эдийн засагч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 25 дугаар гудамжны 18 тоотод оршин суух, РЛ81010704 дугаар регистртай, Онход овогт Эрдэнийн Ундармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Бадамсүрэн нь 20.000.000 төгрөгийн зээлийг 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 15/562 дугаартай зээлийн гэрээгээр 36 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор авсан. Хамтран зээлдэгчээр Д.Эрдэнэпүрэв, Б.Дэмбэрэлдорж, Г.Наранчимэг нар гарын үсэг зурсан. 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй. С.Бадамсүрэн нь 2016 оны 05 сараас зээлийн хугацаа хэтрэлтээс гарч чадахгүй байсаар 2016 оны 08 сард 800.000 төгрөг хийсэн. Зээлийн эргэн төлөх хугацаа 193 хоногоор хэтэрсэн байна. Хугацаа хэтрэлтийг 5 сар буюу 150 хоногоор хэтрүүлэхэд нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар мэдэгдэж, зээл хаах мэдэгдлийг 3 удаа хүргүүлсэн. Би С.Бадамсүрэнг хугацаа хэтрэлтийн 6.000.000 төгрөгийг төлөөд, цаашид графикийнхаа дагуу зээлээ хугацаанд төлөх боломжтой байна гэдгийг хэлж байсан. Хэрвээ хугацаа хэтрэлтээс гарсан бол шүүхээр шийдүүлэх шаардлага байгаагүй. Үйл ажиллагаа явуулж байсан бол зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулаад хугацаа хэтрэлтээс гарах боломжтой байсан. Энэ тухай би удаа дараа хэлж байсан. С.Бадамсүрэн нь орлогын эх үүсвэргүй болж, үйл ажиллагаа нь зогссон, ямар орлогын эх үүсвэрээр зээлээ эргэн төлөх нь тодорхойгүй байгаа юм. Мөн С.Бадамсүрэн зээлээ төлөх ямар ч сонирхолгүй байсан. Одоо үндсэн зээл 20.000.000 төгрөгөөс 3.235.731 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 16.764.269 төгрөгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нь багтаж байгаа юм. Зээлийн гэрээнд дөрвүүлээ гарын үсэг зурсан байгаа учраас бүгд нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулах ёстой. Хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийнхээ адил үүрэг хүлээдэг юм. Үндсэн зээлдэгч орлогогүй болсон тохиолдолд хамтран зээлдэгчээс зээлийг төлүүлэх зорилгоор хамтран зээлдэгчийг зээлийн гэрээнд татан оролцуулдаг. Д.Эрдэнэпүрэв, Б.Дэмбэрэлдорж нарыг эрх үүрэгтэйгээ танилцаад хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан гэж бодож байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Дэмбэрэлдорж нь С.Бадамсүрэн зээлээ төлөөгүй тохиолдолд би үл хөдлөх хөрөнгөө зарж, зээлийг төлөх болно гээд гарын үсэг зурсан байдаг.

Гэвч С.Бадамсүрэн, Г.Наранчимэг нарын зээл төлж банкыг хохиролгүй болгоно, Д.Эрдэнэпүрэв, Б.Дэмбэрэлдорж нараас зээлийн төлбөр гаргуулахгүй гэсэн тайлбарыг зөвшөөрч байна. Хариуцагч С.Бадамсүрэн, Г.Наранчимэг нар зээлээс 6.764.279 төгрөгийг 2017 оны 6 дугаар сард, 10.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сард тус тус төлж барагдуулахаар болж тохирсон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар нь хариуцагч С.Бадамсүрэн, Г.Наранчимэг, Б.Дэмбэрэлдорж, Д.Эрдэнэпүрэв нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 15.977.355 төгрөг, хүү 756.641, торгуулийн хүү 30.283 төгрөг, бүгд 16.764.279  /арван зургаан сая долоон зуун жаран дөрвөн мянга хоёр зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч нарын тайлбарыг харгалзан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Дэмбэрэлдорж, Д.Эрдэнэпүрэв нарыг хариуцагчаас татгалзан, зээлийн төлбөрийг хариуцагч С.Бадамсүрэн, Г.Наранчимэг нараас гаргуулахыг зөвшөөрсөн байна. Мөн тус зээлээс 6.764.279 төгрөгийг 2017 оны 6 дугаар сард, 10.000.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сард тус тус төлж барагдуулна гэсэн хариуцагч С.Бадамсүрэн, Г.Наранчимэг нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тухайн цаг хугацаанд төлүүлэхийг зөвшөөрч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бадамсүрэн, Г.Наранчимэг нараас 241.771 төгрөгийг гаруулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын зээлийн үлдэгдэл 15.977.355 төгрөг, хүү 756.641, торгуулийн хүү 30.283 төгрөг, бүгд 16.764.279  /арван зургаан сая долоон зуун жаран дөрвөн мянга хоёр зуун далан ес/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч С.Бадамсүрэн, Г.Наранчимэг нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Бадамсүрэн, Г.Наранчимэг нараас улсын тэмдэгтийн хураамж 241.771 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА