Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 065

 

 

              Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлах “Думан” 10 айлын орон сууцны оршин суугчид Х.Б-, З.Л-, З.Б- нарын нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Засаг даргад холбогдох;

             “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/57 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Л-, нэхэмжлэгч З.Б-, нэхэмжлэгч З.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х-, нэхэмжлэгч Х.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандат, гуравдагч этгээд Б.Г-, түүний өмгөөлөгч С.Алтай, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Х.Б-, З.Л-, З.Б- нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгч З.Л-, З.Б- нар  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч З.Л-, З.Б-, Х.Б- бидний оршин сууж амьдарч буй 2 давхар 10 айлын орон сууцны баруун талд Б.Г- гэгч иргэний мэдлийн 5 давхар орон сууцны зориулалттай гэх барилга энэ хавраас буюу 2018 оны 04 дүгээр сараас эхлэн баригдаж эхлээд байгаа юм. Анх барилгын суурь тавигдан барьж эхлэн үед манай байрны оршин суугчид бид барилга барьж буй хүмүүст очиж барилга барих журам зөрчигдөж байгаа тухай бариулж буй эзэнд нь хэлэхийг шаардсан. Тэр үед уг барилгын эзэн нь хотын хүн гэх мэтээр нууж байсан. Гэтэл Б.Г- болохыг мэдээд уулзсан. Б.Г- нь барилга хоорондын зай нь стандарт хэмжээг зөрчсөн нь үнэн,өөрчилж засах болно гэсэн. Удаагүй аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэргэжилтнүүд ирж хэмжилт хийж барилгын ажлыг зогсоосон юм. Бидний шаардлагаар барилгын зөрчилтэй байдал арилах хандлагатай байтал 5 дугаар сарын эхээр барилгын ажлыг дахин эхлүүлсэн. Бид Б.Г-д “Барилгын хоорондын зай ойрхон байна. Стандарт хэмжээнд тохирохгүй байгаагаас манай байрнуудын цонхоор нарны гэрэл тусахгүй байна. Харанхуйд амьдарч байна. Хоорондын зайг холдуулж барь” гэж шаардаж хэлсэн. Гэтэл Б.Г- нь биднийг үл хүндэтгэн харьцаж, хэлдэг газартаа хэл гэсэн. Бид Засаг даргад хандахад “аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл, гомдлоо гарга” гэсэн. Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандахад улсын байцаагч Ө.Асылбек нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр №04-07-035/165 дугаартай “Барилгын тухай” улсын байцаагчийн дүгнэлтийг бидний өргөдлийн хариуд өгсөн. Уг дүгнэлтэд Б.Г-ы бариулж буй барилга нь “Барилгын тухай хуулийн хэд хэдэн заалтуудыг зөрчиж байгаа тул зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүл” гэсэн утгатай бичигдсэн байна. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Барилгын норм ба дүрэм батлах тухай” 418 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт”-ийн 4.1-д “Орон сууцны барилгыг хүн амд аюулгүй, тохь тухтай амьдрах нөхцөл бүрдсэн,  орчны эрүүл ахуйн шаардлагыг хангасан, дэд бүтэц, усны эх үүсвэр бүхий нутаг дэвсгэрт, батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу байрлуулж, тохирлын гэрчилгээтэй барилгын материал, эдлэхүүнээр барина. Орон сууцны барилга нь сууцны архитектурыг агуулсан байхаас гадна байгаль орчинд хоргүй, хот байгуулалтын цогц шаардлагыг хангасан ирээдүйд шинэчлэн өргөтгөж болохоор тооцож төлөвлөсөн байвал зохино” гэж заасан. Үүнээс харахад бидний тав тухтай амьдрах нөхцөл маань алдагдаж байгаа. Яагаад гэвэл энэ барилга 24 цагийн турш ажиллаж байна, шөнө дундуур чимээтэй, бид нарын амгалан тайван байдлыг алдагдуулж  байна. Зун ирэхэд манай байрны цонхыг хааж, тоосго буулгасан байсан учраас би зургийг аваад та биднийг арай дээрэлхэж байна гэж Б.Г-д хэлсэн.  Зургууд бүгд байгаа. Мөн дээрх тушаалын 4 дүгээр хавсралтад барилгын тууш тал, хөндлөн талын хоорондын болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хоорондох зай 10 м байх ёстой гэж заасан байгаа. Гэтэл одоо хоорондын зай 5 метрт хүрэхгүй, манай байрны цонхоор нар тусахгүй байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г-ы 2018 оны А/57 дугаартай захирамжийг  хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Х.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэгч З.Л-гийн хэлснээр сүүлийн нэг сард барилга 24 цаг ажиллаж байгаа. Бид хоёр хүүхэдтэй, өдөр хүүхдүүд маань унтахгүй байгаа ба шөнө ч гэсэн бидний амар тайван байдлыг алдагдуулаад байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Нэхэмжлэгч З.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн  Засаг даргын  2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/57 дугаар захирамж нь “Зориулалт өөрчлөн газар эзэмшүүлэх тухай” гэсэн захирамж байгаа. Тухайн үед аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 248  тоот албан бичгээр бидэнд хариу өгсөн. Уг албан бичигт “...Аймгийн Засаг даргын 2018 оны А/57 тоот захирамжийн дагуу мэргэжлийн байгууллагаар зураг төслийг хийлгэж, экспертизээр батлуулан, хууль, журмын дагуу барилга эхлэх зөвшөөрөл авч, нийтийн орон сууцны барилга барьж байгаа ба уг барилга нь та бүхний амьдарч байгаа барилга хоорондын зай  БНбД 30-01-04-ээр нэг талдаа цонхгүй төлөвлөгдсөн тул 4.8 метр байх ёстойгоос  5.25 метр болж дүрмийн шаардлагыг бүрэн хангаж байна” гэсэн байсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04-07-035/162 гэсэн дүгнэлтэд “Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэг,14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасныг  тус тус зөрчиж байгаа тул дээрх зөрчлүүдийг арилгуулах арга хэмжээг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна” гэжээ. Дараа нь архитектор Г.Мандатын тайлбарыг  үндэслэн аймгийн Засаг дарга тайлбар гаргасан бөгөөд уг тайлбарт үндэслэлтэй гарсан, төлөвлөгөөнд орсон учраас ерөнхий архитекторын дүгнэлтийг үндэслэн газрын зориулалтыг өөрчилж өгсөн. Тийм учраас нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байгаа. Мөн архитектор Г.Мандатын тайлбар байгаа. Орон сууц барих байршлыг тогтоож өгсөн, үүний дагуу зураг төсөл хийлгэж, улсын экспертээр зураг төслийг батлуулан зохих журмын дагуу зөвшөөрөл олгосон байгаа. Энэ нь хууль, дүрмийн дагуу явагдаж байгаа ба уг барилгын “Думан” 10 айлын орон сууцны тал нь цонхгүй тул 5.25 м  гэсэн зай нь нормын  шаардлагыг хангаж байгаа гэсэн байдалтай бичсэн байгаа. Г.Мандатын бас нэг тайлбарт “... байршлын зургийг сумын архитектор үйлдэх ёстой ба одоогоор тийм орон тоо байхгүй тул байршлын зургийг би хийсэн,зурагт  хоорондын зайг 4 метрээр тусгасан  нь техникийн алдаа...” гэсэн байгаа. Тийм учраас энэ хүн бол жинхэнэ үндэстэй тайлбар гаргасан.

Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/57 тоот захирамж нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтыг зөрчиж байгаа гэсэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлттэй нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувьд санал нэгтэй байгаа. Аймгийн Засаг даргын захирамж нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан “Зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэснийг зөрчсөн, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх” гэснийг тус тус зөрчиж байгаа. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ” гэснийг Засаг дарга мөн зөрчиж байгаа юм. Барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх ашиг сонирхлыг зөрчсөн. Мөн иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбоотой үүсэх эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн. Тийм учраас “Думан” 10 айлын орон сууцанд амьдарч байгаа эдгээр гурван айл харанхуй подвалд амьдарч байгаа, нарны гэрэл тусахгүй  эрх ашиг нь зөрчигдөж байна. Орон сууцны барилга нь хүний тав тух, аюулгүй байдлыг хангасан байх ёстой боловч энэ асуудал хангагдаагүй байхад газар олгосон, түүнээс болж иргэн Б.Г- нь 5 давхар барилга барьж байгаа бөгөөд 3 давхар нь баригдсан. Иймд дээрх байдлаар аймгийн Засаг даргын захирамж нь хууль зөрчсөн тул Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/57 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 тоот тушаалын 7.1.6-д “Газар ашиглалтын зориулалт өөрчлөх” гэж заасныг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/57 дугаар захирамжаар иргэн Б.Г-ы урьд эзэмшиж байсан 514 м.кв газрын зориулалтыг өөрчлөн нийтийн орон сууцны зориулалтаар барилгын ажлыг бүрэн дуусаж ашиглалтад орох хүртэлх хугацаатайгаар эзэмшүүлсэн ба шинээр газар олголт хийгдээгүй болно. Уг газар нь аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлд тохирч байгаа эсэх талаар аймгийн ерөнхий архитекторын саналыг авч зориулалт өөрчлөх тухай шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандат  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Аливаа барилгын ажлын хувьд аймгийн ерөнхий архитектораас  ерөөсөө дангаараа шийдвэр гаргаагүй, миний бие энэхүү маргаан бүхий барилгын байршлыг тогтоохдоо 8 эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудтай зөвшилцсөний үндсэн дээр баталгаажуулсан юм. Дээрх байгууллагын албан тушаалтнуудын аль нэг нь гарын үсэг зурахгүй байвал би батлах эрхгүй, бүгд гарын үсэг зурсны дараа би баталж байгаа юм. Нэмж аймгийн ерөнхий архитектораас төлөвлөлтийн даалгавар өгч байгаа ба тухайн барилга, байгууламжийг барихад ямар норм, дүрэм байх ёстой вэ бүгдийг нь нэг бүрчлэн бичээд,тэгээд зургийн байгууллагад даалгавар болгон өгч байгаа. Энэ бүхнийг үндэслэн иргэн Б.Г-ы барилгын зураг төслийг зохих норм, дүрмийн  дагуу төлөвлөөд экспертээр батлуулсан. Ингээд гуравдагч этгээд Б.Г- нь зохих зөвшөөрлийн үндсэн дээр барилга барьж байгаа юм.  Барилгын хувьд  тухайн байршлыг шийдэхдээ аймгийн ерөнхий төлөвлөгөөг үндэс болгосон. Аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2015 онд батлагдсан бөгөөд аймгийн төвийн “А”  бүс  гэж нэрлэж байгаа төв хэсэгт орон сууц, олон нийтийн  барилга барихыг зөвшөөрч байгаа. Иргэн Б.Г- Монгол улсын Үндсэн хуульд заасан эрхийн дагуу газар эзэмшиж байгаа ба түүний уг газартаа барилга барих хүсэлтийг нь судалж байгаад бид нар дэмжсэн. Б.Г-ы барьж буй нийтийн орон сууцны зориулалттай барилга нь орчны газрын хамт дараа нь нийтийн эдэлбэрт шилжинэ. Түүний өөрийн эзэмшил, өмчлөлд үлдэхгүй, энэ бол аймгийн оршин суугчид,  иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх гэж аймгаас бодлогоор дэмжиж байгаа явдал юм.  Б.Г-ы энэ барилга нь тэнхлэгээрээ 19 метр, зөвшөөрсөн газрын урт нь 24.63 метр, энэ хоёрын зөрүү нь 5.63 метр болж байна. Тодруулбал, Б.Г-ы газрын хамгийн захад нь шахаж барилга барихад хоёр барилгын хоорондох зай нь 5.63 метр гэж гарч байгаа. 5.63 метрээс барилгын хананы зузааныг хасахад 5.25 гэсэн зай үлдэж байгаа. Иймээс газрынхаа захад нь шахаж барьж байгаа нь энэ юм. Үүнээс цааш шахах юм бол бусдын эзэмшил газарт орох гээд байна.  Тийм учраас эдгээр нөхцөл байдлыг харгалзан 30-01-04 гэсэн “Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дэх хүснэгтэд гал тэсвэршилтийн 1,2 дугаар зэрэгт хамаарах  барилга хоорондын зай 6 метр байх галын нормыг баримталсан.  Заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын тайлбар дээр нэг талдаа цонхгүй барилга байх юм бол гал тусгаарлах хамгаалалтын зайг 20 хувиар бууруулж болно  гэснийг үндэслэл болгоод 6 метрээс 12,15 хувиар бууруулаад 5.25 метрт барьж байгаа юм.  Мөн нэхэмжлэгчийн хэлж байгаа Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 418 дугаар тушаалаар баталсан “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт”-ийн нормыг  бид нар тухайн үед харгалзан үзэж байсан. Үүнд барилга хоорондын зайн хэмжээг 12 дугаар хүснэгтийн 3 дахь хэсэгт “орон сууцны  цонхгүй хөндлөн хануудын хооронд галын нормоор тогтооно” гэснийг баримталсан. Учир нь  тухайн “Думан” 10 айлын орон сууцны барилга  нь 1978 онд ахуйн үйлчилгээний зориулалтаар баригдсан үйлдвэрийн барилга юм. Энэ нь орон сууцны зориулалтаар, зураг төсвөөр баригдаагүй барилга байдаг ба үйлдвэрийн барилгыг дотор талаас нь  ханыг өөрчилж, хууль зөрчиж ашиглалтад авсан.  Б.Г- орон сууц барьснаас болж “Думан” 10 айлын оршин суугчдын  эрх ашиг нь зөрчигдөж байгаа бус ер нь  бол үйлдвэрийн барилгын зориулалтыг өөрчилснөөр тухайн оршин суугчдын эрх ашиг  нь зөрчигдөж байгаа. Тийм учраас Б.Г- барилга барьсан асуудлаас болоод барилга хоорондын зай болон норм ,дүрэм зөрчсөн асуудал байхгүй. Ингэж төлөвлөснөөр тухайн барилгын оршин суугчдын цонхоор тусах нарны  тусгалын үргэлжлэх хугацаа зөрчигдөөгүй,харин гэрэлтүүлэг, нарны тусгалын хувьд норм, дүрмийг хангаж байгаа юм. 1.5 цаг байх ёстой ба энэ нь шинжээчийн дүгнэлтээр гарсан байна гэв.

            Гуравдагч этгээд Б.Г- шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/57 тоот шийдвэрээр Өлгий сумын 11 дүгээр баг, Бүркит, Яармаг-1 гудамж, 100 тоотод 514 м.кв газрыг нийтийн орон сууц барих зориулалттайгаар, эзэмших эрхээр №000684601 тоот гэрчилгээ авсан юм. Уг 514 кв.м газрыг  “нийтийн орон сууцны зориулалтаар барилгын ажлыг бүрэн дуустал” гэж А/57  тоот захирамжид тусгасан бөгөөд өмнөх зориулалтаар олгосон А/383 тоот захирамжийг хүчингүй болгосон юм. Нэгэнт барилга барих зориулалтаар газрын зөвшөөрөл авсан тул  орон сууц барих газрын схем, кадастрын зураг төслийг аймгийн ерөнхий архитектор Г.Мандатаар батлуулж, Өлгий сумын Засаг дарга, Онцгой байдлын гал түймрийн алба, Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч, байгаль орчин, геодези зураг зүйн улсын байцаагч, Дулааны шугам сүлжээний алба, Цахилгаан шугам сүлжээний албаны ажилтан, инженерүүд, ус сувгийн ашиглалтын ерөнхий инженер, мэдээлэл холбооны ерөнхий инженер, Өлгий сумын архитектор, Өлгий сумын газрын даамал болон бусад холбогдох албан тушаалтнууд барилга барих газрын байршил, барихад саад болох, эсрэг нөлөөлөх, харшлах зүйл байгаа эсэхийг өөрсдийн албаны үйл ажиллагааны чиглэлээр хянаж үзээд барилгыг барихад татгалзах зүйлгүй байна гэж зөвшөөрч, гарын үсгээ зурцгааж, тамга тэмдгээ дарцгаасан билээ. Би өөрийн эзэмшил газартаа барилга барих зөвшөөрлийн 01 дугаарын гэрчилгээг аймгийн Засаг даргаас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр авснаар барилга барих ажлыг эхлүүлсэн юм. Би 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өмнө нь гэрээ хийж тохиролцсон, барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй “Эко Сентури” ХХК-аар  барилгаа бариулж эхлүүлсэн юм. Энэ өдрөөс эхлээд өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн байгууллага, албан тушаалтан, иргэдээс энэ барилга буруу газарт, буруу байршлаар баригдаж байна гэж эс зөвшөөрсөн, албан бичгээр болон амаар ирж барилгын ажлыг зогсоосон, эсвэл зогсоохыг шаардсан явдал байгаагүй. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Т.Нурлан, Т.Индра, Б.Энхбаяр болон барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ө.Асылбек нарын албан тушаалтнуудаас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №04-07-035/125 тоот шаардлага ирсэн. Би аймгийн Мэргэжлийн хяналтын газарт уг барилга барих объектыг үзэж, ямар нэгэн зөвшөөрөхгүй байдал байгаа эсэхийг хянаж өгөхийг хүссэнээр дээрх шаардлагыг ирүүлсэн. Энэ шаардлагад зөвхөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр болон зарим нэг дутуу бичиг баримтыг нөхөх тухай заавар зөвлөгөө өгсөн байсан ба барилгыг энэ газарт барьж болохгүй гэсэн талаар хориглосон зүйл яриагүй, мөн шаардлагад тэр тухай бичээгүй юм. Барилга барих байршлын схем зурагт баригдах барилгыг нэхэмжлэгчдийн барилгаас 4 метрийн  зайтайгаар барихыг тусгаж өгсөн байгаа. Гэхдээ би барилгыг нэхэмжлэгчдийн байшингаас газрынхаа боломжийг ашиглан 5 метрийн зайтай барьсан юм. Нэхэмжлэгч нарын тавьж байгаа зарим асуудал зөв, би ч гэсэн тийм байранд амьдарсан бол тэд нарын адил гомдол гаргах байсан. Яагаад гэвэл “Думан” 10 айлын орон сууц нь архитекторын хэлснээр үйлдвэрийн зориулалттай, цонхыг нарны тусгалаас хамгаалсан барилга байгууламж учраас нар гүйцэд тусахгүй байгаа юм. Одоо барилгын ажил  маань 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд 5 давхрыг босгосон,  дотор засал чимэглэлийн ажилд орж бараг дуусаж байгаа юм. Энэхүү 5 давхар 15 айлын орон сууцыг барьснаар машины зогсоол болон хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам ,гарц зэрэг  нь зураг төслөөр гүйцэтгэгдэнэ. Энэ нь манай оршин суугчид болон Өлгий сумын ард түмэнд ашигтай юм.Харин би зарим нэхэмжлэгч нарын барилгын ажлыг 24 цагаар явуулж байгаа гэсэн тайлбарыг сайн ойлгохгүй байна. Би  24 цагаар ажиллаж байгаагүй, тэгж ажиллах боломжгүй, 24 цагаар ажиллах гэрэл ч байхгүй, өглөөний 8 цагаас оройн 19 цагийн хооронд ажилладаг нь үнэн.  Маргааныг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч  С.Алтай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны А/57 захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн байна. Уг захирамжийн улмаас хэний эрх ашиг зөрчигдсөн бэ гэж асуухад, нэхэмжлэгч нар манай байранд нар тусахгүй байгаа, нар тусахгүй байгаагаас эрх зөрчигдөж байна гэсэн. Холбогдох 8 байгууллага өөр өөрсдийн чиглэлээр зөвшөөрлөө өгснөөр гуравдагч этгээд Б.Г- нь  барилга барьж эхэлсэн, одоо дуусах дөхөж байгаа. Нэхэмжлэгч тал нар тусахгүй байгаа гэдэг талаас нь тайлбарлаж байгаа. Гэхдээ нар тусаж байгаа эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоодог, шинжээч дүгнэлт гаргаж ирүүлснийг оролцогч нар бүгд танилцсан. Нарны тусгалын үргэлжлэх хугацаа нь хангалттай байгаа гэж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан, хариуцагч болон нэхэмжлэгч тал мэдсээр байж энэ нь буруу байна, дахин шинжээч томилж, дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаагүй учраас шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээс өөр арга байхгүй байна. Харин энэ тохиолдолд нар тусахгүй байна, бидний эрх ашиг зөрчигдөж байгаа гэсэн нэхэмжлэгчийн нарын тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч тодорхой тайлбарлаж хэлсэн, ер нь шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гаргах ёстой. Нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрх тодорхой харагдахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Б-, З.Л-, З.Ботакез нарын  “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/57 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт болох аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/57 дугаар  захирамжаар[1] Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай, гуравдагч этгээд Б.Г-ы өмнө нь амины орон сууцны зориулалтаар эзэмшиж байсан  514 м.кв газрын зориулалтыг нь  өөрчилж,  нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байна.   

 Нэхэмжлэгч нар уг захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Бидний оршин сууж амьдарч буй орон сууц болон түүний баруун талд иргэн Б.Г-ы барьж буй 5 давхар орон сууцны зориулалттай гэх барилга хоорондын зай ойрхон, стандарт хэмжээнд тохирохгүй байгаагаас манай байрны цонхоор нарны гэрэл тусахгүй,  эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна” гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас[2] үзэхэд нэхэмжлэгч З.Л-, З.Б- нар нь Өлгий сумын 11 дүгээр багт байршилтай, “Думан” 10 айлын орон сууцны 10, 04 тоотуудын өмчлөгч, нэхэмжлэгч Х.Б- нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээ аваагүй боловч тухайн орон сууцны 05 тоотод  байнга оршин суудаг,  “Думан” 10 орон сууцны  барилгын дэвсгэр газар нь “Думан” ХХК-ийн эзэмшлийнх байна.

Энэхүү “Думан” 10 айлын орон сууцны барилгын зэргэлдээ орших 514 м.кв газрыг  гуравдагч этгээд Б.Г- нь “Думан” ХХК-тай /захирал Х.Аманкелди/  газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар  гэрээ байгуулснаар уг газрыг түүнд  аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/383 дугаар захирамжаар амины орон сууцны зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн, харин маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээдийн энэхүү А/383 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг  зөвхөн зориулалтыг нь өөрчлөн эзэмшүүлсэн,  уг 514 м.кв  газарт гуравдагч  этгээд нь 19 х 12 хэмжээтэй, 5 давхар, нийтийн орон сууцны зориулалттай барилга барихаар барилгын ажлын зөвшөөрлийг эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргаас авсан,  уг барилгыг байршлын хувьд нэхэмжлэгч нарын амьдарч буй орон сууцны барилгын хананаас 4,8-4,9 м зайтай барьж байгаа болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[3] тус тус тогтоогдсон болно.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч талаас “барилга хоорондын зай ойрхон, стандарт хэмжээнд тохирохгүй байгаагаас манай байрны цонхоор нарны гэрэл тусахгүй байна” гэж маргасан боловч  маргаан бүхий захиргааны акт болох гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн  захирамж нь  нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамжийн улмаас ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг нэхэмжлэгч  тал  тодорхойлоогүй, харин гуравдагч этгээдийн маргаан бүхий захирамжаар эзэмшсэн газартаа барьсан барилгын байршлын  улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол  зөрчигдсөн гэж маргаж байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээд Б.Г-д газар эзэмшүүлсний улмаас нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй  орчинд амьдрах  эрх,хууль ёсны  ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл байхгүй  байна. Түүнчлэн нэхэмжлэгч талын  “барилга хоорондын зай ойрхон, стандарт хэмжээнд тохирохгүй байгаагаас манай байрны цонхоор нарны гэрэл тусахгүй байна” гэх маргааны хувьд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд[4] нэхэмжлэгч нарын амьдран суух өрөө, тасалгаанд тусах нарны тусгалын үргэлжлэх хугацаа 1 цаг 55 минут байгаа нь энэ талаарх норм, дүрмийн шаардлагыг хангаж байгаа гэж дүгнэснийг дурдах нь зүйтэй байна.

Үүнээс гадна иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон харилцааг Газрын тухай хуулиар, барилгын ажил гүйцэтгэх, барилгын ажлын зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг Барилгын тухай хуулиар тус тус зохицуулсан ба нэхэмжлэгч талын маргаан бүхий захирамжаар эзэмшүүлсэн газарт гуравдагч этгээдийн  барьж буй барилгын  байршлын улмаас эрх зөрчигдсөн, тухайн барилга нь  Барилгын тухай хуулийн холбогдох заалтуудыг  зөрчиж байна гэх энэхүү үндэслэл нь  Газрын тухай хуулийн дагуу  газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Мөн маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээдэд 514 кв.м газрыг эзэмшүүлсэн нь  Газрын тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3-т ”Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй, уг захирамж нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 27 дугаар зүйлийн 27.1-т заасантай тус тус нийцсэн захиргааны акт байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс  захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй  эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан, маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй болох юм.

Иймд гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, уг шийдвэр нь хуульд нийцсэн байх тул  “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/57 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Газрын тухай  хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/57 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.ЕРКЕШ

 

 

 

 


[1]Хэргийн 58-р хуудас

[2]Хэргийн 97-99, 109,121,122-132-р хуудас

[3]Хэргийн 51-54,64, 152-159,177-178-р хуудас

[4]Хэргийн 177-178-р хуудас