Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0011

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Х.Н-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Б

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Л

Илтгэсэн шүүгч Н.Х

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

Нэхэмжлэгч Х.Н

Хариуцагч ШШГЕГД

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн **** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ээлжийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, дэслэгч цолыг сэргээхийг хариуцагчид даалгах, цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 665 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б

Хэргийн индекс: 128/2021/00595/З       

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн **** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ээлжийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, дэслэгч цолыг сэргээхийг хариуцагчид даалгах, цалингийн зөрүү гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 665 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Маргаан бүхий захиргааны актын утга, агуулгын илэрхий алдааг шүүх засварласан тухайд

3.1.1. Бид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болон нэмэлт тайлбар гаргахдаа маргаан бүхий захиргааны акт нь утга, агуулгын хувьд илэрхий алдаатай болох тухай тайлбар гаргасан. Тодруулбал, маргаан бүхий захиргааны актыг “Х.Н албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” гэж гаргасан бөгөөд тушаалын нэг дэх заалтад “... албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, цэргийн ахлах ахлагч цол олгосугай” гэж заасан. Гэвч тушаалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.3.3 дахь заалт буюу сахилгын шийтгэл ногдуулах бус ажлын үр дүнг үндэслэн албан тушаал бууруулах заалтыг үндэслэл болгосон. Иймд хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулсан эсэх эсвэл ажлын дүнгийн үнэлгээг үндэслэн шийдвэр гаргасан эсэх нь тодорхой бус, утга агуулгын алдаатай байсан.

3.1.2. Шүүх энэ талаар дүгнэлт өгөхдөө “Албан тушаал бууруулахдаа сахилгын шийтгэлийн төрөл гэдгээр биш, өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж томилохоор шийдвэрлэсэн ... Тушаалын тэргүүг ... сахилгын шийтгэл ногдуулах тухай” хэмээн, тушаах хэсгийн 1 дэх заалтад мөн “... сахилгын шийтгэл ногдуулж гэж бичсэн нь алдаатай хэдий ч ... тушаалын агуулга нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл, баримталсан хуулийн заалтад нийцсэн, өөрөөр хэлбэл дээрх бичиглэлийн алдаа нь тушаалыг хүчингүй болгохоор утга агуулгын илэрхий алдаа биш, хариуцагч өөрийн шийдвэрээр засах боломжтой гэж үзлээ” гэх дүгнэлтийг хийсэн. Энэ нь дарааах байдлаар тус тус үндэслэлгүй, хууль бус дүгнэлт болсон гэж үзэж байна.

3.1.3. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтуудыг зөрчсөн тухай:

Захиргааны актын илэрхий алдааг засах харилцааг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зохицуулсан. Үүнд: “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг ... захиргааны байгууллага ... засах эрхтэй бөгөөд засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан. Иймд хэрэв захиргааны акт алдаатай гарсан гэж үзвэл хариуцагч өөрөө засварлах юм. Харин шүүхэд захиргааны актын алдааг засах, зөвтгөх эрх мэдэл хуулиар олгогдоогүй. Учир нь захиргааны актын алдааг засах нь өөрөө захиргааны чиг үүрэг учир шүүх эрх мэдэл түүнийг хэрэгжүүлэх ёсгүй. Хариуцагчийн зүгээс захиргааны актын илэрхий алдаатай гэж үзэж засах шийдвэр гаргаагүй атал шүүх түүний өмнөөс тийнхүү агуулга бүхий дүгнэлт хийж, шийдвэр гаргаж байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн хэрэг юм. Шүүхийн шийдвэрийн дээрх дүгнэлтэд “... алдааг ... хариуцагч өөрийн шийдвэрээр засах боломжтой гэж үзлээ” гэсэн мөртлөө хариуцагчаас тийм шийдвэр гараагүй байхад шүүх актын алдааг засаад явсан. Энэ нь шүүхийн дүгнэлт дотоод зөрчилтэйг харуулж байна. Тодруулбал, шүүх “захиргааны актын алдааг хариуцагч өөрөө засна” гэсэн боловч тийнхүү засаагүй байхад шүүх засварласан агуулгаар шийдвэр гаргалаа. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 45.1 дэх хэсэгт “Захиргааны актын ... илэрхий алдааг ... захиргааны байгууллага ... засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг анхан шатны шүүх зөрчлөө. Түүнчлэн шүүх “маргаан бүхий актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шийдвэрлэх явцад “захиргааны актын алдааг засах” дүгнэлт, шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн ... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн хэрэг юм. Хэрэв бид алдааг засварлахыг шаардаж байсан бол Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны актын алдааг засварлахыг даалгах нэхэмжлэл гаргах байсан. Тийнхүү бид гагцхүү тус нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан нөхцөлд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны актын алдааг засварлах эсэх асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах учиртай билээ. Бид захиргааны актын алдааг засварлахыг хариуцагчид даалгах агуулгаар нэхэмжлэл гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийх, шийдвэр гаргах эрхгүй юм.

3.1.4. Маргаан бүхий захиргааны акт нь бичилт, тооцооны буюу техникийн алдаатай бус утга, агуулгын илэрхий алдаатай байсан тухай:

Захиргааны ерөнхий хуулийн 45.1 дэх хэсэгт “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй” гэж заасан нь энэхүү маргааны захиргааны актын хувьд хамаарахгүй юм. Учир нь, хуулийн тус заалтыг захиргааны актын утга, агуулгын алдааны тухай биш бичилт, тооцоо зэрэг техник алдааг засах тухай ойлголт юм. Тиймдээ ч хуулийн 45.1 дэх хэсэгт “бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгах бусад алдаа” гэж, “... захираганы актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр ... засах” гэж заасан. Гэтэл маргаан бүхий захиргааны акт нь техникийн алдаатай бус, утга агуулгын алдаатай байсан. Учир нь захиргааны актад “сахилгын шийтгэл ногдууллаа” гэж заасан мөртлөө сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулсан хуулийг бус ажлын үр дүнг үндэслэн албан тушаал бууруулах харилцааг зохицуулсан хуулийг үндэслэл болгосон. Сахилгын шийтгэл ногдуулах замаар албан тушаал бууруулах болон ажлын үр дүнг үндэслэн албан тушаал бууруулах нь эрс өөр эрх зүйн үр дагавар үүсгэх юм. Тодруулбал, хэрэв сахилгын шийтгэл ногдуулсан бол нэхэмжлэгч нь 1 жилийн хугацаанд “сахилгын шийтгэлтэй” гэж явна. Хэрэв ажлын үр дүнг үндэслэж албан тушаал бууруулсан бол түр хугацаанд сахилгын шийтгэлгүй байна. Мөн ажлын үр дүнг үндэслэн шийдвэр гаргасан гэвэл “цол бууруулах” шийдвэр гаргах үндэслэлгүй болно. Актад үндэслэл болгосон хуулийн 276.3.3-д цол бууруулах тухай заагаагүй. Харин цол бууруулах нь сахилгын шийтгэлийн нэг төрөл байхаар хуулийн 281.1.2-т заасан.

Шүүх дээрх байдлыг “бичилтийн алдаа” гэж үзсэн боловч бичилтийн бус, утга, агуулгын алдаа болох нь дараах байдлаар тус тус харагддаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбарын 1 дэх хэсэг, 4 дэх догол мөрнөөс “Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Х.Н-н гаргасан зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх журамд заасан хангалттай, хангалтгүй гэсэн үнэлгээ өгөх үйл ажиллагаа биш юм” гэж, хариу тайлбарын 2 дахь талд “Дээрх гаргасан зөрчлүүдийн шинж байдалд тохируулан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна” гэж, хариу тайлбарын 2 дугаартай хэсэгт “Хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Х.Н-д оногдуулсан сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчилд оногдуулсан арга хэмжээ юм” гэж тус тус тайлбарласан байгаа. Хэрэв маргаан бүхий захиргааны акт нь бичилтийн алдаатай байсан бол хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ энэ агуулгаар тайлбар гаргах байсан. Гэвч тийм байдлаар тайлбар гаргаагүй, харин “сахилгын шийтгэл ногдуулсан” гэсэн агуулгаар тайлбарыг дахин дахин гаргасаар ирсэн. Гэтэл шүүх тушаалын “сахилгын шийтгэл ногдуулсан” гэсэн агуулгыг бичилтийн алдаа гэж дүгнээд байна. Түүнчлэн Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сахилга, ёс зүйн салбар хорооны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай Хурлын тэмдэглэлийн 3 дахь “Шийдвэрлэсэн нь” хэсгийг харвал нэхэмжлэгчид “цолны мөнгийг 3 сар хүртэлх хугацаагаар хасах” сахилгын шийтгэл ногдуулах санал оруулахаар шийдвэрлэсэн байдаг. Тус байгууллагын Даргын зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай Хурлын тэмдэглэлд мөн адил сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байдаг. Иймд маргаан бүхий тушаалд “сахилгын шийтгэл ногдуулах” гэж бичсэн нь бичилтийн алдаа гэж тайлбарлах үндэслэлгүй юм. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дахь талд “Даргалагч: Хариуцагчийн хариу тайлбарыг сонсъё” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “... Гэтэл ээлжийн дарга Х.Н-н гаргасан албан тушаал бууруулахаар шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлж байгаа хангалттай, хангалтгүй гэсэн үнэлгээ өгөх үйл ажиллагаа биш юм” гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, ажлын үр дүнг үндэслэж шийдвэр гаргаагүй гэдгийг хурал дээр ч хэлсэн.

3.1.5. Дээрх бүгдээс дүгнэхэд маргаан бүхий тушаалд “сахилгын шийтгэл ногдуулах” гэж заасан нь бичилтийн алдаа биш юм. Харин хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулах болон ажлын үр дүнгийн үнэлгээг үндэслэн албан тушаал бууруурах зохицуулалтыг ялгаж салгалгүй, тэдгээрийг хольж шийдвэр гаргасан буюу утга, агуулгын илэрхий алдаатай акт болох нь харагдаж байна. Иймд шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-т “утга агуулгын илэрхий алдаатай” гэж заасныг хэрэглэх, маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус хэмээн дүгнэх үндэслэлтэй байсан. 

3.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.3.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

3.2.1. Маргаан бүхий захиргааны актад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276.3.3-т “ажлын байр/албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх заалтыг үндэслэл болгосон. Шүүх хуулийн тус заалтыг буруу тайлбарлаж хэрэглэлээ. Шүүхийн шийдвэрийн 20 дахь талд “... 276.3 дахь хэсгээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэлийг хуульчилсан. Үүний 276.3.3-т ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол албан тушаал бууруулах үндэслэл болохоор заажээ” гэж, мөн талын 4 дэх догол мөр бүхий хэсгээс “Дээрхээс дүгнэвэл албан шалгалтаар тушаалын үндэслэлд заасан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, Хорих байрны дотоод журмыг зөрчсөн нь тогтоогдсон ...” хэмээн тус тус бичсэн байна. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хуулийн 276.3.3-т заасан “ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх заалтыг “албан тушаалын тодорхойлолтод заасан ажлаа хийх явцад алдаа гаргах” гэдэг утгаар тайлбарлаж хэрэглэлээ. Гэвч энэ нь хуулийг буруу тайлбарласан хэрэг юм.

3.2.2. Учир нь хуулийн 276.3.3-т заасан “ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр гарах шийдвэр бол хуулийн 282.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн үйл ажиллагааны үр дүнг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу үнэлж дүгнэнэ” гэж, 276.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал дэвшүүлж, бууруулна” гэж тус тус заасны дагуу үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээг үндэслэн гаргах учиртай шийдвэр юм. Өөрөөр хэлбэл, албан хаагчийн ажлын үр дүнгийн үнэлгээг хйиж, “хангалтгүй” гэх үнэлгээг авах нь хуулийн 276.3.3-т заасан үндэслэлд хамаарах юм.

3.2.3. Хуулийн 276.1-д ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ гэсэн гурван хүчин зүйлийг үндэслэж албан тушаал бууруулах, дэвшүүлэх тухай тодорхой заасан. Хуулийн 276.2-т албан тушаал бууруулах, дэвшүүлэх, шилжүүлэн томилох журмыг Хууль зүйн сайд батлах тухай заасан ... А/192 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар ... баталсан ... журмын 1.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд дэвшүүлэх, бууруулах, ... харилцаанд ... энэ журмыг баримтална” гэж, 4.1-т “Алба хаагч тухайн албан тушаалд ажиллах шаардлага хангахгүй байгаа тухай дүгнэлт нь түүнийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэл болно” гэж, 4.2-т “Энэ журмын 4.1-д заасан дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Төрийн албаны тухай хуульд заасны дагуу алба хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн эрх бүхий албан тушаалтан, салбар нэгжийн дарга гаргана” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, албан тушаал бууруулахад үйл ажиллагааны үр дүнгийн болон мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэх тухай хууль болон журамд заасан бөгөөд салбар нэгжийн дарга нь тус үнэлгээнүүдийг үндэслэн “хангалтгүй” гэх /журмын 4.1, 4.2-т/ Дүгнэлт гаргасан нөхцөлд албан тушаал бууруулахаар тодорхой заасан байна. Иймд энэхүү журмын дагуу “хангалтгүй” гэх үнэлгээ, дүгнэлт гарсан нөхцөлд хуулийн 276.3.3-т заасан үндэслэл бүрдсэн хэмээн үзэх юм. Нэхэмжлэгчийн хувьд тийнхүү “хангалтгүй гэх үнэлгээ, дүгнэлт аваагүй. Иймд хуулийн 276.3.3-т заасан үндэслэл бүрдээгүй байсан. Нэхэмжлэгчийн ажлын үр дүнгийн үнэлгээ нь 2019 онд 79.1%, 2020 онд 72% гарсан байна. Иймд 2019, 2020 оны үнэлгээ нь хангалттай бөгөөд 2021 оны үнэлгээ гараагүй гэсэн үг. Иймд нэхэмжлэгчийн хувьд тушаал гарах үеийн байдлаар “хангалтгүй” үнэлгээ аваагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 11 дэх тал, 1 дэх догол мөр бүхий хэсэгт тусгагдснаар “Х.Н-ын хувьд ... хангалттай, хангалтгүй гэсэн үнэлгээ аваагүй. Үүний дагуу шийдвэр гаргаагүй гэж тайлбарлаж байна. Тийм үү” гэх асуултад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “тийм” гэж хариулсан. Мөн хуралдааны тэмдэглэлийн 10 дахь талд “Тэгвэл өмнөх хариуцлага хүлээсэн зөрчлүүдэд давхар хариуцлага хүлээлгээд байгаа юм уу? Эсвэл зөвхөн энэ жил гаргасан зөрчилд нь хариуцлага хүлээлгээд байгаа юм уу?” гэх асуултад “Өмнө гаргасан зөрчилд нь давхар хариуцлага хүлээлгэж байгаа юм” гэж хариулсан. Энэ бол нэхэмжлэгч нь аль хэдийн хариуцлага хүлэээсэн зөрчлийнхөө төлөө дахин хариуцлага хүлээж байгааг харуулж буй нотлох баримт юм. Иймд энэ агуулгаар ч тушаал үндэслэлгүй билээ.

3.2.4. Энэхүү гомдолд “маргаан бүхий захиргааны акт бол сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал биш” гэх хүрээнд тайлбар гаргалаа. Хэрэв маргаан бүхий захиргааны актаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн гэж үзвэл ямар байдлаар хууль зөрчсөн болох тухай шүүх хуралдаанаас өмнө нэмэлт тайлбар гаргах болно. Дээрх нөхцөл байдал, үндэслэлүүдтэй холбоотой анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Х.Н-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч Х.Н- нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ээлжийн дарга албан тушаалд, дэслэгч цолтой ажиллаж байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Халтайн Нургалимд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/391 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.5, 272 дугаар зүйлийн 272.1.3, 276 дугаар зүйлийн 276.3.3 дахь заалт Хорих байрны дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Хорих ял эдлүүлэх албаны саналыг тус тус үндэслэн Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ээлжийн дарга, дэслэгч Халтайн Нургалим нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлж сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргаж, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хоригдогч Х.Е-д түр хугацааны уулзалтаар ирсэн эд зүйлд үзлэг нэгжлэгийг чанартай зохион байгуулаагүйн улмаас амны тамхи 50 грамм, утаат тамхи нэг хайрцгийг нэвтрүүлсэн зөрчил гаргасан нь албаны шалгалтаар тогтоогдсон тул 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс тус газрын хамгаалалтын ажилтнаар томилон албан тушаал бууруулах сахилын шийтгэл ногдуулж, цэргийн “ахлах ахлагч” цол олгожээ.

3.2. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Х.Н- нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 08 цагаас 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 цаг хүртэл хамгаалалтын 2 ажилтны хамт ээлжийн үүрэг гүйцэтгэж байх үедээ түр хугацааны эргэлт уулзалтыг зохион байгуулсан бөгөөд үзлэг, нэгжлэгийг чанаргүй хийсний улмаас цагдан хорих байранд хориотой зүйл нэвтрүүлсэн зөрчил гаргасан, үүрэг гүйцэтгэж байсан бусад хамгаалалтын ажилтнуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, хяналт тавиагүй  болох нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Ээлжийн дарга, дэслэгч Х.Н- үүрэг гүйцэтгэж байхдаа цагдан хорих байрлуу хориотой зүйл нэвтрүүлсэн гэх зөрчлийг шалгасан тухай” 04 дүгээр албаны шалгалтын материалаар тогтоогдсон байна.

3.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ээлжийн дарга нь Албан тушаалын тодорхойлолтод зааснаар Хорих ангийн бүс хоорондын хөдөлгөөн, харуул хамгаалалтыг 24 цагаар зохион байгуулах, хоригдол, хоригдогсдын зүгээс хөдөлгөөн үйлдэгдсэн тохиолдолд тэдний хөдөлгөөнийг байнгын хяналтад байлгаж, гарч болзошгүй орголт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалалтын ажилтнуудын үүрэг гүйцэтгэлийг тогтмол шалгаж, сонор сэрэмжийг дээшлүүлж ажиллах зэрэг зорилтын хүрээнд хоригдлын хөдөлгөөнд телекамераар болон алба хаагчдын хүчээр байнгын хяналт тавих, амьдралын бүсэд хийгдэх үзлэг, нэгжлэгийг биечлэн зохион байгуулж, хураагдсан хориотой эд зүйлсийг журмын дагуу шийдвэрлэж ажиллах, амьдралын бүсийг өөрийн хяналтад байлгаж, хөдөлгөөн үйлдэгдсэн тохиолдолд тасралтгүй хяналт тогтоон гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар байх бөгөөд Хууль зүйн сайдын 2014 оны А/209 дүгээр тушаалаар батлагдсан “Хорих байрны дотоод журам”-ын 7.3.2-т зааснаар “... үзлэг нэгжлэгийг зохион байгуулж, хураагдсан эд зүйлийг энэ журмын 9 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэх” үүрэгтэй байхад нэхэмжлэгч нь албан үүрэг гүйцэтгэж байхдаа ажлын байрны тодорхойлолт, журамд заасан амьдралын бүсийг өөрийн хяналтанд байлгах, хамгаалалтын ажилтнуудын үүрэг гүйцэтгэлийг тогтмол шалгах, хоригдлын хөдөлгөөнд байнгын хяналт тавих, үзлэг, нэгжлэгийг биечлэн зохион байгуулж, хураагдсан хориотой эд зүйлсийг журмын дагуу шийдвэрлэж ажиллах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүй буюу түр хугацааны эргэлт, уулзалтыг зохион байгуулахдаа үзлэг, нэгжлэгийг чанаргүй хийсний улмаас цагдан хорих байранд хориотой зүйл нэвтрүүлсэн, үзлэг нэгжлэгийг өөрөө  хийгээгүй, бусад ажилтнуудад хяналт тавиагүй байх тул тухайн өдөр албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

3.4. Иймд маргаан бүхий Б/391 дүгээр тушаалд 276.3.3-д “ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй буюу нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

3.5. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтууд хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Х.Н- нь өмнө нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар “... хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан, удирдлагыг хууран мэхэлж ажлын 5 хоногийн чөлөө авсан, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй ...” гэж “албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах”, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар “... албан тушаалын тодорхойлолтод заагдсан албан үүргээ хангалтгүй биелүүлж, сахилгын хуудсанд 3 удаа тэмдэглэл хийлгэсэн, хоригдол, хоригдогч нарт тавих хяналтыг сулруулж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчил гаргасан” гэж “албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах” сахилгын шийтгэл, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ээлжийн үүрэг гүйцэтгэж байхдаа аж ахуйн үйлчилгээнд ял эдэлж байсан хоригдлыг зөвшөөрөлгүй хориотой бүсэд гаргаж “сануулах” сахилгын шийтгэл хүлээж байжээ.

3.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид өмнө нь сахилгын арга хэмжээ удаа дараа авагдаж байсан, тэдгээр холбогдох шийдвэрүүд хүчин төгөлдөр, тэрээр хамгийн сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр авагдсан “сануулах” сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон байх тул сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн энэ дүгнэлттэй холбогдуулан давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

3.7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 262.1.5-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу цэргийн цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах”, 276 дугаар зүйлийн 276.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал дэвшүүлж, бууруулна”, 276.3-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг дараахь тохиолдолд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна”, 276.3.3-д “ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж тус тус хуульчилсан.

3.8. Хариуцагч маргаан бүхий актын үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.3.3 дахь заалтыг баримталсан атлаа  актын  Тушаах нь хэсгийн 1 дэх заалтад “... сахилгын шийтгэл ногдуулж, ...” гэж бичсэн нь учир дутагдалтай байх боловч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг огт зөрчил дутагдал гаргаагүй буюу түүнийг төрийн тусгай албаны тушаалтны хувьд албан тушаалын зорилго зорилтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэх, хариуцагчийг маргаан бүхий тушаалаар түүний албан тушаал, цолыг бууруулах шаардлагагүй байсан гэж үзэх үндэслэлгүй энэ тохиолдолд шүүхийн “... Тушаалын тэргүүг ... гэж бичсэн нь алдаатай хэдий ч Тушаах нь хэсгийн 1 дэх заалтад “албан тушаалаас чөлөөлж хамгаалалтын ажилтнаар томилсон” шийдвэрийн агуулга нь “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэл, баримталсан хуулийн заалтад тус тус нийцсэн ... бичиглэлийн алдаа нь тушаалыг хүчингүй болгохоор утга агуулгын илэрхий алдаа биш, хариуцагч өөрийн шийдвэрээ засах боломжтой ...” гэж дүгнэснийг буруу гэж үзэх, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... хариуцагчийн зүгээс захиргааны актыг илэрхий алдаатай гэж үзэж засах шийдвэр гаргаагүй атал шүүх түүний өмнөөс тийнхүү агуулга бүхий дүгнэлт хийж, шийдвэр гаргаж байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн ... шүүх “захиргааны актын алдааг хариуцагч өөрөө засна” гэсэн боловч тийнхүү засаагүй байхад шүүх засварласан агуулгаар шийдвэр гаргасан ... шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийсэн ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

3.9. Хэдийгээр сахилгын шийтгэл оногдуулах болон албан тушаалын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн авах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйл 276.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тушаалд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал дэвшүүлж, бууруулна”, 276.3-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг дараахь тохиолдолд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна”, 276.3.3-д “ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”, 281 дүгээр зүйлийн 281.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараахь сахилгын шийтгэл оногдуулна”, 281.1.1-д “цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах”, 281.1.2-т “цол бууруулах”, 281.1.3-д “цол хураан авах”, 281.1.4-д “албан тушаал бууруулах” гэж тус бүрт нь өөрөөр зааж хуульчилсан байх боловч энэ тохиолдолд нэхэмжлэгч сахилгын шийтгэл удаа дараа хүлээсэн улмаар шийтгэлтэй байх хугацаа дуусаагүй байхад үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж, алдаа дутагдал гаргасан нь тогтоогдсон байх бөгөөд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхийг дан ганц үр дүнгийн гэрээний биелэлт хэрхэн дүгнэгдсэнтэй холбон тайлбарлах боломжгүй тул хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.3.3-д зааснаар захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсныг хуульд нийцээгүй гэж үзэх, маргаан бүхий шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... актад “сахилгын шийтгэл ногдууллаа” гэж заасан мөртлөө сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулсан хуулийг бус ажлын үр дүнг үндэслэн албан тушаал бууруулах харилцааг зохицуулсан хуулийг үндэслэл болгосон ... хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулах болон ажлын үр дүнгийн үнэлгээг үндэслэн албан тушаал бууруулах зохицуулалтыг ялгаж салгалгүй, тэдгээрийг хольж шийдвэр гаргасан буюу утга агуулгын илэрхий алдаатай ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.3.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

3.10. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Албан тушаалын ангилал, цолны зэрэглэл батлах тухай” А/179 дүгээр тушаалын хавсралтаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын албан тушаалын ангилал, цолны зэрэглэл”-ийг баталсан байх бөгөөд ээлжийн даргын албан тушаалыг албан тушаалын ТТ-10 ангилалд “Дэслэгч-Хошууч” цолтой байхаар, хамгаалалтын ажилтныг албан тушаалын  ТТ-7 ангилалд “Дэд ахлагч-Ахлах ахлагч” цолтой байхаар тус тус заасан байх тул хариуцагч нэхэмжлэгчийн албан тушаалыг буруулахдаа цолыг бууруулж, цэргийн “ахлах ахлагч” цол олгосныг үндэслэлгүй гэж үзэх буюу хариуцагчийг энэ талаар хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж буруутгах үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 665 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ