Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2016/01315

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Ганчимэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Мөнхбат

 

Хариуцагч: Х банк

 ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 21.529.067 төгрөг, гэм хорын хохиролд 22.405.731 төгрөг, нийт 43.934.798 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.   

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Н 2010 оноос Завхан аймгийн “Х банк”-ны захирлаар ажилласан ба Х банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяагийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 02/211 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Улмаар уг хууль бус шийдвэртэй холбогдуулан Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлагатай нэхэмжлэл гаргаж, Улсын Дээд Шүүхийн иргэний хэргийн танхимын 2015 оны 06 дугаар сарын 30-ны 532 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн. Х банкнаас нэхэмжлэлийн шаардлагад заасан байсан 26.529.065 төгрөгийг нөхөн төлсөн.

Дээрх шийдвэртэй холбогдуулан Х банкны Хүний нөөцийн стратегийн газрын захирал Ш.Ганбямбын “Ажилд авах тухай” 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06/1466 тоот тушаалаар Завхан салбарын Захирлын ажил, албан тушаалд томилогдон ажилласан. Харин Х банкны Ерөнхий зохицуулалт хариуцсан захирал Д.Цолмонгийн “Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах тухай” 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1-д “.. хуулийн дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх нөхөн олговрыг олгоно” гэж заасан байдаг. Н намайг ажлаас халах тушаал 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гарсан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл ажилд томилох тухай захирлын тушаал 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар Х банк ажилгүй байсан бүх хугацаа болох 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн нөхөн олговрыг өгөх үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхээс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулсан тул 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл /6 сар 23 хоног/ ажилгүй байсан хугацааныхаа цалингийн нөхөн олговорт 15.279.067 төгрөгийг Х банкнаас гаргуулах хүсэлтэй байна.

2.  Миний бие ажиллаж байх хугацаандаа ажпын үр дүнгээр олгогддог КР1 /Урамшуулал авдаг байсан ба жилд 12.960.000-18.000.000 төгрөгийг ажлын гүйцэтгэлээс хамааруулан олгодог. Хагас жилээр нийт дүнгийн 40%-г бусад бүх салбарын захирлуудад өгсөн бөгөөд намайг хууль бусаар ажлаас халсан учир энэ урамшууллын мөнгийг олгоогүй. Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 19 -ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээний дагуу ажилласан тул ажилласан хугацааны урамшуулал болох 6.250.000 төгрөгийг Х банкнаас гаргуулж авахаар нэхэмжпэл гаргаад анхны шүүх хуралдаан дээр дараа “жич нэхэмжлэх” эрхтэй гэж дурьдсан тул нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

3. Х банкны Завхан салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ажилтны орон сууцны зээлийн журмын дагуу 50.000.000 төгрөгийн зээлийг 10 жилийн хугацаатай, жилийн 4,8%-ийн хүүтэйгээр , 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр мөн дээрх нөхцлөөр 80.000.000 төгрөгийн зээлийг 10 жилийн хугацаатай жилийн 4,8% хүүтэй тус тус авсан. 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тушаал гарсантай холбогдуулан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон дээрх зээлүүдийн хүүгийн нөхцлийг өөрчилж энгийн харилцагчийн хүүгийн нөхцлөөр буюу жилийн 18%-ийн хүүтэй болгон өөрчилсөн. Үүний улмаас 50.000.000 төгрөгийн зээлийн хувьд ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацаанд жилийн 4,8%-ийн хүүтэй зээлийн нөхцлөөр 822.856 төгрөгийн хүү төлөх байсан бол зээлийн нөхцөл өөрчлөгдснөөр 8.574.130 төгрөгийн хүү, 80.000.000 төгрөгийн зээлийн хувьд ажилтны зээлийн нөхцлөөр эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4.300.011 төгрөгийн хүү төлөх байтал зээлийн нөхцөл өөрчлөгдснөөр 16.079.468 төгрөгийн хүүг төлсөн. Дээрх зээлийн хүүгийн илүү төлөлтийг тооцож үзвэл ажилд эгүүлэн тогтоох хүртэл хугацаанд нийт 18.530.731 төгрөгийн зээлийн хүүг үндэслэлгүйгээр Х банкид төлсөн байдаг. Х банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчийн ажлаас үндэслэлгүй халсан шийдвэрийн улмаас Н би үндэслэлгүйгээр дээрх зээлийн хүүг төлж, эд хөрөнгийн хувьд бодитоор хохироод байна. Хэрэв ажлаас үндэслэлгүй халсан шийдвэр гараагүй байсан бол ажилтны хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр зээлээ хэвийн төлж надад дээрх хохирол учрахгүй байсан. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байх тул үндэслэлгүйгээр зээлийн хүүнд төлсөн 18.530.731 төгрөгийн хохирлыг “Х банк”-аас нэхэмжилж байна.

          4. Х банкны гүйцэтгэх захирлын орлогч Р.Мөнхтуяагийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 02/211 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас миний бие Завхан аймгаас Улаанбаатар хотод нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд оролцохоор ирж байсан бөгөөд өмгөөлөгчийн хөлсөнд 3.000.000, нотариатийн хөлсөнд 307.000 төгрөг , шүүх хуралцаанд оролцохоор Завхан аймгийн Улиастай хотоос Улаанбаатар хот хүртэл нисэх онгоцны билетийн үнэ 568.000 төгрөгийг зарцуулсан. Иймд дээрх хохиролд 3.875.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хөдөлмөрийн маргааныг таслан шийдвэрлэх, хэрэгжилтийг хангуулах явцад буюу 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд иргэн Н миний биед ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал 21.529.067 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 12 дүгээр сарын 04-ний хооронд илүү төлсөн 50.000.000 төгрөгийн зээлийн хүүгийн зөрүү 6.873.067 төгрөг, 80.000.000 төгрөгийн зээлийн хүүгийн зөрүү 11.992.498 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3.000.000 төгрөг, нотариатын зардал 307.000 төгрөг, шүүх хуралдаанд оролцохоор Завхан аймгийн Улиастай хотоос Улаанбаатар хот хүртэл нисэх онгоцны билетийн үнэ 568.000 төгрөг, нийт 43.934.798 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр магадлал гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх хуулийн заалттай. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс болж энэ гэм хорын асуудал гарч ирсэн. Магадлал гарсан өдрөөс эхэлж Х банк ажилд авах ёстой байсан. Гэтэл ажилд аваагүй учраас шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлсэн. Энэ хугацааны эс үйлдэхүйтэй холбоотой гарсан зардлыг шаардаж байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэлцэл байгуулагдсан байж болно. Иргэн шүүхэд мэдүүлэх эрхтэй байтал энэ эрхийг хязгаарласан нөхцөл байдал байгаа юм. Энэ хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр хэлцэл байгаа юм. Шүүхийн шийдвэрийн дагуу 26.529.060 төгрөгийг гаргуулж авсан. Хэлцэлийн 3.1.6 дахь заалт бол хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол дараа сарын 15-ны өдрөөр тасалбар болоод энгийн нөхцөл рүү шилжинэ гэсэн байгаа. Гэтэл ийм нөхцөл байдал илрээгүй. Магадлал бол ажилд эгүүлэн тогтоосон үйл баримт байгаа. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, цуцлагдсан гэх үндэслэлүүд байхгүй. 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дээд шүүхийн тогтоолтой холбоотой ажилгүй байсан хугацааны хохирлоо шаардаж байгаа. Үүнд ажилд аваагүйгээс болж гарсан зардлууд багтаж байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар иргэнд гэм хор учирсан. Дээд шүүхээс хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээсэн. Энэ үүрэгтэй холбоотойгоор шалтгаант холбоотойгоор үүссэн. Хариуцагч тал тайлбараараа хүлээн зөвшөөрч байна. Хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Тухайн үед нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан гэдгийг дурьдсан байгаа. Шүүх хуралдаанд болоод өнгөрсөн процессийг хэлж байгаа юм. Ажлаас халагдсан нь хууль бус гэдгийг шүүхийн шийдвэрээр тогтоосон байгаа” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нын гаргасан нэхэмжлэлтэй танилцсан ба нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд хандах хугацааг зөрчсөн байх тул дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Х Банк Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ажил олгогчийн санаачилгаар цуцалсан ба энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 06/1466 тоот тушаал гарч Ныг ажилд авч ажилгүй байсан хугацааны цалин олгосон. Н нь Завхан салбарын захирлаар ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүсэлтээ гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэтэл 2016 оны 08 дугаар сарын 12-н шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин болон гэм хорын төлбөр нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргах төрөл, түүнээс хамаарч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой зохицуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгийг зөрчсөн, ажил олгогч Над гэм хорын хохирол төлөх үндэслэлгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэлийг хүлээн авахгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Нын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж Хариуцагч Х Банкны зүгээс бичгээр тайлбар өгсөн. Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хуулийн дараахь үндэслэлтэй байна. Үүнд:

1.  Б. Мөнхбат нь 2015 оны 1 сарын 13-ны өдөр Х Банктай хэлцэл байгуулсан байдаг. Б. Мөнхбат уг хэлцлээр (Хэлцлийн 3.5) ажилд эгүүлэн тогтоосон тухай Монгол Улсын Дээд шүүхийн 532 дугаар тогтоолтой холбоотой асуудлаар л нэхэмжлэл гаргах эрхтэй. Харин бусад асуудлаар банкны эсрэг аливаа нэхэмжлэл. гомдол, маргаан үүсгэхгүй (Хэлцлийн 2.6) гэсэн нөхцөлийг зөвшөөрсөн ба үүний баталгаа болгон Х Банкнаас 3 сарын үндсэн цалинтай тэнцэх нийт 6.750.000 төгрөгийг авсан. Гэтэл 2016 оны 08 сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлснөөс гадна, урамшуулал, Орон сууцны зээлийн хүүгийн зөрүү, бусад төлбөрийг (өмгөөлөгчийн хөлс, нотариатын хөлс, онгоцны билетийн үнэ) нэхэмжилсэн байна. Талуудын хооронд байгуулсан Хэлцлийн дагуу Б.Мөнхбаг нь Монгол Улсын Дээд шүүхийн 532 дугаар тогтоолтой холбоотой асуудлаас бусад асуудал болох урамшуулал, зээлийн хүүний зөрүү, бусад гэм хорыг нэхэмжлэх нь хэлцэлийг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

2.  Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг нэхэмжлэх асуудлын хүрээнд: Монгол Улсын Дээд шүүхийн 532 дугаар тогтоолын дагуу Ныг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Х Банк нь Завхан салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож. ажилд авсан. Улмаар Н нь өөрийн хүсэлтээр 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас гарсан. Монгол Улсын Дээд шүүхийн 532 дугаар тогтоолоор 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 569 дугаар Магадлалыг хэвээр үлдээсэн. Уг магадлалаар Над 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн магадлал гарсан 2015 оны 5  дугаар сарын 11-ний өдөр хүртэлх өдрийн (бараг 1 жил) ажилгүй байсан хугацааны цалин хөлтсэй тэнцэх олговорт 26.529.065 төгрөгийг Х Банкнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Н нь 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ажилд эгүүлэн тогтоосон өдрөөс болон талуудын хооронд Хэлцэл байгуулсан 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дэх заалтад заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэхгүй байсаар хугацааг алдаад 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжилсэн байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр шүүхээр хянан шийдвэрлүүлэх боломжгүй болсон байна.

3. Нын нэхэмжлэлд дурдаад байгаа урамшууллын асуудлыг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 569 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1-т Н нь ажиллаж байсан үеийн урамшуулал 6.250.000 төгрөгөөс татгалзсан болохыг баталсугай гэсэн байх ба энэ магадлал нь Монгол Улсын Дээд шүүхийн 532 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон. Иймд шүүхэд нэгэнт хэлэлцэн шийдвэрлэгдсэн асуудлыг дахин хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй.

                 4.Бусад гэм хорын хохирлыг нэхэмжилж байгаа асуудлын хувьд: Өмгөөлөгч авах шүүх хуралд оролцох зэрэг нь тухайн иргэний асуудал бөгөөд энэхүү зардал төлбөрийн асуудал нь талуудын хороонд хэлцэл байгуулах үед тодорхой байсан байхад асуудлыг хөндөж, шийдвэрлээгүй мөн дээр дурдсанчлан аливаа асуудлаар Х Банкны эсрэг аливаа гомдол. нэхэмжлэл гаргахгүй гэсэн тул эдгээр зардлыг нэхэмжлэх эрхээ Н алдсан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хууль тоггоомж, Иргэний хууль тогтоомжид нийцнэ гэж үзэж байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Н нь хариуцагч Х банк ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 21.529.067 төгрөг, гэм хорын хохиролд 22.405.731 төгрөг, нийт 43.934.798 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 569 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч Ныг Х банкны Баруун бүсийн Иргэний банкны Завхан салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба хяналтын шатны шүүхээр хянагдаж, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Х банк ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүгчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 28146 дугаар захирамж, гүйцэтгэх хуудсыг гаргуулж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ.

 

Х банк ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06/1466 дугаар тушаалаар Батсуурийн Мөнхбатыг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Завхан аймгийн салбарын Захирлын ажил, албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 21.529.067 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байх хугацааны урамшуулал 6.250.000 төгрөг, хүүгийн нөхцөл өөрчлөгдсөнөөс учирсан хохиролд 18.530.731 төгрөг, Х банкны хууль бус шийдвэрийн улмаас гарсан зардалд 3.875.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хариуцагч Х банк ХХК нь эс зөвшөөрч маргажээ.

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 15.279.067 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасны дагуу Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 569 дүгээр магадлал гарсан 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс Ныг ажилд эгүүлэн тогтоосон тушаал гарсан өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор нэхэмжилж буй нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 569 дүгээр магадлалд нэхэмжлэгчийн цалингийн хэмжээг 2.250.000 төгрөг, нэг өдрийн цалин 104.651 төгрөгөөр тооцсон ба 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт ажлын 146 хоногийн 104.651 төгрөг, нийт 15.279.067 төгрөгийг хариуцагч Х банк ХХК-иас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Х банк ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байгаа ба  шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилд эгүүлэн  тогтоогдсон ажилтныг Х банк ХХК нь шүүхийн шийдвэрийн сайн дураар биелүүлээгүй улмаас цалин шаардахад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

 

2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны урамшуулал 6.250.000 төгрөг гаргуулах шаардлагын тухай

 

Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 569 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 джх заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н ажиллаж байсан үеийн урамшуулал 6.250.000 төгрөгөөс татгалзсан болохыг баталсугай” гэж шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.” гэж заасан ба нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны урамшуулал 6.250.000 төгрөг гаргуулах шаардлагаас сайн дураар татгалзсан, хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул 6.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээний хүүгийн зөрүү 18.530.731 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

 

Талуудын хооронд 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11/01 дугаартай Ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр жилийн 4.8 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай 49.117.000 төгрөгийг зээлсэн. Мөн 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2012/85 дугаартай Ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр жилийн 4.8 хувийн хүүтэйгээр 120 сарын хугацаатай 80.000.000 төгрөгийг зээлжээ.

 

Дээрхи зээлийн гэрээнүүдийн 3.1.6-д “Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктай хөдөлмөрийн гэрээ, контракт түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол дараа сарын 05-ны өдрөөс эхлэн Зээлийн хүүг үл маргах журмаар тухайн үед мөрдөж байгаа энгийн зээлдэгчийн орон сууцны зээлийн хүүнд шилжүүлэн тооцно.” гэж заасны дагуу хариуцагч Х банк ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн зээлийн хүүг энгийн зээлдэгчийн орон сууцны зээлийн хүүнд шилжүүлэн тооцсон болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заасан ба хариуцагч Х банк ХХК нь хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцалсан нь Зээлийн гэрээний үүргээ зөрчих хууль зүйн үр дагаварыг бий болгосон.

 

Нэхэмжлэгч нь  2011 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11/01 дугаартай Ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээнд 6.751.274 төгрөг илүү төлсөн, 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2012/85 дугаартай Ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээнд 11.779.457 төгрөгийг илүү төлсөн, нийт 18.530.731 төгрөгийг илүү төлсөн болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. Хариуцагч тал зээлийн хүүгийн тооцоололд маргаагүй болно.

Х банк ХХК нь нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул зээлийн гэрээний хүүг өөрийн санаачлагаар үндэслэлгүй нэмэгдүүлсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээний хүүгийн зөрүүнд илүү төлсөн 18.530.731 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Хохиролд 3.875.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг, нотариатын зардал 307.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймаг Улиастай сумаас-Улаанбаатар хотод ирэх онгоцны билетний үнэ 568.000 төгрөг, нийт 3.875.000 төгрөгийн хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь бидний хооронд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Хэлцэл” байгуулагдсан бөгөөд уг хэлцлийн 2.6-д “Над банкны эсрэг аливаа нэхэмжлэл, гомдол,  маргаан үүсгэхгүй, Банкны эрх ашиг сонирхолд харш аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гаргахгүйн баталгаа болгон 3 сарын үндсэн цалинтай тэнцэх төлбөрийг нэг удаа энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсны дараа олгоно” гэж заасны дагуу бид 6.750.000 төгрөгийг олгосон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргав.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ”, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “...зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар 3.1-т “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйд гэрээ байгуулах, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй боловч бусдын Үндсэн хуульд заасан эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан хэлцэл нь хууль зөрчсөн байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “ хууль зүйн туслалцаа авах” эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь хуулиар олгосон субъекив эрхээ эдлэж, өмгөөлөгч авсан зардал нь зайлшгүй гарсан зардал гэж үзэхгүй. Өмгөөлөгч авах нь хууль зүйн үүрэг бус харин хууль зүйн боломж юм.

 

Нотариатын зардал 307.000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирүүсэн боловч Нын нэхэмжлэлтэй, Х банк ХХК-д холбогдох иргэний хэрэгт ач холбогдол бүхий баримтыг гэрчлүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул нотариатын зардал 307.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч онгоцоор ирж, буцсан хугацаа нь Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаантай цаг хугацааны хувьд давхцаж байх тул хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас эд хөрөнгөд гэм хор учруулсан гэж үзэж онгоцны билетний үнэ 568.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Х банк ХХК-иас Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 15.279.067 төгрөг, Ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээний хүүгийн зөрүү 18.530.731 төгрөг,  онгоцны билетний үнэ 568.000 төгрөг, нийт 34.377.798 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Над олгож, нэхэмжлэлийн шаардлагаас урамшуулал 6.250.000 төгрөг, өмгөөллийн зардал 3.000.000 төгрөг, нотариатын зардал 307.000 төгрөг, нийт 9.557.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд.

 

Хариуцагч Х банк ХХК нь нэхэмжлэгч Над холбогдуулан 6.750.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно” гэж заасны дагуу хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татан авах хүсэлтийг хүлээн авч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дүгээр зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Х банк ХХК-иас 34.377.798 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Над олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.557.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч Над холбогдох, хариуцагч Х банк ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн татан авсан болохыг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377.979 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х банк ХХК-иас 329.839 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Над олгож, хариуцагч Х банк ХХК-ийн  сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.950 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч Х банк ХХК-д олгосугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР

 

 

                                          ШҮҮГЧИД                                   Т.ГАНЧИМЭГ

 

 

                                                                                                Д.НЯМБАЗАР