| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0599/Э |
| Дугаар | 613 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 613
2020 07 28 2020/ШЦТ/613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч М.Б, Д.Л
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигин овогт Д.Л, Уран хайрхан овогт М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011010270675 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, “Пийс Таур” худалдааны төвд сантехникч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 22-903 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Боржигин овогт Д.Л
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Пийс Таур” худалдааны төвд хамгаалагч ажилтай, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхон 310 байр 36 тоотод оршин суух,
урьд Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсныг тэнсэж хянан харгалзсан, Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүхээс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,
Уран хайрхан овогт М.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Д.Л, М.Б нар нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Таур” худалдааны төвийн граж дотор харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Л нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Таур” худалдааны төвийн граж дотор хохирогч М.Бтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч М.Б нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Таур” худалдааны төвийн граж дотор хохирогч Д.Лтой маргалдаж, улмаар түүнийг газарт унагаан толгой, хөл, гар хэсэг хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь дух, баруун чамархай, баруун шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн чамархай, зүүн бугалга, цус хуралт, хамрын зүүн хажуу хэсэг, баруун, зүүн чихний дэлбэн, баруун мөрний зулгаралт, баруун, зүүн хөлийн гуя, шилбэний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Д.Лийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Баттулга “чи Цэрэндашыг явуулж яах гээд байгаа юм бэ, чи юу юм бэ” гээд байхаар нь би Баттулгыг боль гээд мөрөн дээр нь цохисон чинь Баттулга намайг хавсарч унагаагаад миний толгой, биерүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед манай байгууллагын харуул Нямбат ирээд бид хоёрыг салгасан..... Дээрх гэмтлийг Баттулга намайг зодож учруулсан.....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,
-хохирогч М.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.... нэг мэдсэн би Лхагвадоржтой маргалдаад улмаар зодолдож байсан. Дараа нь ухаан ороход миний гарыг гавалсан, миний нүүр ам цус болоод хавдчихсан... би тухайн үед юунаас болж маргалдаж байсан гэдгийг санахгүй байна. Би Лхагвадоржийг хавсарч унагаагаад хөлөөрөө өшиглөж байсан. Харин Лхагвадорж миний нүүррүү цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,
- гэрч П.Нямбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...тэгээд би яваад очтол Баттулга, Лхагвадорж хоёр хоорондоо барьцалдаад дээр, доороо ороод бие биенийгээ өшиглөж цохиод байсан... Баттулга нүд хамар хэсэг нь хавдаж, хамраас нь цус гарсан байсан. Лхагвадоржийн нүүр хэсэгт хавдсан байсан санагдаж байна. Цэрэндаш байсан. Тэр хоёрыг салгаж дийлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,
- гэрч А.Цэрэндашийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Би тухайн үед нэлээд согтоод би гэртээ харимаар байна гэхэд тэр хоёр намайг гаргаж өгөхөөр болоод бид 3 гражийн үүдэнд тамхи татаад зогсож байтал гэнэт Баттулга, Лхагвадорж хоёр хоорондоо зууралдаад барьцалдаж авсан... би мэдэхгүй байна. Хоёулаа л бие биенийгээ заамдаж аваад гараараа цохиод дээр, доороо ороод зодолдсон. Хэн нь хэнийхээ хаашаа хэдэн удаа цохисон талаар яг сайн хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5601 дугаартай “...Д.Лийн биед дух, баруун чамархай, баруун шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхи, зүүн чамархай, зүүн бугалга, цус хуралт, хамрын зүүн хажуу хэсэг, баруун, зүүн чихний дэлбэн, баруун мөрний зулгаралт, баруун, зүүн хөлийн гуя, шилбэний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-36х/,
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5584 дугаартай “...М.Баттулгын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугуйн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч М.Б, Д.Л нар нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс Таур” худалдааны төвийн граж дотор хоорондоо маргалдан, улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул тэдгээрт прокурорын саналын хүрээнд ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүх Д.Лид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосон хэдий ч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 90 хоногийн дотор төлж барагдуулахыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигин овогт Д.Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч Уран хайрхан овогт М.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Лийг 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн, М.Баттулгыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон болмогц төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар М.Бд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаа/ дээшгүй цагаар эдлүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Л, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ