Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 614

 

 

 

 

 

 

 

 

    2020         07          28                                   2020/ШЦТ/614  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч О.Баяраа,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Дондов овогт Дондовын Моломжамцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011006180604 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 38-20 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Дондов овгийн Д.М

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч  Д.М нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо 38 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Д.Ганчимэгийн эзэмшлийн 22-72 УБВ улсын дугаартай Лексус 450 маркийн тээврийн хэрэгслийн ард талын зүүн дугуйг дриллээр цоолж гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 38 дугаар байрны гадна автомашины зогсоолд байсан хохирогч Д.Ганчимэгийн эзэмшлийн 22-72 УБВ улсын дугаартай “Лексус 450” маркийн тээврийн хэрэгслийн ард талын зүүн дугуйг дриллээр цоолж гэмтээн бусдад нийт 352.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

­­­­­­­­­-шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

-шүүгдэгч Д.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байхдаа .... манай 38 дугаар байрны 3 дугаар орцны гадаа байсан Ганчимэг гэх эмэгтэйн цагаан өнгийн машины ард талын зүүн талын дугуйг өөрийнхөө ашигладаг ногоон өнгийн батерейн гар дриллээр нэг удаа цоолж гэмтээсэн... Энэ асуудалд СӨХ-ийн дарга Пүрэвдорж ямар ч холбоо байхгүй, захиалга өгсөн асуудал огт байхгүй. Энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47х/,

- хохирогч Д.Ганчимэгийг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар байрны 40 мянгатын 37 дугаар байрны гадна 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 цаг 30 минутаас 40 минутын үед байх автомашины зогсоол байхгүй байхаар нь 38 дугаар байрны гадаа очиж улмаар өөрийн эзэмшлийн 22-72 УБВ улсын дугаартай Лексус маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслээ зогсоол дээр байрлуулах гээд зогсоод би өөрөө машин дотроо ганцаараа хүүхэдтэйгээ утсаар яриад байж байхад гэнэт Д.М нь шууд ирэнгүүтээ миний машины ард талын зүүн талын хэсгийг зурах шиг харагдаад улмаар урд талруу ирж байхаар нь машин дотроосоо сигнал дохио өгөөд машинаас бууж гараад Д.Мад чи миний машинд юу хийчих вэ гэхэд “яасын яасын” гэж хэлээд надаас зугтаад явсан... цагдаагийн алба хаагч нар миний машиныг хараад... би Моломжамцыг миний машины дугуйг зүсээд хагалаад явсаныг мэдсэн... Моломжамц нь миний машины хажууд байхдаа цээжиндээ нэг дөрвөлжин төмөр шиг зүйл хийчихсэн ба түүнийг би авах гэтэл надад өгөхгүйгээр шууд зугтаагаад явчихсан.....” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,

- Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 29-31х/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ЧД1-20-355 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39х/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Д.Мыг шууд санаатайгаар шалтгаангүйгээр хохирогч Д.Ганчимэгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлийн 1 ширхэг дугуйг гар  дриллээр цоолж бусдын 352.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гэмтээсэн  гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ганчимэгт нийт 352.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Маас нийт 352.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Д.Мад ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг шүүх оногдуулав. Мөн хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг түргэн шуурхай барагдуулах, шүүгдэгчийг цээрлүүлэх зорилгоор 4 сарын хугацаанд хохирлыг арилгах буюу Д.Мыг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн гар дрилл 1 ширхэгийг шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдэхдээ зэвсгийн чанартайгаар ашигласан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дондов овогт Д.М бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Мыг шүүхээс оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Маас нийт 352.000 /гурван зуун тавин хоёр мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ганчимэгт /РД:ЖЮ64062809/-т олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтыг тус тус журамлан Д.Мыг 4 /дөрөв/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн гар дрилл 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй

 

7. Хохирогч Д.Ганчимэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

8.Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.БАТГЭРЭЛ