Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 618

 

 

 

 

 

 

 

 

2020           07          29                                   2020/ШЦТ/618

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч О.Т,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт О.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000710 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 15-547 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт О.Т
  2. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч О.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар гудамжны 547 тоотод хохирогч Б.Мөнхжаргалыг хамтран амьдрагчтайгаа хардсаны улмаас маргалдаж, улмаар түүний гар, толгойн тус газар нь гараараа зодож, эрүүл мэндэд нь “... зүүн баруун нүдний зовхинд цус хуралт, уруулд няцарсан шарх, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгт зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Б.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 15-547 тоотод оршин суудаг бөгөөд Бямбасүрэн гэх эмэгтэйтэй 10 орчим жил хамтран амьдарч байгаа. Өнгөрсөн наадмаас хойш Түвшинжаргал гэх эрэгтэй манай хамтран амьдрагч Бямбасүрэнтэй амьдрах болсон юм. Ингээд ерөнхийдөө Түвшинжаргал бид хоёр дундаа нэг эхнэртэй болчихсон юм. Би хашаандаа тусдаа өөрийн гэртээ байдаг бөгөөд харин Бямбасүрэн мөн тусдаа өөрийн гэртээ Түвшинжаргалын хамт амьдардаг. 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Бямбасүрэн, Түвшинжаргал бид 3 архи хувааж уусан санагдаад байна. Тухайн үед би Түвшинжаргалтай Бямбасүрэнг булаацалдсанаас болж муудалцсан. Түвшинжаргал Бямбасүрэнг надтай хардаад намайг зодсон юм ийм зүйл болсон юм. Миний биед учирсан гэмтлүүдийг ... Түвшинжаргал миний биед учруулсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 10х/,

- гэрч Ж.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Би Мөнхжаргалтай 10 гаруй жил хамтран амьдарч байгаа бөгөөд харин Түвшинжаргалтай 1 жил орчим болж байна. Би Мөнхжаргал Түвшинжаргал нартай хамтран амьдардаг. Тухайн өдөр бид 3 хамт архи уусан бөгөөд архиа хувааж ууж дуусаад Түвшинжаргал бид 2 хамт унтаж байсан юм. Тэгтэл нэг мэдсэн Түвшинжаргал Мөнхжаргалыг миний Бямбаатай унтах гэлээ гээд Мөнхжаргалыг зодчихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 7014 дугаартай  “...Б.Мөнхжаргалыг биед зүүн баруун нүдний зовхинд цус хуралт, уруулд няцарсан шарх, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 19х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч О.Тыг эр эмийн хардалтын улмаас хохирогч Б.Мөнхжаргалын  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч О.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Шүүгдэгч Боржигон овогт О.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Тд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар О.Тд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаагаас /6/ дээшгүй цагаар эдлүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Тд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ