| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0561/Э |
| Дугаар | 620 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 620
2020 07 29 2020/ШЦТ/620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч С.Солонго,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болдсайхан, түүний өмгөөлөгч Б.Уранцэцэг,
шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Ж.Ганболд,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011008410563 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эко констракшн” ХХК-д аюулгүй байдлын албаны хамгаалагчаар ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан овоогийн 34-36 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт П.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч П.Б нь хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байхад бэлгийн харьцаанд орох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Б нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 30 дугаар гудамжны 6206 тоот хашааны гадна тээврийн хэрэгсэл дотор, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 26 дугаар гудамжны 515 тоотод байх нийтийн байрны 10 тоот өрөөнд тус тус 14 нас 09 сартай хохирогч Б.Нарансолонготй бэлгийн харьцаанд орсон гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,
- насанд хүрээгүй хохирогч Б.Нарансолонгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баярсайхан гэдэг залуутай 2020 оны 01 дүгээр сард фейсбүүкээр танилцаж байсан ба тухайн үед би фейсбүүкээр нэг тоглоом тоглож байхад Баярсайханы арал руу дайраад /фейсбүүк тоглоом/ бүх зүйлийг нь устгасан чинь надруу чатаар “юм үлдээгүй байна шүү дээ” гээд л бид хоёр анх харилцаж эхэлсэн. Тэгээд Баярсайхан бид хоёр үе үе мессенжэр чатаар харилцаад түүнийг Тэнгис кино театрын тэнд нэг байгууллагад хамгаалагч хийдэг гэж ойлгосон. Харин би өөрийгөө Нарансолонго гэж танилцуулсан намайг хэдтэй гэдгийг мэдэж байгаа юу гэж би нэг бус асуухад мэдэхгүй байна гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд би тухайн үедээ аан за за гээд л өнгөрсөн. Баярсайхан намайг 49-р сургуульд сурдаг гэдгийг мэдэж байсан ба харин хэддүгээр ангид сурдаг гэдгийг нь мэдээгүй байх. Тэгээд Баярсайхан уулзах санал тавихаар нь би зөвшөөрөөд гэрээ зааж өгөлгүй Чингэлтэй дүүргийн 15-н буудал дээр хүрээд ир гэсэн. Тэгээд ирчихлээ гэхээр нь би очиж уулзсан ба миний санаж байгаагаар 2020 оны 02 дугаар сарын сүүлээр байх. Тэгээд бид хоёр юм ярьж алхсаар байгаад манай сургуулийн хойд талд очиж 20 гаруй минут юм яриад тэгээд салсан. Тэгээд анх уулзсан өдрөөсөө хойш 2-3 удаа гадуур уулздаг байсан. Тэгтэл 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шөнө 01.00 цагийн үед унтах гэж байхад Баярсайхан миний утас руу залгаад гараад ир гэсэн ба өмнө нь уулзаж байхдаа би гудамжаа зааж өгч байсан юм. Тэгээд гэрийнхээ хүмүүсийг унтаж байхад нь чимээгүй гэрээсээ гараад хашааны гадаа гарсан чинь Баярсайхан нэг цэнхэр өнгийн машинтай ирсэн. Тэгээд би машинд нь суугаад хэний машин юм бэ гэсэн чинь манай ээжийн машин гэсэн. Тэгээд бид хоёр 20 гаруй минут хоорондоо юм ярьж байтал Баярсайхан гэнэт миний уруул дээр үнссэн. Би тухайн үед Баярсайхан машины жолоо барьдаг хэсэг дээр би хажуу талын суудал дээр сууж байсан. Тэгээд миний хувцасыг тайлахаар нь би энэ миний хувьд анхных гэсэн чинь зүгээрээ гээд тэгээд Баярсайхан миний хувцасыг тайлаад би гарыг нь түлхсэн боловч тэгээд бэлгийн харьцаанд орсон. Тэгээд би гэртээ орсон ба дараа нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр болон 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр уулзсан. Хамгийн сүүлд буюу 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр уулзахад Баярсайхан нийтийн байранд орно гээд бид хоёр хамт манай гэрээс ойролцоо нэг нийтийн байр ороод тэр байрыг Баярсайхан түрээсэлсэн. Надад хэлэхдээ чамтай ойр баймаар байна гэж хэлж байсан ба намайг орой хүрээд ирж чадах уу гэхээр нь би чадвал ирнэ гэсэн. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шөнө 02.00 цагийн үед гэрээсээ бас нууцаар гарсан ба тэр үед Баярсайхан манай гэрийн гадаа хүлээж байсан. Тэгээд бид хоёр алхаад нөгөө нийтийн байран дээр нь очоод бид хоёр бэлгийн харьцаанд орсон би тухайн үед жирэмсэн болчихвол яах юм бэ гэсэн чинь болохгүй л гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,
- гэрч Э.Болдсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай охин Нарансолонго нь нэг хүнтэй үерхээд байгаа сурагтай байсан. Би ч тэр үед тоохгүй үеийнхээ банди нартай үерхэж байгаа байх гэж бодож байсан. Сүүлд манай гэрийхэн надад хэлэхдээ Нарансолонго нэг л биш байна. Ямар хүнтэй үерхээд байгааг мэдэх хэрэгтэй гэж хэлсэн. Би тэгээд өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр ажил дээр байхдаа хамаатаны хүүхэд Мөнхтулгыг ажил дээрээ дуудаад, Нарансолонго ямар хүнтэй үерхэж байгаа, Нарансолонго одоо хаана байгаа талаар асуусан. Учир нь Мөнхтулга манай охинтой ойролцоо, бас дотно байдаг болохоор асуусан. Мөнхтулга нь надад хэлэхдээ Нарансолонго Хайлаастын тэр хавьд байдаг нийтийн байранд амьдардаг залуутай үерхдэг, одоо тэнд байгаа байхаа гэж хэлсэн. Би тэгээд төрсөн эгчийгээ тэр нийтийн байрлуу нь явуулаад, өөрөө ажлаасаа чөлөө аваад Нарансолонго болон тэр залуугын барьж аваад 102 руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5780 дугаартай “...Б.Нарансолонго нь 14 настай байна. Б.Нарансолонгын биеийн өсөлт, хөгжил насандаа тохирсон байна...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36х/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4139 дугаартай “...Б.Нарансолонгын онгон хальс 4 цагийн түвшинд хуучин урагдалтай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39х/,
- Нас тоолсон тэмдэглэл, Төрсөний гэрчилгээний хуулбар /хх-ийн 11-12х/ зэрэг нотлох баримтууд болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэрэгт хохирогчийг арван жилийн сурагч гэдгийг шүүгдэгч мэдэж байсан, хохирогчийн сурдаг сургуулийн ойр хавьд хоорондоо уулзаж байсан, хохирогч өөрийн насныхаа талаар П.Бтай ярилцаж байсан утга агуулга бүхий мэдүүлэг тус тус тусгагдсан байна.
Дээрхи бүгдээс дүгнэвэл П.Б нь хохирогч Б.Нарансолонгыг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан гэж шүүх үзэв.
Иймд Шүүгдэгч П.Баярсаханыг арван найман насанд хүрсэн хүн хохирогч Б.Нарансолонгыг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байхад бэлгийн харьцаанд орсон гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болдсайхан нь цаашид гарах сэтгэл санааг засах эмчилгээний зардалд 10.000.000 төгрөгийг, шүүгдэгч П.Баас нэхэмжилсэн болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой ирээдүйд гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтгүй байхад урьдчилан тооцоолон шүүгдэгчээс гаргуулах боломжгүй, зөвхөн бодит гарсан хохирлын зардлыг гаргах боломжтой тул хохирогч Б.Нарансолонго түүний хууль ёсны төлөөгч нарыг тус хэрэгт холбогдох хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Бд ял шийтгэл оногдуулахдаа хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь тус тус харгалзан хуульд заасны дагуу 2500 нэгжээр торгож шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Б нь “Эко констракшн” ХХК-нд аюулгүй байдлын ажилтаны албан тушаалд нэг сарын 900.000 төгрөгийн цалинтай ажилладаг болох тодорхойлолт шүүхэд ирсэнийг үндэслэн шүүхээс оногдуулсан 2.500.000 төгрөгөөр торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 5 сарын хугацаанд төлүүлэхээр төлж барагдуулахаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг рентген зургийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас санал гаргаагүй тул хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт П.Б арван найман насанд хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байхад бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Быг 2500 /хоёр мянга таван зуун/ нэгж буюу 2. 500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг рентген зургийг хэрэгт үлдээсүгэй.
7. Хохирогч Б.Нарансолонго, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Болдсайхан нар нь энэ хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ