Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2016/01374

 

 

 

 

 

 

                                  

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.Т

 

Хариуцагч: СКХХК

 

Хариуцагч: Ск

 

Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндбаяр, хариуцагч Скаймедиа корпораци ХХК-ийн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Б.Т миний бие тус байгууллагад 2008 онд СКХХК-ийн охин компани болох Скай Си Энд Си ХХК-д теллерээр ажилд орсон бөгөөд үүнээс хойш тасралтгүй ажиллаж байхдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд нягтлан бодогч болтлоо дэвшин ажилласан. Миний бие 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүү Ү.Эрхэмбаярыг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Ү.Баярааг төрүүлсэн бөгөөд хүүхэд харах чөлөөтэй байж байгаад эргээд ажилдаа орох хүсэлтээ гаргахад өмнө эрхэлж байсан албан тушаал дээр бус төлбөр тооцооны нягтлан бодогчоор ажиллуулахааар тушаал гарсан гээд ажиллах болсон.

Энэхүү ажил нь банкаар орж ирсэн мөнгийг Skehome, Billing гэсэн програмд шивдэг ажил ба хэрэглэгчдийн банкаар оруулсан мөнгө уг нь цаг тухайдаа орохоор банкуудтай гэрээтэй боловч 60-80 хувь нь 2 цагийн дотор ордоггүйгээс хэрэглэгчдээс гомдол ирдэг. Үүнээс сэргийлээд миний бие шивэлт хийдэг боловч зарим тохиолдолд банк давхар шивэгдэж явснаас дутах, илүүдэх зүйл байдаг. Ингэж гарсан алдааг техникийн албаар засаж янзлуулдаг. Энэ үйл ажиллагаа ингэж явагдсаар ирсэн атал намайг ажил авснаас хойш энэхүү ажилд дадах хугацаа өгөлгүйгээр 2015 оны 09 дүгээр сард ажилд орсон байхад шивэлтийн алдаа гаргасан гээд 2015 оны 09 дүгээр сард сануулга, 10 дугаар сард цалингийн 20 хасуулахаар сахилгын шийтгэл ногдуулсан тушаал шийдвэр гаргасан гэлээ.

Ингээд дээрх зөрчлийг ахиад гаргалаа гээд ажлаас халж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээрх алдаа дан ганц надаас шалтгаалахгүйгээр давхар бичилт хийгддэг. Байгууллагад учируулсан хор хохирол байхгүй байхад ажлаас халж байгаад гомдолтой байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч СКХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Номинцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Б.Тын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б.Б.Т нь тус компанид ажилладаггүй бөгөөд эрх зүйн харилцаа үүсээгүй этгээдэд холбогдуулан гаргасан тушаалаа 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б-159 дүгээр тушаалаар хүичнгүй болгосон. Нэгэнт Б.Б.Т нь тус компанитай хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгээгүй тул түүнийг ажилд эгүүлэн авах тухай ойлголт байхгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй юм. Иймд хариуцагч биш этгээдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Скаймедиа корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Скаймедиа корпораци ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар тус шүүхийн Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүлээн аваад манай байгууллага нь хариуцагч гэж ойлгон итгэмжлэл хийж нэхэмжлэл гардан авсан. Нэхэмжлэгч нь удаа дараа сахилгын зөрчил гаргасан тул бид ажлаас халсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                         

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.Б.Т нь хариуцагч СКХХК болон Скаймедиа корпораци ХХК нарт холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч сахилгын шийтгэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч СКХХК-ийн гүйцэтгэх захирлын б-52 тоот тушаалын нэг дэх заалтаар “Санхүү төлөвлөлтийн газар, Санхүү бүртгэлийн албаны Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс 2-ын Төлбөр тооцооны нягтлан бодогч Батжаргал овогтой Б.Т нь сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан тул 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халсугай” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 11.4.5-т заасныг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачлагаар Б.Б.Тыг ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 3 дахь тал/.

 

2016 оны 02 дугаар сарын 23-ны Б/159 дүгээр Тушаал хүчингүй болгох тухай тушаалаар “Б.Б.Тд холбогдох ажлаас халах тухай 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б-52 дугаар тушаалыг хүчингүй болгосугай” гэж Б.Б.Ттай тус компанитай хөдөлмөрийн эрх зүйн харицаа үүсгээгүй этгээдэд холбогдуулан тулшаал гаргасан байх тул Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.3-т заасныг үндэслэн Б.Б.Тыг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгосон байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь хариуцагч СКХХК-иад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Скаймедиа корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн б-02 тоот тушаалын нэг дэх заалтаар “Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү бүртгэлийн албаны Нягтлан бодох бүртгэлийн хэлтэсийн Төлбөр тооцооны нягтлан бодогч Батжаргал овогтой Б.Т нь сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан тул 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халсугай” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 11.4.5-т заасныг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачлагаар Б.Б.Тыг ажлаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заажээ.

 

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.4.5-т “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцаа зогсоохоор хөдөлмөрийн гэрээний 11.4.7 дугаар зүйлд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж тохиролцсон байх бөгөөд сахилгын зөрчлийг давтан гаргасан үйлдлийг ноцтой зөрчилд хамааруулаагүй байна.

 

Хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн б-02 тоот тушаалд сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч ямар зөрчлийг давтан гаргаж, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч ямар зөрчил гаргасныг мэдэхгүй байна” гэснийг дурдав.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзал түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх Б.Б.Тыг ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч Б.Б.Тыг Скаймедиа корпораци ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газар, Санхүү бүртгэлийн албаны Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс  2-ын Төлбөр тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч Скаймедиа корпораци ХХК-д даалгах үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж, “Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн дахь хэсэгт заасны дагуу ажилтны буруу ажлаас халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалингийн дундаж цалин хөлсөөр тооцон 731.614 төгрөгөөр тодорхойлж, ажилгүй байсан хугацааг ажлын 222 хоногоор  тооцоход 7.554.216 төгрөг төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй юм.

 

   Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б.Тын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Б.Тыг Скаймедиа корпораци ХХК-ийн Санхүү төлөвлөлтийн газрын Санхүү бүртгэлийн албаны Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Төлбөр тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч Скаймедиа корпораци ХХК-д даалгаж, хариуцагч СКХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7.554.216 төгрөгийг хариуцагч Скаймедиа корпораци ХХК-иас  гаргуулж, нэхэмжлэгч Б.Б.Тд олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэг Б.Б.Тын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Скаймедиа корпораци ХХК-д даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Скаймедиа корпораци ХХК-иас 135.817 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР