Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 705

 

 

 

 

 

 

 

       2020         07          23                                       2020/ШЦТ/705

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          улсын яллагч Г.Баярмаа,

          хохирогч М.Баатарсүх,

          шүүгдэгч Ж.С, түүний өмгөөлөгч В.Гэрэлт-Од нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.С холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009014260803 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, 10-н настай хүүгийн хамт тоотод оршин суудаг,

          1996 оны 11 дүгээр сарын 05-нд Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдлэж байгаад 1997 оны 6 дугаар сарын 26-нд /4 cap 9 хоног/-н хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Ж.С /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

          Яллагдагч Ж.С нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 11 дүгээр хэсэг гудамж 1128 тоотод байрлах 42м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-2203029793 дугаартай хувийн сууц, нэгж талбарын 18644321412165 дугаартай, Ү-2203014328 дугаарт бүртгэлтэй зуслангийн сууцны зориулалттай газрын өмчлөгч иргэн М.Баатарсүхийн зөвшөөрөлгүйгээр дээрх газар, хувийн сууцанд 2020 оны 5 дугаар сарын 08-наас 10-ны хооронд хууль бусаар нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.С шүүхийн хэлэлцүүлэгт “…2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бурмаагаас 15.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлсэн. Бурмаагаас мөнгө аваад өөр хүнд зээлчихсэн байсан. Уг нь сар сард нь өгдөг байсан. Би иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Удалгүй энэ асуудал маань шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очсон байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас та 2 өөрсдөө зохицчих гэсэн. Бурмаа надад “одоо байшингийнхаа нэрийг шилжүүлээд өгчих. Тэрний дараа 11.000.000 төгрөг олж өгөөд буцаагаад нэрээ шилжүүлээд авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэрээ шилжүүлж өгсөн. Үүний дараа 5 дугаар сарын 13-ны өдөр 10.000.000 төгрөг нь өгөөд байшингаа авах гэтэл би өөр хүнд зарчихсан. 10.000.000 төгрөг авахгүй гэж хэлсэн. Уг нь хохирогч бүх зүйлийг мэдэж байсан. Мэдсээр байж байшинг маань худалдаж авсан. Тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байшингаа чөлөөл. Чөлөөлснийхөө дараа учраа олчих гэж хэлсэн. Би байшингаа чөлөөлснөөс 1 цагийн дараа буцаад орсон. Би тухайн үед 8.000.000 гаруй төгрөг төлчихсөн байсан. Үндсэн мөнгөө хасуулаад л явж байсан. Миний мөнгийг ч өгөхгүй байшинг ч өгөхгүй байгаа...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би иргэн М.Баатарсүхийн хувийн эзэмшлийн Улсын бүртгэлийн Ү-2203014328 дугаарт бүртгэлтэй зуслангийн сууцны зориулалттай газрын өмчлөгч иргэн М.Баатарсүхийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд дураараа авирласан үнэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-4-5/,

 

Хохирогч М.Баатарсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 5 дугаар сард Бурмаа надад зуслангийн газар байшинг танилцуулсан. Тэгээд очтол тухайн байшинд Соронзонболд байсан. Би тэр байшинг авъя гэтэл Соронзонболд “за 2 хоногийн дараа нүүе” гэсэн. Тэгээд 2 хоногийн дараа очтол хүүхэдтэйгээ хоёулхнаа амьдардаг гээд зовлонгоо яриад байхаар нь 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүлээхээр болсон. Тэгээд би 6 дугаар сарын 10-ны өдөр нүүгээд иртэл Соронзонболд уурлаж над руу дайрсан. 7 хоногийн дараа нэг хүн залгаад намайг дарамталсан. Анхнаасаа ийм асуудалтайг нь хэлсэн бол би худалдаж авахгүй байсан. Цаашдаа очих бүрт орилж хашгирдаг болсон. Тэгээд бүтэхгүй болохоор нь цагдаад өргөдөл гаргасан. Тэрнээс хойш 3 жил болж байна. Би одоо гомдолтой байна. Байшингаа авмаар байна. Хөгшин настай аав ээжийгээ зусланд гаргах гэж байсан юм. Гэтэл миний байшингаас нүүхгүй 2-3 жил амьдарч байна...”гэв.

түүний мөрдөн хохирогчоор өгсөн: "...2018 оны 5 дугаар сард иргэн Бурмаагаас худалдаж авсан хашаа байшинд иргэн Соронзонболд байсан. Тухайн үед хашаа 5айшингаа суллаж өгөхийг шаардсан, хоёр хоногийн дараа гаръя гэсэн, түүнээс хойш хоёр жилийн хугацаанд цагдаа шүүх гэж явсаар байгаад 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр гарч шүүхийн шийдвэрээс 9 хүн ирж Соронзонболдыг албадан гаргаж байраа хүлээн авч цоожны голоо сольж лацдаад явсан. 2020 оны 5 дугаар сарын 10-нд нүүгээд ирсэн чинь Соронзонболд нь хаалга, үүд, цоож, лац эвдээд байшинд өөрийн эд хогшлоо оруулсан байж байсан. Тэгээд гарахыг шаардсан, битгий хуц, тэр шүүх цагдаагаа аваад ир, би гарахгүй гээд байхаар нь би цагдаагийн газар ирж гомдол гаргаж байна. Үл хөдлөх нь миний нэр дээр, газар нь Бурмаагийн нэр дээр байгаа. Соронзонболд одоо манай гэрт байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

 

Гэрч Ж.Бурмаагийн "...2014 оны 10 дугаар сард иргэн Соронзонболд надад хашаа байшингаа барьцаанд тавьж мөнгө зээлсэн. Мөнгөө төлж чадахгүй хашаа байшин нь шүүхийн шийдвэрээр миний нэр дээр шилжсэн. Би 2018 оны 5 дугаар сард иргэн Баатарсүхэд 13.000.000 төгрөгөөр хашаа, байшингаа зарсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02/5053 дугаартай шийдвэр /хх-36-40/, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-43/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-47/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-70-71/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ж.С нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 11 дүгээр хэсэг гудамж 1128 тоотод байрлах 42 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-2203029793 дугаартай хувийн сууц, нэгж талбарын 18644321412165 дугаартай, Ү-2203014328 дугаарт бүртгэлтэй зуслангийн сууцны зориулалттай газрын өмчлөгч иргэн М.Баатарсүхийн зөвшөөрөлгүйгээр дээрх газар, хувийн сууцанд 2020 оны 5 дугаар сарын 08-наас 10-ны хооронд хууль бусаар нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан дураараа авирласан болох нь дээр дурьдсан хохирогч М.Баатарсүх, гэрч Ж.Бурмаа нарын мэдүүлэг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2019/02/5053 дугаартай шийдвэр, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шүүгдэгч Ж.Сын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Ж.Сын дээрх хохирогч М.Баатарсүхийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 11 дүгээр хэсэг гудамж 1128 тоотод байрлах зуслангийн зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 2020 оны 5 дугаар сарын 08-наас 10-ны хооронд амьдарч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч М.Баатарсүх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ж.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Сын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Ж.Сод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Ж.Сод 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ж.С нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ж.С нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Ж.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР