Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 0002

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Бид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0314/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: П.Итгэл,

Шүүгдэгч: Ц.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Баянбилэг, Б.Отгонцэцэг,

Нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Бид холбогдох 201722000325 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Цагаан гэрүүд овогт Ц-ийн Б, 1975 оны 2 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: РУ75020710/.

Ц.Б нь согтуугаар 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгиийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Бургааст” гэх газарт өөрийн эзэмшлийн 18-61 ХӨВ улсын дугаартай, “Верна аксент” маркын тээврийн хэрэгслээр иргэн Д.Г-г дайрч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолоор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Ц-ийн Бид холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Ц-ийн Бийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, ялтны ял эдлэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн 201722000325 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Д.Г нь цаашид гарах хохирол болон эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Ц.Боос нэхэмжлэх эрхтэйг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ц.Бийн эзэмшлийн 1861 ХӨВ улсын дугаартай Хюндэй Аксент маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: .... хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд: Хохирогч Д.Г-ийн “2017 оны 6 дугаар сарын 19-ний өглөө бид нар ажил дээрээ байж байгаад өдөр нь 12 цагийн үед салхинд гарахаар болоод манай ажилчид бүгд явсан. Тэгэхэд манай инженер Батсайхан өөрийнхөө портер машинтай явсан, би Батсайханы машин дотор суугаад явсан. Энэ машинаас гадна Батдоржийн машин явсан, Б-ийн машин дотор хоёр гурван залуу суугаад явсан. Бид нар Төмөрбулаг сумын Бургааст гэсэн үү нэг уулын захад очоод ямаа боож идсэн, бас 4 шил архи хувааж ууж тоглож наадаж байгаад явахаар болоод машин машиндаа суугаад гол уруудаад явсан, явахдаа би Б-ийн машин дотор явсан. Бид нар явж байгаад голын зах дээр очиж зогссон. Би машин дотор суугаад явж байхад Батдорж Мөнхөө ах хоёр маргалдаад л яваад байсан. Тэр хоёр голын зах дээр очоод машинаас бууснаа барилцаад авсан. Тэгснээ Батдорж эргэж машиндаа сууснаа машинаа асаагаад Мөнхөө ахыг чиглээд ирэхээр нь би Мөнхөө ахыг хойш нь татаад авсан чинь Б намайг мөргөсөн. Тэгэхэд би машины хамар дээр тээгээд хэвтээд зогсоорой Б ахаа гэсэн чинь зогссоноо хойшоо ухраад мурчигнаад давхиад явахад би газарт унасан, тэгээд нэг мэдсэн чинь замд яваад байх шиг байсан, нэг мэдэхэд аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн байсан. Биеийн байдал сайн биш байна. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж хагалгаа хийлгэж байгаад ирсэн. Одоо дахин зураг авахуулж хагалгаанд орох ёстой байгаа. Ганцхан нурууны хагалгаа ч биш уушиг муу байгаа болохоор уушгины хагалгаанд орно. Улаанбаатар хот руу явах хүртлээ би аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байна.” гэх мэдүүлэг \хх-ийн 27-р хуудас\,

-Гэрч Ж.Лхагвын “Бид нар сумын төвөөс баруун урд зүгт 10 гаран км зайд байх модны хаяанд очиж хорхог хийж амарсан юм. Салхинд гарсан болохоор архи уусан байсан. Буцахдаа хөх өнгийн портертой манай инженер Батсайхан охинтойгоо хоёулаа түрүүлээд буцсаны дараа бараг цаг гаран болоод бид нар аксенттай уруудаад ирэхэд айлын гадаа маятин дээрээ ноос ачиж байхаар нь хажууд нь очоод зогстол Мөнхөө ах аксентруу орж ирээд суусан тэгээд би тэр үед урд суудал дээр ядарсандаа унтчихсан байсан тэгээд нэг сэртэл Мөнхөө ах, Батдорж 2 машин дотор маргаж байгаад машинаас бууж байсан би нойр хүрээд нэг их сайн анзаараагүй нэг хартал Мөнхөө ах Б нар машины хажууд маргалдаж байгаа харагдсан тэгээд Б машинд орж ирж суугаад “Мөнхөө ах уур хүргээд” гэж хэлээд машинаа асаагаад хөдөлсөн. Тэгтэл гадаа байсан хүмүүс “хүн мөргөлөө” гэж хашгирхаар нь машинаас буутал Ганаа машины урд дайруулсан байдалтай хөл нь машин доогуур орсон байдалтай байсан тэгээд би маш их сандарсан байсан болохоор тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна.

 

” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

- Гэрч Р.Нямжавын “2017 оны 6 сарын 19-нд 19 цагийн үед би үхрээ сааж байтал тугалын зэлний баруун хойд талд цагаан өнгийн жижиг тэрэг ирж зогсоод дотроос нь хүмүүс бууж ирээд хоорондоо маргалдаж зодолдох гэж байгаа бололтой байсан. Тэд нар барьцалдаж авсан байгаа бололтой харагдсан тэгээд нэг хартал 3 залуу нь үлдсэн нэг нь машинаа унаад явж байгаа харагдсан тэгтэл буцаж ирээд нэгийгээ дайрсан. Дайрагдсан хүн нь унаад хоёр дугуйных нь дунд байгаа харагдсан. Тэгэхээр нь би эгч Наранчимэг “эмнэлэгт нийгмийн ажилтан ба эмч”-рүү 89839990 дугаараар нь залгаад ийм асуудал болсон талаар хэлсэн. Тэгээд удаагүй байтал манай нутгийн Буяа гэдэг залуу мотоцикльтой ирээд “ түргэн дуудаарай” гэж хэлж байсан ” гэх мэдүүлэг \хх-ийн 37-р хуудас\ болон хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь санаатайгаар Д.Ганхүүг автомашинаар дайрч түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бусад гэрчүүд архи уугаад согтсон байсан учраас тухайн үед юу болсон талаар санахгүй байна гэж мэдүүлсэн байхад зөвхөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн, хохирогч Д.Ганхүү, гэрч Ж.Лхагва, Р.Нямжав нарын мэдүүлгүүд болон бусад яллах талын нотлох баримтуудыг үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж заасан байна. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч нь санаатай болон санамсаргүй байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулах байдлаар үйлдэгддэг. Гэтэл шүүгдэгч Ц.Б нь бусадтай маргалдсаны улмаас түүнд гэмтэл зориуд учруулахаар санаатайгаар автомашинаар дайрч байгаа үйлдэл нь дээрх төрлийн гэмт хэргээс гэм буруугийн санаатай хэлбэрээрээ ялгаатай байна. Мөн Ц.Б нь замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй байхад ийм дүгнэлт гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2, 3-д заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болж байна.

Иймд Ц.Бид холбогдох Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бийг согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Бургааст” гэх газарт өөрийн эзэмшлийн 18-68 ХӨВ улсын дугаартай Верна Аксент маркийн тээврийн хэрэгслээр иргэн Д.Ганхүүг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Бид холбогдох хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсанд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан ба гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөх болсон үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаарддаг. Гэтэл энэхүү хэргийн тухайд ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба анхан шатны шүүх “хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдохгүй” байгаагаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нэрлэн заагаагүй хэт ерөнхийлөн дүгнэж шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх юм.

Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Бид холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 297 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бид холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Ц.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                Н.БАЯРХҮҮ