Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2022/0035

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Өвөрхангай  аймгийн Тарагт сумын Засаг дарга Т.Н, гуравдагч этгээд Б.Т-

 

Нэхэмжлэгч Б.Б-,

Хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга

Гуравдагч этгээд Б.Т-

 

Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ***, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэл гаргагч: Б.Б-,

Нэхэмжлэл гаргагчийн өмгөөлөгч: П.А

Гуравдагч этгээд: Б.Т-,

Хариуцагч, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М

Хэргийн индекс: 121/2021/0009/З           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б- нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ***, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн *** дүгээр захирамж, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож  шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр “сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй болохыг тогтоож, Б.Б-ийг томилсон Тарагт сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг 2 сарын хугацаанд түдгэлзүүлсэн” ба шүүхийн уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор захирамж хүчингүй болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй” хэмээн заасан. Иймд шүүхийн шийдвэрээр Б.Б-ийг томилсон захирамж хүчингүй болсон тул сонсох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу явуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь хуульд нийцэх тул шүүгч үндэслэлгүй дүгнэлт хийж байна.

3.2. Сонсох ажиллагаа хуульд нийцээгүй талаар шүүхийн шийдвэрт заагдсан тул уг ажиллагааг дахин явуулж, хуульд нийцүүлсэн буюу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Тэгэхээр захиргааг буруутгах ёсгүй юм.

3.3. Нөгөөтээгүүр, удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтад оролцогч Б.Б- нь шаардлагатай оноог авч чадаагүй буюу хууль, эрх зүйн мэдлэг, дүн шинжилгээ хийх болон асуудал шийдвэрлэх чадварууд хангалтгүй байсан нь шалгалтын дүнгээр тогтоогдсон тул түүнийг ажиллуулах нь хуульд нийцэхгүй болно. Гэтэл шаардлага хангахгүй тэрээр би энэ ажлыг хийх ёстой хэмээн маргах нь шударга ёсонд үл нийцэхээс гадна хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгаа зөрчил болно.

3.4. Салбар зөвлөл нь тухайн сонгон шалгаруулалтад оролцогчдоос онооны дарааллыг баримтлан нэр дэвшүүлдэг журамтай. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 болон холбогдох журмын заалтыг зөрчин томилогдсон этгээдэд Төрийн албаны тухай хуульд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа үйлчлэх ёсгүй тул хариуцагчийн шийдвэрүүд хуульд нийцээгүй хэмээн дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа болж байна.

3.5. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянуулах болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Н-г биечлэн оролцуулах хүсэлтэй байна.

4. Гуравдагч этгээд Б.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Тарагт сумын Засаг дарга Х.Д дахин шинэ акт гаргахдаа Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль бусад эрх зүйн актад заасан журам, шүүхийн шийдвэрийг дараах байдлаар зөрчсөн.

4.1.1. Ирүүлсэн мэдэгдэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд тусгах мэдээллийн шаардлагыг хангаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 27.3.1, 27.3.2, 27.3.3-д заасан хуулийн шаардлагыг огт хангаагүй буюу сонсох ажиллагааны журам тодорхой бус, эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалтыг заагаагүй, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл үндэслэлгүй мэдэгдэл ирүүлж, Захиргааны ерөнхий хууль, бусад хууль, эрх зүйн актыг зөрчиж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

4.1.2. Шүүхээс сонсох ажиллагаа явуулж хуульд нийцсэн шийдвэр гаргуулах зорилгоор 2 сарын хугацаанд Б.Б-ийг 2 сарын хугацаанд түдгэлзүүлж байхад тус шийдвэрийг биелүүлээгүй нь Б.Б-ийг томилсон 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүчингүй болгосон шийдвэрээр, нэр дэвшигч нарт сонсох ажиллагааг бүрэн гүйцэд явуулах боломжоор хангаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалтыг зөрчсөнийг мөн нотолж байна. Тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж заасан.

4.1.3. 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийн 1 дэх хэсэгтээ 05 дугаар сарын 26-ны өдрөөс томилж, илт хууль бус акт гаргасан нь сонсох ажиллагааны албан мэдэгдэлдээ Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшигч нарт 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дотор тайлбар, саналаа ирүүл гэсэн албан мэдэгдлээ үгүйсгэж 2020 оны Б/04 дүгээр захирамжийг гаргасан нь сонсох ажиллагааг хэлбэр төдий явуулж, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 буюу Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ, Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 буюу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэх хуулийн заалт, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хангаагүй тул хариуцагч Тарагт сумын Засаг дарга Т.Н-д Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3/32 дугаар албан бичгээр Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд “Нэр дэвшүүлэх тухай” албан бичгийн дагуу сонсох ажиллагааг хууль зүйн дагуу явуулж, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, Шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргыг томилохыг хүссэн гомдлыг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан. Үүний дагуу хариуцагч Тарагт сумын Засаг дарга Т.Н 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/84 дүгээр захирамжаар тус гомдлыг хянан шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулж, улмаар 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн *** дүгээр захирамжаар “Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшигчдийн дунд сонсох ажиллагаа дахин явуулж, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дүгээр захирамжаар Б.Б-ийг тамгын газрын даргаар томилсон Тарагт сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/12 дугаар захирамжаар Б.Т- миний биеийг түр орлон гүйцэтгэгчээр, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/14 дүгээр захирамжаар жинхлэн томилсон нь Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн биелэлт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2 буюу Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ, Шүүхийн тухай хуулийн 23.1 буюу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэх хуулийн заалтын хэрэгжилтийг хангасан сумын Засаг дарга Т.Нгийн шийдвэрийг нэг талыг барьж өмнөх үйл баримт, шүүхийн шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийхгүйгээр Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуулийг хийсвэр байдлаар хэрэглэж, үгүйсгэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд Б.Т-ын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ***, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дүгээр захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээд Б.Т-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

3. Шүүх гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1. Нэхэмжлэгчээс “... Б.Т- нь сумын Засаг дарга Т.Нд өмнөх Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хууль зөрчсөн хэмээн өргөдөл гаргасан ... өргөдлийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний шөнө хэлэлцэж, намайг томилсон 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 шийдвэрийг хүчингүй болгож, сонсох ажиллагааг дахин явуулах 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ***, захирамж хүчингүй болгох тухай 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дүгээр захирамжийг тус тус гаргасан ... энэ талаар надад огт мэдэгдээгүй ... эрх мэдлээ хэтрүүлж ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүйгээр сонсох ажиллагааг хууль бусаар зохион байгуулж, шүүхийн шийдвэрийг хангаагүй гэж өмнөх Засаг даргынхаа шийдвэрийг хүчингүй болгосон. Намайг томилсон захиргааны акт гарснаас 10 сарын дараа Б.Т- өргөдөл гаргасан нь захиргааны актад гомдол гаргах хугацаа хэтэрсэн ... жирэмсний амралттай байгаа намайг ажлаас халж, ... 03 дугаар шүүхийн шийдвэрийг хангаагүй хэмээн шүүхийн өмнөөс шийдвэр гаргасан ...” гэсэн үндэслэлээр “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ***, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гарган маргасан нь үндэслэлтэй байна.

3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамжаар тус сумын Тамгын газрын даргаар Б.Б-ийг томилсон байх бөгөөд уг захирамжийг Б.Т- эс зөвшөөрч шүүхэд “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, уг албан тушаалд нэхэмжлэгчийг томилохыг хариуцагчид даалгуулах, хуульд заасан журмыг зөрчиж Б.Б-ийг томилсон Тарагт сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаснаар Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс тус аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох нэр дэвшигч нарын талаарх саналыг авч, нэг иргэнийг хуульд заасан журмын дагуу сонгон “Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилох тухай” дахин шинэ акт гаргах хүртэл түүний 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Б.Б-ийг ажилд томилох тухай” Б/06 дугаар захирамжийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

3.3. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3/32 дугаар албан бичгээр “Б.Т-, Б.Б-, Г.Б” нарыг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, тус сумын Засаг дарга нэр дэвшигчдийн дунд сонсох ажиллагаа явуулж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар Б.Б-ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон байх бөгөөд Б.Т-оос 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шинээр томилогдсон Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Т.Нд Б.Б-ийг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон тус  сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр захирамж нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, илт хууль бус гэсэн үндэслэлээр “Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг биелүүлж, Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргыг томилно уу” гэх өргөдөл гаргаснаар тус сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн *** дүгээр захирамжаар “сонсох ажиллагааг хуулийн дагуу дахин явуулахаар шийдвэрлэж, сонсох ажиллагаа явуулах ажлын хэсгийг байгуулж, сонсох ажиллагааны үр дүнд нэр дэвшигч нарын хэнийг томилох шийдвэр гарснаас шалтгаалж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Б.Б-ийг ажилд томилох тухай” Б/04 дүгээр захирамж хүчингүй болохыг дурдаж”, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дүгээр захирамжаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Б.Б-ийг сул байгаа ажлын байранд томилон, жирэмсний амаржсаны амралтыг үргэлжлүүлэн олгохыг Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэжээ.

3.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилохдоо сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, нэр дэвшигчдийг сонсох ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ***, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дүгээр захирамжуудыг хуульд нийцээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

3.5. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга нь Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг биелүүлж, Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3/32 дугаар албан бичгээр Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн “Б.Т-, Б.Б-, Г.Б” нарын дунд сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/52, 1/53, 1/54 дүгээр албан бичгүүд, тус сумын Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн мэргэжилтэн Э.Е-н 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 19 цаг 53 минутад Б.Т-ын 99137663 дугаартай утсаар холбогдон санал авсан талаарх утсаар ярьсан тэмдэглэл, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл” /1хх-9/, Б.Т-ын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай” /1хх-22/ “... хуулийн шаардлагыг хангаагүй буюу сонсох ажиллагааны журам тодорхой бус, эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалтыг заагаагүй, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл үндэслэл хангалтгүй байна ... миний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахыг албан ёсоор мэдэгдэж байна ... Засаг дарга гаргах шийдвэрээ тодорхой дурдаагүй тул сонсох ажиллагаанд оролцуулсан нэр дэвшигч болон иргэдийн төлөөллийг оролцуулан гаргах шийдвэрийн төслөө танилцуулахыг шаардаж байна ...” гэх санал зэргээр тогтоогдсон, сонсох ажиллагааны мэдэгдэл нь нэр дэвшигчдийн тайлбар, санал гаргах боломжийг хязгаарласан гэх нөхцөл тогтоогдоогүй байх тул гуравдагч этгээдийн “... ирүүлсэн мэдэгдэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд тусгах мэдээллийн шаардлагыг хангаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 27.3.1, 27.3.2, 27.3.3-д заасан хуулийн шаардлагыг огт хангаагүй буюу сонсох ажиллагааны журам тодорхой бус, эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалтыг заагаагүй, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл үндэслэлгүй мэдэгдэл ирүүлж, Захиргааны ерөнхий хууль, бусад хууль, эрх зүйн актыг зөрчиж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

3.6. Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/52, 1/53, 1/54 дүгээр мэдэгдлүүдэд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагаас өмнө тайлбар, саналаа өгөхийг мэдэгдсэн байх бөгөөд Б.Б- 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийн биеэр, Б.Т- цахим хуудсаар дамжуулан бичгээр санал, тайлбараа ирүүлсэн, Г.Б тайлбар, саналаа тогтоосон хугацаанд ирүүлээгүй нь тогтоогдсон байх тул тус сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар Б.Б-ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилохдоо 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс томилсныг буруутгах, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэлбэрийн төдий явуулсан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.7. Иймд Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар Б.Б-ийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсоныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, сүүлд буюу 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гуравдагч этгээд Б.Т-оос шинээр томилогдсон Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Т.Н-д гомдол гаргахад Б.Б-ийг томилсон Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр шийдвэрээ хариуцагч хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул шүүх “сонсох ажиллагааг хуулийн дагуу дахин явуулахаар шийдвэрлэж, сонсох ажиллагаа явуулах ажлын хэсгийг байгуулж, сонсох ажиллагааны үр дүнд нэр дэвшигч нарын хэнийг томилох шийдвэр гарснаас шалтгаалж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Б.Б-ийг ажилд томилох тухай” Б/04 дүгээр захирамж хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэсэн тус сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн *** дүгээр захирамжийг хуульд нийцээгүй гэж үзэн, хүчингүй болгосож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

3.8. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан журмын дагуу иргэн, хуулийн этгээд нь захиргааны байгууллагын шийдвэрт гомдол гаргах эрхтэй боловч төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой шийдвэр гаргахад тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийг хэрэглэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, 75.2-т “Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана” гэж тус тус хуульчилсан.

3.9. Иймд хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга нь дээрх хуульд зааснаар гуравдагч этгээд Б.Т-оос 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүсэлт гаргах үед тусгайлсан зохицуулалт бүхий Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу буюу төрийн албаны төв байгууллагад гомдлоо гаргах талаар шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

3.10. Түүнчлэн нэхэмжлэгчийн “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсэгт хийсэн анхан шатны шүүхийн “... Б/04 дүгээр захирамжаар тус албан тушаалд томилогдсон Б.Б- нь төрийн жинхэнэ албан хаагч тул төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаахтай холбоотой, түүнийг албан тушаалд томилох, чөлөөлөх харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана ...  маргаан бүхий 2021 оны *** дүгээр захирамжаар хүчингүй болгосон 2020 оны Б/04 дүгээр захирамж нь сумын Засаг даргын Тамгын газрын даргыг томилсон агуулгатай хүний нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэр бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д ... заасан сумын Засаг дарга өмнө гаргасан захирамжаа хүчингүй болгох бүрэн эрх нь хүний нөөцийн удирдлагатай холбогдуулж гаргасан шийдвэр буюу төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх харилцаанд хамаарахгүй ... Б.Б-т жирэмсний болон амаржсаны амралтыг олгосноос үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 ... гэж заасныг зөрчсөн ... маргаан бүхий *** дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг томилсон захирамжийг хүчингүй болгосноор түүнийг төрийн албанаас чөлөөлсөнтэй адил үр дагавар үүсгэсэн гэж үзэхээр байна ...” гэх дүгнэлт үндэслэлтэй, шүүх маргаанд хамаарах Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журмын зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шүүхийн уг дүгнэлттэй холбоотойгоор гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй.

3.11. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ***, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн *** дүгээр захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн *** дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг шийдвэрлэхэд үндэслэл болгосон хуулийн зохицуулалтыг буюу Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2 дахь заалтыг баримтлаагүй, хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээд Б.Т-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

4. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын давж заалдах гомдлыг хянаагүй болно. Үүнд:

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

4.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Б.Т-, хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Т.Н нарын анхан шатны шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хүсэлтийн /1хх-176/ дагуу хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Г.Н оролцож, захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд цахим хэлбэрээр оролцсон байх бөгөөд хэрэгт хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс өмгөөлөгч Г.Н-г өмгөөлөгчөөр оролцуулахаас татгалзсантай холбоотой баримт авагдаагүй байна.

4.3. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн (Шүүхийн шийдвэр/магадлал, тогтоол/-ийг гардуулсан, хүргүүлсэн тухай) Баримт №15 /2хх-24/, мөн шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн (Давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг танилцуулах тухай) Баримт №18 /2хх-37/-аас үзэхэд шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хариуцагч, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Г.Н-ид 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Т.Нд “Монгол шуудан”-аар тус тус хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга нь давж заалдах гомдлоо 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргажээ.

4.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нь захиргааны хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж, өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн гэж зааснаар хэргийн аль нэг оролцогч болон түүний өмгөөлөгч, эсхүл төлөөлөгчийг бие даасан тус тусдаа этгээд гэж үзэхгүй, хэргийн нэг тал буюу нэг ашиг сонирхол бүхий нэгдмэл оролцогч гэж үзэх тул шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч нар өөр өөр цаг хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан авсан нь хуулиар тогтоосон 14 хоногийн хугацааг өөр өөрөөр тоолох үндэслэл болохгүй.

4.5. Иймд хариуцагч, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Г.Н-д шүүхийн шийдвэрийг хүргүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход хуульд заасан гомдол гаргах хугацааг 3 хоног хэтрүүлсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хянах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

4.6. Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг дарга Т.Н болон хариуцагч, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Г.Н нараас анхан шатны шүүхээс “Монгол шуудангаар” 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүргүүлсэн шүүхийн шийдвэрийг хэзээ гардан авсантай холбоотой баримт, тайлбарыг ирүүлэхийг шаардсан боловч холбогдох баримт, тайлбарыг ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1” гэсний дараа “75 дугаар зүйлийн 75.1, 75.2” гэсэн заалтуудыг тус тус нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.Т-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                 Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ