Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 066

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сагсай сумын 4 дүгээр багийн оршин суугч О.Б-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Улсын бүргэгчид холбогдох,

            “Үрчлэлтийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Сагсай сумын У.Б- даалгах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагч Сагсай сумын улсын бүртгэгч Т.Б-, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие О.Б-, эхнэр Х.Табыс нар бид 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өөрийн төрсөн хүү Тилепберген, бэр болох Күмисгүл нарын дундаас төрсөн Иса нэртэй хүүг сайн дурын үндсэн дээр үрчилж авахаар хууль журмын хүрээнд, өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хүүхэд үрчлэх, үрчлүүлэх ерөнхий нөхцөлийн дагуу  хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр сумын Засаг даргад гаргасан бөгөөд сумын Засаг дарга бидний хүсэлтийг судлан үзэж, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” А/73 дугаартай захирамжаар Тилепберген овогтой Исаг өвөг эцэг О.Б-, эмэг эх Х.Табыс нарт үрчлүүлэх тухай шийдвэр гаргасан билээ. Уг захирамжийн 3 дахь заалтаар Т.Исагийн бичиг баримтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж бүртгэлийн ажиллагаа явуулахыг У.Б- зөвшөөрч шийдвэрлэсэн болно. Тэрээр, Т.Исаг үрчилж авах шалтгааны хувьд, бэр болох Күмисгүлийн биеийн байдал муу, хүүхдээ асарч чадаагүй байх тул төрсөн цагаас эхлэн эмгэн бид хоёр асарч, мөн хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс хүүхдийгээ хэнээс ч дутаахгүйгээр өсгөж хүмүүжүүлж, төрсөн эцэг, эх, хүүхдийн нэгэн адил эрх, үүрэг үүсгэсэн болохыг дурдаж байна. Ер нь бол хүүхэд үрчлэх явдал амьдралд өргөн тохиолддог өвөрмөц үйл ажиллагаа юм.

 Дээрх байдлаас харахад, холбогдох баримт бичгийг бүрэн хавсаргаж, бүрдүүлсэн баримт бичгийг хүүхдийнхээ оршин суугаа газрын ЗДТГ-т гаргасан ба сумын Засаг дарга хуулийн хугацаанд хянан шийдвэрлэж, хүүхэд үрчлэх үндэслэлтэй гэж үзэж энэ тухайгаа баталгаажуулан захирамж гаргасан байдаг. Гэвч сумын улсын бүртгэгч Т.Б- нь тус үрчлэлтийг бүртгэж авахаас татгалзсаныг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

Хуулийн дагуу бол улсын бүртгэгч захирамжийг үндэслэн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Иргэний улсын бүртгэлийн журамд заасны дагуу үрчлэлтийг  бүртгэх ёстой. Улсын бүртгэгчийн татгалзлын үндэслэл нь Иргэний улсын бүртгэлийн журмын 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар хүүхэд үрчлэн авч буй эх болох Х.Табыс нь өөрийн биеэр ирээгүй гэх шалтгаанаар татгалзсан байдаг юм. Миний эхнэр болох Х.Табыс нь сумын Засаг даргын А/73 дугаартай захирамж гарсны дараа буюу 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нас барсан. Тэрээр, нас барахаас өмнө, Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж гарангуут уг захирамжийн хамт Т.Б-т бүх баримт бичгийг хүлээлгэн өгсөн байсан ба бидний хувьд захирамжийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ гарсан гэж өнөөдрийг хүртэл ойлгож ирсэн. Гэтэл Т.Б-ээс ийнхүү татгалзсан тухай бичгийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан болохыг дурдаж байна.

Нэгэнт, сумын Засаг даргад холбогдох бүх баримт бичгийг бүрдүүлж өгсөн, талийгаач Х.Табыс нь амьд сэрүүн байх үед сумын Засаг даргын захирамж гарсан байсан тул улсын бүртгэгч үрчлэлтийг бүртгэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, дээрх хууль тогтоомж, журамд зааснаар улсын бүртгэгч захирамжийг үндэслэн ямар нэгэн хугацаа харгалзахгүйгээр бүртгэл хийж болох нь харагдаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан ерөнхий шаардлагыг хангах үүднээс холбогдох бүхий л баримтуудыг бүрдүүлэн сумын Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргасан бөгөөд Сагсай сумын 4 дүгээр багийн иргэн Тилепберген овогтой Иса-г тус сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/73 дугаартай захирамжаар өвөг эцэг болох О.Б-, эмэг эх болох Х.Табыс бидэнд үрчлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэрээр, Т.Исагийн бичиг баримтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрдүүлж бүртгэлийн ажиллагаа явуулахыг Улсын бүртгэгч /Т.Б-/-т зөвшөөрсөн нь захирамжийн 3 дахь заалтаас тодорхой харагддаг.

Гэтэл сумын улсын бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэхээс татгалзсанаар энэхүү маргаан үүсэх шалтгаан бүрдсэн. Нэхэмжлэгч О.Б- миний бие шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа учир нь, өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааны хувьд дурдвал:

Нэгдүгээрт, нэгэнт хүүхэд үрчлэн авах тухай бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлэн Засаг даргад хүсэлтийн хамт гаргасан бөгөөд хүүхэд үрчлүүлэх тухай захирамж гарсны дараа улсын бүртгэгчээс хүүхэд үрчилснийг улсын бүртгэлд бүртгэсэн, төрсний бүртгэлийн гэрчилгээ шинээр гарсан гэж өнөөдрийг хүртэл ойлгож ирсэн. Хэрэв бидний зүгээс хүүхдийн төрсний гэрчилгээг гарсан гэж үзсэн тохиолдолд яагаад гардан аваагүй шалтгаан нь дээрх захирамж гарсны дараа эхнэр болох Х.Табыс нь нас барснаар сэтгэл санааны гүн хямралд автаж, төрсний бүртгэлийн гэрчилгээг авахаар очиж байгаагүй нь үнэн.

Хоёрдугаарт, Сумын Засаг даргаас У.Б- хүүхэд үрчлэхийг зөвшөөрсөн байх тул ямар нэгэн асуудал гарахгүй болов уу гэж үзсэн. Нөгөөтээгүүр, улсын бүртгэгч нь талийгаач Х.Табыс нас барахаас өмнө уг асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх боломж, өөрөөр хэлбэл хангалттай хугацаа байсан гэж харж байгаа. Түүнчлэн, улсын бүртгэгчийн хувьд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэдийн өргөдлийг 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байтал О.Б- надад татгалзсан шийдвэрээ 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр сумын Засаг даргын бүртгэл хяналтын картаар дамжуулан хариугаа өгсөн тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Талийгаач Х.Табыс нь сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/73 дугаартай захирамж гарснаас хойш 2 сар 5 хоногийн дараа буюу 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нас барсан. Ингэхдээ, нас барахаас өмнө, Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж гарангуут уг захирамжийн хамт Т.Б-т бүх баримт бичгийг хүлээлгэн өгсөн байсан ба бидний хувьд захирамжийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ гарсан гэж өнөөдрийг хүртэл ойлгож ирсэн болохыг шүүх анхаарч үзэхийг хүсье. Дээрх Т.Б-ээс татгалзсан тухай бичгийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан болохыг мөн дахин дурдаж байна. Харин Т.Б- нь шийдвэрлэсэн огноог 2018 онд гэж бичсэн мөртлөө дахиж засаж 2017 он болгосон юм. Би энэ талаар асуухад, би ингэж бичих ёстой гэж хэлснээр би яваад өгсөн.

Нэмж хэлэхэд, талийгаач Х.Табыс нь нас барахаас өмнө улсын бүртгэгч асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэсэн бол уг маргаан гарах ёсгүй байжээ.

Иймд, Тилепберген овогтой Исаг өвөг эцэг О.Б-, эмэг эх Х.Табыс нарт үрчлэгдсэнийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгож өгөхийг Сагсай сумын улсын бүртгэгч Т.Б-т даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие надтай хамт амьдардаг өөрийн хүүгийн Иса гэдэг хүүхдийг үрчлэн авахыг хүсэж байна. Анх 1 нас хүрээгүй гэж хойшилж байсан ба 2 нас хүрэхэд буюу 2017 оны 06 дугаар сарын 15-аас хойг материалыг бүрдүүлж сумын захиргаанд өгсөн байгаа. Үүний дагуу 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүүхдийг үрчилсэн тухай захирамж гарсан. Тухайн үед бид нар “Даян” хэмээх 150 км газарт зусланд гарсан байсан учраас эхнэр маань сумын төв ирж чадаагүй. Удалгүй эхнэр маань 08 дугаар сарын 20-ны өдөр нас барсан тул хүүхдийг үрчлэн авч чадаагүй, ийм байдалд хүрсэн. Тийм учраас үрчлэлтийг бүртгэхийг даалгаж өгөх тухай нэхэмжлэл гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас эхлэн нэхэмжлэгч О.Б-гийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Үйл баримт тодорхой байна. Маргааны гол үндэслэл нь иргэний бүртгэл хөтлөх журмын 6.4 зааснаар үрчлэн авагч болон үрчлүүлэгч нар бүртгэлийн байгууллагад биечлэн ирээгүй учраас бүртгэл хийхээс татгалзсан гэх үндэслэл байгаа. Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд амраар гаргасан тайлбараар үрчлүүлэгч болон үрчлэн авагч нар бүх бичиг баримтыг хууль журмын дагуу бүрдүүлсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 55.8-д заасныг харахад үрчлэн авагч үрчлүүлэгч нар нь хууль журмын дагуу шаардагдах нотлох баримтыг бүрдүүлэн сумын Засаг даргад өргөдлөө гаргана, сумын Засаг дарга уг өргөдлийг 20 хоногийн дотор шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байгаа. Харин нэхэмжлэгч нарын хүсэлтийг сумын Засаг дарга шийдвэрлэсэн байна. Энэ нь Сагсай сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” А/73 тоот захирамжаар нотлогдон тогтоогдож байна. Энэхүү захирамжаас харахад агуулгаар 3 зохицуулалт явж байгаа бөгөөд  нэгдүгээрт, тус сумын 4 дүгээр багийн иргэн Тилепбергений Исаг өвөг эцэг О.Б-, эмэг эх Х.Табыс нарт үрчлүүлж, хүсэлт гаргагч нарын хүсэлтийг хангасан байна. Хоёрдугаарт, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан хүмүүжүүлэх үүргээ чанд биелүүлэхийг хүүхэд үрчилж авсан эцэг эхэд үүрэг болгожээ. Гуравдугаарт, холбогдох бичиг баримтыг хууль, журмын дагуу бүрдүүлэн бүртгэлийн ажиллагаа хийхийг У.Б- зөвшөөрсөн байна. Нэхэмжлэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаар хэлсэн, 2018 оны 06 дугаар сарын эхээр дөрвүүлээ ирсэн нь нотлох баримтын хүрээнд нотлогдож байна.

Мөн захирамж гарсны дараа У.Б- уулзсан гэдгээ хэлсэн байгаа. Улсын бүртгэгчээс үрчлүүлэгч болон үрчлэн авагч нар нь биечлэн ирсэн нөхцөлд бүртгэл хийх боломжтой гэдгийг хэлсэн гэж байна. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд улсын бүртгэгчийн хэлсэн тайлбарыг хагас дутуу ойлгосон мэт тайлбарладаг. Бид дөрвүүлээ ирэх боломжтой байсан хэдий ч материалаа бүрдүүлж өгсөн, хүүхэд үрчлүүлэх Засаг даргын захирамж гарсны дараа Х.Табыс гэдэг талийгаач өвчтэй байсан тул 150 км газраас ирэх боломжгүй болсон гэсэн үнэн зөв тайлбараа нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байгаа юм.

Нэхэмжлэгчийн маргаж байгаа гол асуудал бол холбогдох бүх баримт бичгийг хууль журмын дагуу бүрдүүлж өгсөн, сумын Засаг даргаас хүүхэд үрчлүүлэх тухай захирамж гарсан. Энэхүү захирамжийг Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8-д заасныг үндэслэн улсын бүртгэлийн ажилтан хүүхдийг үрчлэлтийн бүртгэлд бүртгэнэ гэсэн үүргээрээ бүртгэх ёстой гэж ойлгож байна. Энэ хооронд 2 сар 15 хоногийн хугацаа байдаг ба уг 2 сар 15 хоногийн хугацаа өнгөрсөн байхад улсын бүртгэгч энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байсан гэж миний бие өмгөөлөгч хүний хувьд үзэж  байна.

Учир нь, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргаж өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар холбогдох этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг албан тушаалтан 30 хоногийн дотор шийдвэрлэхээр зохицуулсан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч тал нэгэнт бичиг баримтыг бүрдүүлээд У.Б- өгсөн учраас хүүхдийн төрсний гэрчилгээ гарсан гэсэн ойлголттой ирсэн гэж байгаа. Гэтэл төрсний гэрчилгээ олгох боломжгүй гэсэн улсын бүртгэгчийн хариуг нэхэмжлэгч тал саяхан 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээж аваад нэхэмжлэлийн шаардлага гарсан юм. Улсын бүртгэгч өргөдлийг 30 хоногийн дотор шийдвэрлэх үүрэгтэй байсан, мөн бүх бичиг баримтууд нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа юм. Х.Табыс гэдэг хүн нас барсан учраас үрчлүүлэгч болон үрчлэн авагч нар бүгд ирэх боломжгүй, хамгийн гол нь үрчлүүлэгч нар хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд журмыг баримтлан гэж бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн үйлдэл шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзээд нэхэмжлэл гаргасан.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв. 

Хариуцагч Сагсай сумын улсын бүртгэгч Т.Б- шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сагсай сумын 4 дүгээр багийн иргэн Онхай овогтой Баймолдагийн нэхэмжлэлийн дагуу тайлбар гаргаж байна. Иргэн О.Б- Х.Табыс нар нь хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хууль, журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлж гаргасан боловч иргэний бүртгэл хөтлөх журмын зургаагийн 4-т хүүхэд үрчилсний бүртэл хөтлөхдөө үрчлүүлж байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг заавал байлцуулна гэсэн заалтын дагуу үрчлэн авч байгаа эх болох Х.Табыс нь өөрийн биеэр ирээгүй байгаа тул миний бие хуульд нийцэхгүй байна гэж үзэж уг бүртгэлийг бүртгэхээс татгалзсан болно.

Сагсай сумын 4 дүгээр багийн иргэн О.Б- нь хүсэлт гаргаж хууль журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлсэн байсан. Тухайн үед захирамж гарсан боловч хүүхэд Иргэний улсын бүртгэл хөтлөх  журмын 6.4-т зааснаар  үрчилж байгаа хүүхдийн төрсөн эцэг, эх болон үрчлэн авч байгаа эцэг, эхийг нь  биеэр байлцуулах байсан боловч дөрвүүлээ ирээгүй. Би тухайн үед нэхэмжлэгчид журмын заалтыг тайлбарлаж хэлээд таны бичиг баримт бүрэн байна,  бүгдээрээ ирж бүртгэл хийлгэх боломжтой гэсэн хариу өгч явуулсан боловч нэхэмжлэгч тэр чигээрээ ирээгүй байгаа гэв.

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б-гаас Сагсай сумын улсын бүртгэгч Т.Б-т холбогдуулан гаргасан “Ач хүү Исагийн үрчлэлтийг бүртгэж, төрсний гэрчилгээ олгохыг Сагсай сумын У.Б- даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч О.Б-, түүний эхнэр Х.Табыс нар нь хүү Б.Тилепберген, бэр А.Күмисгүл нарын дундаас 2015 оны  08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Исаг  үрчлэн авах тухай хүсэлтээ Сагсай сумын Засаг даргад 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бичгээр гаргасан нь, мөн хүүхдийн төрүүлсэн эцэг, эх болох Б.Тилекберди, А.Күмисгүл нар нь үрчлүүлэх зөвшөөрлийг  олгосон нь хэрэгт авагдсан О.Б-, Х.Табыс нарын сумын Засаг даргад бичгээр гаргасан хүсэлт[1], хүүхдээ үрчлүүлэхийг зөвшөөрсөн Б.Тилепберген, А.Күмисгүл нарын өргөдөл[2] зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байна”, 55.6-д “Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана”, 55.7-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын дагуу  үрчлэн авагч О.Б-, Х.Табыс нарын хүсэлт, үрчлүүлэгч Б.Тилепберген, А.Күмисгүл нарын зөвшөөрлийг тус тус үндэслэн сумын Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр А/73 дугаар “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар[3] Тилепберген овогтой Исаг өвөг эцэг О.Б-, эмэг эх Х.Табыс нарт үрчлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Дээрх үйл баримтын талаар хэргийн оролцогчид нь маргаагүй ба харин иргэний гэр бүртгэлийн ажилтан буюу улсын  бүртгэгч  нь  хүү Исаг  үрчилснийг бүртгэхээс татгалзаж , ийнхүү татгалзсан үндэслэлээ Хууль зүйн сайдын 2015 оны А/193 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 6.4-т заасан “ Хүүхэд үрчилсний бүртгэлийг хөтлөхдөө үрчлүүлж байгаа болон үрчлэн авч байгаа эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг заавал байлцуулна” гэсэн заалтын дагуу үрчлэн авагч эх Х.Табыс нь ирээгүй тул бүртгэхээс татгалзсан гэж шүүхэд тайлбарласан.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8-т “Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ”, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Үрчлэн авагч нь үрчлэн авсан тухайгаа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлнэ”,  16.6-т “Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, дипломат төлөөлөгчийн болон консулын газар энэ хуулийн 16.2, 16.5-д заасан баримт бичгийг хүлээн авч хүүхэд үрчилсэн тухай бүртгэж, төрсний гэрчилгээг шинээр бичиж, үрчлэн авсан эцэг, эхэд олгоно ...” гэж тус тус заажээ.

Үрчлэн авагч эх Х.Табыс нь  хуульд заасан шаардлагыг хангаж, ач хүү Исаг үрчлэн авах тухай хүсэлтээ гаргасан, сумын Засаг даргын хүүхэд үрчлүүлэх тухай шийдвэр гарсны дараа буюу 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан 0000199455 дугаартай нас барсны гэрчилгээгээр[4] тогтоогдож байна.

Үрчлэн авагч эх нас барсан шалтгаанаар  “... үрчлэн авагч эхийг байлцуулах...” гэсэн  “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 6.4 дах заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүрсэн хэдий ч  Сумын Засаг даргын “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж нь хуульд заасан журмын дагуу гарсан хүчин төгөлдөр шийдвэр, хуульд зааснаар уг шийдвэрийг үндэслэн  хүүхэд үрчилснийг бүртгэх ёстой атал бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн эс үлдэхүй нь хууль бус гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч О.Б-гийн ач хүү Т.Исагийн үрчлэлтийг бүртгэж, төрсний гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний ач хүү болох Т.Исаг О.Б-д үрчлүүлснийг бүртгэж, төрсний  гэрчилгээ олгохыг Сагсай сумын улсын бүртгэгч Т.Б-т даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.ГҮЛБАРША

 

 


[1] Хэргийн 6 дугаар хуудас

[2] Хэргийн 7 дугаар хуудас

[3] Хэргийн 5 дугаар хуудас

[4] Хэргийн 14 дүгээр хуудас