| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0565/Э |
| Дугаар | 632 |
| Огноо | 2020-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 632
2020 07 30 2020/ШЦТ/632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Батбямба,
гэрч Т.Төмөрхуяг,
хохирогч Т.Оюунбайгаль,
өсвөр насны шүүгдэгч Э.У, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэг, өмгөөлөгч Б.Эрдэмболор,
нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Э.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011009020553 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжны 708 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Э.У
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ өсвөр насны яллагдагч Э.У нь хохирогч Т.Оюунбайгалийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Э.У нь 2020 оны 04 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн авга эгч хохирогч Т.Оюунбайгалийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа 3 удаа цохиж, газарт унагаж бие махбодид нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулын дотор салстад цус хуралт, хамар, зүүн хацар, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь:
- Өсвөр насны шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогч Т.Оюунбайгалийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энхбаярын хүү Ундрах манай цонх руу 2 удаа чулуу шидээд гараад ир чи, намайг чамайг би ална гээд чулуу шидээд байсан. Тэгэхээр нь би гэртээ цагдаа дуудчихаад гадаа гараад Ундрахыг яагаад чулуу шидээд байгаа юм бэ гэтэл намайг заамдаж аваад шууд миний нүүр рүү гараа атгаж байгаад 3-4 удаа цохисон...Намайг Ундрах нүүр рүү цохиход хойшоо газар гараар тулж унасан...,...Миний биед учирсан гэмтлийг Ундрах учруулсан...Ундрах нүүр рүү 3-4 удаа гараараа цохисон. Мөн намайг татаж газар унагасан учир миний биед гэмтэл учирсан...Миний үснээс Батцэцэг зулгаахад ямар нэгэн гэмтэл учраагүй. Удаагүй 1-2 секунд л үснээсээ харилцан зулгаасан...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 15-16х, 17х/,
- гэрч Т.Төмөрхуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нэг мэдсэн цонхоор харсан чинь Ундрах манай эхнэртэй барьцалдаад зогсож байхаар нь гараад Ундрахыг тэвэрч аваад цаашаа аваад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18х/,
- гэрч Б.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Оюунбайгалийн шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншиж танилцсан байгаа. Түүний биед учирсан гэмтлийг манай хүү Ундрах нь учруулсан байна...Би Оюунбайгальтай хоорондоо үснээсээ зулгаалцсан. Нэг нэгнийхээ үсийг тавь гэж байгаад тавиулсан. Би түүний хамар руу цохиогүй ээ...” гэх мэдүүлэг /хх- ийн 21 х/,
- насанд хүрээгүй гэрч Т.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ундрах манай гал тогооны өрөө рүү юм хэлээд орилоод чулуу шидээд байсан. Тэгээд ээж ганцаараа гараад явсан. Гадаа Ундрах орилоод байхаар нь цонхоор хартал ээж Ундрахын мөр хавьцаа хувцаснаас барьчихсан, Ундрах нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Мөн Ундрахын ээж Батцэцэг ирчихсэн хараад зогсож байсан...ээж ирээд Ундрахын цээж хавьд нь түлхсэн чинь хажуунаас Батцэцэг эгч ээжийг түлхээд үснээс нь зулгаагаад ээж бас түүний үснээс зулгаасан. Тэгээд хэсэг үснээсээ зулгаалцаж байгаад больчихсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 26х/,
- гэрч Л.Цэрэннадмидын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ундрах ирээд цонх руу чулуу шидэхэд Оюунбайгаль гарсан. Цонхоор хартал Оюунбайгаль газар уначихсан, босох гэсэн байдалтай, Ундрах хажууд нь зогсож байсан Ундрахыг татаж босгох нь уу гэтэл босгоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ганзоригийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4457 дугаартай “...Т.Оюунбайгалийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дээд уруулын дотор салстад цус хуралт, хамар, зүүн хацар, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд өсвөр насны шүүгдэгч Э.Уыг шууд санаатайгаар өөрийн авга эгч хохирогч Т.Оюунбайгалыг “өөрийг нь доромжиллоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт гараараа 3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Т.Оюунбайгалийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн мэдүүлгийг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Э.У, түүний хууль ёсны төлөөлөгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.Уад Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг тус тус харгалзан өсвөр насны шүүгдэгчийг цаашид хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, зан үйлээ засаж, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт хэргийн үйл явдалыг нотлоход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Э.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Э.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Э.Уыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авч, түүнийг хяналтандаа байлган хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Уад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ