Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 642

 

 

 

 

 

 

 

 

 

  2020           08          03                                 2020/ШЦТ/642  

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Г.Х,

нарийн бичгийн дарга Б.Аззаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Бодигал овогтой Г.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011009710741 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 25-18 тоотод оршин суудаг, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 619 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар шийтгүүлсэн, Бодигал овогтой Г.Х
  2. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Г.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 21 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны 19 тоотод хохирогч Д.Хонгорзултай маргалдан хохирогчийн нүүр лүү хөзөр шийдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Д.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 13 цагийн үед танилцаад удаагүй байсан Баттулга гэх залуу өөрийн 95172528 дугаарын утаснаас залгаад юу хийж байна гээд ярьсан, орой уулзах уу гэхээр нь за яасан ч яахав гээд ярьсан. Тэгээд орой 18 цагийн үед Баттулга дахиад над руу өөрийнхөө утсаар залгаад би нэг найзтайгаа хамт очиж байна шүү гэж залгасан. Манай гэрт Баттулга үл таних 2 залуутай /Хүрлээ, Тамираа/ 2 том Нийслэл пивотой орж ирсэн. Тэгээд 5 уулаа танилцаад пиво уунгаа хөзөр тоглож байхад Хүрлээ гэх найз нь намайг болон манай найз Батцэцэг, ер нь бид 4-ийг хэл амаар доош нь хийгээд, доромжлоод байсан. Тэгэхээр нь би чи яасан хөөрцөн юм бэ, одоо болно шдээ гэтэл миний өдөөс хараад сууж байснаа гартаа барьж байсан хөзрөө миний нүүрэн тус газар шидсэн, гэтэл гэнэт миний баруун нүд бүрэлзээд юм харахгүй, нүдний урд сэтэрхий хэсгээс цус гараад, би гараараа дараад доошоо тонгойгоод сууж байхад Хүрлээ нь үүд рүү алхаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,

- гэрч Э.Тамирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Гадаа гараад явж байхад Хүрэлтулга ямар сонин ааштай амьтан бэ гэхээр нь яасан, юу болсон юм бэ гэхэд сая тоглож байхад сонин, сонин ааш гаргаад, сонин санагдчихлаа, тэгэхээр нь хөзрөө шидчихээд гараад ирлээ гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

- гэрч Г.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “..21 цаг өнгөрөөд бараг пиво дуусаж байхад Хонгорзул Хүрлээг чи ажлаа хийгээч гээд уурлангуй түүний өмнө хөзөр ширээн дээр шидсэн. Гэтэл Хүрлээ чи надтай ингэж харьцахгүй шүү, эр хүнийг хүндэлж харьцах хэрэгтэй гэсэн утга бүхий юм хэлээд ширээн дээр байсан бүх хөзрийг аваад Хонгорзулын нүүр лүү шидчихээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,

- гэрч М.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “..Хонгорзул Хүрлээ гэх залуутай анхнаасаа бага зэрэг маргалдаад байсан. Тэр 2 маргалдаж, Хүрлээ гэх залуу манай найз Хонгорзулын нүүр лүү гартаа барьж байсан хөзрөө шидчихээд хувцсаа өмсөөд тэр 3 гараад явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 4924 дугаартай “Д.Хонгорзулын биед баруун нүдний салст, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Г.Хүрэлтулгыг үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Хонгорзулын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Бодигал овогтой Г.Х хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Х 900 нэгж буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Г.Хд торгуулийн ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ