| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2016/01036/И |
| Дугаар | 181/ШШ2016/01485 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2016/01485
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Э
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, үндсэн хуулийн гудамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4-448 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баяраа, хариуцагчийн төлөөлөгч П.Уранбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Доржготов овогтой Д.Э би 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хас лизинг ХХК-тай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан хятад улсад үйлдвэрлэгдсэн HOWO маркийн автомашиныг авсан юм. Би уг машиныг түрээсийн зээлээр авахдаа Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороолол, эрхүүгийн гудамж, 8 А тоотод байрлах 12 м.кв бүхий 5 ширхэг автозогсоолыг барьцаалж авсан. Хас лизинг ХХК-иас надаас нэхэмжилж буй түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 21.268.578 төгрөгөөс 4.200.000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Түрээсийн гэрээгээр авсан HOWO маркийн 2696 УНП дугаартай автомашин Хас линзинг ХХК-ийн нэр дээр байсаар байтал миний эзэмшилийн үл хөдлөх хөрөнгө болох автозогсоолуудыг үнэгүйдүүлж, албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/448 тоот тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д.Эын эзэмшлийн 5 авто зогсоолыг дуудлага худалданд оруулж “Хас лизинг” ХХК-д 21.578.000 төгрөгийн төлбөрийг олгохоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ 5 авто згосоолыг Д.Д.Э барьцаалж зээл авсан. Энэ 5 авто зогсоолын жинхэнэ эзэмшигч нь Ч.Батбилэг юм. Энэ зогсоолын үнэлгээг хуулийн дагуу хийгээгүй. Үнэлсэн үнэлгээг хүлээн зөшөөрөхгүй байгаа. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. “Хас лизинг” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Тус эвлэрлийн гэрээгээр графикийн дагуу төлбөрийг төлөхөөр тохиролцож, төлбөрөөс тодорхой хэмжээгээр төлсөн боловч энэ мөнгийг хасч тооцоогүй. Дуудлага худалдаанд орохдоо энэ мөнгө хасч тооцогдох ёстой. Төлбөрөөс 600.000 төгрөгийг дансанд хийсэн нь баримтаар харагдаж байна. Мөн Хас лизинг ХХК-д тусдаа 3.200.000 төгрөгийг өгсөн. Үнийн зөрүүн дээр үл ойлголцол бий болж байгаа учраас үүнийг тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шинжээч томилж үнэлгээ хийгсэн байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7.2-д зааснаар зах зээлийн бодит үнийг тогтоосон зүйл байхгүй байна. Хариуцагчийн саналыг энд оруулаагүй байна. Шүүхийн шинжилгээний тугай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д зааснаар тухайн обьектийг дурдаагүй байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1-д зааснаар шинжилгээ хийхээр шинжээчийн биеийн байцаалтыг тогтоож, шинжээчээс татгалзан гаргах үндэслэлийг тогтоогоогүй байна. Шүүхийн шинжилгээний тусгай хуулийн 9.2-д зааснаар эрх үүргийг урьдчилан сануулаагүй байна. Шинжээчийг томилсон томилгоо байхгүй байна. Шинжээчид эрх үүрэг тайлбарласан талаар гарын үсэг зуруулаагүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй байна гэж үзэж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5193 дугаар захирамжаар Д.Д.Эаас 21.168.518 төгрөгийг гаргуулж “Хаслизинг” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд заасны дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 14416 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан.
Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Д.Эт төлбөр төлөх мэдэгдлийг өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамж 8А тоотод байрлалтай 12 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022758 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000181363 дугаартай 7 тоот авто зогсоол, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамж 8А тоотод байрлалтай 12 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022746 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000181367 дугаартай 52 тоот авто зогсоол, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамж 8А тоотод байрлалтай 12 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022745 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000181365 дугаартай 50 тоот авто зогсоол, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамж 8А тоотод байрлалтай 12 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022747 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000181362 дугаартай 6 тоот авто зогсоол, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол Эрхүүгийн гудамж 8А тоотод байрлалтай 12 мкв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022760 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000181362 дугаартай 4 тоот авто зогсоолуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу тус тус битүүмжилж хураан авсан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно” гэж заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөнд төлбөр төлөгч зогсоол тус бүрийн үнийг 50.000.000 төгрөгөөр үнэлж, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үнийн саналыг гаргасан.
Дээрх үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгөнд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлгээ тогтоолгосон.
Хураагдсан авто зогсоолуудыг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэ болох тус бүрийг нь 16.800.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу төлбөр төлөгчид 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 3/7485 тоот албан бичгээр мэдэгдлийг хүргүүлсэн.
Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу дуудлага худалдааны доод үнийг 70 хувиар тооцон авто зогсоол тус бүрийг 11.760.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 3/12729 дугаартай мэдэгдэл, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/148 дугаартай тогтоолыг төлбөр төлөгчид гардуулан өгч гарын үсэг зуруулан, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10:00 цагт үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар анхны албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлсэн боловч санал ирүүлээгүй.
Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу дуудлага худалдааны доод үнийг 50 хувиар тооцон авто зогсоол тус бүрийг 8.400.000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худлага худалдаанд оруулах 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 3/16868 дугаартай мэдэгдэл, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 5/152 дугаартай тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлж, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагт үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар анхны албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.Д.Э нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4-448 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4-148 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5193 дугаар захирамжаар Д.Д.Эаас 21.168.518 төгрөгийг гаргуулж, Хас лизинг ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15/154 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022746 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 8А байрны 52 дугаартай 12 м.кв талбайтай авто зогсоол, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022745 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 8А байрны 50 дугаартай 12 м.кв талбайтай авто зогсоол, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022758 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 8А байрны 7 дугаартай 12 м.кв талбайтай авто зогсоол, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022747 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 8А байрны 6 дугаартай 12 м.кв талбайтай авто зогсоол, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203022760 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 8А байрны 4 дугаартай 12 м.кв талбайтай авто зогсоолуудыг тус тус битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд орон сууцыг хураан авч албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгч Д.Д.Эт танилцуулан тэмдэглэлийг үйлджээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “эд хөрөнгө хураах” тухай 16/04 тоот тогтоолоор битүүмжилсэн хөрөнгүүдийг хураан уг ажиллагаанд оролцсон төлбөр төлөгч Д.Д.Эт танилцуулан тэмдэглэл үйлдсэн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.
Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч Д.Д.Э нь тус гаражийг нэг бүрийг нь 20.000.000 төгрөгөөр үнэлсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
/ХХ-ийн 41 дэх тал/
Төлбөр авагч Хаслизинг ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 012 дугаар албан бичгээр төлбөр төлөгчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байна.
/хх-ийн 42 дахь тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 34 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр “Хөрөнгийн Үнэлгээний Төв“ ХХК-ийг томилсон байна.
/ХХ-ийн 43 дахь тал/
Шинжээч “Хөрөнгийн Үнэлгээний Төв“ ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдөр 168 тоот дүгнэлтээр:
“Хөрөнгийн Үнэлгээний Төв“ ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа хууль, дүрэм, журамд заасны дагуу гаргасан байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 8А байрны 4, 6, 7, 50, 52 тоот гаражийг 16.800.000 төгрөгийн 70 хувиар тооцон 11.760.000 төгрөгөөр 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэх хуудсыг болон албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус төлбөр төлөгчид 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гардуулжээ.
/ХХ-ийн 47, 48 дахь тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Өнөөдөр сонинд нийтэлсэн нь хууль зөрчөөгүй байна.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 5193 дугаар захирамжаар Д.Д.Эаас 21.168.518 төгрөгийг гаргуулж, Хас лизинг ХХК-д олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул Д.Д.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4-148 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Д.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР