| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0262/Э |
| Дугаар | 645 |
| Огноо | 2020-08-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 645
2020 08 04 2020/ШЦТ/645
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Э.Ө,
нарийн бичгийн дарга Э.Цогбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигин овогт Э.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011003840226 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 42-604 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Э.Ө
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Э.Ө нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Ө нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 18-847в тоотод оршин суух хохирогч Н.Баярцэцэгийн гэрээс "Хаан" банкны дугаар бүхий картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 335.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- Э.Өы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... тэднийд очих үед тэр хоёр хоолоо хийж байсан ба би хоол идчихээд байж байтал тэр хоёр айлруу явна гэхээр нь би гэрлүүгээ явах гээд цуг гарсан ба гарахдаа ширээн дээр нь Хаан банкны карт байхаар нь мэдэгдэлгүй аваад халаасандаа хийгээд гарсан... Бүрд худалдааны төв ороод АТМ-аас 335000 төгрөг буюу картанд байсан мөнгийг нь авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-25х/,
- хохирогч Н.Баярцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өлзийсайхан дүүдээ бас эм авна гээд цуг орсон эмийн сангийн эгч картныхаа нууц дугаарыг хэл гэхээр нь 1111 гээд чанга хэлсэн ...Өлзийсайханаас салаад явж байхад 335.000 төгрөгийн зарлага гарлаа гэж утсанд мессэж ирсэн тэгээд би картаа хайгаад буцаад гэртээ очоод үзсэн карт байхгүй байсан... миний ээжийн нэр дээр байдаг 5017282195 дугаар данстай карт байгаа зарлага гарсан 335.500 төгрөг нь ээжийн дансанд байсан миний мөнгө байсан... надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна. Өлзийсайхан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч хэлээд 335.500 төгрөгийг надад эргүүлж төлсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-11х/,
- гэрч Н.Төгсбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би найз охин болон дүүгийн хамтаар гэртээ ирээд манай найз охин гар утсаа үзсэн картнаас нь 335.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13х/,
- гэрч Л.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Э.Ө нь миний төрсөн эгч Эрдэнэбилэгийн 3 дахь хүүхэд нь байгаа юм... би Өлзийсайханыг ер нь өсгөж хүмүүжүүлсэн юм... миний ойлгож байгаагаар найзынхаа банкны картыг аваад мөнгө уншуулсан гэсэн ...би сая цагдаа дээр дагуулж ирээд өргөдөл гаргасан гээд байгаа хүмүүст нь 335.000 төгрөгийг нь өгсөн болно..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,
- гэрч Б.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би 5017282195 дугаарын Хаан банкны данс эзэмшиж байгаа... миний картыг манай охин Баярцэцэг ашиглаж байгаа юм... тэр мөнгө миний мөнгө биш манай охин Баярцэцэгийн мөнгө..." гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,
Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 40-41х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Э.Өг шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад хохирогч Н.Баярцэцэгт учирсан нийт 335.000 төгрөгийн хохирлыг Э.Өлзийсахан нь бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шудрага ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор нийгмээс тусгаарлах шаардлагүй гэж шүүх үзэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигин овогт Э.Ө бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Өд Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Э.Өг тэнсэнгийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналтандаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Өд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ